Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/227

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ж.Наранбадрах нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Наранбадрахад холбогдох эрүүгийн 2215000000249 дугаартай, 163/2022/0218/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Жамъяндоржийн Наранбадрах, Булган аймгийн Хангал суманд .... оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн,  Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Шивээт гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй /РД: ......../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Наранбадрах нь Булган аймаг Хангал сумын 1-р багийн нутаг Шивэрт гэх газрын ойгоос 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2.9595 метр куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 237.683 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход нийт 713.049 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Наранбадрахын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000249 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Наранбадрах нь Булган аймаг Хангал сумын 1-р багийн нутаг Шивэрт гэх газрын ойгоос 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас авахгүйгээр буюу зохих зөвшөөрөлгүйгээр 2.9595 метр куб хуурай шинэс төрлийн түлээний мод бэлтгэж байгаль экологид нийт 713.049 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Наранбадрахын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1 Гэрч Н.Сэрээтэрийн өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг Шивэрт гэх газарт хадландаа гарчихсан өвсөө ачиж байхад аав Наранбадрах мод бэлтгэсэн газраасаа бууж ирээд би түлшний мод бэлтгэчихлээ хамт очоод ачилцаад өгөөч гэхээр нь би аавтай хамт очиж тухайн бэлтгэсэн модыг ачиж өгсөн.. Би мэдээгүй ээ аав Суварга хад нөхөрлөлд ажилладаг учир аавыг мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байх гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

2. Гэрч П.Эрдэнэбатын өгсөн “...ямар ч иргэнд тухайн цаг хугацаанд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгч байгаа. Ямар нэгэн байдлаар мал тооллогын үеэр бичиж өгдөг асуудал байхгүй. Би өдөр бүр хяналт тавьж ажиллаж байна гэхдээ сумын хэмжээнд нэг байгаль хамгаалагчтай болохоор тэр болгон хяналт тавихад хүрэлцэхгүй байдаг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

3. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг Шивэрт гэдэг газар байв. Уг газар нь ой модоор хүрээлэгдсэн уулын орой хэсгээр хуурай модтой доод хэсгээр нойтон модтой ойн сан бүхий газар байв. Оролцогч Наранбадрахаар өөрөөр нь мод бэлтгэсэн газрын заалгаж... модны хожуулыг заалгаж үзлэгийг хийхээр тогтов. Зураг №1 гэж дугаарласан модны хожуулын диаметр З0 см, газраас 10 см өндөр, №2 гэж дугаарласан модны диаметр 30 см газраас 35 см өндөр, №3 гэж дугаарласан модны хожуулын диаметр 30 см, газраас 60 см өндөр, №4 гэж дугаарласан модны хожуулын диаметр 30 см, газраас 55 см, №5 гэж дугаарласан модны хожуулын диаметр 35 см, газраас 40 см өндөр, №6 гэж дугаарласан модны хожуулын диаметр 30 газраас 40 см өндөр, №7 гэж дугаарласан модны хожуулын диаметр 30 см газраас 78 см өндөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-10 дахь тал/,

4. Ж.Наранбадрах нь ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх модонд үзлэг хийх ажиллагааг Хангал сумын цагдаагийн хэсгийн арын хашаанд 15:00 минутад эхлүүлж ердийн цаг агаартай байгалийн гэрэлд ...... явуулав гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

 

5. Шинэс төрлийн тайрч бэлтгэсэн 72 ширхэг модыг Хангал сумын цагдаагийн хэсгийн хашаанд битүүмжилсэн, Ж.Наранбадрахын ...... улсын дугаартай Hyundai porter2 загварын тээврийн хэрэгслийг Хангал сумын 1-р баг Шивэрт гэдэг газар иргэн Ж.Наранбадрахын гэрийн гадаа битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17, 21-23 дахь тал/,

 

6. Ж.Наранбадрахын хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн 17-44 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

7. Шинжээчийн №15 дугаартай “...шинэс /хуурай/, 2.9595 метр куб, экологи эдийн засгийн үнэлгээ 237.683 төгрөг" гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 63 дахь тал/,

8. Яллагдагч Ж.Наранбадрахын өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шиг санагдаж байна. Тухайн өдөр би хадландаа гарсан юм. Түүнээс хойш Шивэрт гэх газарт хадлангаа хадаж байсан. Улмаар хадлан дээрээ байхад манай эхнэр утсаар залгаад гэрт түлшгүй боллоо гэхээр нь би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хүү Сэрээтэрийн хамтаар уулнаас босоо 7 ширхэг мод унагааж бэлтгээд улмаар өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад гэр лүүгээ зөөгөөд явж байх үед гэрийн маань наахан талд машинтай цагдаа нар ирж зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гээд саатуулагдсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн үед гэртээ мод буулгах юм чинь асуудал үүсэхгүй байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Батдорж, гэрч Н.Сэрээтэр, П.Эрдэнэбат нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Хялганат сум дундын Ойн ангийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №15 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Ж.Наранбадрах нь Булган аймаг Хангал сумын 1-р багийн нутаг Шивэрт гэх газрын ойгоос 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2.9595 метр куб хуурай шинэс төрлийн түлээний мод бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Наранбадрах нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Наранбадрахыг Булган аймаг Хангал сумын 1-р багийн нутаг Шивэрт гэх газрын ойгоос 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 2.9595 метр куб хуурай шинэс төрлийн мод бэлтгэж байгаль экологид 237.683 төгрөгийн шууд хохирол, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 713.049 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч Ж.Наранбадрахын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 237.683 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 713.049 төгрөгийн /хавтаст хэргийн 63 дахь тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг Ж.Наранбадрах нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд тушаасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Наранбадрахыг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Наранбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Наранбадрахын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Наранбадрахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 89-94, 96-97 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар, малын “А” дансны хуулбар, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Наранбадрах нь ам бүл 2, эхнэрийн хамтаар Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр баг, Шивэрт гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Наранбадрахын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Наранбадрахыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг нь оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 21, 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 2.9595 метр куб хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 72 ширхэг шинэс төрлийн хуурай түлээний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.686.000 төгрөгийн үнэлгээ бүхий .... улсын дугаартай Hyundai Porter-2 загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 152.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Ж.Наранбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Наранбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Жамъяндоржийн Наранбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Наранбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Наранбадрах нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Наранбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 21, 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 2.9595 метр куб хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 72 ширхэг шинэс төрлийн хуурай түлээний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.686.000 төгрөгийн үнэлгээ бүхий 17-44 БУА улсын дугаартай Hyundai Porter-2 загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн 152.000 /нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгөтэй цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Ж.Наранбадрах нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Ж.Батдорж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭРЭЛ