Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Ж.Э /ҮД:2730/  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Нийн Чад холбогдох 2217000900079 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д овогт Н-ийн Ч /РД:............./, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ........ оны ........ дүгээр сарын ............-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, Дундговь аймгийн.......... сумын .........дугаар баг, ............. гэх газар оршин суух, хувиараараа мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Н.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчим Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар-Замын-үүд чиглэлийн автозамын 493/166 тоот тэмдэгтийн орчим 91-90 УАА улсын дугаартай Hyundai-Mithy маркийн ачааны автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд аюултай байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн Ё.Б- жолоодож явсан 98-97 УБИ улсын дугаартай Mistubishi Colt маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, насанд хүрээгүй хохирогч Э.Агийн эрүүл мэндэд хүнд, Ч.Б, Г.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Х, Ц.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч Н.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрч байхад өөрийнхөө цагаан өнгийн Маяти маркийн 91-90 УАА улсын дугаартай машинтайгаа эхнэр С.Г, төрсөн дүүгийн эхнэр А.Б, түүний хүү 3 настай Э нарын хамт Дорноговь аймгийн Айраг сумаас баруун тийш байх хөдөө гэртээ очихоор машин дээрээ шанагатай Пад трактор ачаад хөдөлсөн. Тэгээд 14-р зөрлөг өнгөрөөд 16-р зөрлөг орох гээд давхиж байтал замын баруун гар талд ногоон өнгийн ачааны машин зогсож байсан бөгөөд тэр машин замаа чөлөөлөөд зогсчихсон байсан. Тэгээд тэр машины ойролцоо засмал зам дээр 3 хэсэгт газар зам эвдрэлтэй хагархайтай байсан бөгөөд би тухайн хагархайнуудын эхний хагархайг нь хараад тойрч гараад дараагийн хагархайг нь гэнэт хараад зүүн хэсгээр нь тойрох гээд дарахад тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйгаараа тухайн нүхийг дайраад тас хийх дуу гараад дарсан байсан чигтээ явсаар замын эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийг урдаас нь мөргөсөн. Мөргөж зогсоод хамгаалах бүсээ тайлаад буугаад очиход 98-97 УНИ улсын дугаартай эмэгтэй жолоочтой жижиг тэрэг байсан. Тэгээд хажуугаар явж байсан машинтай хүмүүс болон замын баруун талд зогсож байсан том тэрэгний жолооч ирээд тэр хүмүүсийг машинаас нь гаргасан бөгөөд жолоочийн хажуу талд сууж явсан эмэгтэй машинаасаа бууж чадахгүй хавчуулагдсан байсан. Тэгээд удалгүй түргэний машин, цагдаагийнхан ирсэн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 199-200 хуудас/

 

2. Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 9-97 УБИ улсын дугаартай Colt  маркийн тээврийн хэрэгслийг бариад Дорноговь аймгийн Хамрын хийд орчихоод буцсан. Миний хажуу суудалд манай нөхрийн төрсөн эгч Н, миний охин Агийн хамт сууж явсан. Арын суудалд миний  харалдаа манай нөхөр Э,голд нь манай хүү Х, эгчийн охин Э Н эгчийн ар талд нөхөр Р нь сууж явсан. Засмал замаар Улаанбаатар хотын чиглэлэд буюу зорчих хэсгийн зүүн гар талд хөдөлгөөнд оролцоод явж байхад өөдөөс эсрэг урсгалд цагаан өнгийн ачааны машин ирж яваа харагдсан бөгөөд би жижигхэн гүвээ даваад уруудаад, тэр машин өгсөөд явж байсан бөгөөд тэр машинтай зөрөх нь дээ гэж бодоод явж байтал гэнэт тэр машин миний унаж явсан машин руу чиглээд урсгал сөрөөд ороод ирэхээр нь  сандраад баруун гар талруугаа орилоод дартал тэр чигтээ ирээд миний машины зүүн урд талын дугуй, их гэрэлний орчмоос хүчтэй мөргөсөн. Би тухайн үед 60 орчим км цагийн хурдтай явж байсан. Тэгээд нэг мэдэхэд тухайн машинд мөргүүлчихсэн машиндаа хавчигдчихсан тэрүүхэн зуур ухаан балартсан байсан. Сэргээд охиноо хараад өөрөө гарч чадахгүй нөхрийгөө охиноо аваарай гэсэн. Тухайн үед хажуугаар явж байсан хүмүүс түргэн, цагдаа дуудаж өгсөн. Нэг мэдэхэд л эмнэлгийн машин ирээд бид нарыг аваад явсан. Тухайн ослын улмаас миний биед тархи доргилт, баруун сарвууны алганы шивнүүрийн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хөх, шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан...Би өөрийн унаж явсан  98-97 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч гэх хүнд эвдрэлтэй чигт нь өгсөн байгаа, өгөх талаараа гэрээ хийж нотариатаар батлуулан хавтаст хэрэгт гэрээг тусгуулсан. Миний бие болон, Н, Х, А, Э нарын эмчилгээний зардал болон миний тээврийн хэрэгслийн зардал зэрэг нь нийтдээ 16 сая орчим болсон учраас Чтай миний Кольт маркийн 98-97 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч нь авч надад мөнгөн хэлбэрээр өгөхөөр мөн эмчилгээний зардлын мөнгүүдийг нийтэд нь бодож өгөхөөр тохирсон 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 5 сая, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үлдэгдэл 11 сая төгрөгийг миний 5030552132 тоот дансанд шилжүүлсэн тул одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй   ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 23-24 хуудас/

 

3. Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Р, дүү Э түүний эхнэр Б, хүү Х, охин А, бэрийн дүү Э нарын хамт Б машинтай Дорноговь аймгийн Хамрын хийд орчихоод 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буцаад Улаанбаатар хот руу явсан. Машиныг Б очихдоо ч ирэхдээ ч унаж явсан. Буцахдаа би машины жолоочийн хажуу талын суудал дээр Аг аваад суусан байсан. Тэгээд Чойр өнгөрөөд явж байтал эсрэг урсгалд цагаан өнгийн ачааны автомашин ирж байгаа харагдсан. Тухайн үед би унтаагүй сэрүүн явж байсан. Тэр машинтай зөрөөд өнгөрөх нь үү гэтэл гэнэт л урсгал сөрөөд бидэн рүү чиглэж ирээд мөргөчихсөн. Нүд ирмэхийн зуур л болсон. Би хашгирж ч амжаагүй. Надад албаар шууд чиглээд ирэх шиг санагдсан. Тэгээд цаашаа юу болсон талаар би мэдэхгүй байна нэг сэрэхэд эмнэлэгт гараа гипсдүүлчихсэн хэвтэж байсан. Эмчилгээ эм тарианы мөнгөө нэхэмжилнэ, одоогоор эмчилгээ хийлгэж байгаа учир дараа нь баримтаар бүгдийг нь гаргаж өгнө” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 27-28 хуудас/

 

4. Насанд хүрээгүй хохирогч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед би эгч Н, ах Р, дүү А,  аав ээжийн хамт Дорноговь аймгаас Улаанбаатар хотруу явж байх үед яг ямар нэртэй газар явж байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд унтаж байгаад нэг сэрэхэд бид нар осолд орсон байсан. Мөргөсөн машин нь ачааны машин байх шиг байсан би өөр зүйлийг анзаараагүй маш их айж сандарсан байсан. Миний эрүү болон хүзүү өвдөж байсан. ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 32 хуудас/

 

5. Насанд хүрээгүй хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би Н эгчийн өвөр дээр суугаад явж байсан. Тухайн үед юу болсон талаар би сайн санахгүй байна, унтаад явж байсан учраас юу болсон талаар мэдэхгүй байгаа хэд хоногийн дараа сэрсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 36 хуудас/

 

6. Насанд хүрээгүй хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би болсон асуудлын талаар ямар нэгэн зүйл санахгүй байгаа. Дорноговь аймагаас Улаанбаатар хот руу явж байгаад замдаа осолд орчихсон байсан. Миний зүүн аарцаг, хүзүү, нуруу өвдөж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 40 хуудас/

 

7. Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 05 дугаар барны 08-ны өдөр Улаанбаатар хотоос Бор-Өндөр орохоор 15 цагийн үед 11-06 УНИ улсын дугаартай Хово маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа машинаа жолоодоод явж байгаад 19 цагийн үед машин халаад байхаар нь 16-р зөрлөг арай ороогүй замаа чөлөөлөөд баруун гар талруу замын хөвөө хэсэг дээр зогссон. Тэгээд машины чиргүүл дээр гараад савтай товуудын тагийг нь таглаад зогсож байхад гэнэт л түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал 2 машин мөргөлдчихсөн байсан. Тэгээд цагдаа дуудах гэтэл утасны сүлжээ байхгүй байсан. Машин дээрээс буугаад очтол мөнгөлөг саарал өнгийн Colt маркийн тээврийн хэрэгсэлтэй цагаан өнгийн Маяти маркийн машин мөргөлдчихсөн байсан. Намайг очиход жижиг тэргэнд байсан хүмүүс бахиралдаад, жолоочийн эсрэг талын хүн гарч чадахгүй бусад нь машинаас гарч байсан.../1-р хх-ийн 44-45 хуудас/

 

8. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд Хамрын хийд орж хоночихоод 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буцаад Улаанбаатар хотруу явж байгаад Чойр өнгөрч хөдөө замын хажууд зогсоод цай, унд уучихаад хөдөлсөн. Хөдлөөд би унтаад өгсөн Эхнэр машин бариад явж байсан. Түүний хажууд урд суудал дээр Н, А нар сууж явсан. Би эхнэрийн харалдаа ард  суудал дээр миний хажууд хүү Х, түүний хажууд Э, Р нар сууж явсан. Тэгээд явж байгаад гэнэт эхнэрийн чанга орилох чимээнээр би сэрээд урагшаа хартал эсрэг урсгалаас цагаан өнгийн ачааны машин шууд манай машиныг чиглэж ирээд мөргөсөн. Тэгээд осол болоод би нэг хэсэг ухаан алдчихсан байсан.../1-р хх-ийн 55 хуудас/

 

9. Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 17-18 цагийн орчимд Улаанбаатар хотоос Дундговь аймагруу 91-90 УАА улсын дугаартай Маяти маркийн цагаан өнгийн тэврийн хэрэгсэлтэй Н.Ч жолоо бариад миний бие болон Б хүүхэдтэйгээ явж байсан. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөгийн орчим явж байтал замын нүхийг зүүн урд дугуйгаараа дайрахад тас хийх дуу гараад тээврийн хэрэгсэл замын зүүн буюу эсрэг урсгалд ороход урдаас жижиг саарал өнгийн машин ирж мөргөлдсөн. Осол болсны дараа бид нарын биед ямар нэг гэмтэл шарх учраагүй насанд хүрээгүй хүүхдийг сайн барьж явж байсан... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 68 хуудас/

 

10. Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2172 дугаар дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн Hyundai mighty маркийн 91-90 УАА улсын дугаартай автомашинд эвдрэл гэмтэл байна.

- Автомашины эвдрэл гэмтлүүд нь хатуу мохоо зүйлтэй буюу ослын үед дамжиж буюу шууд үүссэн гэмтлүүдтэй байна.

- Ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

- Ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул осолд нөлөөлөхгүй.

- Автомашины хойд тэнхлэгийн баруун зүүн дугуйн тоормос ажиллаж байна. Зориулалтын бус газар үзлэг шинжилгээ хийгдсэн тул урд тэнхлэгийн баруун зүүн дугуйн тоормосны ажиллагааг шалгах боломжгүй. Жолооны механизмын эд ангиуд  бүрэн ил харагдах гэмтэлгүй асаалтын түлхүүр ирүүлээгүй тул ажиллагааг шалгах боломжгүй. Зүүн талын их гэрэл хагарч байхгүй болсон гэмтэлтэй. Баруун болон арын гэрэлтүүлэх хэрэгсэл ил харагдах гэмтэлгүй. Автомашины тог хураагуур байхгүй тул гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагааг шалгах боломжгүй.

- Автомашины дугуй хагарч буудсан гэмтэлгүй тул осолд нөлөөлөхгүй.

- Автомашины 1-р нум хугарсан гэмтэлтэй, түүний доор байрлах 2-р нум гэмтэлгүй автомашиныг дааж байх тул чиг өөрчлөгдөхгүй.

- Асуултад дурдагдаагүй шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй.

Дүгнэлт гаргасан: автотехникийн шинжилгээний лаборторийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Э гэжээ. /1-р х.х-ийн 72-74 хуудас/

 

11. Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2261 дугаар дүгнэлтэнд:

- Шинжилж буй Mitsubishi Colt Plus маркийн 98-97 УБИ улсын дугаартай автомашин ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй байна.

- ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй.

- Автомашины тоормос ажиллаж байна. Жолооны механизмын эд ангиуд бүрэн асаалтын түлхүүр ирүүлээгүй тул ажиллагааг шалгах боломжгүй. Зүүн талын их гэрэл хагарч байхгүй болсон гэмтэлтэй. Баруун болон арын гэрэлтүүлэх хэрэгсэл ил харагдах гэмтэлгүй. Ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул ажиллагааг шалгах боломжгүй.

- Асуултад дурдагдаагүй шинээр илэрсэн нөхцөд байдал илрээгүй.

 

Дүгнэлт гаргасан: автотехникийн шинжилгээний лаборторийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Э гэжээ. /1-р х.х-ийн 92-94 хуудас/

 

12. Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 7121 дугаар дүгнэлтэнд: Э.Хгийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун чихний ар хэсэг, шилбэнд цус хуралт, баруун чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой.  Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ж.Жа гэжээ. /1-р х.х-ийн 121-122 хуудас/

 

13. Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7127 дугаар дүгнэлтэнд: Э.Агийн биед хоёр чамархай ясны хугарал, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, нуруунд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. /1-р х.х-ийн 124-126 хуудас/

 

14. Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 7119 дугаар дүгнэлтэнд: Ч.Б-ийн биед тархи доргилт, баруун сарвууны алганы 1-р шивнүүрийн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун гарын бугуй, зүүн бугалга, шуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хөх, шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 05 дугаар сарын 08-нд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой.  Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, ахмад Ж.Жаргалтуяа гэжээ. /1-р х.х-ийн 134-135 хуудас/

 

15. Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7129 дугаар дүгнэлтэнд: Г.Нийн биед зүүн шуу ёсны хоёрлосон зөрүүтэй, богтос ясны зөрүүтэй далд хугарал, баруун 2,3,4-р хавирганы хоёрлосон зөрүүтэй, 5-р хавирганы зөрүүгүй далд хугарал, хоёр өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой.  Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, ахмад Э.Б гэжээ. /1-р х.х-ийн 140-141 хуудас/

 

16. Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 7123 дугаар дүгнэлтэнд: Ц.Эийн биед тархи доргилт, баруун, зүүн шилбэнд цус хуралтд гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой.  Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.1.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, ахмад Ж.Жаргалтуяа гэжээ. /1-р х.х-ийн 149-150 хуудас/

 

17. Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 7119 дугаар дүгнэлтэнд: Ч.Б биед тархи доргилт, баруун сарвууны алганы 1-р шивнүүрийн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун гарын бугуй, зүүн бугалга, шуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун хөх, шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 05 дугаар сарын 08-нд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой.  Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, ахмад Ж.Жаргалтуяа гэжээ. /1-р х.х-ийн 134-135 хуудас/

 

18. Шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн 2934 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Ё.Б гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжилгээний лаборторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяа гэжээ. /1-р х.х-ийн 162-163 хуудас/

 

19. Шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 07/2022 дугаар дүгнэлтэнд: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.1. Жолооч хөөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчигдсөн байна.

Уг осол нь 91-90 УАА улсын дугаартай Майти маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Чын буруутай үйлдлийн улмаас болсон гэх үндэслэлтэй байна.

Уг осол нь жолооч Н.Чын жолоодож явсан 91-90 УАА улсын дугаартай Майти маркийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн эсрэг урсгалд орсоны улмаас үүссэн байна.

Замын зорчих хэсгийн гадаргуугийн эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн осолд шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг мөрдөж хөдөлгөөний хурдыг тохируулах үүрэгтэй. Уг осолд шууд нөлөөлсөн гэх шинээр ямар нэгэн нөхцөл байдал илрээгүй олно.

Дүгнэлт гаргасан: шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /1-р х.х-ийн 89 хуудас/

 

20. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэв загвар дээж авсан тэмдэглэл /х.х-ийн 7-16, 75-86, 95-102,хуудас/

 

21. Гэмтэл согог судал судлалын үндэсний төвийн өвчтөний түүхийн хуулбар, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 201, 216-233 хуудас/

 

22.“Ашид билгүүн” ХХК-ний техникийн үнэлгээний тайлан /1-р х.х-ийн 154-159  хуудас/

 

Иймд шүүгдэгч Н.Ч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Н.Чын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Н.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Эрдэнэбилэг нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг  тус тус дурдлаа.

 

ХОЁР. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч Н.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Ч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э: ...Шүүгдэгч Н.Чын хувийн байдал болон уг гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж өнгө үү гэх хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлсон ба мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Агийн эрүүл мэндэд хүнд, Ч.Б, Г.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Х, Ц.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол хохирол учирсан бөгөөд хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “Миний бие болон, Н, Х, А, Э нарын эмчилгээний зардал болон миний тээврийн хэрэгслийн зардал зэрэг нь нийтдээ 16 сая орчим болсон учраас Ч миний Кольт маркийн 98-97 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч надад мөнгөн хэлбэрээр өгөхөөр мөн эмчилгээний зардлын мөнгүүдийг нийтэд нь бодож өгөхөөр тохирсон 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 5 сая, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үлдэгдэл 11 сая төгрөгийг миний 5030552132 тоот дансанд шилжүүлсэн тул одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй  гэж шүүх дүгнэв.

 Шүүхээс шүүгдэгч Н.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчийн хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон нийгмээс тусгаарлахгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч Н.Чыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Н-ийн Чыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Чын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Чыг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чад тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүгдэгч Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ