Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00253

 

МАГАДЛАЛ

2018.01.19                                          №253                                            Улаанбаатар хот

Жгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03774 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж,

Хариуцагч “Х” ХХК, Д.Э нарт холбогдох,

Авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, Жгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

Хариуцагч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Жгийн төлөөлөгч С.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь Монгол Улсын Архангай аймгийн Цахир сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум чиглэлийн 12.7 км авто замын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр Монгол Улсын Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоор 2012 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд орж ирсэн авто ачигч урдаа шанагатай SDLG 2011 оны шар өнгөтэй, арлын дугаар В901013310, хөдөлгүүр 1211Е057872, Авто ачигч урдаа шанагатай SDLG 2012 оны шар өнгөтэй, арлын дугаар С9014418, хөдөлгүүр 1211К132467, Экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L1BD0209, мотор 73189243, Экскаватор JCM 2012 оны, арлын дугаар L0YD0019, мотор 73202379 машин техникүүдийг “Х” ХХК, БНХАУ-ын Чиншан Шинуй зам гүүрийн инженеринг ХХК-уудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 4 өдөр байгуулсан 12/04 тоот гэрээ, БНХАУ-ын Чиншан Шинуй зам гүүрийн инженеринг ХХК-ийн 2016 оны 36 тоот албан бичиг, Х ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны 04/240 тоот албан бичгийг тус тус үндэслэн төслийн удирдагч Jia Chunsuo миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Гэвч Х ХХК нь техникүүдийг одоог хүртэл шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд удаа дараа хүсэлт, шаардлага тавьсан боловч хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа.

Д.Э тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг БНХАУ-ын иргэн Жан Ванбиаогоос шилжүүлэн авсан гэж маргаж байгаа боловч эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр тодорхойлолтоор БНХАУ-ын иргэн Жан Ванбиао нь маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг бусдад шилжүүлэх замаар захиран зарцуулах эрхтэй этгээд байсан эсэх нь тогтоогдоогүй тул Д.Эийн эзэмшлийг хууль ёсных гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, “Х” ХХК-иас техник хэрэгслүүдийг Jia Chunsuo-ийн нэр дээр шилжүүлэхээр үүрэг хүлээсэн байтлаа уг үүргээ зөрчин өөр этгээдэд өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн нь хууль бус юм. Иймд Д.Эээс авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, нэхэмжлэгч Jia Chunsuoгийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Д.Эт даалгаж өгнө үү. “Х” ХХК-ийг хариуцагчаар оролцуулахаас  татгалзсан гэжээ.

Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х” ХХК нь Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын ажил дээр туслан гүйцэтгэх ажил хийлгүүлэхээр БНХАУ-ын Чиншан Шинуй Зам Гүүрийн Инженеринг ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 12-04 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр нэхэмжлэлд нэр дурдсан 4 ширхэг техник Монгол Улсын хилээр орж ирэхдээ ерөнхий гүйцэтгэгч “Х” ХХК-ийн нэр дээр орж ирсэн. Ажлын явцад гэрээ байгуулсан Чиншан Шинуй Зам Гүүрийн Инженеринг ХХК-ийн хүсэлтээр ажил гүйцэтгэх гэрээ Баожи Тайань констракшн ХХК-руу шилжсэн. Уг техникүүд нь гэрээнд заасан Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын засвар шинэчлэлтийн ажил дээр ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор үлдсэн 7 км авто замын ажлыг энэ жил дуусгах гэрээтэй. Хөрөнгө оруулагч гэх Жао Ванбиао, Ж нар нь оруулсан хөрөнгийнхөө талаар байнгын маргаантай байдаг бөгөөд манай компани нь тэдний маргаанд хөндлөнгөөс оролцдоггүй болно. Манай талаас тэдэнд тавьдаг ганц шаардлага бол гэрээнд дурдсан ажлыг хийж дуустал замын ажил дээрээс дээр дурдсан техникүүдийг өөр тийш нь явуулахгүй байх явдал юм. Уг техникүүдийг худалдаж авахад манай зүгээс оролцоо байхгүй тул уг техникүүдийг хөрөнгө оруулагч 2 талын аль нэг рүү нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлэхэд татгалзах шалтгаан байхгүй болно. Манай талаас гэрээт ажлыг хугацаанд нь дуусгасан байх шаардлагыг тавина гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжилж буй техник хэрэгслийг хууль ёсоор өмчлөх эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болохыг нотлох Монгол улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлд заасан төлөөлөгч мөн болох, 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэдгийг нотлох баримтаар нотлоогүй. БНХАУ-ын Шанси муж Баожи хотын дунд шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны шанси 03 144-4 тоот шийдвэр гүйцэтгэх тогтоолоор хариуцагч нарыг тогтоосон ба дээрх хариуцагч нарт нэхэмжлэгчийн өөрт маргаан бүхий техник хэрэгслийг шилжүүлэх эрхийг олгосон гэх Чиншан шинуй зам гүүр инженеринг ХХК түүний хууль ёсны төлөөлөгч гүйцэтгэх удирдлага Жан Вэйнинийг хариуцагч болохыг заасан ба тэдгээрээс Монгол Улсын “Х” ХХК-д ашиглаж буй техник хэрэгслийг нэхэмжлэгч Жао Ванбиаод хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон 2014 оны Баожи Дунд шатны иргэний хэргийн 2 дугаар анхан шатны шүүхийн 00179 тоот иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид эд хөрөнгө шилжүүлэн авах эрх өгсөн гэх Чиншан шинуй зам гүүр инженеринг ХХК түүний гүйцэтгэх удирдлага Жан Вэйнинь нь БНХАУ-ын шүүхийн шийдвэрээр Жао Ванбиаод төлөх үүргийн гүйцэтгэлд эд хөрөнгөөр төлөх гэрээг байгуулснаар маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрх нь Чиншан шинуй зам гүүр инженеринг ХХК түүний гүйцэтгэх удирдлага Жан Вэйнинь гэгчээс Жао Ванбиаод шилжсэн тул энэ маргааны нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгийг нэхэмжлэх эрх зүйн боломжгүй.

Маргаан бүхий техник хэрэгслийг Монгол улсын “Х” ХХК-д нийлүүлсэн Жан Вэйнинь захиралтай Чиншан шинуй компани нь “Х” ХХК-д 2013 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн байдлаар 389 564 684 төгрөгийн өглөгтэй гарсан ба уг төлбөрийг Баожитай Ань компанийн Монгол талыг хариуцагч Жао Ванбиао 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Х” ХХК-д бүрэн төлж барагдуулсан байдаг бол нэхэмжлэгч гэх Ж нь дээрх техник хэрэгслийн үнэ өртөг болон бусад зардал, чирэгдлийг төлсөн, түүнийг ямар үндэслэлээр өөрийн өмчлөлд шилжүүлэх эрхтэй нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Эт холбогдуулан гаргасан авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 ширхэг машин техникүүдийг гаргуулах, Жгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Jia Chunsuo /Ж/-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Х” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 724 232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл шүүх талуудын хооронд үүссэн материаллаг эрх зүйн харилцааг үнэн зөв тодорхойлж чадаагүй буюу Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх аливаа эд хөрөнгө болон түүнийг өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг дагалдах эрхүүд нь Монгол Улсын хууль тогтоомжоор тодорхойлогдоно гэсэн эрх зүйн үндэслэлүүдийг зөрчсөн.

Маргаан бүхий 4 ширхэг машин техник нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бөгөөд тэдгээрийг өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг дагалдах эрхүүд нь Монгол Улсын хууль тогтоомжоор тодорхойлогдох ёстой ба БНХАУ-ын Шанси муж, 2014 онд Боажи, Дунд шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх тогтоол гэх баримт нь Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр шууд хэрэгжих эрх зүйн үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр бус юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Маргаан бүхий 4 техникийг нэхэмжлэгч Жао Ванбиао өөрийн өмчлөлд шилжүүлэхийн тулд “Х” ХХК-д 389 564 684 төгрөг төлсөн нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Жао Ванбиаогийн мэдүүлэг, “Х” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04/192 дугаартай албан бичгээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтийг хийхдээ Жао Ванбиао өөрийн өмчлөлд шилжүүлэхийн тулд “Х” ХХК-д 389 564 684 төгрөгийг ямар үндэслэлээр төлсөн, тус 2 этгээдийн хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн зэрэг зайлшгүй тодорхойлох шаардлагатай хууль зүйн фактыг тодруулахгүйгээр ямар үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт болсон тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол зохигчийн хүсэлтээр шүүх өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно” гэж тус тус заасан ба хариуцагч талаас хуульд заасан эрхийн хүрээнд хилийн чанадаас нотлох баримт гаргуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй ба хариуцагч талын гаргаж өгсөн баримт болох БНХАУ-ын Шанси муж, 2014 Боажи, Дунд шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх тогтоол гэх баримт нь нотлох чадвараа алдсан баримт байтал анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн нотлох чадвараа алдсан хууль бус нотлох баримтыг үндэслэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь өгнө” гэж заасны дагуу өөрийн шаардах эрхийг баталгаажуулсан итгэмжлэл болон хэлцлийг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн байтал шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээтэй талаас нь үнэлээгүй ба хэрэв шүүх тус баримтуудыг үнэлэх боломжгүй эргэлзээтэй гэж үзэж байгаа бол маргааныг үнэн зөв бодитойгоор шийдвэрлэхийн тулд шүүх өөрийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээч томилон тус нотлох баримтуудыг үнэлэх бүрэн боломжтой байсан.  Гэвч анхан шатны шүүх хуулиар заагдсан боломжит арга хэмжээг аваагүй буюу нотлох баримтын тусламжтайгаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож, хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх нь хариуцагч “Х” ХХК-иас татгалзаж шүүх тус татгалзлыг баталсан ба хариуцагч солигдсонтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч Д.Эийн харьяаллаар буюу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх болон өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нараас маргааныг тус дүүргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх эсэхийг тодруулалгүйгээр хэргийн харьяалал зөрчин хянан шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үнэн зөв дүгнэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нотлох баримтыг дутуу үнэлсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шаардах эрхийн үндэслэл болсон хуулийг оновчтой хэрэглээгүйг зөвтгөх шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж “Х” ХХК-д холбогдуулан “SDLG” 2011 оны, арлын В901013310, хөдөлгүүрийн 1211Е057872 дугаартай, шар өнгөтэй, урдаа шанагатай авто ачигч, “SDLG” 2012 оны, арлын С9014418, хөдөлгүүрийн 1211К132467 дугаартай, шар өнгөтэй урдаа шанагатай авто ачигч, JCM 2012 оны, арлын L1BD0209, мотор 73189243 дугаартай экскаватор, JCM 2012 оны, арлын L0YD0019, мотор 73202379 дугаартай экскаватор нийт 4 ширхэг машин техникийг гаргуулж, Жгийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Эийг хамтран хариуцагчаар тодорхойлж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа түүнд холбогдуулан дэмжсэн байна.

            Нэхэмжлэлд дурдсан дээрх машин техникийг Архангай аймгийн Цахир сумаас Завхан аймгийн Тосон цэнгэл сум чиглэлийн 12,7 км автозамын барилга угсралтын ажлыг Монгол Улсын “Х” ХХК-ийн захиалгаар хийж гүйцэтгэхээр 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т заасан үүргийн дагуу 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр улсын хилээр оруулж ирсэн, эд хөрөнгийн өмчлөгч нь Хятад Улсын Шаньси мужийн “Чиншан Шинуй зам гүүрийн компани” болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

             Хариуцагч “Х” ХХК нь машин техникийн өмчлөгч биш, өмчлөлийн талаарх маргаанд хамааралгүй болохоо тайлбарласан ба өөрийн компанийн нэр дээр улсын хилээр орж ирсэн 2 авто ачигч, 2 экскаваторыг Хятад Улсын иргэн Жао Ванбиаогийн хүсэлтээр Д.Эийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

            Нэхэмжлэгч Ж нь Чиншан Шинуй зам гүүрийн компанийн захирал Жан Вэй Нинээс итгэмжлэн зөвшөөрснөөр тоног төхөөрөмжийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар шаардсан гэх боловч 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөр огноолсон Жан Вэй Ниний итгэмжлэлд /хх-94/ Жд тоног төхөөрөмжийг хүлээн авч зарцуулах эрх олгоогүй гэсэн байх тул өөрийн компанийн тоног төхөөрөмжийг Жгийн нэр дээр болгохыг зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон итгэмжлэлээсээ /хх-7/ татгалзсан гэж үзнэ. Шүүх Хятад Улсын иргэд хоорондын итгэмжлэлийг эргэлзээтэй гэж үнэлээгүй нь буруу бөгөөд өөр улсын хууль журам, тогтсон ёс заншлын хүрээнд олгогдсон бичгийн баримтыг тодорхой үндэслэл заалгүйгээр үгүйсгэх, буруутгах боломжгүй. 

Дээрхээс дүгнэвэл шүүхэд нэхэмжлэл гаргасан  2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Ж нь өмчлөгчийн өмнөөс машин техникийг шаардах эрхтэй байсан нь тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Чиншан Шинуй зам гүүрийн компанийн 2016 оны 36 дугаар албан бичиг хэрэгт авагдаагүйгээс гадна 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд замын ажилд гүйцэтгэгч компанийн ашигласан машин техникийг ажил дууссаны дараа Жгийн нэр дээр шилжүүлэх талаар тохиролцоогүй байна.

            Нэхэмжлэгч Ж нь машин техникийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах эрх бүхий гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, шүүх уг нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Хятад Улсын Шаньси мужийн Чиншан Шинуй зам гүүрийн компанийн захирал Жан Вэй Нинээс олгосон 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн итгэмжлэлийг/хх-28/ шүүхэд баримтаар өгсөн нь анх нэхэмжлэл гаргасан үндэслэлээс өөр шүүхэд төлөөлөх агуулгатай байна. Иймд Жгийн өөрийнх нь гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн хэрэгт хамааралгүй болно.

Хэргийн дээрх баримт, нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгч Ж нь нэрлэн заасан 4 ширхэг машин техникийг өмчлөх эрхтэй болон Чиншан Шинуй зам гүүрийн компанийн захирал Жан Вэй Нинээс шаардах эрхийг шилжүүлэн авсан нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын эзэмшлээс хөрөнгө шаардах эрх бүхий этгээд гэж үзэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Жгийн “Х” ХХК болон Д.Эт холбогдуулсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байтал шүүх “Х” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу нэхэмжлэгчийн шаардах эрхтэй холбоотой хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь харьцуулан үнэлээгүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрхтэй эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Мөн нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй байгааг зөвтгөх шаардлагатай.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт “Х” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03774 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Х” ХХК, Д.Э нарт холбогдуулан гаргасан “авто ачигч 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, нийт 4 машин техникийг гаргуулж, Жгийн нэр дээр шилжүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэгч Жгийн /БНХАУ-ын иргэн/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн заалтын дугаарыг “3” гэснийг “2”,”4” гэснийг “3” гэж тус тус өөрчлөн   шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 654 032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ