Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/949

 

2022           10          06                                 2022/ШЦТ/949

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч Ө.Т,

Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т, Т нарт холбогдох эрүүгийн 2209000000775 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг (такси үйлчилгээнд явдаг), ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т, /РД: ......./;

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депо машинист ажилтай, ам бүл 2, эхийн хамт ..........тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон ургийн овогт Т, /РД: /.

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга

Шүүгдэгч Ө.Т, Т.Т нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 0300 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодой” зуслангийн орчим .......... улсын дугаартай Тоёота Коралла (Toyota Corolla) загварын тээврийн хэрэгсэл дотор иргэн Б.Гт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж түүний Нөүт 5 /Note 5/ загварын гар утасны нууц үгийг хийлгэн гар утсыг нээж улмаар “Хаан” банкны “Khan Bank” нэртэй апплакейшнээр нь нэвтэрч тус апплакейшны нэвтрэх нэр, нууц үгийг сольж хохирогч Б.Гын ........ данснаас нь 2,787,000 төгрөгийг иргэн В.Вгийн Хаан банкны ......... дугаартай данс руу “Chimgeebvjin” гэсэн утгаар шилжүүлэн дээрэмдэн авч 2,787,000 төгрөгийн, мөн хохирогчийн өмсөж явсан хүрмийг ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг нууж, халхлах зорилгоор мөн дээрэмдэн авч 34,000 төгрөгийн нийт 2,821,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2209000000775 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч Г.Цогтмагнайгаас:

-Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Ө.Т, Т.Т нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрөө өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Мөн шүүгдэгч нар шүүх хуралдаанд хэлсэн эцсийн үгэндээ “Гэм буруугаа ойлгон ухамсарлаж байгаа, хөнгөн ял хариуцлага оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг илэрхийлсэн болно.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ө.Т, Т.Т нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 0300 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодой” зуслангийн орчим ........... улсын дугаартай Тоёота Коралла загварын тээврийн хэрэгсэл дотор иргэн Б.Гт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж түүний Нөүт 5 загварын гар утасны нууц үгийг хийлгэн гар утсыг нээж улмаар “Хаан” банкны апплакейшнээр нь нэвтэрч тус апплакейшны нэвтрэх нэр, нууц үгийг сольж хохирогч Б.Гын 5497026708 данснаас нь 2,787,000 төгрөгийг иргэн В.Вгийн Хаан банкны ........... дугаартай данс руу “Chimgeebvjin” гэсэн утгаар шилжүүлэн дээрэмдэн авч 2,787,000 төгрөгийн, хохирогчийн өмсөж явсан хүрмийг 20-38 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг нууж, халхлах зорилгоор мөн дээрэмдэн авч 34,000 төгрөгийн, нийт 2,821,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

-Хохирогч Б.Гын “... 2022 оны 04 дүгээр сарын 08-ны орой 2100 цагаас эхэлж найз н.А хамт гудамд архи уугаад “Хархорин” захын ард тал дээр очоод тэнд бааранд орсон. Бааранд 2 шил архи уучхаад гараад такси бариад “Их засаг” руу найзынх руугаа явсан. Тэгтэл таксинд явж байсан хүн “Мөнгө төгрөгөө өгөхгүй байна” гээд таксины жолоочийн хажууд сууж байсан залуу нь хойшоо орж ирж суугаад муудалцаад цохиод байсан. Сүүлдээ халаас уудлаад миний гар утсыг аваад “Кодоо хий” гэхээр нь би хурууны хээгээ уншуулаад нээж өгсөн. Тэр залуу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь сольсон. Тэгээд хоолой дээр хутга мэт зүйл тулгаад байсан. Тэгээд жолоочтойгоо ээлжилж байраа сольж суугаад яваад байсан. Би хаашаа явсныг мэдээгүй. Тэгээд намайг нэг автобусны буудал дээр буулгаж хаяхаар нь би номерыг нь харах гэтэл миний хүрмээр машиныхаа номерыг дарсан байсан. Тэгээд би цагдаад хандсан. Миний дансанд 2,700,000 төгрөг байсныг ..........дугаартай данс руу 2022 оны 04 дүгээр сарын 09-ний оройн 03 цаг 10 минутад шилжүүлсэн байсан. Миний хар өнгийн хүрмийг аваад явсан. Таксины жолоочийн хажууд сууж байсан залуу намайг эхэлж зодож гар утасны кодыг нээлгэж халаас уудлаад байсан. Ард нь таксины жолооч зодсон. Жолоочийн хажууд байсан залуутай зөндөө зодолдсон. Миний биеийн хаана цохисныг мэдэхгүй байна. Машин нь цагаан өнгөтэй, маркийг нь санахгүй байна. “Хар хорин”-гийн автобусны буудал дээрээс суусан. Энэ хүмүүсийг би танихгүй, гомдолтой байна, хохирлоо бүрэн авмаар байна. ...Би Note 5 загварын гар утастай байсан. Миний гар утас кодтой мөн хурууны хээ уншдаг юм. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна, гэхдээ тэр 2 залуугийн туранхай өндөр залуу нь л “кодоо тайл” гээд байсныг санаж байна. Тэр залуу эхэлж гар утас аваад дахин надад өгөөгүй, өөрөө барьж байгаад миний хурууны хээг уншуулж байсныг бол санаж байна. Туранхай өндөр залуу нь л миний утсыг авсан. Миний санаж байгаагаар 50,000 төгрөг нэхсэн. Тэгээд би “яахаараа ийм их мөнгө гардаг юм бэ” гэж хэлээд маргаж байсан. Тэгээд нэг мэдэхэд утас авсан, “кодоо хий” гээд гараас барьж байгаад миний хурууны хээг уншуулж утасны түгжээ тайлсан. ...Яаж тэр залуу хойд суудал дээр орж ирсэн гэдгийг бол санахгүй байна, ноцолдоод би ямар ч байсан тэр залууг дийлэхгүй байсан. Тэгээд нэг тавихаар нь тэр залууг нэг цохисон. Яг хаана нь цохисон гэдгийг бол мэдэхгүй байна. Нөгөө хүн зөрүүлж намайг цохиод миний ухаан санаа орон гаран болсон. Намайг буулгаад явахаар нь машины номерыг нь харах гэтэл өмсөж байсан хүрмээр маань машины номероо халхалсан байсан. Тэгээд би харж амжаагүй миний утсыг хэзээ өгсөн гэдгийг бас санахгүй байна. Ямар ч байсан би цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Хаана байгаа гэдгээ мэдэхгүй нэлээд юм болж байж цагдаад зааж өгөөд цагдаа бас нэлээд удаж байж ирсэн... Ямар ч байсан 50,000 төгрөг нэхээд байсан гэдгийг бол санаад байна. Надад тэр зүгт /Гоодойн ам/ таньдаг нэг ч айл болон хүн байхгүй би тийш явах ямар нэгэн шалтаг байхгүй. Би хадмын гэрт байсан болохоор “согтуу очоод яах вэ” гэж бодоод “Их засаг”-ийн орчим байдаг найзындаа очихоор явсан, түүнээс биш өөр тийш явах ямар нэгэн шаардлага байхгүй... ямар ч байсан машины хойд сандал дээр л намайг зодсон. Тэр хоёрын хүрэм биш миний өмсөж байсан хүрмээр халхалсан байсан, тэр хүрэм тэр чигтээ алга болсон. Жилийн өмнө захаас 70,000 төгрөгөөр авч байсан, хар саарал өнгийн синтипон хүрэм байгаа. Би тэр хүний хүрмийг урсан эсэх, мөн машин барьсан хүнтэй зодолдсон эсэхээ санахгүй байна, ямар ч байсан машины ард нөгөө туранхай өндөр залуутай зөндөө зууралдсан тэр хоёр солигдсон эсэхийг бол мэдэхгүй би ямар ч байсан нэг цохисон гэдгээ бол мэдэж байна бусад үед тэр л намайг цохиод байсан. ...Би шүүх шинжилгээний 8,000 төгрөг, зураг авхуулахад 130,000 төгрөг зарцуулсан, түүнийгээ сая хохирол дээрээ нэмээд авсан, уг хоёр залуугаас 3,000,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115-116, 118-120 дугаар тал),

 

-Гэрч Б.Дгийн “...Тэр орой шөнө 02 цаг болж байсан байх, би цагаа сайн санахгүй байна. Найз Г нь “би архи уусан байна, танай гэрт очлоо шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “одоо согтуу байж яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл “очно” гэсэн. Тэгэхээр нь би “за өөрөө мэдээ” гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш залгаад байсан тэгж байтал нэг хүн “таксины жолооч байна” гээд Б.Гын утаснаас ярьсан. Тэгээд нөгөө таксины жолооч гэх залуу ярихаар нь “гэрт нь хүргээд өгөх боломж байхгүй юм уу” гэж асуусан. Тэгтэл “энэ хүн их согтсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “за тэгвэл аваад ир” гэж хэлээд манай гэр “Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хажуугийн 436 гээд 13 давхар байр байгаа” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн “тэр Цагдаагийн хэлтэс нь яг хаана байдаг юм бэ” гэж асуухаар нь “Их засаг их сургуулийн хажууд, Хил хамгаалах газрын замын ард байдаг” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн “Хил хамгаалах чинь хаана байдаг билээ” гэж асуухаар нь “Сэлэнгэ” зочид буудал өнгөрөөд "МТ" шатахуун түгээх станц байгаа түүгээр баруун эргээд жаахан явахаар манай байр байгаа” гэж хэлсэн. Тэгээд дахин дахин залгаад байсан тэгтэл “Ирчихлээ” гэж Б.Г хэлэхээр нь “хаана ирсэн юм бэ” гэж асуутал нөгөө таксины жолооч нь утсыг нь аваад “Гандан дээр явж байна” гэж хэлсэн. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад дахиад Б.Г над руу залгасан. Тэгээд “байна уу” гээд байхад хариу өгөхгүй хоорондоо хэрэлдээд байх шиг байсан /мөнгөө төлөх гэж байна/ гэх зэрэг юм яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би утсаа салгасан. Тэгээд нэг мэдэхэд унтсан байсан, өглөө сэрэхэд шөнө 0400 цаг өнгөрсөн байхад дахин залгасан байсан. Цагийг нь сайн санахгүй байна буруу хэлсэн байж магадгүй. Маргааш өглөө нь Б.Г “таксины жолооч намайг зодоод мөнгө төгрөг дээрэмдээд явсан” гэж хэлсэн. Тэгэхдээ цагдаад ирсэн байсан юм шиг байсан. Би гэрээ хангалттай зааж өгсөн. Г манай гэрийг мэднэ зөндөө ирж байсан. Тухайн үед согтуу болоод сайн зааж өгч чадахгүй байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 122-123 дугаар тал),

 

-Гэрч Д.Ггийн “...манай нөхөр өдрийн цагаар найз нөхөдтэйгээ ажил хийгээд оройн цагаар таксинд явдаг байсан. Тухайн өдөр 1800 цаг өнгөрч байхад “таксинд явлаа” гэж хэлээд гарсан. Тэгээд маргааш өглөө намайг ажилдаа явсны дараа гэртээ орж ирсэн байсан. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орой ажлаа тараад ирэхэд надад 1,200,000 төгрөг “PC Mall”-оос авсан зурагтын лизингийн мөнгөө өг, хүмүүст өгөх өрнүүдээ дараарай” гэж бэлнээр өгсөн. Тэгээд хоёр хонож байгаад би ажлаа тараад иртэл цагдаагаас аваад явсан байсан. Тэгээд араас нь иртэл ийм асуудал болсон байсан. Би Ө.Тыг Турк улсаас ирэхэд нь онгоцны тасалбарын мөнгийг хүнээс зээлсэн байсан тэгээд тэр өрөндөө уг мөнгийг шууд бэлнээр өгсөн. Тэр хүнд 1,000,000 төгрөг өгөх ёстой байсан. Түүнийг нь өгөөд үлдсэн 200,000 төгрөгөөр нь гэртээ хоол хүнсний зүйл авсан. Надад найзуудтайгаа “замын ажил хийж байгаа” гэж хэлж байсан. Тэгээд цалингаа авсан гэж хэлсэн. Бараг cap гаран ажиллаад цалин аваагүй байсан. Тэгэхээр нь “цалингаа авсан юм байна” гэж л бодсон...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 137-138 дугаар тал),

 

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “...1.Б.Гын биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн 5680 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 141-142 дугаар тал),

 

-Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 34,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан (1 дэх хавтаст хэргийн 156-157 дугаар тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Прокуророос хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч нарыг бүлэглэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь зөв, тохирчээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заажээ. Эндээс үзэхэд, гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн урьдчилан үгсэн тохиролцсон болон урьдчилан үгсэн тохиролцолгүйгээр санаатай нэгдэж үйлдсэн байхаар байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгоно.

Шүүгдэгч нар нь хохирогч Б.Гын данснаас мөнгийг нь дээрэмдэн авч, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан, амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилготой байсан, энэ талаар хоорондоо урьдчилж ярилцаж тохиролцоогүй ч, тухайн үед үүссэн гэмт санаа зорилго, үйлдлээрээ санаатай нэгдэж тухайн гэмт хэргийг үйлджээ. Тиймээс прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг журамласан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ө.Т, Т.Т нар хохирогч Б.Гын мөнгийг хүч хэрэглэж булааж авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Мөн шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчид хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн 5680 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэж зүйлчилсэн нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Т, Т.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдсэн, мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Гт нийт 2,821,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Гаас хэргийн материалтай танилцаад “...Миний бие Ө.Т, Т.Т нараас 3,000,000 төгрөг авсан тул надад гомдол байхгүй” гэх хүсэлт (1 дэх хавтаст хэргийн 221 дүгээр тал) гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэж, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ө.Т, Т.Т  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Ө.Т, Т.Т нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял дээр 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч тус бүр 1 хоног шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан байх тул уг 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох санал гаргасан байна.

Шүүгдэгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Т, Т.Т  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа боловч бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт үйлдэл хийж байгаа гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ө.Т, Т.Т нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор сольж, нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тэдэнд хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд зааснаар өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржин ургийн овогт Өлзийдүүрэнгийн Т,  Боржигон ургийн овогт Төмөрхуягийн Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ө.Т, Т.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ө.Т, Т.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор сольж, нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 1 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн тооцогдсон 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН