Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Х.Насанжаргал,

Хохирогч Г.Дулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,

Шүүгдэгч Ш.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батсүрэнд холбогдох эрүүгийн 2230001600232 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........ оны ........ дугаар сарын .....-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, яс үндэс халх, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл ..........хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг "Наран саран” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Ш-ын Б  

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Ш.Батсүрэн нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Наран саран” гэх газарт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Дуламыг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь духанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн дал, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Ш.Батсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Намайг хониндоо яваад ирэхэд эхнэр хэрүүл хийгээд байхаар нь гутал аваад шидэхэд нүдэнд нь оносон...” гэв.    

Хохирогч Г.Дулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2022 оны 05 сарын 21-ний өдөр Ш.Батсүрэн аймгаас ирээд “чи юу гэж ирсэн юм. Би одоо гэрээ хураана” гэж хэлсэн. Найзуудаа дагуулж ирээд мал зарсан. Мал авах хүмүүс нь наймаагаа тохироод явсны дараа хромон гутлаар намайг олон удаа зодсон. Тэгээд найзындаа очиж архи уухаа явсан. Маргааш нь нөгөө хүмүүстээ зарах малаа ялгаж өгөөд, намайг хүргэж өгсөн...” гэв.

Эрүүгийн 2230000000224 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Ш.Батсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Дуламтай  маргалдаж байгаар хромон гутлаараа толгой руу нь нэг удаа шийдсэн...” гэх / хх 54-55 дугаар хуудас/
  • Хохирогч Г.Дуламын “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хөдөө байдаг гэртээ байж байхад манай хамтран амьдрагч Ш.Батсүрэн нь 14 цагийн үед согтуу орж ирсэн. Өмнө нь би Ш.Батсүрэнтэй 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдөр гэр бүлийн асуудлаас болж маргалдаад аймагт байх гэртээ ирээд 5 хоноод буцаад хөдөө гэр рүүгээ явсан. Тэр үед Ш.Батсүрэн гэртээ байгаагүй. Тэгээд 05 дугаар сарын 21-ний өдөр гэртээ Батсүрэн ирээд “намайг яах гэж ирсэн юм  хурдан яваарай гэр орноо би хураана” гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр орой нь 19 цагийн үед маргалдсан асуудал болсон. Тэгэхэд Ш.Батсүрэн намайг хэл амаар доромжилж, гэрээс хөөгөөд чамайг ална шүү гэж уурлаад муудах үедээ миний толгой, нүүр хэсэг рүү хромон гутлаа гартаа бариад толгой, нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд Ш.Батсүрэнг намайг зодсон талаараа өөрийн ээж болох Оюун-Эрдэнэд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрт нь ирж хэлсэн. Тэгэхэд манай ээж цагдаагийн байгууллагад хандаж гомдол гарга гэсэн...” гэх /хх 21-22 дугаар хуудас/
  • Гэрч Э.Оюун-Эрдэнийн “...Би 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байхад манай охин Дулам орж ирсэн. Тэгээд Дуламыг гэрт орж ирэхэд нүүр рүү нь харахад зүүн талын нүд хөхөрч, хавдсан байсан. Тэгээд би нүдээ яаж байгаад гэмтээсэн талаар асуухад Батсүрэн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хөдөө гэртээ байх үед зодсон талаараа надад хэлсэн” гэх /хх 23 дугаар хуудас/ мэдүүлгүүд, 
  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 6-8 дугаар хуудас/
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ойр дотнын хүний түр хамгаалалтад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 9 дүгээр хуудас/
  • Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, Г.Дуламын жирэмсний эхо оношилгооны карт, .................... регистрийн дугаартай Батсүрэнгийн Аялгуудүүрэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 27-31 дүгээр хуудас/
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 308 дугаартай “...1. Г.Дуламын биед духанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн дал, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн  гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 36-38 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Ш.Батсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа  /хх 58-59 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Ш.Батсүрэнгийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 60-68 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Ш.Батсүрэнгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Ш.Батсүрэнгийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 70-84 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Ш.Батсүрэн, өмгөөлөгч Г.Амарсайхан нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 87 дугаар хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч Ш.Батсүрэн нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Наран саран” гэх газарт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Дуламыг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь духанд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн дал, зүүн гарын сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Дулам, гэрч Э.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг ойр дотнын хүний түр хамгаалалтад хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Г.Дуламын жирэмсний эхо оношилгооны карт, .......... регистрийн дугаартай Батсүрэнгийн Аялгуудүүрэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 308 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах, энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний  амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй”-г ойлгохоор хуульчилсан байна. 

Тодруулбал, шүүгдэгч Ш.Батсүрэн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Г.Дуламыг жирэмсэн гэдгийг мэдсээр байж зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэнд болон сэтгэл санаа, бие махбодод хор уршиг учруулж байгаа нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна. 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчаа гэрээсээ хөөж, сална гэх шалтгаанаар шалтаглан бусдын биед халдан цохиж зодон, эрүүл мэндэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Прокуророос шүүгдэгч Ш.Батсүрэнгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ш.Батсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Батсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Батсүрэнгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “... Ш.Батсүрэнгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Ш.Батсүрэн нь урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, түүний хувийн байдал, гэм буруугийн хувьд маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг гаргасан.

Шүүгдэгч Ш.Батсүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа болон түүний хувийн байдлыг харгалзан “800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний хувиараа мал аж ахуй эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно. 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ш.Батсүрэн нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч хамран амьдрагч Г.Дуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болон бусад зардалтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй буюу нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй  байна.

Иймд энэ тогтоолоор Ш.Батсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ш.Батсүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.4, 36.6 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ш-ын Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батсүрэнд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Батсүрэнд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ш.Батсүрэнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.    

6. Шүүгдэгч Ш.Батсүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Дулам нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ