Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Т.Баатархүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Баатархүүд холбогдох эрүүгийн 2230000000054 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны ........ дүгээр сарын ......-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3. хамт....... Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 9 дүгээр баг, Хайлаастын 21-07 тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ........ овогт ...................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Т.Баатархүү нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Дөрвөлжийн 15-01 тоотод хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч хагас автомат угаалгын машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Ц.Ууганчимэгт 210,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Т.Баатархүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн  үед  архи  уусан  байсан. Ц.Ууганчимэгийн гэрээс угаалгын машин авсан нь үнэн. Угаалгын машиныг нь хохирогчид буцааж өгсөн...”  гэв.     

Эрүүгийн 2230000000054 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Т.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Отгонборын хамт Энхтуяа гэх айлд архи ууж байсан юм. Тухайн айлын баруун урд талд нь надтай хамтран амьдарч байсан Ууганчимэг гэх эмэгтэй гэр байдаг. Энхтуяа эгчийн гэрээс 18 цагийн орчим гараад Ууганчимэгийн хашаа руу орж байшингийн цоожийг нь гараараа хүчтэй татсан чинь цоожны цүү нь эвдэрч хаалга нь онгойсон. Тэгээд дотроос нь үүдэнд байдаг угаалгын машиныг нь авч гараад хойд талын хашаагүй байшингийн ард зогсож байгаад Отгонбор ахтай таарсан. Би тухайн үед “энэ угаалгын машиныг хүнээс өрөндөө авч байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд авсан угаалгын машинаа Энхтуяа эгчийн зуны байшинд нь оруулж үлдээгээд гэр лүүгээ явж амарсан” гэх, /хх 50-51 дугаар хуудас/

Хохирогч Ц.Ууганчимэгийн “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 15-01 тоотод ганцаараа амьдардаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 07 цаг 30 минутад ажилдаа яваад орой гэртээ 19 цаг өнгөрөөгөөд иртэл манай байшингийн цоожийг нь эвдэж, гэрт байсан угаалгын машиныг хулгайлсан байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай угаалгын машин хагас автомат, цагаан өнгөтэй. Би 2019 онд Улаанбаатар хотоос 300,000 төгрөгөөр авч байсан. Зах зээлийн үнэ, ханшаар нь үнэлнэ. Би гэртээ ганцаараа амьдардаг. Уг угаалгын машиныг би өөрөө мөнгөөрөө авч байсан. Тийм болохоор намайг эзэнгүй үед ирж авах хүн байхгүй. Энэ бол хулгай гэж үзэж байна” гэх /хх 22 дугаар хуудас/,

Гэрч Ц.Отгонборын “...Би Баруун-Урт сумын 9-р баг Хайлаастын 14-21 тоотод оршин суудаг юм. Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой 17-18 цагийн хооронд Дөрвөлжийн ард байдаг /тоотыг нь мэдэхгүй/ бэр эгч Б.Энхтуяагийн гэр рүү явж байтал миний зүс таних Баатархүү гэдэг залуу Ууганчимэг гэдэг айлын хойд талын байшингийн ард зогсож байхаар нь очтол хажуудаа хагас автомат угаалгын машин тавьчихсан “энийг хаана тавих уу? Хүнээс өрөндөө авч байна гэхээр” нь тэгвэл манай эгчийнд түр тавьчих гээд Б.Энхтуяа эгчийн хүнгүй байшинд үлдээсэн. Тухайн үед Баатархүү нь архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн халамцуу байсан. Хуучин, цагаан өнгийн хагас автомат угаалгын машин байсан. Надад хэлэхдээ Ууганчимэгийн гэрээс авсан гэж байсан” гэх /хх 26 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Т.Баатархүүг эрэн сурвалжилсан зарлах хуудаснууд /хх 7-19 дүгээр хуудас/
  • Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2202017 дугаартай “...хулгайд алдагдсан хагас автомат угаалгын машины зах зээлийн үнэлгээ 210,000 төгрөг” гэх дүгнэлт /хх 31-41 дүгээр хуудас/
  • Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан  тэмдэглэл
  • Шүүгдэгч Т.Баатархүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Т.Баатархүүгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 58-63 дугаар хуудас/
  • Хохирогч Ц.Ууганчимэгийн “хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх 65 дугаар хуудас/

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Баатархүү нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Дөрвөлжийн 15-01 тоотод хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч хагас автомат угаалгын машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Ц.Ууганчимэгт 210,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Ууганчимэг, гэрч Ц.Отгонбор нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2202017 дугаартай дүгнэлт, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан  тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн  орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг тус тус ойлгоно.

Тодруулбал, шүүгдэгч Т.Баатархүү нь  хохирогч Ц.Ууганчимэгийн гэрийн хаалгыг хүчтэй татан, хаалганы цүүг эвдлэн орж хагас угаалгын машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөх эрхэд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

  Прокуророос шүүгдэгч Т.Баатархүүгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Баатархүүг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Баатархүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Баатархүүгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “...шүүгдэгч Т.Баатархүүгийн үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, бага бус хэмжээний хохирол учруулсан боловч бусдын байнга амьдрах орон сууцанд нэвтэрч үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл  байдал  тогтоогдсон.  Түүнд эрүүгийн  хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар буцаан олгосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчийн яллаж байгаа тухайн зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна. Миний үйлчлүүлэгч нь тухайн гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол хор уршгийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3  дахь хэсэгт “тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан  ялын  доод  хэмжээний  хоёрны  нэгээс  багагүй”  гэж зааснаар 1 жилийн хугацаагаар  хорих  ял  оногдуулж  өгнө  үү...” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн бөгөөд шүүгдэгч Т.Баатархүү нь хүнд гэмт хэрэг үйлдсэн, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, түүний хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Баатархүүд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Баатархүү нь хохирогч Ц.Ууганчимэгийн эд хөрөнгөд  санаатай учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн ба шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ууганчимэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар

Шүүгдэгч М.Ганбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Я овогт Т.Б-г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Баатархүүг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Баатархүүд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Баатархүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Т.Баатархүү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Баатархүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ