Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

2022 оны 06 сарын 28 өдөр                                   2022/ШЦТ/126                                          Баруун-Урт

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч М.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ганбаатарт холбогдох эрүүгийн 2230000000152 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Чингэлтэйн ..... тоот хаягт оршин суух, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 222 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлсэн, ............ овогт ........... ................  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч М.Ганбаатар нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвд хохирогч Ч.Цэрэнбадамын зүүн гарын шуунд хутгалж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 Шүүгдэгч М.Ганбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр ямаа самнасан. Орой нь 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Манай төрсөн ах Магсаржав хойд талын орон дээр унтсан. Би зурагт хараад сууж байхад аймшгийн кино гарсан. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан. Тоонон дээр муур сууж байсан. Тэгээд гэв гэнэт Цэрэнбадамын гар руу хатгасан байсан. Гадаа гараад унтаад өгсөн. Юу болсноо мэдэхгүй байсан. Болсон асуудлыг дараа нь мэдсэн...” гэв.     

Эрүүгийн 2230000000152 дугаартай хэргээс:

Шүүгдэгч М.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед ах Магсаржав, бэр Мөнхтуяа нарын хамт архи уусан юм. Архиа ууж дуусаад ах хойд орон дээр унтсан, бэр дэлгүүр рүү явсан. Харин тэднийд байсан Цэрэнбадам гэх залуу баруун орон дээр хөнжил нөмрөөд хэвтэж байсан. Харин би зурагтаар гадаад аймшгийн кино үзэж байтал гэнэт миний нүдэнд хий юм харагдаад гэрийн тоонон дээр шар өнгийн муур ирчихсэн байсан. Тэгээд бие арзайгаад цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн гэрийн гадаа хэвтэж байсан. ...Маргааш нь Цэрэнбадамаас асуухад хэвтэж байхад нь гар руу хутгалсан гэж хэлсэн” гэх /хх 46-47 дугаар хуудас/

Хохирогч Ч.Цэрэнбадамын “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Түмэнцогт сумын иргэн Пүрэвбаатарынд ямаа самнахаар ирсэн юм. Би өдөртөө уг айлдаа ямаа самнаад, оройдоо сумын төв дээр Мөнхтуяа гэх айлд ирж хонодог юм. 2022 оны 03 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед ямаа самнаж сумын төвд ирж, Мөнхтуяа эгчийнд Ганбаатар, Магсаржав, айлын эзэн Мөнхтуяа нарын хамт хараа нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан юм. Би гэрт баруун талын орон дээр хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтэж байхад гэнэт зүүн гарын хэсэг рүү хурц үзүүртэй зүйлээр хатгах шиг болсон юм. Тэгтэл Ганбаатар гэх хүн хутгаар зүсчихсэн байсан юм. Би цус нь тогтохгүй болохоор эмнэлэг явж 4 оёдол тавиулсан” гэх, /хх 17-18 дугаар хуудас/,

Гэрч М.Бямбацэцэгийн “...Би сумын эрүүл мэндийн төвд батлагдсан хуваарийн дагуу ээлжинд гарч байхад шөнийн 23 цагийн орчим гаднаас үл таних залуу зүүн гарын тохойны үе хэсэгт бусдад хутгалуулж цус алдсан байдалтай орж ирсэн юм. Би уг иргэний гарыг харахад, иртэй зүйлээр зүсэгдсэн шарх байсан юм. Гүн нь 3 см, урт 4 см орчим зүсэгдсэн, цус алдсан байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх, /хх 25-26 дугаар хуудас / 

Гэрч Н.Магсаржавын “...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэртээ Ганбаатар, Цэрэнбадам нартай хамт архи уусан. ...Архи ууж дуусаад би өөрөө хойд орон дээрээ хэвтсэн. Цэрэнбадам баруун орон дээр хэвтсэн. ...Энэ үед намайг унтаж байхад хүн дуугарах шиг болсон. Тэгээд өндийгөөд очиж хартал Цэрэнбадамын шуунаас цус гарчихсан Ганбаатар гартаа хутга барьчихсан хажууд нь сууж байсан. Тэгээд би хутгыг нь Ганбаатарын гараас авч үүдний шүүгээнд хийсэн” гэх /хх 69-70 дугаар хуудас /

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-7 дугаар хуудас/
  • 21.5 см урттай, шар өнгийн модон бариултай хутгийг эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хх 10 дугаар хуудас/
  • 21.5 см урттай, шар өнгийн модон бариултай хутгийг Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 11-12 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 216 дугаартай “1. Ч.Цэрэнбадамын биед зүүн шуунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 31-34 дугаар хуудас/
  • Хохирогч Ч.Цэрэнбадамд үзлэг хийсэн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 33-34 дүгээр хуудас/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48 дугаар хуудас/
  • Шүүгдэгч М.Ганбаатарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54-55 дугаар хуудас/
  • Шүүгдэгч М.Ганбаатарын Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 57-58 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “...1. М.Ганбаатар нь одоогоор сэтгэцийн хурц эмгэг үгүй. Архинд донтох өвчний 2 дугаар үе шат байна. 2. М.Ганбаатар нь болсон асуудлыг бодитойгоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3. М.Ганбаатар нь хэрэг хариуцах чадвартай” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 76-78 дугаар хуудас/
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 222 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх 82-83 дугаар хуудас/

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ганбаатар нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвд хохирогч Ч.Цэрэнбадамын зүүн гарын шуунд хутгалж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ч.Цэрэнбадам, гэрч М.Бямбацэцэг, Н.Магсаржав нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 21.5 см урттай, шар өнгийн модон бариултай хутгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 21.5 см урттай, шар өнгийн модон бариултай хутгийг эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 216 дугаартай дүгнэлт,  Хохирогч Ч.Цэрэнбадамд үзлэг хийсэн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт,  Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хөнгөн гэмтэл гэдэгт: Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр (5-15%) тогтонги байдлаар алдагдсан байхыг ойлгоно.

 Тодруулбал, шүүгдэгч М.Ганбаатарын хохирогч Ч.Цэрэнбадамын зүүн гарын шуунд хутгалж зүссэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ бусдын гарын шууг хутгаар зүсэж эрүүл мэндэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

  Прокуророос шүүгдэгч М.Ганбаатарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Ганбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ганбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Ганбаатарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулах” санал гаргасныг шүүх хүлээн авч, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч М.Ганбаатар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа болон түүний хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, эрхэлсэн тодорхой ажилгүй байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 6 сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Ганбаатар нь хохирогч Ч.Цэрэнбадамын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гэм хорын нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Шүүгдэгч М.Ганбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “21.5 сантиметрийн урттай, шар өнгийн модон бариултай хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.4, 36.6 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........... овогт ..........-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганбаатарт 450 /дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ганбаатарт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ганбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

6. Шүүгдэгч М.Ганбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Цэрэнбадам гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “21.5 сантиметрийн урттай, шар өнгийн модон бариултай хутга”-ыг устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Хохирогч Ч.Цэрэнбадам нь нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ