Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,

шүүгдэгч Б.Анхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Томбо овогт Байгальмаагийн Анхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2207000000124 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аюулгүй байдал, бие хамгаалах мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих 415 дугаар ангид харуул хамгаалалт ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багахангай дүүргийн 1-р хороо 2-р байр, 15 тоотод оршин суух, Томбо овогт Байгальмаагийн Анхзаяа /РД:ВЖ95092030/.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Анхзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө 23 цаг 30 минутын үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 20 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Уранчимэгтэй маргалдаж биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, баруун дээд 1, 2-р зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, нүүр, баруун зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл   шүүгдэгч Б.Анхзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө 23 цаг 30 минутын үед Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 20 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Уранчимэгтэй маргалдаж хөлөөс нь татаж шалан дээр унагаан,  гараараа зүүн нүд рүү цохиж, хоолойноос түлхэж хананд наасан, хөлөөрөө өшиглөсөн, толгой руу гутлаар цохисон, Гараараа хоёр удаа зүүн нүд болон хамар хэсэг рүү цохиж хоолойноос боогоод нуруу, хөл хавирга хэсэгт 3 удаа өшиглөн биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, баруун дээд 1, 2-р зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, нүүр, баруун зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Анхзаяагийн “....2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр оройн 06 цагаас манай албан байгууллага заал авахаар байсан. Орой 06 цагаас тоглоод 8, 9 цаг болж байхад заалнаас гараад найзуудтайгаа харьж явах замдаа дэлгүүр орж 2 пиво авч найзындаа уусан. Шөнө 11, 12 цагийн үед гэртээ ороод амрах гэтэл орон дээр хоёр хүүхэд дээшээ харсан, эхнэр хөлөн доор нь хөндлөн унтаж байсан. Тэгээд би миний хайр дээшээ хараад унтчихаа гэж хэлэхэд би дээшээ харж унтахгүй, чамтай баймааргүй байна хол бай гэсэн. Тэгээд тухайн үед бага зэрэг маргалдсанаас болоод эхнэрийнхээ биед хөнгөн гэмтэл учруулсан. Эхнэртэйгээ маргалдаад эхнэрээ алгадсан” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Уранчимэгийн “...2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө 23 цаг 30 минутын үед би Багахангай дүүргийн 1 дүгээр хороо    6-20 тоотод хоёр хүүхдийн хамт орон дээрээ унтаж байсан чинь манай нөхөр гаднаас согтуу орж ирсэн.Тэгээд намайг дуудаад босоод ир гэхээр нь би чамтай юм ярьмааргүй байна гээд хэлсэн чинь манай нөхөр Анхзаяа яахаараа чи надтай харьцдаггүй юм гээд би яасан юм гээд хэлэхээр нь би дуугарахгүй байсан. Би Мандалтай хоёр пиво уугаад ирсэн гээд уурлаад манай нөхөр миний хөлөөс татаад шалан дээр унагаасан. Тэгээд би яахаараа газар унтдаг юм чи өөрөө газар унт гэж хэлсэн. Тэгэхээр нь би босож ирээд чи болиоч гээд нөхрөө цээжнээс нь хоёр гараараа түлхсэн чинь манай нөхөр намайг баруун гараараа миний зүүн нүд рүү цохиж аваад миний хоолойноос түлхээд хананд наагаад боосон. Тэгээд намайг боосон гараа тавьхаар нь би газар унасан чинь намайг хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би босоод гутлаа аваад гарах гэсэн чинь миний гутлыг булааж аваад миний толгой руу гутлаар цохиод авсан. Гараараа хоёр удаа миний зүүн нүд болон хамар хэсэг рүү цохиод хоолойноос боогоод миний нуруу, хөл хавирга хэсэгт 3 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дахь тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Түвшинтөгсийн: “...2022 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ нөхөр хүүхдийн хамт унтаж байсан чинь хүн хаалга нүдсэн. Тэгэхээр нь хаалга онгойлгосон чинь Г.Уранчимэг байхаар нь орооч гээд манай гэрт орж ирээд “манай нөхөр намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгсэн чинь баруун нүд нь хөхрөөд хавдчихсан, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд би шүд ам нь зүгээр үү гэсэн чинь миний шүд хөдөлчихсөн байна гээд хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл “дунд” гэж үнэлэгдсэн /хх-ийн 35-37 дахь тал/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт-эхнэр нөхөр хоёрын зөрчилтэй харилцаа даамжирсаар 2022 оны 4 сарын 25-нд бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэгдсэн байна. /хх-ийн 38-42 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 218 дугаартай “Т.Уранчимэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун дээд 1,2-р зүүн дээд 1,2-р шүдний сулрал, нүүр, баруун зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх   нотлох   баримтууд   нь   энэ   хэрэгт   хамааралтай,   хуульд   заасан   үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,   прокуророос   шүүхэд   шилжүүлсэн   хэргийн   хүрээнд   шүүгдэгчийн   гэм   буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн  үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Анхзаяаг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Анхзаяа нь хохирогч Г.Уранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол уруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 218 дугаартай “Т.Уранчимэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун дээд 1,2-р зүүн дээд 1,2-р шүдний сулрал, нүүр, баруун зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Анхзаяа нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба тэрхүү үйлчлэлд “...  хамтран амьдрагч, хамаарна”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”  гэж,  мөн   хуулийн   6  дугаар   зүйлийн 6.2-т “Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ”, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тус тус тайлбарлаж хуульчилжээ.

Холбогдогч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хамтран амьдрагч нар болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Б.Анхзаяа нь хамтран амьдрагч Г.Уранчимэгтэй маргалдаж хөлнөөс нь татаж шалан дээр унагаан,  гараараа зүүн нүд рүү цохиж, хоолойноос түлхэж хананд наасан, хөлөөрөө өшиглөсөн, толгой руу гутлаар цохисон, гараараа хоёр удаа зүүн нүд болон хамар хэсэг рүү цохиж хоолойноос боогоод нуруу, хөл хавирга хэсэгт 3 удаа өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Б.Анхзаяад Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 11.6 дугаар   зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Хохирогч эмчилгээний зардалд 360.000 төгрөг, шүдэнд гажиг заслын аппаратад сар бүр 15.000-45.000 төгрөгийг авсан хохирол бүрэн барагдсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул   шүүгдэгчээс төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Анхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн зүгээс прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбар, саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч Б.Анхзаяа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Б.Анхзаяа нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдалд нь торгуулийн хэмжээ тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Анхзаяад улсын яллагчийн санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Анхзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Томбо овогт Байгальмаагийн Анхзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхзаяаг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхзаяа нь шүүхээс оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхзаяа нь оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Б.Анхзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Анхзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БАЯСГАЛАН