| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2022/0063/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/67 |
| Огноо | 2022-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Бийн Бд холбогдох эрүүгийн 2217000000078 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, И овогт Бийн Б /РД:../, Г аймгийн С суманд ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Г аймгийн С сумын ,, дугаар баг, ... тоотод оршин суух, урьд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 3-305 тоотод Д.Бтай мөнгө авсан гэх шалтгаанаар маргалдан түүнийг зуух мөргүүлэн эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 07 дугаар сарын 30-ны өглөө хөдөөнөөс ирээд 12 цагийн үед Б, ах хоёр ээжийнх рүү хамт хөдөө явъя гэсэн. Тэгээд чамд мөнгө байна уу гэхээр нь би 22000 төгрөг байгаа гэхэд тамхи, ганц юм аваад өгчих гээд бид 3 дэлгүүр ороод нэг шил 750 граммын архи, нэг тамхи аваад Грийн хаус-ын цаана далан дээр сууж байгаад уусан. Ах, Б хоёр эхлээд хоорондоо хүүхэд нь өлсөөд байна хурдан явъя гээд уурлаад маргалдаад ах түрүүлээд гэр лүүгээ явсан. 20 минутын дараа Быг би хүүхэдтэй нь гэрт нь хүргэж өгсөн. Б нойл орж ирэхдээ үүдэнд хураасан тоосго дээр бүдэрч унаад гичий минь чи намайг түлхэж унагаасан гээд маргалдаж эхэлсэн. Мөн дэлгүүрээс юм аваад хүүхдийнх нь хувцасны цүнхний хажууд 7 000 төгрөг хийсэн байснаа явахдаа авъя, хүүхдийн памперсний мөнгө гэхэд Б, ах хоёр аль аль нь аваагүй гээд байсан. Б бид хоёр хоорондоо маргалдаад хоолны шкафны урд үсдэлцээд зодолдсон. Би зуух мөргүүлсэн гэдгээ санахгүй байгаа. Гэрчийн мэдүүлэг дээр үсдээд зуух мөргүүлсэн гэсэн байсан. Удалгүй толгойноос нь цус гарсан байна, цагдаа дуудъя гээд нөхөр нь гараад явсан. Тухайн үед Б, ах Б бид гурваас өөр хүн байгаагүй. Бтай болсон асуудал их хурдан, санамсаргүй болсон асуудал. Миний буруу, бага хүүхэд 1 нас 3 сартай, би дахин ийм алдаа гаргахгүй, цаашид архи уухгүй гэв.
2. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим миний нөхөр Б, Б бид гурав Бат-Эрдэний ээжийнх рүү явахаар гараад дэлгүүрээс Ерөөл нэртэй 750 граммын архи худалдаж аваад төмөр замын далангийн шороон дээр суугаад авсан архиа уусан. Б согтоод агсам тавиад хэрүүл үүсгэхэд манай нөхөр уурлаад түрүүлээд гэр лүүгээ алхаад явсан. Бат-Эрдэнийг явсаны дараа Б бид хоёр гэр лүүгээ явсан. Тэгээд унтаж байгаад сэрсэн чинь Б манай нөхөрт хандан 7 000 төгрөг хаана байна, таныг авсан гэж байна гэхэд манай нөхөр юу яриад байгаа юм би мэдэхгүй гэхэд Б тэгвэл чи авсан гээд над руу дайраад эхлээд үсдэж чирээд доороо оруулаад цохиод байсан. Манай нөхөр гаднаас орж ирэхдээ цагдаа дуудсан, одоо ирж байгаа гэж хэлтэл Б намайг буйдан дээр сууж байхад үсдээд галын зуух мөргүүлээд миний 7 000 төгрөгийг аваад ир гээд орилоод байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Намайг Б зодож байхад манай нөхөр Б байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/
3. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн үед миний эхнэр Б, миний дүү Б бид гурав манай ээж Маамуу руу явах гээд гараад Ерөөл нэртэй 750 граммын архи далангийн хажуу талын шороон дээр сууж байгаад уусан. Тэгээд Б хэрүүл маргаан хийгээд байхаар нь би уурлаад Б, Б хоёрыг үлдээгээд гэр лүүгээ алхаж ирээд би унтсан. 16 цагийн үед сэртэл Б, Б нар гэрт ирсэн хоорондоо хэрэлдэж байсан. Би юунаас болоод хэрэлдээд байгаа юм гэхэд Б надад Б таныг 7 000 төгрөг авсан байж магадгүй гэж хэлсэн гэхээр нь би аваагүй гэж хэлтэл Б ах аваагүй юм чинь чи авсан гээд Б руу дайраад хэрүүл маргаан болж хоорондоо зодолдсон. Би болиулах гээд оролдоход болихгүй болохоор нь гараад цагдаа дуудаад буцаж орсон. Харин эхнэр Б орны хөл хэсэгт сууж байтал гэнэт Б хувцасны шүүгээний хажууд зогсож байгаад Быг зүүн гараараа үсдээд доош нь унагахад нь галын зуух мөргөөд унасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/
4. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь түргэн ууртай, нягт нямбай ааш зантай, аливаа юмыг түргэн шуурхай шийдэх гээд өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд ааш зантай. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй муудалцаж маргалдахгүй бол нээх хүн рүү түрүүлж дайрч давшлаад байдаггүй. Б уг нь нээх архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, харин сүүлийн үед хэрэглэдэг болсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/
5. Шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 173 дугаар дүгнэлтэд: Д.Бын биед духанд шарх, баруун нүдний доод зовхинд, хамар уруулын гурвалжинд, хүзүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2022.07.29-нд үүсгэгдсэн байх боломжтой. Духны шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл, хамар уруулын гурвалжинд зулгаралт гэмтэл, хүзүүнд зулгаралт гэмтэл, баруун бугалганы цус хуралт гэмтэл нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 27-28 хуудас/
6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-4, 7-8 хуудас/
7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн дуудлагын хуудас /х.х-ийн 5-6, 33-37 хуудас/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 38, 40-50 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 3-305 тоотод Д.Бтай 7000 төгрөг авсан гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний үснээс нь зулгааж зуух мөргүүлэн эрүүл мэндэд нь духны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Б, гэрч Т.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 173 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдлаа.
Мөн шүүгдэгч Б.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд хохирогчийг зуух мөргүүлсэн үйлдлээ санахгүй байна гэж мэдүүлсэн нь хохирогч, гэрч нарын болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай үл ойлголцон хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Э.Нэргүй шүүгдэгч Б.Б нь дээрх зүйл ангиар өмнө нь 3 удаа шийтгүүлж байсан, өөрийнхөө хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нь засарч хүмүүжээгүй гэдгийг харуулж байгаа тул торгох ял оногдуулах боломжгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна,
Шүүгдэгч Б.Б нь би энэ хэргийг санаатай үйлдээгүй. Манай бага хүүхэд 1 нас 3 сартай, би ажилтай, сард 850 000 төгрөгийн банкны зээл төлдөг учир мөнгөн торгуулиар сольж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Б нэг хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 4 удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Харин Б.Бгийн амьдралын нөхцөл байдал болон бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Бг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Бийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 /тав/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА