Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0506

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0506

Улаанбаатар хот

 

А.Б***ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С***,

Нэхэмжлэгч: А.Б***,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/22 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах буюу 3,799,968 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг А.Б***д олгохыг хариуцагчид даалгах.

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2024/0031 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У***  

Хэргийн индекс: 110/2024/0030/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч А.Б***ээс Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан, “тус газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/22 дугаартай Тэтгэмж олгох тухай тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах буюу 3,799,968 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг А.Б***д олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2024/0031 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18, 16.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б***ийн Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан гаргасан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/22 дугаартай Тэтгэмж олгох тухай тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах буюу 3,799,968 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг А.Б*** надад олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Баян-Өлгий аймгийн Буянт сумын цэцэрлэгийн эрхлэгчээ А.Б***д өндөр насны тэтгэвэр гарахад төрөөс нэг удаа олгох тэтгэмжийг хэмжээг 13,200,000 төгрөгөөр тооцон олгож өгөх хүсэлтийг аймгийн Төрийн сангийн хэлтэст холбогдох бичиг баримтын хамт хүргүүлснийг Төрийн сангийн хэлтэс Сангийн яаманд хүргүүлснээр уг тэтгэмж УИХ-аар батлагдсан.

Гэтэл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар 2022 оны А/22 дугаартай тушаал гарган А.Б***д 9.400.032 төгрөгийн тэтгэмжийг өгч үлдсэн 3,799,988 төгрөгийг өгөлгүй хохироосон.

Боловсролын салбараас өндөр насны тэтгэвэрт гарахад ажилтанд төрөөс нэг удаа олгох тэтгэмжийг олгох асуудалд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар ямар ч хамааралгүй, батлагдаж ирсэн тэтгэмжийг олгох эсэх талаар тушаал гаргах эрх олгогдоогүй байхад аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А/12 дугаартай тушаал гарган эрх бүхий байгууллагаас хянан баталгаажуулж ирсэн А.Б***д олгох ёстой 13,263,369 төгрөгийг задалж, үүнээс 3,799,988 төгрөгийг дутуу олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор  бүхэлд нь хянав.

2. Шүүх, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж,

 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.1-т “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө”, 2.1-т “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно”, 2.2-т “Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна”,  3.1.2-т “Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацаа”,  3.1.4-т “улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 01-нээс 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацаа”, 5.1-т “Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг дээд шатны байгууллага болон тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана”, 5.4-т “Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ” гэж тухайлан заасан.

4. Анхан шатны шүүх  “… нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааг ажиллаж байсан байгууллагын дарга, санхүү хариуцсан ажилтан, аймгийн төрийн сангийн мэргэжилтэн үнэн зөв тооцоолох үүргээ зөрчиж нэхэмжлэгчийг төрийн албанд илүү жил ажилласнаар тооцож илүү хөрөнгийг төсвийн төсөвт санал болгосныг зөвтгөх үндэслэлгүй, тэдний анхны тооцоолсон үнээр буцалтгүй тусламжийг олгох боломжгүй гэж дүгнэн” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн 2020 оны 3/439 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт хүргүүлсэн 2021 оны 6/2848 дугаар албан бичиг болон Сэлэнгэ аймгийн Боловсролын газарт хүргүүлсэн 2021 оны 8/521 дүгээр албан бичигт тус тус заасанчлан “1990 оноос өмнө авто тээврийн бааз, шуудан холбооны газар, Хөдөө аж ахуйн банк, техникийн барилга трест, дамжлага бааз, Худалдаа бэлтгэлийн анги, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, гурил тэжээл, хүнсний үйлдвэр, хэвлэлийн газруудад ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй. Учир нь дээрх үйлдвэр, аж ахуйн газрууд нь улсын өмчит үйлдвэр аж ахуйн газрууд хэдий ч төсөвт байгууллага биш бөгөөд тухайн үед аж ахуйн тооцоон дээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байсан байна” хэмээн хууль болон журмын заалтыг хэрэгжүүлэх талаар чиглэл өгч байсан.

6. Нэхэмжлэгч А.Б***ын хувьд Буянт сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны IV010 дугаар тушаалаар “туслах багшаар” 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 12 жил 23 хоног ажиллан мөн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны Б/32 дугаар тушаалаар “өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” тул ажлаас чөлөөлөгдсөн.

Мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 130/ШШ2023/01077 дугаар шийдвэрээр “…Сагсай сумын Уужим амралтын газарт 1985 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан” байдлаа тогтоолгосон.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн “улсад биечлэн 17 жил 25 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүйд тооцсон 2012 оны Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай хуулийн дагуу 9 жил 7 сар, нийт 26 жил 7 сар 25 хоног” ажилласан.

7. Тухайн тохиолдолд, боловсролын салбарын төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийн мөнгөн дүн хариуцагч байгууллагын төсөвт тусгагдан, хуваарилагдан орж ирсэн.

Үүнтэй холбогдуулан хариуцагчаас төсвийн шууд захирагчийн хуваарь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааг илүү тооцон санал хүргүүлсэн зөрчлийг илрүүлэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул “... төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлснийг нь буруутгах үндэслэлгүй” хэмээн дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2024/0031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

                           ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

 

 

               ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

    ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА