| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2022/0156/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/159 |
| Огноо | 2022-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
нарийн бичгийн дарга М. Баярмэнд
улсын яллагч Б.Эрхэмбаяр
шүүгдэгч Б.Дэлгэрсайхан
түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дэлгэрсайханд холбогдох 2223001470157 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 55 настай эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Батсуурь багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Мягмар овогт Барын Дэлгэрсайхан /регистрийн дугаар: ИТ67042131/
Б.Дэлгэрсайхан нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул сум Батсуурь багт эхнэр М.Ариунболдын толгой тус газар цохиж түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж, заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Мягмар овогт Барын Дэлгэрсайхан нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Батсуурь багийн нутагт өөрийн эхнэр М.Ариунболдын толгой тус газар түлхүүр барьсан гараараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Б.Дэлгэрсайхан өөрийнх нь толгойн тус газарт цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч М.Ариунболдын “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд манай нөхөр болох Дэлгэрсайхан хонинд явж ирчхээд ... ямар ч учир шалтгаангүйгээр над руу уурлаж элдвээр харааж загнаж, намайг хэл амаар доромжилж эхэлсэн юмаа. Би юу болоод яагаад надад уурлаад байгаа талаар огт ойлгоогүй ээ. Тэгээд би гэрээсээ гараад зугтаж байгаад хэсэг хугацааны дараа гэртээ ортол манай нөхөр Дэлгэрсайхан нь “түлээгээ буулгахаар явъя” гэж хэлсэн юм. Би нөхрийгөө дагаад машинд ороод суутал миний нөхөр Дэлгэрсайхан шууд миний үснээс зулгаагаад машины түлхүүр барьж байсан гараараа дух руу цохисон чинь духнаас цус гараад байсан. Тэгээд би машинаас буугаад гэрийнхээ гадаа духныхаа цусыг арчиж цэвэрлэсэн. ..Замын туршид миний гар луу болон толгой руу цохиж, үснээс зулгааж “алцгар банзал гичий, пизда минь ална шүү” гэх зэргээр харааж загнаж явсан юмаа...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 05-09 дэх тал/
М.Ариунболд гэртээ ирэх үедээ нүүрэндээ цохиулсан байдалтай ирсэн талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Ц.Сугаррагчаагийн “... Дэлгэрсайхан ах өөрийн эхнэр болох М.Ариунболдын хамтаар намаржааныхаа газарт мод буулгахаар явсан юмаа. Тэгээд тэр хоёр модоо буулгаад нилээн орой 22 цаг болох гэж байхад ирсэн юм. Тэгээд гэрэлд харсан чинь М.Ариунболд эгчийн дух нь хавдаад хөхөрчихсөн байсан. ...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 12-13 дахь тал/
М.Ариунболд нөхөр Б.Дэлгэрсайхандаа цохиулж зодуулсан талаар өөрт нь хэлснийг шууд тусган мэдүүлсэн гэрч М.Цэнд-Аюушийн “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний эгч болох М.Ариунболд нь над руу утсаар залгаад “хүргэн ах чинь намайг зодох гээд байна” гэж хэлсэн юмаа. Тэгээд би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байтал миний том хүү Сугар гэртээ ирээд “Дэлгэрсайхан ах авга эгчийг өчигдөр зодоод духыг нь шалбалаад хаячихсан чинь тэр шархнаас нь цус гоожчихсон байсан” гэж хэлсэн. Гэтэл удалгүй манай эгч М.Ариунболд над руу залгаад “хүргэн ах чинь намайг зодоод алах гээд байна. Чи хүрч ирж намайг аваач” гэж хэлсэн юмаа. Би “яасан, яг юу болоод байгаа юм бэ” гэж асуутал өчигдөр хүргэн ах чинь намайг машиндаа суулгаж авч яваад хээр зогсож байгаад үснээс зулгаагаад дух руу машиныхаа түлхүүртэй гараараа цохичихсон чинь миний дух шалбараад цус гарчихсан. Мөн толгой руу өчнөөн удаа цохсон мөн баруун гарын мөрний хэсэгт гараа атгаж байгаад өчнөөн олон удаа цохисон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 14-16 дахь тал/
Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Дэлгэрсайханы “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би... эхнэр М.Ариунболдыг аваад модоо намаржааныхаа газарт буулгахаар явсан. Би эхнэртэйгээ бага зэрэг маргалдаад уур хүрээд байсан болохоор эхнэрийнхээ дух руу гараа атгаж байгаад нэг удаа цохчихсон чинь духнаас нь цус гараад байсан. Мөн эхнэрийнхээ гар луу нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон чинь гар нь хөхөрчихсөн. ... манай эхнэр Ариунболд нь “малаа зараад Улаанбаатар хотод амьдармаар байна” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ, малаа зарчихвал юугаараа амьдрах юм бэ” гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд тэр маргаанаас болоод миний уур гарахгүй байж байтал манай эхнэр ажил ихтэй, нүүдэл суудал гээд завгүй байсан үед түргэн хөдлөөд гэрийн ажлаас хамжилцаад хийгээд өгөхгүй байхаар нь уур хүрээд эхнэртээ гар хүрчихсэн юм...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 37-39 дэх тал/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дэлгэрсайханы үйлдлийн улмаас хохирогч М.Ариунболдын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 000000430 дугаартай “...1.М.Ариунболдын биед гэмтэл учирсан байна. 2.М.Ариунболдын биед тархи доргилт духны баруун дээд хэсэгт хавдар цус хуралт, шарх, баруун бугалганы гадна дээд хэсэгт, баруун шууны гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4.Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Иргэн М.Ариунболдын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. /хэргийн 24-25 дахь тал /
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Шүүгдэгч нь хохирогчийн толгойн тус газар цохиход хүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.Дэлгэрсайхан хохирогч М.Ариунболдын толгой хэсэгт нь цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Дэлгэрсайхан нь хохирогчийн толгой руу цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Б.Дэлгэрсайхан нь хохирогч М.Ариунболдын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд Б.Дэлгэрсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч М.Дэлгэрсайханы хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Б.Дэлгэрсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчээс хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар заасан эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан. Шүүгдэгч Б.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй учир уг гэмт хэрэг хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан баримтаар тогтоогдож байна. Мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь нийгмийн хариуцлагын хүрээнд амьжиргааны түвшин доогуур, орлого багатай өрхүүдийн нэр бүхий оюутны сургалтын төлбөрийг төлсөн нь Завхан аймгийн Цэцэн-уул сумын засаг даргын 1/84 дугаартай албан бичгээр, мөн 2019 онд Алтангадас одонгоор, 2012 онд Хөдөлмөрийн хүндэт тэмдгээр, 2019 онд нигүүлсэнгүй үйлст манлай малчин одонгоор, 2014 онд улсын аварга малчнаар шалгарч шагнагдсан, 2022 онд Монгол Улсын гавьяат малчны болзол хангасан нь тус сумын засаг даргын 1/83 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Хэдийгээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, шүүгдэгч төрийн одон медалиар шагнагдаж байсан, нийгмийн хариуцлагын хүрээнд 4 оюутны сургалтын төлбөрийг төлж байсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх” гэж заасныг журамлан оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн зорилготой нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мягмар овогт Барын Дэлгэрсайханыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрсайханыг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Б.Дэлгэрсайханд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 470.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Дэлгэрсайханд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ