Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
Хэргийн индекс | 165/2022/0069/Э |
Дугаар | 2022/ШЦТ/70 |
Огноо | 2022-10-20 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Б.З түүний өмгөөлөгч Б.Батчимэг, томилогдсон хэлмэрч Б.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ын Зд холбогдох эрүүгийн 2217001130081 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ........ дүгээр сарын ............-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замын харъяа Чойр тасагт үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум ............. дүгээр баг, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-ын З /РД:............................../,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.З нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчим Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар-Замын-үүд чиглэлийн автозам дээр 83-43 ГСА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож дотор нь зорчиж явсан зорчигч Ч.Оын эрүүл мэндэд L1 нугалмын их биений шахагдсан хугарал, L1 нугалам, L2 нугалам, L3 нугалам, Th11 нугалам, Th12 нугаламуудын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчимд 83-43 ГСА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн нөхөр Оын эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот руу ажлаар явж байх үед Баянтал сумын 16 дугаар зөрлөг орчим ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэлтэй явж байхад би тээврийн хэрэгслийг жолоодож, жолоочийн хажуугийн суудалд охин У, нөхөр О хойд суудал дээр суугаад явж байсан. 16 дугаар зөрлөг арай хүрээгүй байх үед би 50-60 км цагийн хурлтай явж байгаад урд явж байсан том оврын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд эсрэг урсгалд орох үед урд явж байсан ачааны тэрэг над руу бага зэрэг дарах үйлдэл хийж ойртохоор нь би сандраад замын баруун хэсгийн хөвөө рүү орж үрүүлээ хариулж замын ертөнцийн зүгээр зүүн хэсэгт хөвөө даван газарт тээврийн хэрэгсэлтэйгээ унаж тээврийн хэрэгсэл онхолдож доош харсан. Тухайн үед У бид 2 хамгаалах бүсний дээд хэсгийг цээжээрээ оруулж бүсэлхий дарах хэсгийг нь бид зүүгээгүй хойгуураа оруулж дүрмийн бусаар зүүсэн байсан. Манай нөхөр О бас хамгаалах бүс зүүгээгүй байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/
2. Хохирогч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн орчимд 83-43 ГСА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй, тээврийн хэрэгслийг эхнэр З жолоодож, охин У урд суудал дээр, би хойд суудал дээр нь сууж Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хотруу ажлаар явж байх үед Баянтал сумын 16-р зөрлөг орчим ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй явж байтал манай эхнэр З бидний урд хойшоо чиглэлд явж байсан улсын дугаарыг нь хараагүй, маркийг нь мэдэхгүй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр зүүн гар тийш дохиогоо өгөөд эсрэг урсгалд орж 60-70 км цагийн хурдтай явж байх үед тухайн том оврын тээврийн хэрэгсэл манай машин руу бага зэрэг дайвалзахад манай эхнэр тоормоз гишгэж зогсоох арга хэмжээ авалгүй хаазаа нэмээд сандраад замын баруун талын шороон хөвөөн дээгүүр яваад буцаж хариулж дараад замын зүүн талын хөвөөг даваад 4 дугуй дээшээ харсан байдалтай газар унасан. Тухайн үед би хамгаалах бүс хэрэглээгүй, манай эхнэр З, охин У нар хамгаалах бүсийг дүрмийн дагуу зүүгээгүй бүсэлхий дарах хэсгийг нурууныхаа араар оруулж буруу хэрэглэсэн байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, манай эхнэр З архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай эхнэр З 2022 оны 06 дугаар сард жолооч болсон. Осол гарах үед жолоо бариад 1 сар болж байсан. Аймгийн төв дотор хааяа машин барьдаг байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
3. Насанд хүрээгүй хохирогч О.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2022 оны 07 дугаар сарын өдөр 15-16 цагийн орчим би ээж З, аав О нарын хамт Чойроос Улаанбаатар чиглэлтэй Улаанбаатар хотод очиж улсын наадам үзэхээр гарсан. Чойроос гарахад аав О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй болж манай ээж З тээврийн хэрэгслийг жолоодож, би жолоочийн хажуугийн суудалд сууж, аав арын суудалд суусан. Баянтал сум өнгөрөөд 16-р зөрлөгийн наана манай ээж урд явж байсан том оврын чиргүүлтэй тээврийн хэрэгслийг зүүн талаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд баруун талд нь ороход тухайн том оврын тээврийн хэрэгсэл бага зэрэг манай машин руу шахахад манай ээж З бултан дарж ертөнцийн зүгээр баруун хөвөө хэсэг рүү дарсан. Тухайн шорооноос буцаж дарж тухайн том оврын тээврийн хэрэгслийн араар замдаа орж их хүчтэй рүлээ эргүүлсэн учраас тэр эрчээрээ замын зүүн хэсэг рүү орж цааш газар унан машинтайгаа бүтэн эргэлдэж тээврийн хэрэгсэл доошоо харан унасан. Осол болох үед ээж бид 2 хамгаалах бүсний дээд хэсгийг цээжээрээ давуулан буруу бүсэлсэн байсан. Аав О бүс бүслээгүй байсан. Тухайн үед миний нүүр бага зэрэг шалбарсан байсан ч одоо эдгэрсэн, баруун гаранд 4 оёдол тавиулсан, хөл зөөлөн эдийг гэмтэл учирсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дугаар хуудас/
4. Гэрч Ю.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Улаанбаатар хотруу явж байх үед Баянтал сумын 2-р багийн нутаг дэвсгэр 16-р зөрлөгийн урд хэсэгт тус замын ертөнцийн зүгээр зүүн талд Т.Приус-20 маркийн бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл буруу хараад онхолдчихсон байдалтай байж байсан. Тухайн үед зам дээр өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй, би сандраад яваад очиход нэг эмэгтэй хүүхэд, нэг эмэгтэй, нэг эрэгтэй байж байсан. Тухайн 3 хүмүүст анхан шатны яаралтай тусламж үзүүлээд цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд, цагдаагийн болон эмнэлгийн байгууллага ирэхгүй байсан тул би яараад цагдаад утсаар мэдэгдээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/
5. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай дүгнэлтэд:
- Ч.Оын биед нурууны L1 нугалмын их биеийн шахагдсан хугарал, L1 нугалам, L2 нугалам, L3 нугалам, Th11 нугалам, TH12 нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун талын 11-р хавирганы хугарал, хугарлын дараах нурууны булчингийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр 2022 оны 07 дугаар сарын 09-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- L1 нугалам, L2 нугалам, L3 нугалам, Th11 нугалам, TH12 нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Баруун талын 11-р хавирганы хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Нурууны булчингийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 37-38 дүгээр хуудас/
6. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 166 дугаартай дүгнэлтэд:
- Б.Згийн биед баруун бугалганд цус хуралт, баруун шилбэнпд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь 2022 оны 07 дугаар сарын 09-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэглэнэ.
- Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй.
- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сраниулахгүй тул гэмтлийн зэрэг тог оох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 41-42 дүгээр хуудас/
7. Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаартай дүгнэлтэд:
- О.Уийн биед зүүн тохойнд шарх, зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь 2022 оны 07 дугаар сарын 09-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус буүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэглэнэ.
- Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй.
- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох. /хх-ийн 45-46 дүгээр хуудас/
8. Зам тээврийн ослын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 6/2022 дугаартай дүгнэлтэнд:
- Монгол улсын замын хөдөлгөөни йдүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 13.3. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд нь ямар нэгэн байдлаар саад хийхийг хориглоно гэх заалтууд зөрчигдсөн байна.
- Уг осол нь хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас үүссэн байна.
- Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 13.3 дугаар заалтууд зөрчигдсөний улмаас уг осол болсон байна.
- Хавтаст хэрэгт авагдсан материалд замын тухайн хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглох ямар нэгэн нөхцөл харагдахгүй байна.
- Гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаа жолооч хөдөлгөөнд осолтой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй.
-Сонсголын бэрхшээлтэй жолооч цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин /1 талын урт нь 15мм/ дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна Сонсголын бэрхшээлтэй хүн жолоодож явах механикжсан тээврийн хэрэгслийн урд болон ард энэ таних тэмдгийг байршуулна.
- Шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өприйн 3635 дугаартай дүгнэлтэнд:
- Шинжилгээнд ирүүлсэн Б.З гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.
- Шинжилгээнд ирүүлсэн Ч.О гэж хаягласан цусанд 0,9 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0,9 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан химийн шинжээч, цагдаагийн дэслэгч О.Лхагва сүрэн гэжээ. /хх-ийн 50-51 дүгээр хуудас/
10. Ашид билгүүн ХХК-ний автомашин үнэлгээний тайлан /хх-ийн 55-56 дүгээр хуудас/
11. Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт, гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 04-06, 09-13, 120-131 дугаар хуудас/,
12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч Б.Зг 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчим Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар-Замын-үүд чиглэлийн автозам дээр 83-43 ГСА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож дотор нь зорчиж явсан зорчигч Ч.Оын эрүүл мэндэд L1 нугалмын их биений шахагдсан хугарал, L1 нугалам, L2 нугалам, L3 нугалам, Th11 нугалам, Th12 нугаламуудын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч Б.Згийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Згийн өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.О, гэрч О.Уийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Б.З нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс үүдэлтэй байна.
ХОЁР. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч Б.З нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, 16 дугаар зөрлөгийн орчим Улаанбаатар-Сайншанд чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчим 83-43 ГСА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож, дотор нь зорчиж явсан зорчигч Ч.Оын эрүүл мэндэд нурууны L1 нугаламын их биеийн шахагдсан хугарал, L1 нугалам, L2 нугалам, L3 нугалам, TH11 нугалам, TH12 нугаламуудын хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үлйдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг: Б.Згийн хувьд гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Тийм учраас Б.Зд холбогдох хэргийг хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Б.Згийн хувьд хавтаст хэрэгт тодорхой баримтууд авагдсан байгаа. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Гэр бүлийн хүн нь мөн хөгжлийн бэрхшээлтэй. Миний гол санаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн торгуулийн ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгөөч, мөн энэ ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч гэсэн саналыг гаргаж байна. Энэ хүсэлтийг прокурорын шатанд гаргаж байсан боловч санал зөрсөн шалтгаанаар хүлээж аваагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг бусад орон нутаг, дүүргүүдэд хэрэглээд жишиг болоод, хэрэглэх боломж байгаа учраас хэрэглэж өгөөч гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа. Энэ гэмт хэргийн хувьд болгоомжгүйгээр үйлдэгдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Тийм учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгч шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн гаргасан шүүгдэгч Б.Зд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлын хүрээнд шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас иргэн О.Уийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Ч.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүхээс үзэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Згийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1, 1.2 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж өгнө гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл зааснаар ялаас чөлөөлнө гэж заасан боловч энэ нь зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийг хэрэглэж байгаа буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд хэрэглэж болохоор хуульд заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.З хэлмэрч Б.С-т олгосныг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Зг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.З хэлмэрч Б.С-т олгосныг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ