Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Г.Баясгалан /томилолтоор/,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн 2203 00000 0336 дугаартай хэрэгт ******* овогт *******гий *******ийг холбогдуулан яллах дүгнэлт /№337/ үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суудаг, урьд ******* аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3/87 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Г.******* 2022 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 23 цаг 30 минутын үед “” чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэг, зөрлөгөөс хөдлөөд явж байх үед, 11 дүгээр вагоны бие засах өрөөнд Ц.ын мартсан, гээгдэл 1.500.000 төгрөгийн үнэ бүхий “I-phone 11 pro max” загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Г.******* 2022 оны 06 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 23 цаг 30 минутын үед “” чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэгний 11 дүгээр вагонд явж байхдаа зөрлөгөөс хөдлөөд явж байх үед бие засах өрөөнд Ц.ын мартсан, гээгдэл 1.500.000 төгрөгийн үнэ бүхий “I-phone 11 pro max” загварын гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

- хохирогч Ц.ын “...2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 23 цаг 40 минутын үед өртөөд явж байхад би галт тэрэгний бие засах өрөө лүү орж өмдөө сольсон. Бие засах өрөөнд өмдөө сольж байхдаа гар утсаа унагаах гээд байхаар нь нойлын цаас тавьдаг тавиур дээр өөрийн I phone-11 про макс загварын гар утсаа тавьсан. Гартаа олон юм барьсан болохоор тэр үедээ гар утсаа мартаад гараад явсан. Зорчиж явсан суудал дээрээ очоод унтах гээд хэвтэж байхдаа гар утсаа шалгатал байхгүй байхаар нь бие засах өрөөнд тавьснаа санаад 3 минутын дараа яваад очтол миний утас алдагдсан байсан. Би хамгийн түрүүнд гарсан хүн болох настай эмэгтэй хүнээс гар утсаа асуухад мэдэхгүй гэж хэлэхээр нь таны өмнө ямар хүн орсон бэ гэхэд эрэгтэй хүн орсон би хаана сууж явааг нь хэлээд өгье гэж хэлээд надад зааж өгсөн. Би зааж өгсөн хүн дээр очтол нэг эрэгтэй 30 орчим насны хүн байсан. Тэр хүнээс бие засах өрөөнд миний гар утсыг харсан уу гэхэд би хараагүй гэж тэр хүн хэлсэн. Дахиж явж очоод асуутал би чиний гар утсыг харах ёстой юм уу мэдэхгүй гэж хэлээд байна гэж уурласан. Вагоны үйлчлэгчид гар утсаа алдсан талаар хэлээд хажуу талын вагоны цагдаа дээр очоод гар утсаа бие засах өрөөнд мартаад алдсан талаар хэлээд миний зорчиж явсан вагонд очоод бие засах өрөөнд сайтар үзсэн, вагоны үйлчлэгч чиний гар утсаа асуугаад байсан цагаан цамцтай эрэгтэй хүн та хэдийг орж ирэнгүүт зөрөөд хурдан гарлаа тэр их нотой гэж хэлсэн. Тэр хүний араас нэг цагдаа явсан. Удалгүй цагдаа гар утсыг чинь оллоо гэж хэлсэн. Миний гар утсыг бие засах өрөөнөөс гарч ирсэн настай эмэгтэйн үааж өгсөн эрэгтэй авсан байна лэ. Тэр хүн анхнаасаа миний гар утсыг шууд авах санаатай мэдэхгүй гэж надад хэлсэн байна лэ” гэх мэдүүлэг  /хх 30-31 дэх тал/,

- Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үед вагон дотор явж байгаад бие засах өрөөнд ороход утас хажууд байсан. Би авсны дараа эзэн нь уг нь хайж ирсэн. Хамт олонтойгоо явж байсан болохоор гаргаж өгч чадалгүй, таамбарт байж байгаад цагдаад өгсөн” гэх мэдүүлэг, 

- “Файн Эстимэйт” ХХК-ийн гар утсанд хийсэн үнэлгээ “Ц.ын I phone 11 pro max гар утасны зах зээлийн тооцоолсон үнийн дүн 1.500.000 төгрөг /хх 61-65 дэх тал/,

- Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл “Хар өнгийн резинэн гэртэй, ар хэсэг шилэн, хэрэглээний сэвтэй, хагарч цуурсан зүйл байхгүй, I phone-11 про макс загварын гар утас 1 ширхгийг эд мөрийн баримтаар Г.*******өөс хураан авав” гэж тэмдэглэсэн байна. /хх 10-11 дэх тал/,

- эд зүйл үзлэг хийсэн болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл - Г.*******өөс хураан авсан 1 ширхэг I phone-11 про макс загварын гар утсан үзлэг хийсэн байна. /хх 12-14 дэх тал/,

- гэрч Г.ын “...Хохирогч Ц. нь 11 дүгээр вагоны хажуугийн 2 давхарт хэвтэж байсан эрэгтэй хүн авсан байх магадлалтай гэж хэлэхээр нь явж очоод энэ залуу бие засах өрөөнд гар утсаа мартаад алдсан байна, та араас нь удалгүй орсон гэж хүн хэллээ гэж алдагдсан гар утсыг харсан уу гэж асуухад хараагүй мэдэхгүй би харж байх ёстой юм уу, бид нарыг юу гэж бодоод байгаа юм гэж тухайн эрэгтэй хүн хэлсэн. Би хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахдагч т 9 дүгээр местнээс эхлээд бүх хүнийг шалга гэж явуулаад би өөрөө 5 дугаар местэнд алхаж яваад нүднийхээ булангаар харахад 3 дугаар местэд зорчиж явж байсан эрэгтэй хүн местнээсээ буугаад 12 дугаар вагоны үүдний тампур хэсэг рүү явсан. Араас нь би хохирогчийн дугаар луу залгаад явж очтол 3 дугаар местэнд зорчиж явсан эрэгтэй хүн гар утас шатны доор нууж байсан.” гэх мэдүүлэг /хх 34-35, 38-39 дэх тал/,

- гэрч Г.ын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ээлжээ аваад 9 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотоос сум руу вагоноор явж байхад орой унтах гэж байхад нэг танихгүй залуу ирээд манай хамт ажилладаг залуу *******ийг та сая миний араас бие засах өрөө лүү орсон уу би сая утсаа үлдээсэн байна та аваагүй биз гэж асуусан чинь ******* үгүй ээ би хараагүй гэсэн чинь нөгөө танихгүй залууманай хамт явж байсан залуу руу та миний утсыг авсан юм биш үү гаргаад өгчих гээд дайраад байж байтал удалгүй цагдаа ирээд надад танай хамт явж байгаа ******* гэх залуу авсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 44 дэх тал/,

- гэрч С.гийн “...******* ах нойл орж бие засчихаад ирсэн. Тэгээд бид нарыг тоглож байхад нэг танихгүй залуу ирээд ******* ахаас та миний утсыг харсан уу би утсаа нойлд үлдээсэн байна гэсэн ******* ах би хараагүй гэхэд нөгөө залуу таны араас өөр хүн орсон уу гэхэд мэдэхгүй анзаараагүй гэсэн. Тэгээд 20-30 минутын дараа утсаа алдсан залуу цагдаа дагуулаад ирсэн тэгсэн чинь ******* ******* ах зөрөөд нөгөө тал руу нь гараад явсан...араас нь цагдаа яваад удалгүй утсыг нь гаргаад ирсэн тэгээд цагдаа ******* ахыг чи сая гар утсыг нь үүдний шалан дээр тавьсан байна ш дэ явж мэдүүлэг өгнө гээд ******* ахыг дагуулаад явсан.” гэх мэдүүлэг  /хх 42 дахь тал/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.******* нь бие засах өрөөнд үлдээсэн гээгдэл эд хөрөнгө болох I phone-11 pro max загварын гар утсыг бусдын эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсан байна.  

Шүүгдэгч Г.*******ийн бусдын эд хөрөнгө болох I phone-11 pro max загварын гар утсыг завшсан үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан атлаа бусдад хохирол, хор уршиг учруулжээ.

  Мөн Г.*******ийн завшсан I phone-11 pro max загварын гар утас нь хөндлөнгийн үнэлгээний “Файн Эстимэйт” ХХК-ий үнэлгээгээр зах зээлийн тооцоолсон үнийн дүн 1.500.000 төгрөг /хх 61-65 дэх тал/ болохыг тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгтжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж 0-300.000 төгрөгийг бага хэмжээний хохиролд тооцохоор хуульчилсан тул 1.500.000 төгрөг нь бага хэмжээнээс дээш хохирол болно.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....гээгдэл эд хөрөнгө, ...-г бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах  тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Г.*******ийг “гээгдэл эд хөрөнгө завшсан” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

1.4. Хохирол, хор уршиг.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ад I phone-11 pro max загварын гар утасыг завшиж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Файн Эстимэйт” ХХК-ий үнэлгээний тайлан /хх 61-65 дэх тал/-аар тогтоогдсон байна.

Хохирогч Ц.ад гээгдэл эд хөрөнгө болох I phone-11 pro max загварын гар утсыг хүлээлгэн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх 12-14 дэх тал/-ээр хохирогч I phone-11 pro max загварын гар утсыг хүлээлгэн авсан болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор яллагдагчтай тохирсон эрүүгийн хариуцлагын хүрээнд, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч хохирол төлбөрийг төлж барагдуулсан эдгээр бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна....” гэж дүгнэлтийг танилцуулсан.

Шүүгдэгч Г.******* торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүх шүүгдэгч Г.*******ийг “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай тул өөрөө орлого олох боломжтой байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /төрвөн зуун тавинн нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

 Хэрэв шүүгдэгч нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Г.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 2203000000336 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             П.БАЯСГАЛАН