Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00273

 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02291 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ЧД тх,

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох,

 

Татварын өр 257 796 602.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн, Б.Оюунтуяа,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Чинбаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч ЧД тх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн, Б.Оюунтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь барилгыг дуусгах шатны ажил, кафе гуанз, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 251 480 654.7 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1 776 230.2 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын өр 4 539 717.6 төгрөг, нийт 257 796 602.50 төгрөгийг төлж барагдуулаагүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн 57 дугаар зүйлийн 57.1.1-т заасан ногдуулсан татварын өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн хугацаанд татварын өрийг төлж барагдуулах гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн.

Татварын алба татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулахаар дансны гүйлгээг бүрэн зогсоох арга хэмжээ авч, татвар төлөгчид удаа дараа татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Эд хөрөнгийн лавлагаа болон ярилцлагын тэмдэглэлээр “Н” ХХК-ийн өмчлөлд эд хөрөнгө байхгүй нь нотлогдсон учир барьцаа, битүүмжлэл хийх боломжгүй. Үнэт цаас, хувьцаа, тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй болох нь тодорхойлолт, лавлагаагаар нотлогдсон. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 251 480 654.7 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 1 776 230.2 төгрөг, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын өр 4 539 717.6 төгрөг, нийт 257 796 602.50 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н ХХК шүүхэд гаргасан тайлбар болон компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саранбулаг, Д.Болорчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Н” ХХК нь 2014 онд барилгын засал чимэглэл, барилгыг дуусгах шатны ажил, гуанз зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Энэ хугацаанд хэд хэдэн газартай гэрээ байгуулан ажилласан бөгөөд ажлын гүйцэтгэлд мөнгө авахаас илүүтэй бартераар ажлын хөлсөө авдаг байсан.

Татварын улсын байцаагчийн 2017 оны 35/240018 тоот мэдэгдэл хууль бус акт. Мэдэгдэх хуудсаар зөвхөн тухайн татвар төлөгчийг дуудан ирүүлэхэд хэрэглэдэг. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ гэж заасан. Татварын улсын байцаагч мэдэгдэх хуудсаар мэдэгдээд байгаа нь хууль бус бөгөөд улсын байцаагчийн актаар мэдэгдэх ёстой. Мэдэгдэх хуудсаар тухайн татварын өрийг төл гэдэг нь хуульд нийцэхгүй байна. “Хан хул холдинг” ХХК-иас ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор байр, машин өгсөн тул тайлангаа үнэн зөвөөр мэдүүлсэн гэжээ.

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 257 796 602.50 төгрөгийг гаргуулж ЧД тхт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 446 933 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэртээ "... хариуцагч "Н" ХХК-ийн төлөөлөгч нар татварын улсын байцаагчийн 2017 оны 35/240018 тоот мэдэгдэл хууль бус гэж маргаж байгаа боловч дээрх өр нь Чингэлтэй дүүргийн Татварын улсын байчаагчийн актаар тогтоосон өр биш, татвар төлөгч "Н" ХХК-ийн тайлангаар тогтоогдсон өр болох нь татварын тайлан, татварын улсын байцаагчийн уулзалтын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна...., хариуцагч "Н" ХХК-иас татварын өр 257 796 602.50 төгрөгийг гаргуулж ЧД тхт олгох үндэстэй байна..." гэжээ.

Ажлын хөлсөө авахад НӨАТ-ын падаан бичиж өг гэхээр нь падаан өгдөг байсан, бартерын ажлын хувьд буцаан авалтаар хасагдах НӨАТ-ын падаан нөгөө талаас бичиж өгөх ёстой ч бичиж өгөхгүй байсаар манай компанийн бичилтээр буюу зохиомлоор ийм өрөнд ороод байна. Мөн бартераар ажлын хөлс авсан зарим үнийн дүнгээс буцаан авалтаар хасагдах НӨАТ-ын дүн хасагдах ёстой юм. Зарим компани НӨАТ төлөхгүй тохиолдолд ч манайд НӨАТ-ийн өр тооцогдохгүй.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын алба нь манай компанид 251 400 000 төгрөгийн татварын өрийг тавьж 35/240018 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Манай компани оногдуулсан 251 400 000 төгрөгийн НӨАТ-ийн өр төлбөр нь ямар нэгэн санхүүгийн баримтад үндэслээгүй, бодитой орлого, зарлагад тулгуурлаагүй, зохиомол, өрийн тооцоолол байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч уг мэдэгдэл хууль бус, зөрчилтэй гэж маргаж, захиргааны журмаар гомдол гаргасан байхад маргаантай захиргааны актыг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч тал өөрийн гаргасан мэдэгдлийг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал уг мэдэгдлийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэ нь захиргааны акттай холбоотой захиргааны маргаан тул захиргааны шүүхэд хандахад хүргэсэн. Мөн уг мэдэгдлийн тооцоолол нь буруу гэж тодорхой дүнг хасуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Энэ нь шүүх нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийН 33.1 дэх хэсэгт "Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ", мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-д "татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, cap, өдрийг тусгана" гэж тус тус заасан байдаг.

Мөн Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д "энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичих бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг эхийн нэр, гарын үсэг, шаардлага биелүүлэх хугацаа, уг мэдэгдлийг үйлдсэн болон гардуулсан он, cap, өдрийг тусгана'" гэж заасан байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Цэендолгор нь манай компанид нийт 257 000 000 төгрөгийн татварын өрийг төлөх тухай 35/240018 тоот мэдэгдэх хуудас нь татварын байцаагчийн акт шийдвэрээр баталгаажуулаагүй тул уг 257 000 000 төгрөгийг төлөх тухай мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар захиргааны журмаар гомдол гаргаж, дээд шатны байгууллага болох татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Татварын маргаан таслах зөвлөл нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 135 тоот мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн бөгөөд уг хариу мэдэгдэх хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэгэнт дээд шатны шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь шийдвэрлэхгүй байгаа учраас бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Энэ асуудалтай холбоотой Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Татварын байцаагчийн 2017 оны 35/240018 тоот мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоолгохоор манай "Н" ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүгчийн захирамж дээр гомдол гаргаад захирамжтай холбоотой давж заалдах шатны шүүх хурлын тов зарлагдсан байгаа учраас уг шүүхийн шийдвэр гартал энэ иргэний хэргийн хурлыг тодорхой хугацаатайгаар хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч иргэний хэргийн шүүгч уг хүсэлтийг хүлээж авалгүй захиргааны хэрэг дээр хянагдаж байгаа асуудлыг давхар иргэний журмаар хянаж шийдвэрлэсэн асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Манай "Н" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/Ш32017/7290 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжтай холбоотой давж заалдах шатны шүүх хурал 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр болж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүгчийн захирамж үндэслэлгүй байх тул манай гаргасан гомдлыг хангаж, захиргааны хэрэг үүссэн байгаа.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02291 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.7-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч ЧД тх хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан татварын өр 257 796 602,50 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан цахим шуудангаар илгээсэн гэх зөвхөн татварын байцаагчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан татварын тайланг /хх-10-23/ бичмэл баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Цахим татварын тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад хамаарахгүй бөгөөд цахим орчинд хадгалагдсан мэдээлэлд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 44 дүгээр зүйлийн 44.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулснаар нотлох чадвартай болно.

Шүүх хуулийн дээрх зохицуулалтыг анхааралгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгээр олгосон эрхийнхээ хүрээнд нотлох баримтыг хуульд заасан арга хэлбэрээр цуглуулах ажиллагаа явуулаагүйгээс маргааны үйл баримт тогтоогдоогүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 446 933 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                                 А.ОТГОНЦЭЦЭГ