Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

                                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан /томилолтоор/,

Хохирогч Э.Галсанжамц,

Шүүгдэгч А.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Амарбаярт холбогдох 2230000770123 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн,........ оны ........ дугаар сарын .....-ны өдөр  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, ах, эгч нарын хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 8 дугаар баг “Шаргын холбоо” гэх газарт оршин суух, урьд ял  шийтгүүлж байгаагүй, Сэрээтэр овогт Аасүрэнгийн Амарбаяр,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч А.Амарбаяр нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14-17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллаагаа явуулах “Марал” зоогийн газрын гадна хохирогч Э.Галсанжамцыг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны цууралт, хамарт няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч А.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “ Насанбаттай андуураад зодсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна.  Хохиролд 164400 төгрөг төлсөн гэв.

Хохирогч Э.Галсанжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тэр өдөр Маралд орж хоол идэх гээд явж байсан. Тэгсэн тэнд баахан хүмүүс байсан юм. Тэгээд хажуугаар нь өнгөрөх гэсэн чинь намайг барьж авсан. Мөн энэ хүн согтуу байсан гэв” гэв.

2230000770123 дугаартай эрүүгийн хэргээс:

   Шүүгдэгч А.Амарбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Марал” зоогийн газарт хоол идсэн. Тэгээд гарч ирээд зогсож байхад манай танил найз Насанбат “Марал” зоогийн газар руу орж байх шиг болохоор нь дуудсан чинь биш харин дүү нь байсан юм билээ. Адилхан харагдсан. Тэгээд тэр хүүхэд над руу ирээд би “Насанбат биш байна” гээд уурлахаар нь нэг удаа гараа атгаад хамар руу нь цохисон...” гэх /хх 31-33 дугаар хуудас/

 Хохирогч Э.Галсанжамцын: “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Марал” зоогийн газарт хоол идэхээр очиход 17 цагийн үед үл таних эрэгтэй  хүн  намайг дуудахаар нь очиход “Насанбатын дүү мөн үү” гэхээр нь “тийм” гэсэн чинь миний нүүр рүү хоёр удаа цохиод нэг удаа мөргөсөн. Тэгээд надтай хамт явж байсан найзууд цагдаа дуудсан...” гэх /хх 8-9 дүгээр хуудас/  мэдүүлгүүд,

  Хохирогч Э.Галсанжамцын эмнэлэгт үзүүлсэн эмчийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас /хх 16-18 дугаар хуудас/

  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 222 дугаартай: “... 1. Э.Галсанжамцын биед хамар ясны цууралт, хамарт няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх 20-21 дүгээр хуудас/

  Шүүгдэгч А.Амарбаярт холбогдох захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 34-35 дугаар хуудас/

  Шүүгдэгч А.Амарбаярын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37 дугаар хуудас/

  Шүүгдэгч А.Амарбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 40-41 дүгээр хуудас/

  Хохирогч Э.Галсанжамцын нэхэмжилж байгаа хохирлын жагсаалт, холбогдох баримт /хх 44-45 дугаар хуудас/

  Хохирогч Э.Галсанжамцын шүүхэд гаргасан хохиролгүй гэх хүсэлт /хх 61 дүгээр хуудас/

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Амарбаяр нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14-17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллаагаа явуулах “Марал” зоогийн газрын гадна хохирогч Э.Галсанжамцыг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны цууралт, хамарт няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.Галсанжамцын мэдүүлэг, хохирогч Э.Галсанжамцын эмнэлэгт үзүүлсэн эмчийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас,  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 222 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хөнгөн гэмтэл гэдэгт: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр (5-15%) тогтонги байдлаар алдагдсан байхыг ойлгоно.

 Тодруулбал, шүүгдэгч А.Амарбаярын хохирогч Э.Галсанжамцыг зодож, цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна. 

            Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй зүйлээр шалтаглан бусдын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

  Прокуророос шүүгдэгч А.Амарбаярын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч А.Амарбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Амарбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Амарбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулах” саналыг гаргасан.

            Шүүгдэгч А.Амарбаяр нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, эрхэлсэн тодорхой ажилгүй байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Амарбаяр нь хохирогч Э.Галсанжамцын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 164,400 төгрөгийг нөхөн төлсөн ба шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Галсанжамц нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Шүүгдэгч А.Амарбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сэрээтэр овогт Аасүрэнгийн Амарбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Амарбаярт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Амарбаярт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Амарбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч А.Амарбаярт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч А.Амарбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Э.Галсанжамцад 164,400 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Э.Галсанжамц нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ