Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

 

2022         10            10                                         2022/ШЦТ/97

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000000107 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                      Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      Д.Аззаяа

Шүүгдэгч                                                        Г.С нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, захиалгаар тавилга хийдэг ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн ____ дүгээр хороо, ____ хэсгийн ____ дугаар гудамжны ____ тоот хашаанд оршин суух С.

 

            Шүүгдэгч С нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг, Хэрлэн голын эрэг дээр өөрийн найз Г руу довтолсон үйлдлийг зогсоох гэсэн Ө.н баруун гарын ядам хурууг хазаж, эрүүл мэндэд нь баруун гарын ядам хурууны хазагдсан шарх, хумсны бүрэн уналт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч С-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хэрлэн голын эрэг дээр Лхагваагийн амралтын урд талд өөрийн багын найзуудын хамт салхинд гарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Оройн 21 цагийн үед найз Р-н хамт голын усанд орчихоод гарч иртэл бид нартай хамт явж байсан Г гэх эмэгтэй ”амиа хорлож үхэх нь дутаа юу” гэж хэлэхээр нь би Г-д хандаж “тийм илүүдээ гарсан амьтай пизда гэж юу байхав дээ, мэдрэл гичий вэ” гээд хэлчихсэн юм. Гэтэл Г над руу хүрч ирээд намайг алгадаад авахаар нь миний уур хүрээд Г-г үстээд доош нь тонгойлгоод байж байхад миний араас Ө-н нөхөр М намайг боль гээд тэвэрч би газар унахдаа Гэрэлтуяагийн үснээс зуураад унахад Р, М хоёр намайг боль гэхээр нь би Г-н үснээс гараа авсан. Тэр үед хэн нэгэн миний баруун талын жавж руу хуруугаа хийгээд татахаар нь би хурууг нь хазтал Өсөхцэнгэл хуруу хазчихлаа гэх үед би Ө-н хурууг хазсанаа мэдсэн. Би Ө-д 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 300.000 төгрөгийг шилжүүлж, түүнээс уучлалт гуйж эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 20-ны дөөр найзуудын хамт голын эрэг дээр очиж салхинд гарсан. Бид нар нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд оройн 21 цагийн үед С, Т, Р нарыг голын усанд орох үед хамт явж байсан найз Г “харанхуй шөнө согтуу гол руу орж байж үхэх гэж байгаа юм” гээд надтай яриад сууж байхад С хүрч ирээд Г-г сандалаасс өшиглөж унагаагаад, хувцаснаас нь зуураад авсан. Би С-ыг Г-гээс салгах гэхэд С миний баруун гарын ядам хурууны хумсыг хазаад, лавшруулааад хамгийн төгсгөлийн үеэр ахиж хазсан. Тэр үед манай нөхөр С-г салгаж авсан. Би гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16-р хуудас/

              Гэрч Р-н өгсөн “...С бид хоёрыг гол руу ороод гарч иртэл Г гэх эмэгтэй “амиа хорлох гээд байгаа юм уу, хүнд гай болох гээд” гэж хэлсэн. Тэр үед С Г-д хандаж “чи юун балай юм яриад байгаа, гичий вэ” гэж хэлээд Гэрэлтуяаг үстээд доош нь дарж байхад Ө-н нөхөр М С-г тэврээд тэр хоёр газарт унасан. Гэтэл Ө хажуунаас нь ороод С-г алгадаад үйл явдал цааш үргэлжилж байхад Ө хуруу хазчихлаа гээд баруун гарынхаа хурааг бариад уйлаад байсан. Хурууг нь маргааш харахад язраад идээ татчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-р хуудас/

              Гэрч Г.н өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай найз Ө над руу яриад найзуудтайгаа салхинд гарах гэж байна хамт явах уу гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд голын эрэг дээр очоод бид нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Оройн 21 цагийн үед Р, С хоёрыг голын ус руу орохоор нь “согтуу байж гол руу ороод амиа хорлож үхэх  гэж байгаа юм уу” гэж хэлсэн чинь С намайг сандалаас жийж унагаад үстээд доош дарсан. Тэр үед С-г надаас салгах гээд хүмүүс ноцолдоод байх шиг байсан ба удалгүй Ө миний хурууг хазчихлаа гээд надад хуруугаа харуулсан. Тухайн үед баруун гарынх нь ядам хуруу хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-р хуудас/

              Гэрч М-н өгсөн “...С манай эхнэрийн найз Г-г үстээд доош нь дарсан, манай эхнэр С-н араас зуураад салгах гээд байж байсан. Би гүйж очоод С-г салгах гээд татах үед С бид хоёр газарт унасан бөгөөд босоод ирсэн чинь манай эхнэр “хуруу хазчихлаа” гээд хашгирсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-р хуудас/

              Шинжээчийн 328 дугаартай “...Ө-н биед баруун гарын ядам хурууны хазагдсан шарх, хумсны бүрэн уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх шарх, хумсын уналт гэмтэд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31, 32-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хх-н 74-76-р хуудас/

              Шүүгдэгч С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ...” гэх тэмдэглэл /хх-н 64-р хуудас/

              С-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа,  нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 58-63-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын торгох ялын саналыг зөвшөөрч байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

 Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч С нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг, Хэрлэн голын эрэг дээр өөрийн найз Г руу довтолсон үйлдлийг зогсоох гэсэн Ө-н баруун гарын ядам хурууг хазаж, эрүүл мэндэд нь баруун гарын ядам хурууны 2-р үений ар хэсэгт 1х0.5 см хазагдсан шарх, хумсны бүрэн уналт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

С нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж баруун гарын ядам хурууг нь хазсан үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Ө-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 328 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч С-н үйлдэл нь Ө-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч нь “...эмчилгээндээ 307.850 төгрөг зарцуулсан нь баримтаар байна. Хохирол төлбөрийг барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь “...хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч С нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Шүүгдэгч С нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад  С нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 74-76-р хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Иймд шүүгдэгч С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан С-д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болно.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-г зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан С-д мэдэгдсүгэй.

             4. Шүүгдэгч С нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

       5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

       8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ