Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0578

 

2021 оны 09 сарын 09 Дугаар 128/ШШ2021/0578  Улаанбаатар хот

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д ХХК

Хариуцагч: Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Э, У. нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч У.А, Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, Ц.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Д ХХК-ын санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтад Б дүүргийн, Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын байцаагч Г.Э, У.А нар хяналт шалгалт хийж 42.946.494,50 төгрөгийн акт тавьсан. Манай компани эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн тул дараах гомдлыг гаргаж байна.

Манай компани тус актыг сайн дураар хүлээн авсан бөгөөд бид энэхүү акт, шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гаргаж байна.

1. Манай компани нь Д ХХК, И болон М ХХК-нуудтай НӨАТ-ын падаантай ажил гүйлгээ хийгдсэн нь үнэн бодитоор гүйцэтгэгдсэн ажлууд байдаг.

2. Хийж гүйцэтгэж буй ажлын гүйлгээг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон татварын тухай хуульд заасны дагуу бэлнээр болон шууд бус дансаар хийж байсан болно.

Хяналт шалгалтын явцад манай компани бэлнээр хийсэн гүйлгээ, падаануудаа нотолсон. Гэтэл манай хариуцагч болох тасгийн татварын байцаагч Д ХХК, И болон М ХХК-нуудыг хуурамч падаан зардаг гэх үндэслэлээр хэтэрхий нэг талыг баримталж дээрх компаниуд болон манай компанийн хооронд хийгдсэн ажил, гүйлгээг үгүйсгэж нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг анхаарч үзэлгүйгээр манай компанийг буруутай мэтээр шийтгэвэр гаргаж 42.946.494,50 төгрөгийн акт тавьж, хариуцлага ногдуулсанд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5-р сарын 29-ны өдрийн 31 тоот тогтоол болох Б дүүргийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн 2******* тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...энэ зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тэмдэглэл үйлдэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа хийгээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д зааснаар шийтгэлийн хуудас ногдуулсан.

Уг шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварын үнийн дүнгээс 0.1 хувиар тооцож торгууль ногдуулах ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл энэ үйлдсэн шийтгэлийн хуудас дээр зөрчил илэрсэн цаг хугацаанд үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги зэргийг нийлүүлж 42.946.497.50 төгрөгийн торгуулийн шийтгэлийг ногдуулсан нь хууль бус, хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан.

Шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа зөрчилд холбогдогч компанийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар хүчингүй болсон хуулийг буцаан хэрэглэсэн гэж байгаа бол тухайн зөрчил дээр нь 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар татварын улсын байцаагч акт үйлдэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-т зааснаар хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварын үнийн дүнгээс 0.1 хувиар тооцож торгууль ногдуулах ёстой байсан гэж үзэж байгаа учир хэрэглэж байгаа хууль, эрх зүйн акт нь хууль хэрэглээний алдаатай байна.

Мөн нэхэмжлэгч компанийн хувьд гаргасан зөрчил гэж үзэж байгаа 280.463.354 төгрөг нь төлөх ёстой татвар эсвэл энэ байдлаар орлогоо бууруулсан эсэх дээр ойлгомжгүй байдал үүссэн. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргахдаа тухайн нэр бүхий компаниудтай НӨАТ-ын хий бичилттэй падаанаар орлогоо бууруулсан талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдсэн тэмдэглэлдээ дурдсан байдаг. 280 сая гаруй төгрөг нь яг төлөх ёстой татвар эсвэл энэ хэмжээгээр орлогоо бууруулсан эсэх нь эргэлзээтэй.

Хэрэв энэ дүнгээр татвар төлөх ёстой байсан бол Зөрчлийн тухай хуулиар 280.000.000 төгрөгөөс 0.1 хувийн торгууль ногдуулах ёстой байсан. Хэрэв 280.000.000 төгрөгөөр орлогоо бууруулсан гэж үзэж байгаа бол тухайн аж ахуйн нэгж энэ хэмжээгээр бууруулсан орлогодоо хуульд зааснаар хасагдах ёстой зардлаа хасаж, төлөх ёстой татварын дүнг тодорхой болох ёстой гэж үзэж байгаа тул 280.000.000 төгрөгийн зөрчил гэж байгаа нь хий бичилттэй падаанаар хийсэн худалдан авалтын нийлбэр дүн гэж харагдаж байна.

Иймд улсын байцаагч нарын үйлдсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Б дүүргийн, Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн татварын байцаагч Г.Э, У.А бид, Б дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг, 5 регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 91 тоот гэрчилгээтэй, Д ХХК-ийн 2013-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалтыг Б дүүргийн, Татварын хэлтсийн татвар хяналт шалгалтын тасгийн даргын олгогдсон 2 тоот томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд тулгуурлан Монгол Усын Татварын ерөнхий хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэнд татварын хяналт шалгалтын ажиллагааг явуулахад дараах зөрчил тогтоогдов. Үүнд:

Тус ХХК нь 2015 онд 5 тоот регистрийн дугаартай Д ХХК 29.232.545,45 төгрөгийн, 2013 онд 5 тоот регистрийн дугаартай Д ХХК нь 2 ширхэг падаанаар нийт 28.167.272,72 төгрөг, 5 тоот регистрийн дугаартай И ХХК нь 6 ширэх падаанаар нийт 139.427.272,73 төгрөг, 5 тоот регистрийн дугаартай М ХХК 2 ширхэг падаанаар 83,636,363.63 төгрөгийн, нийт 280,463,454.53 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг 2015 оны 12 сар, 2016 оны 04,06, 08, 09 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган төсөвт төлөх НӨАТ ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан.

Иймд Д ХХК-ийн санхүү, татварын тайлан нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.2-д ...санхүүгийн тайлан нь үнэн зөв, баримт материал бодит тоо мэдээнд үндэслэх. 7 дугаар зүйлд: ....7.7. Анхан шатны зөв баримтгүй гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно..., 20-р зүйлд 20.1-д нягтлан бодогчийн үйл ажиллагаанд.. хориглоно. 20.1.4 хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд бичих, Татварын Ерөнхий хуулийн 35-р зүйлийн 35.3-д энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, НӨАТ-ын тухай хуулийн 14-р зүйлд: 14.3 Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ төлсөн нь нэхэмжлэл, падаан... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй... гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж, 2015-2016 оны зөрчилд МУ-н ТЕХ-ийн 74 дүгээр зүйлд: 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. ... 74.1.4-т тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдсан зүйлийг өсгөх 74.3 Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж заасныг үндэслэн 2015-2016 онд 280,463,453,45 төгрөгийн НӨАТ-ын хий бичилттэй цахим падаан худалдан авалтанд тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогын бууруулсан зөрчилд 28,046,345,40 төгрөгийн нөхөн татвар, 8,413,903,60 төгрөгийн торгууль, 6,486,245,50 төгрөгийн алданги ногдуулах нийт 42,946,494,50 төгрөгийн төлбөрийг ногдуулан төлүүлэхээр шийдвэрлэн татварын улсын байцаагчийн тоот шийтгэлийн хуудсаар акт үйлдсэн гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З болон Ц.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн асуудал дээр эрүүгийн цагдаагийн газраас шалгалт хийж, прокуророос 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тогтоол гарсан. Тус тогтоолоор И ХХК-тай холбоотой хэргийг шалгаж, холбогдох компани нь татварыг нөхөн төлөхөө илэрхийлснээр тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг тогтоолоор Д ХХК, М ХХК нарын хий бичилттэй падаантай холбоотой хэргийг шалгаад тухайн үеийн өршөөлийн хуульд хамрагдаж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэх хуулийн зохицуулалт байдаг. Татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудсаар аж ахуйн нэгжид төлбөр ногдуулсан. Үүнтэй холбогдуулж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эдийн засгийн шинжээч дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтээр Д ХХК нь ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй атлаа НӨАТ-ын тайлангаар бараа борлуулсан мэтээр цахим бичилт хийж, хуурамчаар бичилт бусад НӨАТ-аас зайлсхийх боломж олгож байсан гэдэг нь прокурорын тогтоолоор нотлогдсон. Мөн гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэхдээ бараа оруулж ирсэн үнийн дүнгээ хэт өсгөсөн байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд татварын улсын байцаагч нарын ногдуулсан шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д ХХК-иас Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Э, У.А нарт холбогдуулан гаргасан Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Э, У.А нар Д ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж Д ХХК-ийн 2015 онд 29,232,545.45 төгрөгийн, 2016 онд 2 ширхэг падаанаар 28,167,272.72 төгрөгийн, И ХХК-ийн 6 ширхэг падаанаар 139,427,272.73 төгрөгийн, М ХХК-ийн 2 ширхэг падаанаар 83,636,363.63 төгрөгийн, нийт 280,463,454.53 төгрөгийн нэмэгдсэн албан татварын хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг тус тус нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа мөрөнд тайлагнан төлөх татвараа бууруулсан гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001 оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2******* дугаар шийтгэлийн хуудсаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3  дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж, 28,046,345.40 төгрөгийн нөхөн татвар, 8,413,903.60 төгрөгийн торгууль, 6,486,245.50 төгрөгийн алданги ногдуулсан байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...шийтгэл хуудсаар шийтгэл оногдуулахдаа 0.1 хувиар тооцож торгууль оногдуулах байсан. ... зөрчил илэрсэн үед үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д заасныг үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги зэргийг нийлүүлж шийтгэл оногдуулсан нь хууль хэрэглээний алдаа гаргасан. ... хуулийг буцаан хэрэглэсэн бол улсын байцаагч акт үйлдэх байсан... гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарласан.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ. 4-д Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ., 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно., Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна: 74.1.4.тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсөх;,  74.3-д Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна., гэж заажээ.

Зөрчлийн тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд хариуцагч Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Э, У.А нар 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу нэхэмжлэгч компанид 6 хоногийн хугацаатай шалгалт хийж, хүчин төгөлдөр мөрдөж байсан Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа мөн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан зөрчилд хамаарах цаг хугацаанд үйлчилж байсан Татварын ерөнхий (2008 оны) хуулийн хариуцлагын заалт болох 74 дүгээр зүйлийг хэрэглэн төлөөгүй татварыг нөхөн төлүүлж, торгууль оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ. 

Дээр дурдсан хуулийн заалтуудаас үзвэл татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулахаар заасан бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нарыг хяналт шалгалт хийх үед Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж байсан тул шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуульд заасан тул хариуцагч татварын улсын байцаагч нарыг акт үйлдээгүй гэж буруутгах боломжгүй юм.

Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-д анхан шатны ... нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, ... нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй., Нягтлан бодох бүртгэлийн тухай (2001 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлд дараахь зарчмыг баримтална: 4.1.2.санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх;, 7 дугаар зүйлийн 7.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно., 7.7-д Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно., 8 дугаар зүйлийн 8.3-д Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараахь дарааллаар гүйцэтгэнэ: 8.3.1. анхан шатны баримт бүрдүүлэх; 8.3.2. журналд бичих; 8.3.3. дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх; 8.3.4. ажил гүйлгээний мэдээ гаргах; 8.3.5. тайлан гаргах. гэж заажээ.

Нэхэмжлэгч Д ХХК нь Д ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 0 дугаар падаанаар 29,232,545.45 төгрөгийн, 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2 дугаар падаанаар 21,998,499.99 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 3 дугаар падаанаар 8,168,636.36 төгрөгийн,  И ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 8 дугаар падаан 336,636.64  төгрөгийн,  8 дугаар падаанаар 4,545,454.55 төгрөгийн, 8******* дугаар падаанаар  6,363,636.36, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 4******* дугаар падаанаар 45,454,545.45 төгрөгийн, 4******* дугаар падаанаар 32,727,272.73 төгрөгийн 4******* дугаар падаанаар 50,000,000 төгрөгийн, М ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 6******* дугаар падаанаар 45,454,545,45 төгрөгийн, 6******* дугаар падаан 38,181,818.48 төгрөгийн худалдан авалт хийсэн гэх бөгөөд тус худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тайлагнасан худалдагч, худалдан авч талууд тайлагнажээ.

Шүүхээс нэхэмжлэгч Д******* ХХК-ийг анхан шатны баримт, материалуудыг өгөхийг шаардсаны дагуу нэхэмжлэгчээс тус шүүхэд ирүүлсэн төлбөрийн баримт, кассын орлогын ордер, зарлагын баримт, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Д******* ХХК-тай байгуулсан Бараа материал худалдах, худалдан авах гэрээ зэргийг ирүүлсэн бөгөөд тус баримтууд нь Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3 дахь хэсэг болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй буюу нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу худалдан авалт бүрдээ анхан шатны баримтыг бүрдүүлэх, цуглуулсан баримтууд нь үнэн, зөв баримт материал, бодит тоонд үндэслэх шаардлагыг хангаагүй, хуульд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь Д ХХК, М ХХК-иудын захирал Р.Б,  И ХХК-ийн захирал У.А нар нь бараа материал худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, бараа худалдан аваагүй атлаа авсан мэтээр тайлагнасан, бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татварын төлөхөөс зайлсхийсэн болох нь Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолуудаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч компанийн худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн нэхэмжлэгч Д ХХК нь анхан шатны баримтыг зохих ёсоор бүрдүүлээгүй, үнэн зөв баримт материал, бодит тоонд үндэслээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 74 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.7, 8 дугаар зүйлийн 8.3, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3  дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д ХХК-иас Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Э, У.А нарт холбогдуулан гаргасан Б дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.ДАМДИНСҮРЭН