Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/183

 

 

                

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

         Улсын яллагч Т.Өсөхболд

         Шүүгдэгч М.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Арлынхан ургийн овогт Майдарын Анхбаярт холбогдох эрүүгийн 2236000000217 дугаартай, 178/2021/0187/Э индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Гүн чандмань-24 айлын орон сууцны 6 тоотод оршин суух, Арлынхан ургийн овогт Майдарын Анхбаяр, регистрийн дугаар:ПЕ87030815

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч М.Анхбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт байрлан үйл ажиллагаа явуулдаг Цагдаагийн газрын хашаан дотор Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв жрам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч цолтой Ш.Сумъяатай “...намайг матлаа...” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүнийг зодож, хүний мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 2 дугаар хуудас/

Хохирогч Ш.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 06 дугаар сарын 18-ны орой үүргээ гүйцэтгээд явж байтал М.Анхбаяр над руу залгаад “хүрээд ир” гэхээр нь “ би очихгүй” гэсэн чинь “чи муу ямар том болчихсон юм бэ, чамайг харнаа, ална шүү пизда минь, би намайг матах юм уу” гэхээр нь би “ чи уусан идсэнээ зөв шингээ, би хүний бөгс ухдаг хүн биш” гээд хэрэлдсэн.Би ажлаасаа буух гээд Цагдаагийн газрын хашаан дотор ороход М.Анхбаяр машинаас бууж ирээд “ чи муу юу гэж томроод байгаа юм, намайг матаж чадлаа юу” гээд намайг шууд заамдаад миний хэвлий рүү гараараа цохиод авахаар нь би урдаас нь заамдалцсан.М.Анхбаяр миний толгой руу 2-3 удаа цохиод бас миний эрүү, уруул хэсэг рүү цохиж амнаас цус гарсан.Тэгснээ М.Анхбаяр намайг боогоод “ чи муу цохилт даадаг байж хүн рүү томор” гэхэд хажуунаас цагдаагийн жолооч Ч.Дашбал бид хоёрын дундуур орж салгах үед миний зүүн хөлийн булчин хэсэг рүү өшиглөсөн.Бид хоёрыг зууралдаж байтал дэд ахлагч Н.Эрдэнэбат,ахлагч Ц.Баярмөнх хоёр ирээд салгасан.Би М.Анхбаярыг заамдсан гараа тавьтал М.Анхбаяр дахиад намайг боогоод миний баруун хөл рүү өшиглөхөд би газарт унасан.Би цагдаагийн газрын 00 руу орж цусаа угаачихаад эмнэлэг явсан.../ хэргийн 7-8-р хуудас/

 

Гэрч Ч.Дашбалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 06 дугаар сарын 18-ны шөнө цагдаагийн газрын зогсоол дээр машин дотроо гар утсаа цэнэглээд сууж байхад ахлах ахлагч Ш.Сумъяа, ахлах ахлагч М.Анхбаяр нар цагдаагийн газрын төмөр саадан хашааны хоёр талаар хоорондоо юм яриад зогсож байх шиг байсан.Нэг хартал тэр хоёр цагдаагийн газрын хашаан дотор орж ирээд барилцаад авахаар нь би машинаасаа бууж ирээд салгах гэтэл хүч хүрэхгүй байсан.Тэгж байтал М.Анхбаяр Ш.Сумъяагийн нүүр ам хэсэгт нь гараараа түрүүлээд цохиод авахаар нь би М.Анхбаярыг “ боль” гээд бариад автал Ш.Сумъяа М.Анхбаярыг зөрүүлээд нүүр хэсэгт нь цохиод авсан.Тэгж байтал эргүүлийн цагдаа нар ирээд тэр хоёрыг салгасан.Тэр хоёрын хоёулангийнх нь нүүр амнаас цус гоожсон харагдаж байсан.Хоёулаа цагдаагийн газрын 00 руу орж цусаа угаачихаад гараад явцгаасан...гэх мэдүүлэг / хэргийн 13-14-р хуудас/

Гэрч Э.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...ахлах ахлагч М.Анхбаяр бид хоёртой эргүүлд явж байгаад 23 цаг өнгөрөөгөөд Прогресс сургууль дээр хүргүүлээд ахлах ахлагч Ш.Сумъяа руу залгаад “ чи хаана байна, би Прогресс сургууль дээр байна “ гэхэд нь Ш.Сумъяа цаанаас нь “ чи яахаараа намайг дууддаг юм, надад машин алга би очиж чадахгүй” гээд тэр хоёр хоорондоо утсаар хэрэлдээд байсан.М.Анхбаяраас бага зэрэг архи үнэртэж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 536 дугаартай ...Ш.Сумъяагийн биед дээд уруулын баруун гадна хэсгийн шарх, доод уруулын дотор баруун хэсгийн цус хуралт, зүүн доод эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн урд дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хэсгийн зулгаралт,хүзүүний ар хэсгийн зулгаралт, хүзүүний зүүн хэсгийн зулгаралт, баруун эгэмний зүүн хэсгийн цус хуралт, баруун эгэмний дунд доод хэсгийн цус хуралт,зүүн гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений гадна хэсгийн цус хуралт, зүүн шууны гадна доод хэсгийн цус хуралт, баруун шилбэний дотор дунд хэсгийн цус хуралт болон зулгаралтууд,баруун шилбэний урд дотор дунд хэсгийн зулгаралт, зүүн шилбэний урд доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Ш.Сумъяагийн биед учирсан дээрх гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 24-25-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 537 дугаартай шинжээчийн...М.Анхбаярын биед дээд уруулын дунд дотор хэсгийн зулгаралтууд, дээд уруулын дунд доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.М.Анхбаярын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 31,32-р хуудас/

Шүүгдэгч М.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 06 дугаар сарын 18-ны шөнө Ш.Сумъяа бид хоёр эргүүлд цуг гарсан. Эргүүлд гараад явж байгаад Ш.Сумъяа ганцаараа яваад алга болчихоор нь Ш.Сумъяа руу залгаад “ хаана байна ёс журмын эргүүл шалгах гэж байна” гэхэд Ш.Сумъяа миний өмнөөс “чи юу юм, гөлөг минь” гээд утасны цаанаас томроод байхаар нь юм хэлэлгүй орхичихоод шөнө эргүүлээс буух гээд ажлаас гарч байтал Ш.Сумъяа ороод ирсэн. Тэгэхээр нь би “ пизда минь чи утасны цаанаас юундаа томроод байгаа юм “ гэж хэлээд бид хоёр хэрэлдээд ажлын газрын үүдэнд орж ирээд барилцаж аваад зодолдсон.Бид хоёрыг зодолдох үед Ч.Дашбал,Эрдэнэбат,Баярмөнх нар ирж салгасан.Би тухайн үед архи уугаагүй,миний согтуурал шалгаагүй. Харин Ш.Сумъяа уучихсан байсан  болов уу гэж бодож байгаа, ганцаараа эргүүлд гарсан. Мөн тухайн өдөр намайг архи уусан гэж үзэж байгаа бол согтуурал шалгуулъя гэх байсан.Гэтэл маргааш нь ирээд гомдол гаргаж байгаа нь өөрөө архи уугаад эрүүл болоод ирж гомдол гаргасан гэж бодож байна. Ш.Сумъяа надаас хохирол нэхэмжлээгүй, бид хоёр адилхан зодолдсон.Гэхдээ би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг / хэргийн 48-49-р хуудас/

Гэрч Ц.Баярмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 06 дугаар сарын 18-ны шөнө эргүүлээс буугаад ажил руу орж мэдээгээ биччихээд гараад иртэл Ш.Сумъяа, М.Анхбаяр хоёр ажлын үүдэнд хоорондоо зодолдоод нэг нэгнийхээ нүүр лүү цохиж байхаар нь Эрдэнэбат бид хоёр очиж салгасан.Тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 56-р хуудас/

Гэрч Ц.Жарантайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би ажлын үүдэнд машинаа ухраагаад байж байтал ажлын үүдэнд М.Анхбаяр, Ш.Сумъяа ах нар хоорондоо барилцаж аваад зодолдсон. Би машинаа зогсоолд байршуулчихаад орж ирээд тэр хоёрын зодооныг салгасан. Тэр хоёрын хоёулангийнх нь амнаас цус гарч байсан. М.Анхбаяр,Ш.Сумъяа нарын аль алинаас нь архи үнэртэж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 58-59-р хуудас/

Гэрч Н.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... эргүүлээс буугаад шөнийн 00 цаг өнгөрч байхад ажил дээр ирж мэдээгээ биччихээд гарч ирэхэд ажлын үүдэнд М.Анхбаяр, Ш.Сумъяа нар бие биенээ бариад зууралдчихсан байдалтай байхад Ц.Баярмөнхийн хамт очиж салгах үед “чи юу юм пизда” гэх мэтээр хоорондоо маргалдаж байсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй.Ш.Сумъяагийн уруулын дээд хэсэгт шалбарч цус гарсан байдалтай байсан.Тэр хоёр архи уусан эсэхийг мэдээгүй... гэх мэдүүлэг / хэргийн 61-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч М.Анхбаяр нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байхдаа хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Ш.Сумъяаг “ намайг дуудахад ирэхгүй томорлоо”гэх  шалтгаанаар маргалдаж харилцан зодолдож  Ш.Сумъяагийн  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч М.Анхбаяр,хохирогч Ш.Сумъяа нарын аль алинаас нь архи үнэртэж байсан гэж гэрч Ц.Жарантай мэдүүлсэн боловч шүүгдэгч хохирогч нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Анхбаяр хохирогч Ш.Сумъяа нар маргалдах явцдаа харилцан зодолдсон байдал байх бөгөөд энэ нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 536, 537 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон, шүүгдэгч М.Анхбаяр хохирогч Ш.Сумъяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болно.

Шүүгдэгч хохирогч нар нь нийтийн хэв журам сахиулах үүрэгтэй цагдаагийн ажилтнууд байх бөгөөд өөрийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хоорондоо зүй бус харилцаж ёс зүйгүй байдал гаргасан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Шүүгдэгч М.Анхбаяр нь хохирогчийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Шүүгдэгч М.Анхбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч хэргээ хүлээн зөвшөөрч маргаагүй байгаа бөгөөд  тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Иймд шүүгдэгч М.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                           Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Анхбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч М.Анхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч М.Анхбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 62-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Анхбаярын хувийн байдлын талаар: Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2007 оны 06 сарын 15-ны өдрийн 62 дугаартай тушаал, Цагдаагийн газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/73 дугаартай тушаал зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.Анхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 650000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтгүйг  тус тус дурдах гэх дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Анхбаяр өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч  байна гэх  тайлбар,

Шүүгдэгч М.Анхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдоын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч М.Анхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Анхбаярт зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгийг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Анхбаярт тайлбарлаж шийдвэрлэв.

 

                                  Гурав. Бусад асуудлын талаар:

Хохирогч Ш.Сумъяа хавтаст хэрэгт “...миний бие нь М.Анхбаярт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт гаргасныг үндэслэн шүүгдэгч М.Анхбаярыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.  

 

Эрүүгийн 2236000000217 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Арлынхан овогт Майдарын Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Арлынхан овогт Майдарын Анхбаярыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 / зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Анхбаярт оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Анхбаярт мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2236000000217 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Анхбаярт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.Анхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС