| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0798/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/946 |
| Огноо | 2022-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/946
2022 10 05 2022/ШЦТ/946
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч М.Гансувд,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Шагдараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт Э-ийн Эд холбогдох .. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 05 дугаар сарын 21-ний өдөр С.. аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт ................. тоотод оршин суудаг, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 20.. оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 369 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 09 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, уг ял биелээгүй гэх, Боржигон ургийн овогт . Э, /РД:....../.
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тойргийн орчимд н.А гэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хянах чадваргүй байхад нь түүний халааснаас хохирогч Б.Уын өмчлөлийн Айфоне 8 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Э.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Д.Нтай маргалдан улмаар төмөр усны саваар толгойн тус газар нь цохиж биед нь баруун чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн ... дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч М.Гансувдаас:
-Хохирогч Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
-Гэрч О.Х-гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайланг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),
-Хохирогч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 45-46, 48, 50 дугаар тал),
-Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),
-Гэрч С.Огийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 56 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 5923 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 64-65 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Э.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг гаргасан болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбын тойргийн орчимд н.А гэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хянах чадваргүй байхад нь түүний халааснаас хохирогч Б.Уын өмчлөлийн Айфоне 8 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Хохирогч Б.Уын “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би А, Ла нартай цуг Д-ын тойргийн тэнд гудамжинд архи уусан, тэгээд архи ууж байхдаа Ад гар утсаа хадгалуулчхаад Л ахын гэр лүү нь очоод буцаад ирсэн чинь А надад гар утсыг Э, Б 2 аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө бид 3 Л ахын гэрт очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь ...Ба- буюу Эг хайж олоод утсаа авъя гэсэн чинь 7 буудалд хүнд зарсан гэж Э хэлсэн... Миний гар утсыг эхнэр авчихсан байсан, одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
- Гэрч О.Х-ын “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Болороо гээд нохойн хоол зардаг эгч намайг ажил дээрээ байхад улаан өнгийн Айфоне 8 загварын гар утас барьж орж ирээд “ай ди код байна уу” хараад өгөөч гэхээр нь утсыг нь үзэхэд ай ди кодтой байна, ашиглах боломжгүй гэж хэлсэн чинь зарвал хэдэн төгрөгөөр авах вэ гэж асуухаар нь нээх үнэд хүрэхгүй сэлбэгэнд авбал авна” гэсэн чинь тэр эгч гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд “чи авбал ав” гэхээр нь би “хэдээр өгөх юм бэ, 30.000 болох юм уу” гэхэд болно гэж хэлэхээр нь би ажилтай байсан болохоор Н- гээд таксинд явдаг ахад мөнгө өгч явуулж гар утсыг авчруулсан. Б- гэгч надад манай хүүхдийн утас, ай диг нь хараад өгөөч гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар,
2. Э.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “. ” нэртэй хүнсний дэлгүүрийн орчим цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Д.Нтай маргалдан улмаар төмөр усны саваар толгойн тус газар нь цохиж биед нь баруун чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Д.Нын “... Би өнөөдөр өглөө 1000 цагаас хойш архи ууж байна. Олон хүмүүстэй хамт уусан болохоор энэ гэж хэлж чадахгүй байна. Архи уусан халуундаа “Дамбын хийд”-ийн орчим ирээд Э.Б, Э.Э нартай таарсан. Хэн архи авсан талаар санахгүй байна. Тэгээд “Дамбадаржаа”-гийн орчим гэрлэн дохионы орчим зогсоод архи уусан. Миний хамгийн сайн санаж байгаа хүн гэвэл Эрдэнэбилэгийн Б, Эрдэнэбилэгийн Э, н.О нар байсныг бол сайн санаж байна... Уусан архиндаа халаад Э.Б надаас архи харамлаад хөөсөн юм... Би Дамбад нүүж ирээд 5-6 жил болж байна. н.Отай архи ууж байгаад “Да.”-ийн архичдыг мэдэх болсон. Толгойны зүүн хэсэг хагарч цус гарсан. “Д.”-ын гэрлэн дохионы хажууд байрлах “Юнител”-ийн хажууд архиа харамлаад шууд цохисон. Би архийг нь уух гээд дагасан... Миний толгой руу Э.Э цохиж гэмтэл учруулсан. Э.Б эхлээд “А-” дээр таараад маргалдаад байж байхад Э.Э хажуугаас орж ирээд шууд... толгой луу цохисон. Би юугаар цохисныг нь хараагүй. Би чулуу байх гэж бодож байна. Би н.О, н.М- нартай 1 шил архи хувааж уусан байсан. Өөрийгөө удирдах чадвартай байсан... надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 45-46, 48, 50 дугаар тал),
-Гэрч Э.Б “...Өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр найз н.О- , эгч Э, найз н.Н- бид хэд “Д-”-ийн орчим дөрвүүлээ 0,75 литрийн “Хараа” архи хувааж уусан. Тал архиа ууж бараагүй учраас н.О- , н.Н- хоёрыг гэр лүү авч явъя гэтэл н.О- , н.Э эгч хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгсэн н.Н-, н.О- г өмөөрөөд н.Э эгчийг өшиглөөд авсан. Би тэр хэрүүлд оролцоогүй зогсож байсан. Манай ах н.Б. 1600 цагт ирээд “Цалин өгнө” гэсэн учраас би нэг их уухгүй, нэг нэг өнжөөд зогсож байсан. Тэгээд н.Н-, н.О- , н.Э эгч хоорондоо муудалцаад ноцолдоод байсан. О.. гэж дууддаг н.Э эгч хийдийн хажууд байсан хатуу гадаргуутай ундааны саваар н.Н-гийн толгойд цохиод авсан чинь н.О- түрүүлж яваад цагдаа дуудсан. Тэгээд нааш яваад “А-”-ийн тэнд зогсож байтал цагдаа нар ирээд аваад явсан. Бид нар нийт 2 шил 0,75 литрийн “Хараа” архи уусан... Би н.Н- гэх нэрээр мэднэ... Би болсон явдлаа санаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),
-Гэрч С.Огийн “...Тэр өдөр “А-” дэлгүүрийн үүдэнд н.М-, Д.Н бид 3 байж байхад Э.Б, Э.Э нартай тааралдсан. Тэгээд Д.Ныг Б нэгжээд эхлэхээр нь Д.Н уурласан чинь хажуугаар нь Э.Э орж ирээд толгой руу нь цохисон чинь Д.Н газар унасан. Тэгээд н.М- эгч “хүн аллаа, болиоч ээ" гээд салгах гээд оролдсон чинь Э.Э хойш нь түлхсэн. Тэгээд Д.Ныг босгож ирсэн чинь толгойноос нь их хэмжээний цус гараад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал),
-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “...1.Д.Нын биед баруун чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 5923 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 64-65 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.
Шүүгдэгч Э.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн шүүгдэгч Э.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд энэ нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Тодруулбал, шүүгдэгч Э.Э нь хохирогчийн биед халдаж, толгойн хэсэгт цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэн санаатай үйлдэл мөн.
Прокуророос хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж тус тус зүйлчилсэн нь зөв, тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээгээр хохирогч Б.Уын Айфоне 8 загварын гар утсыг 350,000 төгрөгөөр (хавтаст хэргийн 28-30 дугаар тал) үнэлсэн бөгөөд хохирогч Б.У утсаа биет байдлаар буцаан авсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хохирогч Д.Наас хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс хохирогч нарт гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ялын саналыг дараах байдлаар гаргасан болно. Үүнд:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ял дээр 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлж 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 9 сар 10 хоногийн хорих ялаар тогтоох,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 сар 10 хоногийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийх ялын ажлын найман цагийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлж 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналыг, шүүгдэгч “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хулгайлах гэмт хэрэг, хүний халдашгүй дархан эрхэд хууль бусаар халдаж гэмтэл учруулах нь нийгэмд аюултай гэмт хэрэг юм. Шүүгдэгч нь удаа дараа гэмт хэрэгт холбогдсон тул гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүхээс дараах эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хорих ял дээр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлж 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийх ялын ажлын найман цагийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлж 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Эг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 47 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Эрдэнэбилэгийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх тул уг ялын ажлын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 08 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН