Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 933

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

                Нэхэмжлэгч: Ш овогт С-ын Г-ын нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: УАӨСЗД-д холбогдох,

            Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил болох Дунд гол дээр баригдах гүүрийн ажлын тендерт оролцож ялалт байгуулан сумын Засаг даргын тамгын газрын даргатай гүүр барих тухай гэрээг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан болно. Гэрээний үнэ 4.000.000 төгрөг бөгөөд гэрээ байгуулмагц 30%, ажлын гүйцэтгэл 70% хүрэхэд дахин 30%-тай тэнцэх мөнгөө авсан бөгөөд гэрээ ёсоор ажлаа хийж гүйцэтгэн 2018 оны 7 дугаар сарын 17-нд комисст хүлээлгэн өгсөн болно. Гүүр хүлээлгэн өгөөд гэрээний дагуу үлдэгдэл 40% буюу 1.600.000 төгрөг авах байсан. Хүлээлгэн өгөхөд ажлын ямар нэг алдаа дутагдал гараагүй бөгөөд хүлээлгэн өгснөөс хойш манай сумын нутаг дэвсгэрт их хэмжээний аадар бороо орсны улмаас Дунд гол дээр барьсан гүүр усанд урсаж эвдэрсэн. Энэ нь миний буруу биш, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлээр болсон. Гэтэл С дарга гэрээний үлдэгдэл мөнгө болох 1.600.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа бөгөөд хэлэхээр урдаас хэл амаар доромжилж хөөж гаргаж байна. Байгалийн гамшигт үзэгдэл болсон талаар Онцгой байдын хэлтсийн дүгнэлт гарсан болно. Иймд гэрээгээр ажил гүйцэтгэсний үлдэгдэл төлбөр болох 1.600.000 төгрөгийг Өндөрхангай сумын Засаг даргаас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн Дунд голд гүүр барих ажлыг С.Г ахлагчтай иргэдийн бүлэг чанарын шаардлага хангаж хийгээгүйн улмаас тус гүүр нь үерт урсан алга болсон. Энэ талаар дүгнэж үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Тухайн үнэлгээний хороо нь хууль журмын дагуу шаардлага хангасан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, компани, иргэдийн бүлгээ зөв сонгоогүй. С.Г ахлагчтай иргэдийн бүлэг нь ажлын даалгавраа зөрчиж тухайн гүүрийг барьсан. Модоор хийх ажлын даалгавартай байтал төмөрөөр уг гүүрийг хийсэн. Сумын Засаг даргын захирамжаар үнэлгээний хороог байгуулах байтал Тамгын газрын дарга өөрөө үнэлгээний хороогоо байгуулан тус тэндерт өөрөө хөндлөнгөөс оролцсон. Мөн сумын ажлын хэсэг хүлээж аваагүй байхад уг гүүр нь ашиглах боломжгүй болсон ба анх гүүр барихдаа газрын байршлыг зөв сонгоогүй. Дээрх шалтгаануудыг үндэслээд уг ажлын үлдэгдэл санхүүжилт болох 40 хувь буюу 1.600.000 төгрөгийг хуулийн дагуу гаргаж өгөх боломжгүй болно” гэжээ.

                  Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч УАӨСЗД-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

             Хариуцагч нь “Дунд голд гүүр барих ажлыг С.Г ахлагчтай иргэдийн булэг чанарын шаардлага хангаж хийгээгүйн улмаас тус гүүр нь цаашид ашиглах боломжгүй болсон. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 1.600.000 төгрөгийг төлөх боломжгүй” гэж маргаж байна.

         УАӨСЗД-ын тамгын газар болон С.Г нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ӨХ2018/06 дугаартай “Дунд голд гүүр барих ажлыг гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр тус сумын нутаг дэвсгэрт байрлах Дунд голд гүүр барих ажлыг 4.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэн, ажлаа 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр эхэлж, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна.         

          Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

             Ажил гүйцэтгэгч С.Г нь гэрээгээр тохирсон хугацаандаа гүйцэтгэсэн ажлын үр дүнг 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Дунд голын гүүрийг барьсан ажлын гүйцэтгэлийг хянаж ашиглалтад хүлээж авсан ажлын хэсгийн тайлан дүгнэлтээр тогтоогдож байх тул захиалагч тал ажлын хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ.

         Өндөрхангай сумын нутаг дэвсгэрт байрлах дунд голд барьсан гүүр нь чанарын шаардлага хангаж хийгээгүйн улмаас бус гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас ашиглах боломжгүй болсон нь Увс аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай актаар тогтоогдож байх тул хариуцагчийн “Дунд голд гүүр барих ажлыг С.Г ахлагчтай иргэдийн бүлэг чанарын шаардлага хангаж хийгээгүйн улмаас тус гүүр нь цаашид ашиглах боломжгүй болсон” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

             Нэхэмжлэгч С.Г нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт хүлээлгэн өгсөн байх ба энэхүү хугацааны дараа буюу мөн өдрийн 10:00-12:00 цагийн хооронд байгалийн гамшигт үзэгдэл болсон байна.

            Ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид шилжүүлсний дараа гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал буюу байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тухайн ажлын үр дүн устсан, гэмтсэн тохиолдолд бий болох эрсдэлийг захиалагч тал хариуцдаг болно.

           Иймд дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын ажлын алба болох тус сумын Засаг даргын тамгын газраас 1.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Год олгож шийдвэрлэв. 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хариуцагч УАӨСЗД-ын тамгын газраас 40.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгох нь зүйтэй.

         Хариуцагч Ц.С-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УАӨСЗД-ын тамгын газраас 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 /дөчин мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УАӨСЗД-н тамгын газраас 40.550 /дөчин мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-д олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ