Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 01

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би О ХХК-ний нэхэмжлэлтэй Б.Э-д холбогдох орон сууцны хэрэглээний төлбөр 1.770.579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч О ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь О хотхоны ... байрны ... айлын орон сууцыг захиалгаар бариулж 2014 оны 10 сарын 26-нд ашиглалтанд оруулж улсын комиссд өгсөнөөс хойш өнөөдрийг хүртэл “Ч" ХК-иас уг орон сууцны хэрэглээний цэвэр, бохир усыг хэрэглэсэн хэмжээгээр тарифын нэхэмжилсэн төлбөрийг барагдуулахаас гадна өөрийн хөрөнгөөр барьсан нам даралтын уурын зуух бүхий үзелиэр хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааныг тогтвортой хангаж ирсэн болно. Тодорхой нэр бүхий оршин суугчид нь орон сууцны хэрэглээний төлбөр болох хогны төлбөр, халуун, хүйтэн ус түүнийг шахах насосны цахилгааны төлбөр, дулаан үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрс, орцны гадна, дотор цэвэрлэгээ түүний цалин, зуухны ажилчидын цалин зэрэг зардлуудыг  урт удаан хугацаанд төлөөгүй улмаас цаашид нүүрс худалдан авалт, ажилчдын цалингийн өглөг зэргээс үүдэн тус байрны дулааныг өгч чадахгүйд хүрсэн хүндрэл учирч байгаа болно. Б.Э нь 2016 оны 12 сарын 25 өдрөөс 2018 оны 11 сарын 25-ны хоорондох нийт 1,770,579 төгрөгний авлагыг удаа дараа нэхэмжлэх хүргүүлсэн боловч төлж барагдуулагүй тул манай компаний нэхэмжилсэн авлагыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, Б овогт Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Э О ХХК-ний нэхэмжилсэн 1.770.579 төгрөгийн 1.000.000 төгрөгийг 2018 оны 12 сарын 25-ны дотор төлж барагдуулсан. Үлдэгдэл 770.579 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Б.Э-с орон сууцны хэрэглээний төлбөр 1.770.579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 1.770.579 төгрөгийн 1.000.000 төгрөгийг 2018 оны 12 сарын 25-ны өдөр төлсөн. Үлдэгдэл 770.579 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. О ХХК-ний нэхэмжлэлтэй Б.Э-д холбогдох орон сууцны хэрэглээний төлбөр 1.770.579 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.279 төгрөгийн 50 хувь болох 21.639,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 21.639,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Э-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 21.639,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                                          

ШҮҮГЧ                                    Э.Б