Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00254

 

МАГАДЛАЛ

2018.01.19                                               № -                                     Улаанбаатар хот

 

“Ч” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02830 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ч” ТБАГУТҮГ,

Хариуцагч Ш.Бд холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхадын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч ТБАГУТҮГазар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм нь 1904-1908 онд Олноо Өргөгдсөн Монгол Улсын төрийн сахиусны гүдэнбэ Эрдэнэ билэгт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээгдсэн юм.  Энэхүү сүм нь Монгол орны төдийгүй нийт дайчин гүрний түвшний сүм хийд хэмээн соёрхогдон батламжлагдаж “хааны ордон”-той адилд үзэж дээдлэхийн учирт тусгай зан үйл үйлдэн ямпай буюу “Халх хаалга” хэмээх нандин шүтээнийг бүтээсэн байдаг бөгөөд энэ нь тухайн сүм хийдийн зэрэг дэв, эрх ямбыг илэрхийлэх ба аливаа аюул, саад тотгор, муу муухай бүхнээс төр, шашныг хамгаалах бэлгэдэл утгатай юм. Түүнчлэн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн бүтээл, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Чойжин ламын сүмийг нийтэд үзүүлэн, судлан сурталчлах, ашиглалт хамгаалалтын асуудлыг хариуцсан улсын төсөвт соёлын байгууллага болохын хувьд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, мөн 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-аар улсын хамгаалалтад байхаар баталгаажуулж, 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоосон.

Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 180 дугаар тогтоолоор Чн хамгаалалтын бүсийн 2.0 га газрыг эзэмшил, ашиглалтад бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон газрын жагсаалтад оруулж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар дээрх 2.0 га газрыг музейн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн билээ. Гэтэл Ч гүн хүндэтгэл бүхий “Халх хаалга”-ыг халхлан иргэн Ш.Б нь хувийн сууц барьсан нь Монголын уран барилга, уран баримал, уран зургийн бүтээл, түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Чойжин ламын сүмийг нийтэд үзүүлэн, судлан сурталчлах, ашиглалт хамгаалалтын үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-12 дугаар захирамжаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт амины орон сууцны барилгыг зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон байдаг бөгөөд 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 311 дүгээр захирамжаар “...Улсын хамгаалалтад байдаг түүх соёлын дурсгалт газар болох Чойжин ламын сүмийн барилгын цогцолборын сүр барааг хадгалах үүднээс Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үндсэн зарчим болон “Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж иргэн Д.Эрдэнэбат, Ж.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт амины орон сууц барих зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь хууль бус байна” гэж Нийслэлийн Засаг даргын А-12 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх захирамж гарснаас хойш иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нь иргэн Ш.Бтай хууль бусаар барьсан барилга болон ашиглах эрх нь дуусгавар болсон газрыг шилжүүлэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №0616 дугаар шийдвэрээр “хөрөнгийг улсын бүртгэлд анх бүртгүүлэхээс өмнө ашиглах хугацаа, газар ашиглуулах захирамж хүчингүй болсон, ... Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу түүх соёлын дурсгалын жагсаалтад багтаж, хамгаалалтын бүс тогтоогдсон газарт барилга барихыг хориглосон дээрх заалтыг зөрчиж, газар эзэмших, ашиглах эрхгүй этгээдийн барьсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Манай байгууллагын зүгээс иргэн Ш.Бд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр №46 тоот албан бичгээр музейн эзэмшлийн талбайг чөлөөлөх тухай хүсэлтийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл газрыг чөлөөлж өгөхгүй, бидэнд амаар газрын чөлөөлж өгөхгүй гэж хариу хэлсэн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Монголын түүх, шашин соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чн эзэмшил газарт газар эзэмших, ашиглах эрхгүй мөн бусдын эзэмшил газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан иргэн Ш.Бы барилгыг албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ш.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Б 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Баасансүрэн, Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд нараас хуримын ордны баруун талд орших, Улсын бүртгэлийн Ү-2203011483 дугаартай, 270 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-12 тоот захирамжаар олгогдсон 3600 мкв эзэмшил газрын хамтаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан билээ.

Нэхэмжлэгч нь иргэн Ш.Б болон Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарын газар эзэмших эрх 2000 онд дуусгавар болсон гэж дурджээ. Гэтэл 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн газрын албанаас гаргасан тодорхойлолтоор “Д.Эрдэнэбилэг нарын 4 айл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хуримын ордны баруун талд байршилтай 3 600 м.кв газрыг эзэмшиж, ашигладаг болох”-ыг тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд дээр дурдсан 4 айлын газар эзэмших эрх Газрын албанд бүртгэлтэй байсан гэдэг нь харагдаж байгаа бөгөөд 2010 онд Ч хамгаалалтын бүсийн 2 га газраа хаанаас аль хүртэл тогтоолгосон болох, дээр дурдсан 4 айлын газартай хэрхэн давхацсан, одоо эдгээр 4 айлын эзэмшлийн газар нь хаана байгаа зэрэг баримт тодорхойгүй байна.

Мөн Нийслэлийн Засаг дарга М.Энхболд нь 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 311 тоот захирамжаараа дээр дурдсан А-12 тоот захирамжийг хүчингүй болгож, Д.Баасансүрэн, Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд нарын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ба тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Газрын тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэлүүдийн аль үндэслэлээр дуусгавар болгож байгаа нь тодорхойгүй байна. Нийслэлийн Засаг даргын 311 тоот захирамжинд дурдсан хамгаалалтын бүсийг тухайн үед Засгийн газраас тогтоогоогүй байсан ба уг 311 тоот захирамж гарснаас хойш жилийн дараа Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Чн хамгаалалтын бүсийг 2 га газраар тогтоож, уг асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлдээ “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсэд Засгийн газрын тогтоол гарахаас өмнө баригдсан байгууламжийн асуудлыг зохицуулах талаар Нийслэлийн Засаг даргатай ярилцаж шийдвэрлэхийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд А.Цанжидад даалгав” гэжээ. Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Нийслэлийн Засаг дарга өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд бид энэ талаар болон Нийслэлийн Засаг даргын 311 тоот захирамжийн талаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болон Нийслэлийн Засаг даргад нэхэмжлэл, гомдол гаргасан байгаа. Иймд Чн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч” ТБАГУТҮГазрын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Хуримын ордны баруун талд байршилтай, нэгж талбарын 18643310399724 дугаар бүхий 20 000 м.кв газраас хариуцагч Ш.Бы хувийн сууцыг албадан буулгаж, газрыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар “Ч” УТҮГазар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ш.Баас 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ "хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй", "нотлох баримтыг буруу үнэлсэн" гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Хуримын ордны баруун талд байршилтай, нэгж талбарын 18643310399724 дугаар бүхий 20 000 м.кв газрын урд хэсэг болох 3 600 м.кв газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-12 дугаар захирамжаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт олгосон нь Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан болон хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0616 дугаар шийдвэр, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн С.Дашмаагийн гаргаж өгсөн тодорхойлолт зэргээр нотлогддог бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй. Ийнхүү дээрх нэр бүхий 4 хүн нь албадан чөлөөлүүлэхээр маргаж байгаа газрыг эзэмшиж байсан нь тогтоогдож байна.

Иргэн Д.Эрдэнэбилэг, ШТөмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үндэслэл нь улсын хамгаалалтад байдаг түүх соёлын дурсгалт газар болох Чойжин ламын сүмийн барилгын цогцолборын сүр барааг хадгалах үүднээс Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үндсэн зарчим болон "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн" гэсэн байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээд дараах тохиолдолд тухайн газар эзэмших эрхийг захиргааны журмаар дуусгавар болгоно" гээд уг хэсгийн 3-т газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан" гэж заажээ. Иймд Нийслэлийн Засаг Даргын 311 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.3-т заагдсан "газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан" гэсэн үндэслэлд хамаарна гэж үзэж байна.

Газар эзэмших эрхийг захиргааны санаачлагаар дуусгавар болгож байгаа бол Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасны дагуу "гэрээ" байгуулснаас хойш 90 хоногийн дотор газрыг чөлөөлөхөөр хуульчилсан байна. Энэ зохицуулалт нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хуульд хэвээрээ байгаа бөгөөд уг хуулийн 39 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн 42.1, 42.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтаар тус тус зохицуулж байна. Иймд газрыг чөлөөлөх хуульд заасан нөхцөл болзол хангагдаагүй, хуульд заасан хугацаа болоогүй байхад газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч "Ч" УТҮГазрын эзэмшил, улсын хамгаалалтад байгаа газарт иргэн Ш.Б хууль бусаар хувийн сууц барьсан, уг хувийн сууцаа буулгаж чөлөөлж өгөхгүй байгаа болох нь хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0616 дугаар шийдвэр, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна." гэжээ. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримт дээр үндэслэгдээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн дүгнэлт болсон гэж үзэж байна.

Уг барилга 2000 онд баригдаж дууссан байсан бөгөөд уг барилгыг буулган газрыг чөлөөлөх тухай маргаан 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх, 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэж байсан. Ш.Б уг барилгыг 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч уг бүртгэл нь хүчингүй болсон. Гэтэл анхан шатны шүүх уг барилгыг Ш. Баярсайхан барьсан гэж буруу дүгнэсэн.

"Ч" УТҮГазрын эзэмшил, улсын хамгаалалтад байгаа газарт хууль бусаар барьсан" гэж дүгнэсэн байна. 2000 онд уг барилгыг барихад газар эзэмших эрх нь уг барилгыг барьсан Д.Баасансүрэн болон бусад 3 иргэнд хуулийн дагуу олгогдсон байсан буюу "Чн эзэмшил ашиглалтанд байгаагүй, улсын хамгаалалтад мөн байгаагүй. Хууль ёсны эзэмшигчид нь газар дээрээ олгосон зориулалтынх нь дагуу барилга барьсны дараа Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж газар эзэмших эрхийг дуусгавар болгосон, Чд уг газрыг эзэмших эрх 2010 онд буюу барилга баригдсанаас хойш 10 жилийн дараа үүссэн, Барилга баригдсанаас хойш 1 жилийн дараа буюу 2001 онд хамгаалалтын бүсийг 2 га газраар тогтоосон. Эдгээр нь Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0616 дугаар шийдвэрт маш тодорхой байгаагаас гадна нэхэмжлэгчийн өөрийнх нь нэхэмжлэл, тайлбар, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх ""Ч" УТҮГазрын эзэмшил, улсын хамгаалалтад байгаа газарт хууль бусаар барьсан" гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0616 дугаар шийдвэрээр анх уг барилгыг барьж ашиглалтад оруулан улсын бүртгэлд бүртгүүлсэн Д.Баасансүрэнгийн болон тухайн үед бүртгэлтэй байсан  Ш.Бы нэр дээр бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгосон. Уг шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-д "... Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Хуримын ордны баруун талд байрлах амины орон сууцыг Ш.Бы нэр дээр бүртгэсэн Ү-2203011483 дугаар улсын бүртгэл болон дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анх иргэн Д.Баасансүрэнгийн нэр дээр бүртгэснийг хууль бус болохыг тогтоож эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай" гэжээ. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнө өмчлөгчийн эрх дуусгавар болно" гэж заасан. Гэтэл иргэн Ш.Бы болон өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх хүчингүй болсон. Шүүх хариуцагч Ш.Б нь хуульд заасны дагуу газрыг эзэмших, ашиглах эрхтэй гэдгээ баримтаар нотлоогүй тул түүнийг нэхэмжлэгч "Ч" УТҮГ-ын эзэмшил газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй" гэж дүгнэжээ. Хариуцагч нь газар эзэмших, ашиглах эрхтэй гэдгээ нотлоогүй нь нэхэмжлэгчийн газрыг хууль бусаар эзэмшиж ашиглаж байна гэж үзэх үндэслэл болохгүй, нөгөө талаас уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ш.Б мөн гэдэг нь нотлогдоогүй байхад "... түүнийг нэхэмжлэгч "Ч" УТҮГ-ын эзэмшил газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй" хэмээн дүгнэх боломжгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “Ч” нь хариуцагч Ш.Бд холбогдуулан  эзэмшил газраа түүний хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч “Ч” нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хуримын ордны баруун талд байрлах, нэгж талбарын 18643310399724 дугаар бүхий 20 000 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамж, 0234662 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын байршлын кадастрын зураг зэргээр тогтоогдсон байх ба музейн эзэмшлийн уг газрыг  Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт оршдог түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүс гэж тогтоон, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсийн газрыг бусдын эзэмшил ашиглалтад олгохыг болон уг газарт барилга байгууламж барихыг хориглож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Ш.Б нь орон сууцны 2 давхар 270 м.кв талбай бүхий барилга, 0,36 га газрын эзэмших эрхийг 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нараас худалдан авсныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011483 дугаарт 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэснийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 616 дугаар хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна. 

            Шүүхийн дээрх шийдвэрээр Ш.Бд амины орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн нь нэхэмжлэгч “Ч”-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэж, мөн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт 0,36 га газар эзэмшүүлсэн 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-12 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг дарга мөн оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 311 дүгээр захирамжаар хүчингүй болгосон гэж тус тус дүгнэжээ. 

Иймд хариуцагч Ш.Быг газрыг хууль ёсоор эзэмшээгүй, амины орон сууцны өмчлөх эрх нь хуульд зааснаар баталгаажаагүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан эсэхийг дахин нотлох шаардлагагүй.

            Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсийг тогтоосноор уг газарт урьд нь үүссэн иргэний эзэмших эрхийг дуусгавар болгосон бол нөхөн олговортойгоор буцаан авах ёстой гэх хариуцагчийн татгалзал нь захиргааны байгууллагад хамаарах нийтийн эрх зүйн асуудал болохоос нэхэмжлэгч “Ч”-д хамааралгүй байна.

            Дээрхээс дүгнэвэл эзэмшил газрынх нь тодорхой хэсгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, хууль бусаар ашиглаж байгаа хариуцагч Ш.Баас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар газраа чөлөөлүүлэхээр шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн,  шүүх нэхэмжлэлийг хангасан нь зөв байна. Шударга эзэмшигчийн эд хөрөнгө эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байгаатай холбоотойгоор шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийн зохицуулалт нь хөдлөх эд хөрөнгөд хамаарах тул шүүхийн шийдвэрт уг заалтыг баримталсан нь оновчгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02830 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “92 дугаар зүйлийн 92.1” гэснийг “106 дугаар зүйлийн 106.1, 106.4” гэж өөрчлөн,  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 654 032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ