Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 02

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би ДГА-н ТХ-н нэхэмжлэлтэй Ш.Н-д холбогдох татварын өр 585.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ДГА-н ТХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ш.Н нь 2017 оны хувь хүний орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 585.000 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй. Татварын өрийг барагдуулахаар татвар төлөгч иргэн Ш.Н-д удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух хаягтай одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин сууж байгаа, Б овогт Ш.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ш.Н нь Замын-Үүд дахь Ч ХК-нд ...-р худагт ус түгээгчээр ажилладаг. Татварын 785.000 төгрөг төлөх ёстой нь үнэн, 200.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 585.000 төгрөгийг төлөх нь үнэн. Төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ДГА-н ТХ нь хариуцагч Ш.Н-с татварын өр 585.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Н нэхэмжлэлийн шаардлага 585.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ДГА-н ТХ-н нэхэмжлэлтэй, Ш.Н-д холбогдох татварын өр 585.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ш.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 18.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 18.200 төгрөгийн 50 хувь болох 9.100 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                    Э.Б