Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Бт холбогдох 2217000390082  дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Тын Б /РД:.../, ... аймгийн .... суманд ... оны ...дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Г аймгийн Б сумын 1 дүгээр баг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 1992 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 жилээр тогтоосон, 1997 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 7 жилийн хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т зааснаар 1 200 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 4-1 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин 14 нас 1 сартай Г.Сг хов зөөдөг гэх шалтгаанаар толгойн ар хэсэгт гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тархи доргилт, дагзны баруун талаар зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 02 дугаар сарын 15-ны орой Цагаан дэлгэрийн нэг хөгшнийд 0.5 литрийн архи уугаад гэртээ ирэхэд манай гурван хүүхэд С, С, С нар байж байсан. Эхнэр минь өөр хүнтэй явалдаад байгаад нь бухимдаад хүүхдүүддээ уураа гаргаж, агсам тавьсан нь үнэн. Тэгээд Сг ээжийгээ дуурайгаад гэрээ цэвэрлэсэнгүй гээд толгой руу нь нэг цохисон. Охиноо зодсон нь миний буруу. С нь миний төрсөн охин. Би Гтай 2006 оноос хойш хамт амьдарч байгаа. Гэрлэлтээ бүртгүүлээгүй. Тухайн үйл явдал болсноос хойш хүүхдүүд дээрээ 1 удаа очсон. Хашаа бариулж байгаа хүн мөнгө өгөөд хүүхдүүддээ аваачиж өгөөд ирсэн. Би хүүхдүүддээ гар хүрч болохгүй, агсам тавьж болохгүй гэдгийг ойлгосон гэв.

 

2. Насанд хүрээгүй хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ 3 настай С, 12 настай С дүү нарын хамт байж байтал 19-20 цагийн орчимд аав Б архи уусан ирээд бид гурвыг та нар намайг цагдаа дуудаж өгдөг, эмээгийнхээ гэрт орж хов зөөвөл ална шүү гээд айлгаад агсам тавьсан. С гэрээс гарах гэтэл энэ их зэвүүн ээжийгээ дуурайсан гээд загнахад С нүүрс хагаллаа гээд гартал аав шургуулганаас хутга аваад араас нь гарсан. Тэр үед С дүү гэрт орж ирээгүй хаяагаар сонсоод байж байтал аав хараад араас нь хөөж байхад нь О эгч гарч ирээд дугарсан чинь хөөхөө болиод гэртээ орсон гэсэн. Тэгээд аав гэрт орж ирээд хаалгаа түгжээд намайг гаргахгүй ална шүү гээд байсан. Би Сыг тэврээд ширээний хажууд сууж байтал аав ирээд ээж дээрээ очоод олон юм хуцаад байвал ална шүү гээд миний толгойн ар дагз хэсэгт зүүн гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэр үед миний толгой эргээд нүд харанхуйлаад дүүтэйгээ хамт сандлаас унасан. 2021 оны 03 дугаар сард ээжийг ямаа самнахаар хөдөө явсан хойгуур дүү нартайгаа унтаж байхад Сг бөөр хэсэгт нь түрийтэй хар гутлаараа өшиглөөд бид нарыг бүгдийг нь босгож зогсоож байсан. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчимд аав согтуу орж ирээд миний зуурсан гурил бага зэрэг нялцанхай байсан чинь ээж чинь чамайг намайг хорлоод бай гэж хэлсэн үү гээд над руу том модон гурилын гамбанз шидсэн. Дандаа цохиж зодохгүй ч гэсэн айлгаж, орилж хашгирч загнидаг. Миний цохиулсан газар өвдөөд, дээшээ харж унтаж чадахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-47 хуудас/

 

3. Насанд хүрээгүй гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сард ээж Чойрт цайны газарт ажилд ороод эгч С 3 дүүгээ хараад гэртээ байж байтал аав Б согтуу ирээд бид нарт агсам тавиад байсан. Намайг гал түл гэхээр нь би гадаа гараад нүүрс хагалах гэж байхад энэ муу их зэвүүн ээжийгээ дуурайсан гээд хутга бариад туухад ээжийн дүү О эгч гарч ирэхэд хутгаа нуугаад түрийндээ хийгээд 00 явж байгаа болоод жүжиглээд байсан. Тэгээд гэртээ ороод бие засах гээд гартал аав намайг ална ардаас чинь хутга шаахад чамайг хэн ч тоохгүй ээжийгээ дуурайсан янхан гэсэн. Би О эгчийг дуудаад гэртээ орох гэхэд хаалгаа дотроос нь түгжсэн гэрт С аниа, С дүүтэй байсан. С эгчийг хаалгаа тавьж өгөх юм бол ална шүү гэж хэлээд байсан гэсэн. Тэгээд Баянталын П цагдаад дуудлага өгөөд тэр манай хаалгыг хүчтэй татаж нээгээд ороход унтаж байгаа дүр үзүүлээд унтаад байсан. С аниаг зодоход би хажууд нь байгаагүй. Аав ээжийг байхгүйд согтуу үедээ бид нарт байнга агсам тавьдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 52-53 хуудас/

 

4. Гэрч Р.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Б нь намайг нээх зодож цохиод байдаггүй. Намайг ажилтай эсвэл гэртээ байхгүй үед архи согтууруулах удааны зүйл хэрэглэдэг. Манай хүүхдүүд аав зодлоо гэж хэлддэггүй байсан. Харин хүүхдүүд аав архи уусан агсам тавиад бид нарыг загнаад байна гэж хэлдэг байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 70-71 хуудас/

 

5. Гэрч Б.Хоролсүрэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сарын 15-ны орой Б нь 0,75 литрийн савалгаатай 1 шил архитай халамцуухан ирэхээр нь манай хүү А, Б бид гурав хувааж уусан. Манайд архи үнэртүүлсэн ирээд гэрт 1 цаг гаруй болоод нилээн согтоод явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 72-73 хуудас/

 

6. Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар дүгнэлтэд: Г.Сгийн биед тархи доргилт, дагзны баруун талаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 02 дугаар сарын 15-нд үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт, дагзны баруун талаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг дор, нэг удаагийн үйлчлэлээр хамтдаа үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. 

Дүгнэлт гаргасан: Шинжээч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 28-29 хуудас/

 

7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Г.Сгийн төрсний гэрчилгээний хуулбар, өвчтөний түүхийн хуулбарууд /х.х-ийн 14, 19-21, 30, 99-109 хуудас/

 

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 117-156 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19-20 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 4-1 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, агсам согтуу тавьж төрсөн охин Г.Сгийн толгойн ар хэсэгт гараараа нэг удаа цохиж тархи доргилт, дагзны баруун талаар зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Т.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ хамтран амьдрагч Р.Гтай үүсгэсэн таарамжгүй харьцаагаар шалтгалан өөрийн эрхшээлд амьдарч байгаа насанд хүрээгүй хүүхдүүддээ агсам согтуу тавьж насанд хүрээгүй хохирогч Г.Сд халдаж зодсон байна. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан этгээдэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нар нь хамаарах ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Г.С, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдлаа.

Мөн шүүгдэгч Т.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Т.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Э.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: шүүгдэгч Т.Бын хувьд өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан, насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналыг,

Шүүгдэгч Т.Б нь торгуулийн арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Т.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй ба шүүхээс шүүгдэгч Т.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь удаа дараа ял шийтгүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож шийдвэрлэлээ.

Насанд хүрээгүй хохирогч Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Р.Г нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Т.Быг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

 

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Тын Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БАТТУЛГА