Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1023

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

                Нэхэмжлэгч:  Б овогт Д-ын Э-ийн нэхэмжлэлтэй,

               Хариуцагч: Ш овогт Б-ийн Б-д холбогдох,

            Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1993 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. Улмаар 2003 онд Цагаанхайрхан сумын дунд сургуульд элсэн орсон. Энэ цаг үеэс хойш Б овогтой Б-эй танилцан найзалж байгаад 2013 онд нэг нэгнийхээ гэрээр орж, гардаг болж, ээж, аав нь ч мэддэг болсон. Улмаар 2015 онд бие давхар буюу жирэмсэн болж, 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаангом сумын Төрөх тасагт хүү Э.Х-ээ төрүүлсэн нь үнэн болно. Миний хүү Э.Х нь Б.Б-ийн хүүхэд мөн, гэтэл Б.Б нь миний хүүхэд биш, намайг хүүхдээ авахуул гэж удаа дараа дарамталж байсан. Мөн эгч болон гэр бүлийнхэн нь намайг янз бүрийн үгээр доромжилж, дарамталж байсан. Үүний улмаас бид хоёр салж, 2015 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Иймд Б.Б-с хүү Э.Х-д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

              Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

               Хариуцагч Б.Б-д нэхэмжлэлийн хувийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.

          Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д.Э, Б.Б  нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаатай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид нь 2015 оны 8 дугаар сараас гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон байна.

          Тэдний дундаас 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүү Э.Х төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь Э.Х-ийг өөрийн хүүхэд мөн эсэх талаар маргаагүй болно.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ” гэж заасан ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилсан байдаг.

             Иймд хүү Э.Х нь эх Д.Э-ийн асрамжид өсөж, торниж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу Б овогт Э-ийн Х-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-өөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-өөс 30.182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т олгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б овогт Э-ийн Х-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-өөр тэжээн тэтгүүлсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-өөс 30.182 /гучин мянга нэг зуун наян хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ