Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0532

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д ТӨХХК

Хариуцагч: Х дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.О, Ч.З 

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагч 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230013930 дугаар актаар ногдуулж,  Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор өөрчилсөн 806,175,675.10 төгрөгийн төлбөрөөс 736.485.182,30 төгрөгийн нөхөн татвар, 38.074.785,20 төгрөгийн торгууль, 785.358,60 төгрөгийн хүү, нийт 775.342.326,10 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, С.Н, хариуцагч Х дүүргийн татварын хэлтсийн, Татварын улсын байцаагч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ТӨХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 230013930 дугаар актын зөрчлийн жагсаалтын 2-т 2013 онд 665,309,079.79 төгрөгийн, 2014 онд 706,973,630.79 төгрөгийн, 2015 онд 707,773,630.79 төгрөгийн, нийт 2,080,056,341.37 төгрөгийн ҮХЭХАТатварын ногдуулаагүй зөрчилд 20,800,563.40 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.

Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор нийт төлөх ёстой 806,175,875.10 төгрөгийн төлбөрөөс Хувь хүний орлогын албан татвар 23,344,247 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 6,989,102 төгрөгийн нөхөн татваруудыг тайлагнаагүй тул хүлээн зөвшөөрч байгаа боловч Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нөхөн тайлагнасан бөгөөд энэ нь татварын тооцоололд орж ногдол тооцогдсон тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар  нь давхардан төлөгдөхөөр байна. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нөхөн төлбөр 20,800,563.4 төгрөгийг үл хүлээн зөвшөөрч байна.

Д ТӨХХК боловч үйл ажиллагааны хувьд зардалд суурилсан орлогыг батлуулж ажилладаг, төсөвт байгууллагын статустай ижил үйл ажиллагаатай тул дээрх татварын актаарх төлбөрийг нөхөн төлөх боломжгүй юм.

Бид дээрх эрчим хүч түгээгч компаниудаас 2013-2015 онуудад ЭХЗХ-ны тогтоолын НӨАТ-гүй дүнгээр, татварыг нэмж нэхэмжилж аваагүй, улмаар уг дүнгээр харилцагч байгууллагуудад нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-т заасны дагуу бичиж өгөөгүй бөгөөд тодруулвал, татвараас авлага үүсгэж, татварын хасалт хийгээгүй гэсэн үг юм.

Энэ нь улсын төсөв болон татварын байгууллагад Нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын авлага 2 талдаа үүсгээгүйг нотолж байна.

Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчил нь улсад ямар нэгэн хохирол учруулаагүй, 2013-2015 оныг хамарч байгаа тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдаж байгаа тул 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230013930 дугаар акт болон Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 89 дүгээр тогтоолоор тогтоосон нэмэгдсэн өртгийн албан татварын 736.485.182,30 төгрөгийн нөхөн татвар, 38.074.785,20 төгрөгийн торгууль, 785.358,60 төгрөгийн хүү, нийт 775.342.326,10 төгрөгийн төлбөрийг үл хүлээн зөвшөөрч байна. 

Иймд Татварын улсын байцаагч 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230013930 дугаар актаар ногдуулж,  Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор өөрчилсөн 806,175,675.10 төгрөгийн төлбөрөөс 736.485.182,30 төгрөгийн нөхөн татвар, 38.074.785,20 төгрөгийн торгууль, 785.358,60 төгрөгийн хүү, нийт 775.342.326,10 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Т.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ч.З, Т.О бид Д ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн санхүүгийн баримтад татварын хяналт шалгалт хийж 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр татварын улсын байцаагчийн 230013930 тоот актаар нийт 10,173,460,830.37 төгрөгийн зөрчилд 757,318,531.3 төгрөгийн нөхөн татвар, 281,614,168.5 төгрөгийн торгууль, 2,147,653.9 төгрөгийн хүү, нийт 1,050,479,753.7 төгрөгийн төлбөр ногдуулсан. 

Тус хугацаанаас хойш Д ХХК-ийн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсанаар 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор нийт татварын улсын байцаагчийн 230013930 тоот актаар ногдуулсан төлбөрөөс 234,602,483.7 төгрөгийн торгууль, 1,364,695.3 төгрөгийн хүү, нийт 235,967,179 төгрөгийг төлбөрийг өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулж, 8,336,899.6 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож 10,173,460,730.3 төгрөгийн зөрчилд 767,318,531.3 төгрөгийн нөхөн татвар, 38,074,785.2 төгрөгийн торгууль, 782,358.6 төгрөгийн хүү, нийт 806,175,675.1 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 2013 оны 665,309,079.79 төгрөгийн, 2014 онд 706,973,630.79 төгрөгийн, 2015 онд 707,773,630.79 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөндөө албан татварын тайлан гаргаагүй байсанд татварын улсын байцаагч нар нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230013930 тоот актаар нөхөн татвар, торгууль ногдуулсан дээрх акт бичсэн хугацаанаас хойш Х дүүргийн татварын албанд 2013-2015 онд хамаарах үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлан нөхөн гаргасан гэх асуудал нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230013930 тоот татварын улсын байцаагчийн актад ямар нэг хамааралгүй гэж үзэж байна.

2013 оны 2,363,206,818.18 төгрөгийн, 2014 оны 2,456,421,090.91 төгрөгийн, 2015 оны 2,965,443,090.91 төгрөгийн диспетчер зохицуулалтын ажил үйлчилгээний орлогоо НӨАТ ногдуулаагүй мөн Х дүүргийн татварын албанд НӨАТ-ын тайлан гарган тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 89 дүгээр тогтоолд дээрх актыг зөрчлийг бүхэлд нь дээрх хуулиудад хамруулсан гэж ойлгож байгаа учраас дахин дээрх хуулиудад хамруулах боломжгүй гэж үзэж байна.

Д ХХК-ийн 2013 оны 2,363,206,818 төгрөгийн, 2014 оны 2,456,421,607 төгрөгийн, 2015 оны 2,965,443,091 төгрөгийн диспетчер зохицуулалтын орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын орлого гэж тайлагнаагүй нь 2013-2015 онд мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх орлого биш гэдэг нь нотлогдсон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Х дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.З, Т.О нар Д ХХК-ийн 2013-2015 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн шалгалт хийж, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 230013930 дугаар актаар Диспетчер зохицуулалтын ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварт тайлагнаагүй, татвар ногдуулж төлөөгүй, Данс бүртгэлт тусгагдсан үл хөдлөх хөрөнгөд албан татвар ногдуулаагүй, үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлан тайлагнаагүй, Хадгаламжийн хүүгийн орлогоос аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тайлагнаагүй, Бусдад олгосон ажлын хөлсний орлогоос хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэсэн зөрчлүүдэд нийт 1,050,479,753.7 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Тус актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хэлэлцээд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор төлбөрийн хэмжээг 806,175,675.10 төгрөгийн төлбөр болгон өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч Д ХХК Х дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.З, Т.О нарт холбогдуулан Татварын улсын байцаагч 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230013930 дугаар актаар ногдуулж,  Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор өөрчилсөн 806,175,675.10 төгрөгийн төлбөрөөс 736.485.182,30 төгрөгийн нөхөн татвар, 38.074.785,20 төгрөгийн торгууль, 785.358,60 төгрөгийн хүү, нийт 775.342.326,10 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нөхөн тайлагнасан бөгөөд энэ нь татварын тооцоололд орж ногдол тооцогдсон тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар  нь давхардан төлөгдөхөөр байна. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нөхөн төлбөр 20,800,563.4 төгрөгийг үл хүлээн зөвшөөрч байна. Д ТӨХХК боловч үйл ажиллагааны хувьд зардалд суурилсан орлогыг батлуулж ажилладаг, төсөвт байгууллагын статустай ижил үйл ажиллагаатай тул дээрх татварын актаарх төлбөрийг нөхөн төлөх боломжгүй юм. Бид дээрх эрчим хүч түгээгч компаниудаас 2013-2015 онуудад Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолын нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр, татварыг нэмж нэхэмжилж аваагүй, улмаар уг дүнгээр харилцагч байгууллагуудад нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-т заасны дагуу бичиж өгөөгүй бөгөөд тодруулвал, татвараас авлага үүсгэж, татварын хасалт хийгээгүй гэсэн үг юм. гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг эс зөвшөөрч ... 2013 оны 665,309,079.79 төгрөгийн, 2014 онд 706,973,630.79 төгрөгийн, 2015 онд 707,773,630.79 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөндөө албан татварын тайлан гаргаагүй байсанд татварын улсын байцаагч нар нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230013930 тоот актаар нөхөн татвар, торгууль ногдуулсан бөгөөд дээрх акт бичсэн хугацаанаас хойш Х дүүргийн татварын албанд 2013-2015 онд хамаарах үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайлан нөхөн гаргасан нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230013930 тоот татварын улсын байцаагчийн актад ямар нэг хамааралгүй гэж үзэж байна. 2013 оны 2,363,206,818.18 төгрөгийн, 2014 оны 2,456,421,090.91 төгрөгийн, 2015 оны 2,965,443,090.91 төгрөгийн диспетчер зохицуулалтын ажил үйлчилгээний орлогоо нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй мөн Х дүүргийн татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гарган тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Хариуцагч маргаан бүхий актаар ...данс бүртгэлд тусгагдсан үл хөдлөх хөрөнгөнд албан татвар ногдуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн тайлагнаагүй нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна., 8 дугаар зүйлийн 8.1-д Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно., 9 дүгээр зүйлийн 9.1-д Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана. гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч Д ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн даалгавараар 2013 оны үл хөдлөх хөрөнгийн татвар, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн даалгавараар 2014 оны үл хөдлөх хөрөнгийн татвар, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн даалгавараар 2015 оны үл хөдлөх хөрөнгийн татвар болон 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн төлбөрийн даалгавараар актаар ногдуулсан торгуулийн төлбөрөөс 15,490,173.79 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч хуульд заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаа гаргаагүй буруутай байх тул хариуцагч нарын ногдуулсан нөхөн татварыг хүчингүй болгох боломжгүй юм.

Харин Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 89 дүгээр тогтоолд нөхөн татварыг төлсөн үндэслэлээр торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд төлсөн татвар, болон торгуулийг актаар ногдуулсан төлбөрт тооцуулахаар харьяалах татварын албанд хандаж шийдвэрлүүлэх боломжтой байна.

Мөн актаар ...диспетчер зохицуулалтын ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаагүй, татвар ногдуулж төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;, 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: 14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн; гэж заасныг зөрчсөн гэж үзсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасантай нийцжээ.

Учир нь Д ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн хувьд үзүүлсэн үйлчилгээндээ оногдох төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож авч, хуульд зааснаар татвараа тайлагнаж, төлөх учиртай бөгөөд ийнхүү татвараа тайлагнаж, төлөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д ТӨХХК-ийн Татварын улсын байцаагч 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 230013930 дугаар актаар ногдуулж,  Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор өөрчилсөн 806,175,675.10 төгрөгийн төлбөрөөс 736.485.182,30 төгрөгийн нөхөн татвар, 38.074.785,20 төгрөгийн торгууль, 785.358,60 төгрөгийн хүү, нийт 775.342.326,10 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН