Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0505

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0505

Улаанбаатар хот

 

 

 

                                    Э.Г***ын нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэгч шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д***,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б***

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/675 дугаар захирамжийн биелэлтийг хангуулахгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн биелэлтийг хангуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай А/675 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Э.Г***,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “Х***” ХХК,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0225 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А***,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д***,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.У***,

Хэргийн индекс: 128/2023/0721/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Г***оос Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/675 дугаар захирамжийн биелэлтийг хангуулахгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн биелэлтийг хангуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах”-аар,

Гуравдагч этгээдээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай А/675 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг гарган тус тус маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0225 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Г***ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/675 дугаар захирамжийн биелэлтийг хангуулахгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг захирамжийн биелэлтийг хангуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Х***” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд маргаан бүхий актын хэрэгжилттэй холбогдуулан нэхэмжлэгчээс хариуцагч дүүргийн Засаг даргад хандаж байсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн эс үйлдэхүй байхгүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу,

3.2 Нийслэлийн Засаг даргад хандан өргөдөл гаргасны хариуг өгсөн гэх нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01-08/3407 дугаар албан бичгийг хэрэгт аваагүй,

3.3 Анхан шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүй юу болохыг тодруулах ажиллагаа хийгээгүй хэрнээ даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасантай нийцэхгүй,

3.4 Тухайн орчинд нийтийн эзэмшлийн талбай байхгүй - шүүхийн үзлэгээр маргаан бүхий газар дээр хашаа барьсан зүйл байхгүй нь тогтогддог,

3.5 “Х***” ХХК-ийн худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хашаа барьснаас биш тухайн газрыг эзэмшиж, ашиглах гэсэн асуудал байхгүй,

3.6 Марган бүхий газар нь тухайн гудамжны зүүн үзүүрт байдаг нэхэмжлэгч Э.Г***ын 409м.кв газрын орц гарцыг хаагаагүй, газрын давхцал байхгүй,

3.7 Бие даасан шаардлага гаргаснаар 2017 оноос хойш өөрийн гаргасан захирамжийг хэрэгжүүлээгүй, хэрэгжих боломжгүй байгаа бодит нөхцөл байдлыг дахин эргэн харж, судлах, бодит байдалд нийцсэн шийдвэрийг дахин гаргах боломжийг хариуцагчид олгосон боловч шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн нь үндэслэл муутай,

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Маргаан бүхий захиргааны акт болох Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/675 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 л, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 50 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2016 оны 866 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн саналыг тус тус үндэслэсэн “Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х***” ХХК-ийн нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашааг албадан буулгаж, газар чөлөөлөх” шийдвэрийг гаргасан. 

3.2 Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг биелүүлэхгүй байна хэмээн шүүхэд “...гуравдагч этгээд нь өөрийн эзэмшлийн талбайгаас хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан нь нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн газраа эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлаж байна, ... маргаан бүхий газрыг албадан чөлөөлөх дүүргийн Засаг даргын захирамж гарсан байхад хариуцагч нь түүний биелэлтийг хангуулахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа...” гэж маргасныг анхан шатны шүүх “...хариуцагч нь маргаан бүхий захирамжийн биелэлтийг хангуулахаар гуравдагч этгээд “Х***” ХХК-д газар зохион байгуулалтын албаараа дамжуулан холбогдох мэдэгдлүүдийг хүргүүлж байсан атлаа ... Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2-т заасан үүргээ хангалттай биелүүлээгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.

5. Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Э.Г*** нь нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд 409 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд тухайн газар нь гуравдагч этгээд “Х***” ХХК-ийн эзэмшил бүхий газартай хил залгаа оршдог.

Гуравдагч этгээд “Х***” ХХК нь нийтийн эзэмшлийн газрыг зөвшөөрөлгүй хашаалан, авто зогсоолын зориулалтаар ашиглаж, тээврийн хэрэгсэл орж, гарах хэсэгт хаалт, пост байрлуулан төлбөр хураамж авч байгаа болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 866 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хяналт, шалгалтаар тогтоож, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/675 дугаар захирамжаар “Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х***” ХХК-ийн нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашааг албадан буулгаж, газар чөлөөлөх”-өөр шийдвэрлэсэн.

Захирамжийн биелэлтийг хангах үүднээс Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдлүүдийг гуравдагч этгээдэд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12/848,  2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15/953, 12 дугаар сарын 09-ний өдрийн 15/1087 дугаар албан бичгүүдээр удаа дараа хүргүүлж байсан хэдий ч гуравдагч этгээд нь өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн газрыг чөлөөлөлгүй, үргэлжлүүлэн ашигласаар байгаа болох нь хэргийн оролцогчдийн тайлбар, хэрэгт авагдсан баримт болон шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагч дүүргийн Засаг даргыг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 болон 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2-т заасан “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих...” үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд “Х***” ХХК-ийн эзэмшиж буй газруудын хооронд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан нийтийн эдэлбэр газар байгаа. Хариуцагч дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгах зорилгоор маргаан бүхий захирамжийг гаргасан.

Гуравдагч этгээд “Х***” ХХК-иас маргаан бүхий захиргааны актыг “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байх хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан “утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт” гэдэгт хэн ч харсан, үг үсэг, утга агуулгын илэрхий алдаа захиргааны актыг, 47.1.7-д заасан “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт” гэдэгт захиргааны шийдвэрийн хаяглагдсан этгээд тодорхойгүй, эрх зүйн үр дагавар нь тодорхой бус мөн бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий захиргааны актын хувьд хуульд заасан дээрх 2 шинжийг аль нь ч байхгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийсэн байна.

   7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ШҮҮГЧ                                                     О.ОЮУНГЭРЭЛ

 

 

       ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

 

                    ШҮҮГЧ                                                                Г.МӨНХТУЛГА