Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

           Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Шаамар сум, Дулаанхаан тосгоны 62 дугаар өртөө, замчдын 26 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Бургууд овогт Хорлоогийн Өлзийсайхан /РД: МЖ-72021008/-ны нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхаан тосгон, 1-31 тоотод оршин суух, Барга овгийн Дамдинсүрэнгийн Энхмаа РД:/МД-76022662/

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхаан тосгон, Харваачдын, гудамжны 1-14 тоотод оршин суух, Тугчин овгийн, Хишигдоржийн Чулуунцэцэг, РД:/МД-67091763/

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхаан тосгон, Бумцэнд гудамжны 1-23 тоотод оршин суух, Баяд овгийн Пүрвээгийн Элбэгжаргал, /МД-84053062/

 

Хариуцагч:  Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхаан тосгон, Бумцэнд гудамжны 1-34 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Энхцэцэг /МД-79092066/ нарт холбогдох

 

          “Нэр төр сэргээлгэх, ажлаас халагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 9.662.000  төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Өлзийсайхан, хариуцагч Д.Энхмаа, Х.Чулуунцэцэг, П.Элбэгжаргал, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, иргэдийн төлөөлөгч Х.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Х.Өлзийсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

          ... Миний бие Хорлоо овогтой Өлзийсайхан нь 2011 оноос 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан. Миний бие  2011 оноос 2017 оныг хүртэл тус байгууллагыг удирдан ажиллаж байхад олон амжилт  гаргаж алдар хүндэд хүрч Боловсрол соёл шинжлэх ухааны яамны жуух бичиг, засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж, Сэлэнгэ аймгийн Боловсролын салбарын “Шилдэг менежерт” нэр дэвшиж байсан буюу ажил албан тушаалаа нэр төртэй биелүүлж эцэг, эх хамт олны итгэл хүндэтгэлийг хүлээж алдар хүндтэй байсан. Удирдсан байгууллага цэцэрлэг маань аймгаас зарласан уралдаан, тэмцээн шалгалт шалгууруудад тогтмол амжилттай оролцож намайг удирдсан үеэс эхлэн аймгийн шилдэг тэргүүний цэцэрлэгүүдийн эгнээнд байсан.

            Миний бие ажиллах хугацаандаа цэцэрлэгийн зориулалтын барилгыг Улсын төсөвт санал оруулан батлуулж, тосгоны шилдэг байгууллага хамт олноор 2012, 2013, 2014, 2015 онуудад шалгарч 2016 оны Шаамар сумын шилдэг байгууллагаар шалгарч байсан. Мөн Монгол Улсын боловсролын салбарын “Шилдэг менежменттэй байгууллагаар шалгарч байсан энэ бүхэн нь миний ажлын амжилт үе үеийн аймаг сум боловсролын газрын удирдлагуудын надад болон миний удирдаж байсан байгууллагад өгч байсан үнэлгээ үнэлэмж нэр төр, алдар хүнд юм.

            2017 оны 05 дугаар сард тус цэцэрлэгт арга зүйч ажилтай байсан Д.Энхмаа, түүний төрсөн дүү багш ажилтай Д.Энхцэцэг, туслах багш ажилтай Х.Чулуунцэцэг, туслах багш ажилтай П.Элбэгжаргал нар Сэлэнгэ аймгийн боловсролын газрын дарга Ч.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нарын нэр дээр гомдол гаргасан байдаг. Дулаанхаан тосгоны хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/30 тоот захирамж гарч ажлаас халсан.

           Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 тоот захирамжийн ажлаас халах гол үндэслэл нь дээрх нэр бүхий багш, ажилтны гомдолд үндэслэн шийдвэрлэсэн. Одоогоор 11 дүгээр цэцэрлэгийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Д.Энхмаа, түүний төрсөн дүү багш Д.Энхцэцэг, баг Б.Сувданчимэг, туслах багш Х.Чулуунцэцэг, туслах багш П.Элбэгжаргал нар Сэлэнгэ аймгийн удирдлагуудын нэр дээр өгсөн өргөдөл гомдолдоо “Өлзийсайхан нь: 1. туслах багшаар ажиллаж байгаа Д.Оюунбатаас шүдлэн үхэр авилгад авч түүнийг ажилд авсан, 2-т. цэцэрлэгийн хүүхдийн тоог өдөр бүр хийсвэрээр нэмэгдүүлж хүүхдийн хоолны зардлыг хуурамчаар нэмж хувьдаа ашиглан завшдаг, 3-т. багш ажиллагсадыг байнга хувийн байдлаар нь хэл амаар доромжилдог, дарамталдаг, 4-т. байгууллага дээр архидалтыг санаачлан зохион байгуулдаг, 5-т. бүлгийн багш нарыг эцэг эхийн дэргэд, хүүхдийн дэргэд элдвээр доромжилж орилж чарлаж эд зүйл авч чулууддаг, 6-т.цэцэрлэгийн бүлгүүдийг камержуулахад бүлгийн эцэг эхчүүдээс мөнгө аваад хувьдаа завшсан, камержүүлэх нэрийдлээр багш ажиллагсдаас мөнгө татаж камержуулсан гэх мэтчилэн 6-7 зүйлээр хэлмэгдүүлэн зориуд санаатайгаар гүтгэсэн.

           Мөн санхүү болоод ашиг сонирхлын зөрчлүүдийг гаргаж байгаа ба Х.Өлзийсайханы эдгээр үйлдлүүд хэрээс хэтэрч байна” гэсэн байдаг.

           Миний хувьд дээрх зүйлс огт байхгүй тул дээрх эгч дүүс, найз нөхөд, олон жил хамт ажилласан гэх бүлэг хүмүүст гүтгүүлэн ажил төрөл амьдралаараа хохирч байгаадаа туйлын харамсаж байна.

           Өөрсдийн худал үг хардлагаа үнэн болсон явдал мэтээр Шаамар сумын ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн боловсролын газарт гомдол бичиж миний алдар хүндийг гүтгэн ажил төрлийн нэр хүндэд халдсанд гомдолтой байна.

           Миний алдар хүнд, ажил төрлийн нэр хүндийг гутаан гүтгэсэнд маш их гомдолтой байгаа ба иргэн миний эрх зөрчигдөж байгаа төдийгүй, гүтгүүлэн хэлмэгдэж байгаадаа туйлын ихээр харамсаж байгаа бөгөөд алдар нэрээ гутаан гүтгүүлж ажил албан тушаалаараа хохирч, ажлаас халагдсаны улмаас сэтгэл санааны гутралд орж хохирч байна.

            Мөн дээрхи багш ажилтны худал хуурмаг гомдлын улмаас миний бие ажил албанаасаа халагдаж өрх гэр орлогогүй цалингийн зээлээ төлж чадахгүй банкны зээлийн алданги зээлийн хүүгийн торгуульд орж хохирч байна.

            Миний бие ажлаа хийж байсан бол ажил албан тушаалын цалин сардаа 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянган /төгрөгний цалинтай байсан.

            ХААН банкинд 19 сая төгрөгний 48 сарын хугацаатай цалин, 12 сарын хугацаатай лизингийн зээлтэй бөгөөд сар бүр цалингийн зээлдээ сардаа 645.000 төгрөг төлдөг, лизингийн зээлдээ сардаа 61.000 төгрөг нийт сар бүрийн 02-ны өдөр 706.000 төгрөг төлдөг байсан.

           Ажлаас халагдсаны улмаас сардаа төлөх банкны зээлээ төлж чадахгүй он дамжсан зээлийн хугацаа хэтрэлттэй, Монгол банкинд найдваргүй зээлдэгч гэсэн хар дансанд ороод дахин банк санхүүгийн байгууллагад хандах, харилцах эрхгүй, өрх гэрт ажил эрхэлдэг орлоготой хүн байхгүй улмаас аж амьдрал бие эрүүл мэнд зэргээр хохироод байна.

          Албан тушаалын цалин 1.150.000 төгрөг байдаг ба банкны зээл сар бүр 706.000 төгрөг төлөөд 433.000 төгрөг өрхийн хэрэглээндээ хэрэглэж байсан билээ. Гэтэл ажилгүй болсны улмаас ямар ч орлогогүй болсон.

          Миний бие нэр төр алдар хүндийг сэргээлгэх, ажлаас халагдсан гэм хохирол болох тушаалын цалин 6.062.000 төгрөг, амралтын цалин 2017, 2018 оны ээлжийн амралтын цалин 3.600.000 төгрөгийг барагдуулах нийт 9.662.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

           Мөн боловсролын байгууллагад 20-иод жил Дулаанхаан тосгоны цэцэрлэгчийн эрхлэгчээр 7-8 жил хийхдээ болон орон нутгийнхаа ард иргэдээс тодорхой хэмжээний нэр төр олж авсан. Гэтэл ямар ч ор үндэслэлгүйгээр хүний нэр төрд эдгээр хүмүүсийг халдсанд гомдолтой байна. Тиймээс миний нэр төрийг энэ өргөдлийг яаж бичиж оруулж өгсөн яг түүн шигээ л сэргээж өгөхийг л Д.Энхмаа, Х.Чулуунцэцэг, П.Элбэгжаргал, Д.Энхцэцэг нараас хүсч байна! гэжээ.

Хариуцагч Д.Энхцэцэг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

           ... Х.Өлзийсайханы нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй Сэлэнгэ аймаг Шаамар сумын Дулаанхаан 11 дүгээр цэцэрлэгийн багш ажилчдаас эмч Үүрийнтуяа, багш Сувданчимэг, багш Ганцэцэг, туслах багш Чулуунцэцэг, туслах багш Элбэгжаргал нарын 15, 16 хүн 2017 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Боловсрол соёлын газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хандаж тухайн үеийн эрхлэгч Х.Өлзийсайханыг удирдах ажилтны ёс зүйд нийцэхгүй олон бусармаг үйлдэл гаргаж байгаа талаар өргөдөл гаргасан. Тухайн үед Х.Өлзийсайханы, бид бүгдийн өгсөн өргөдөлтэй холбогдуулан хууль сануулж мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгт тухайн болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би нэхэмжлэгч Х.Өлзийсайханы нэр хүндийг унагаж, ажил албан тушаалаас нь халаагүй. Гэм хор учруулаагүй учраас би хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж ойлгож байна. Иймд Х.Өлзийсайханы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

Хариуцагч Д.Энхмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Өлзийсайханы ажлаасаа халагдсан шалтгаан нь ажлын байрандаа архидан согтуурсан, багш ажилчдыг хэл амаар доромжилсонтой холбоотой юм. Тухайн өдөр нэр бүхий хоёр багш над руу залгаад Х.Өлзийсайхан эрхлэгчийн гаргаад байгаа зан авирын талаар хэлсэн. Тэгэхээр нь би Х.Өлзийсайхан эрхлэгч рүү залгаад “даргаа юу болоод байгаа юм бэ” гэхэд “ярих чадваргүй болсон байсан бөгөөд намайг янз бүрээр доромжилсон. Тэгээд би нөгөө хоёр багш руу залгаад “цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Маргааш нь цагдаа ирсэн боловч цагдаа ирэх үед Х.Өлзийсайхан нь зөрөөд гарсан байсан. Тэгээд би Х.Өлзийсайхан руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь нөхөр лүү залгаад болсон асуудлын талаар хэлээд Х.Өлзийсайханыг асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал 11-12 цагийн үед Х.Өлзийсайхан өөрөө над руу залгасан. Би утсаа аваад “та өчигдөр асуудал гаргасан байна санаж байна уу” гэхэд “санахгүй байна аа одоо яана аа” гэхээр нь “энэ хүмүүс гомдолтой байна гэж байна гомдлоо гаргаад явна гэж байна” гэхэд “тэг тэг хамаагүй ээ явдаг газраараа явна биз” гэж хэлсэн. Ингээд бид нар боловсролын газарт хандсан юм. Түүнээс биш бид нарын зүгээс Х.Өлзийсайханыг ажлаас нь халаад өгөөч огтхон дурдаагүй. Өс хонзонгийн асуудал ч байхгүй. Зүгээр л ёс зүйгүй байсан үйлдэлд нь л гомдол гаргасан. Түүнээс би энэ хүний нэр төрд халдсан зүйл байхгүй. Бид хамт ажиллаж байхдаа гар нийлж ажилладаг байсан.

Хариуцагч Х.Чулуунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 05 дугаар сарын 18-ны орой Д.Энхцэцэг багш бид хоёр ээлжинд гарч байсан юм. Гэтэл 19 цагийн үед эрхлэгч Х.Өлзийсайхан нь Ерөө суманд болсон “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд оролцож ирээд нэлээд хэдэн хүнтэй хамт өрөөндөө орсон. Би Х.Өлзийсайхан эрхлэгчтэй коридорт таарахдаа нэг шил архи барьчихсан байгааг нь харсан. Тэр архиа хамт орсон хүмүүстэйгээ ууж дуусгасан. Би хүүхдүүдээ хооллочихоод орыг нь засаад хэвтүүлчхээд байж байтал коридорт маш чанга чимээ гарсан. Тэгтэл Х.Өлзийсайхан эрхлэгч маш их согтсон байдалтай орилж чарлаж байгаад намайг дуудсан. Би гарахгүйгээр хүүхдүүдтэй хамт байж байтал утасныхаа гэрлийг тусгаж орж ирээд “гараад ир архи аваад ир” гэж надаа нэхсэн. Тэгэхээр нь би “одоо дэлгүүр хаачихсан байгаа тийм болохоор архинд явах боломжгүй” гэхэд “тэгвэл хоёулаа зодолдъё гэхээр нь “ би хүнтэй зодолдож чадахгүй. Хэрэв та намайг зодох гэж байгаа бол зод” гэж хэлсэн. Гэтэл Д.Энхцэцэг багшийг хэл амаар маш их доромжилсон. Тэгээд арга барагдаад арга зүйчрүү залгаж хэлсэн. Удалгүй арга зүйч Х.Өлзийсайхан руу залгасан бөгөөд тэр хоёр утсаар хэрэлдээд байсан. Тэгээд арга зүйч биднийг цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгчхөөд хүлээж байтал Д.Энхцэцэг багш Х.Өлзийсайхан эрхлэгчээс айсандаа өмсөж байсан таавчиктайгаа гараад зугтаасан. Би хүүхдүүдээ хараад үлдсэн. Цагдаа ирээд “юу болоод байна аа” гэхэд Х.Өлзийсайхан эрхлэгч “юу ч болоогүй байна” гэж хэлсэн. Гэхдээ Х.Өлзийсайхан эрхлэгч согтуу байгааг цагдаа анзаарсан. Тэгээд Х.Өлзийсайхан эрхлэгч хувцасаа аваад Амартүвшин жижүүр цүнхийг нь бариад гарсан. Маргааш  өглөө нь Х.Өлзийсайхан эрхлэгчийг ороод ирвэл яагаад тийм үйлдэл гаргах болсон талаар нь асууя гэж бодсон боловч жижүүр тэр хоёр ирээгүй. Улмаар Д.Энхцэцэг бид хоёр болсон явдлын талаар үнэн зөв өргөдөл гаргаж өгсөн. Би өмнө нь ажлаас халагдаж байсан нь Х.Өлзийсайхан эрхлэгчид хувийн зүгээс өс хонзонгийн шинжтэй бодол санаа тээж байгаагүй.

Хариуцагч П.Элбэгжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       ... Сэлэнгэ аймаг Шаамар сумын иргэн Х.Өлзийсайханы нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х.Өлзийсайханы гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сэлэнгэ аймаг Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч байсан би ажлаас халаагүй. Би ажлаас халдаг албан тушаалтан биш. Манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа ёс зүйгүй ажилласан, авирласан, талаар Сэлэнгэ аймгийн Боловсрол Соёлын газар, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар тухайн үед ажиллаж байсан 17 хүн гарын үсэг зуран өргөдөл гомдол гаргаж өгсөн. Энэ өргөдөл гомдлын дагуу шүүх надаас хууль сануулж мэдүүлэг авсан. Тухайн үед болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Би Х.Өлзийсайханы ёс зүйгүй авирлан, ажилласан талаар өргөдөлд гарын үсэг зурснаар хариуцагчаар татагдаж хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж бодож байна.

       Миний бие Х.Өлзийсайханд өс хонзон санасандаа өргөдөл гаргасан зүйл байхгүй. Харин ч намайг ажлаасаа халагдаад удаагүй байхад эргээд ажилд минь авсан болохоор энэ хүнд баярлаж явдаг байсан. Өлзийсайхан нь архи уусан үедээ ч биш эрүүл байхдаа ч ажлын байрны дарамт үзүүлдэг байсан нь үнэн. Манайд ихэвчлэн залуу багш нар ажилладаг,ууж идэх болохоороо бид нарыг шахаж уухгүй гэсэн хүнийг “хэзээ ийм болчихсон юм” гэх мэтээр хэлдэг байсан. Намайг бол “замуурай шиг амьдралтай гуйлгачин, майжиг” гэж доромжилж л байсан. Түүний нөхөрт нь хүртэл би зодуулж байсан удаатай. 

     Би Х.Өлзийсайхан эрхлэгчийг ажлаас нь халаад өгөөч гэж бичээгүй. Ажлаас халах шийдвэрийг эрх бүхий албан тушаалтанууд л гаргасан бид гаргаагүй, бидэнд тийм эрх мэдэл байхгүй. Иймд нэхэмжлэгч Х.Өлзийсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэв.

 

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Өлзийсайхан нь Д.Энхмаа, Х.Чулуунцэцэг, П.Элбэгжаргал, Д.Энхцэцэг нарт холбогдуулан “Нэр төр сэргээлгэх, ажлаас улмаас учирсан гэм хорын хохирол 9.662.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч Х.Өлзийсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжин оролцсон бөгөөд шаардлагын үндэслэлээ ... Д.Энхмаа, Х.Чулуунцэцэг, П.Элбэгжаргал, Д.Энхцэцэг нар нь өөрсдийн худал үг хардлагаа үнэн болсон явдал мэтээр Шаамар сумын засаг даргын тамгын газар, Сэлэнгэ аймгийн боловсролын газарт гомдол бичиж ажил төрлийн нэр хүндэд халсан гэж,

Хариуцагч  Д.Энхмаа, Х.Чулуунцэцэг, П.Элбэгжаргал, Д.Энхцэцэг нар нь татгалзлын үндэслэлээ ... бид Өлзийсайханы нэр хүндийг унагах, гутаан доромжилсон ямар нэгэн зүйл байхгүй ... тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Учир нь: Нэр төр гэдэг нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлэх бөгөөд худал гүжирдлэг гэдэг нь илт худал мэдээлэл, баримт сэлт, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан тухайн хүний нэр төрийг санаатай гутаасан үйлдэл  юм.

 Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, хуулийн 21.3-т “Бодит байдлыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж, хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаар бодит байдалд нийцэхгүй мэдээ, мэдээллийг бусад этгээдэд мэдээлснийг гутаасан гэж үзэх ба нэхэмжлэгч ... Д.Энхмаа, Х.Чулуунцэцэг, П.Элбэгжаргал, Д.Энхцэцэг нар нь өөрсдийн худал үг хардлагаа үнэн болсон явдал мэтээр Шаамар сумын засаг даргын тамгын газар, Сэлэнгэ аймгийн боловсролын газарт гомдол бичиж миний алдар хүнийг гүтгэн ажил төрлийн нэр хүндэд халдсан гэх тайлбар гаргаж байгаа боловч хэрэгт  авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй ба энэхүү эрхийн дагуу гомдол гаргасан явдал нь хууль зөрчөөгүй байх тул Д.Энхмаа, Х.Чулуунцэцэг, П.Элбэгжаргал, Д.Энхцэцэг нарыг Өлзийсайханы нэр төр, алдар хүндэд халсан, гутаасан гэж шүүх үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй ба дээрх гомдол нь бодит байдалд нийцээгүй, худал гэдгийг нэхэмжлэгч өөрөө баримтаар нотолж чадаагүй.

           Иймд Х.Өлзийсайханы нэхэмжлэлтэй хариуцагч Д.Энхмаа, Х.Чулуунцэцэг, П.Элбэгжаргал, Д.Энхцэцэг нарт холбогдох “нэр төр сэргээлгэх, ажлаас халагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 9.662.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1393 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан ба нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 239.742 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч хавтас хэргийн 88-117 талыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж нотлох баримтаас хасуулах санал гаргасан боловч хэргийн нэг тал болох хариуцагч нар хэргийн 88-117 талыг иш татсан ба шүүх дээрх баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж нотлох баримтаас хасаж тооцох шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Х.Өлзийсайханы нэхэмжлэлтэй хариуцагч Д.Энхмаа, Х.Чулуунцэцэг, П.Элбэгжаргал, Д.Энхцэцэг нарт холбогдох “Нэр төр сэргээлгэх, ажлаас халагдсаны улмаас учирсан гэм хорын хохирол 9.662.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурьдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 239.742 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

                

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

                           

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

    

        6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.МӨНХЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                        Л.ЭНХТАЙВАН  

 

                                                                                     Б.МӨНХЗУЛ