Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 03

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч П.Болор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: ГС ТББ-ын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: УАЗД-д холбогдох,

     Гэм хорын хохирол 109.191.150 төгрөг, замын зардал 880.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, нийт 115.071.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ГС ТББ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч ГС ТББ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Сагил, Бөхмөрөн сумын нутагт орших Гулзат орон нутгийн хамгаалалттай газарт агнуурын менежмент хэрэгжүүлж байсан ГС ТББ-ын агнуурын менежментийн эрхийг УАЗД 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А/167 тоот захирамжаар цуцалсан бөгөөд Захиргааны хэргийн 3 шатны шүүх энэхүү захирамж нь хууль бус байсныг тогтоож захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. ГС ТББ нь спорт болон олзворын чиглэлээр амьтан агнах, барих гэрээний үндсэн дээр агнуулсан ан тутмаас 5.000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг агнуурын менежментийн төлөвлөгөөг дэмжих зорилгоор авдаг байсан. Энэхүү мөнгийг ан, амьтан хамгаалах, ус хужир, өвс зэргийг тавих, тухайн бүсэд амьдардаг нөхөрлөлийн гишүүдийн амьжиргааг дэмжих болон өдөр тутмын үйл ажиллагаандаа зарцуулдаг байсан. Гэтэл Засаг даргын хууль бус шийдвэрээс болж олох ёстой байсан орлого болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд өмгөөлөгчийн хөлс болон байр, унааны зардал зэргээр хохирсон. 2017 онд Гулзат орон нутгийн хамгаалалттай газраас нийт 9 угалз агнагдсан бөгөөд эдгээр угалз тус бүрээс 5.000 ам.доллар гэж үзэхэд нийт 45.000 ам.доллар болох бөгөөд агнуур хийсэн 2018 оны 7, 8 дугаар сард Монгол банкны ханшаар 1 ам.доллор нь 7 дугаар сард 2.409,4 төгрөг, 8 дугаар сард 2.443,53 төгрөг байна. Үүний дундаж нь 2.426,47 төгрөг үүнийг 45.000 төгрөгөөр үржүүлэхэд 109.191.150 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх хуралд оролцохоор Улаанбаатар хот явсан зардал 880.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, нийт 115.071.350 төгрөгийн хохирол учирсан. Иймд энэ хохирлыг буруу шийдвэр гаргасан аймгийн Засаг дарга Д.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг хэлнэ гэж тус тус заасан ба ГС ТББ нь нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус байгууллагад хамаарч байна. ГС ТББ нь 2017 онд агнагдсан 9 угалз 45000 доллар болно, тухайн үеийн ханшаар 104.000.000 төгрөг болж байгаа, гэрч 104.000.000 төгрөгийн хандив авсан гэж ярьж байна. Уг 104.000.000 төгрөгийг Гулзат нөхөрлөлүүдийн холбоо нь агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу ан амьтныг хамгаалахад зарцуулсан. Ингэсэн байхад ГС ТББ-д ямар бодит хохирол учраад байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч тал тайлбартаа хандивын 5000 долларыг бид өөрсдөө авдаггүй агнуурын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тухайн бүс нутгийн ан амьтдыг хамгаалахад зарцуулдаж тайлбарлаж байна. Тухайн хамгаалалт бүхий бүс нутагт экологийн тэнцвэрт байдал яаж алдагдаад, аргал угалзны тоо толгой хэдээр цөөрсөн ямар бодит хохирол учирсан нь тодорхойгүй байхад ГС ТББ нь гэм хорын хохирол гэж нэхэмжлэх боломжгүй юм. Хохирол нь уг төрийн бус байгууллагын хохирол хэрхэн багассанаар тодорхойлогдоно, хэргийн материалд хавсаргасан нотлох баримтад 45000 доларыг хэрхэн зарцуулсан нь тодорхой байгаа. Өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг, замын зардал 888.200 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч тал нь шүүхэд хандахдаа өмгөөлөл хууль зүйн туслалцаа авахын тулд өөрийн эрх ашгийн төлөө өөрийнхөө хөрөнгө мөнгөнөөс зарцуулж өмгөөлөгч авдаг тул өмгөөлөгчийн хөлсийг хохирол гэж нэхэмжлэх боломжгүй. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан нь бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан ба хамгийн гол зүйл нь учирсан хохирол бодит байхыг шаарддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч ГС ТББ нь хариуцагч УАЗД-д холбогдуулан гэм хорын хохиролд 109.191.150 төгрөг, замын зардал 880.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, нийт 115.071.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрээс болж олох ёстой байсан орлого 109.191.150 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг болон давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралд оролцохоор Улаанбаатар хот явсан зардал 880.200 төгрөг, нийт 115.071.350 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон байна.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ГС ТББ-ын нэхэмжлээд байгаа гэм хорын хохирол 109.191.150 төгрөгийг 2017 онд Гулзат нөхөрлөлүүдийн холбоо ТББ нь Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын ан, агнуурын менежментийн төлөвлөгөөг дэмжих үйл ажиллагаанд зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       УАЗД-ын захирамжаар Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын бүс нутгийг ГС ТББ-д 10 жилийн хугацаатай хариуцуулсан байсан ба тус Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/167 дугаар захирамжаар дээрх захирамжийг хүчингүйд тооцож, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дүгээр захирамжаар Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо ТББ-д 1 жилийн хугацаатай хариуцуулахаар шийдвэрлэжээ.

      Дээрх захирамжийг ГС ТББ нь эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/167, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/169 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч УАЗД-ын хууль бус шийдвэрийн улмаас олох ёстой байсан орлогоо алдсан хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж байгаа боловч хавтаст хэргийн 18-22, 23-26, 52-56, 66-69, 70-72 дугаар хуудаст авагдсан 2016, 2017 оны Спорт болон олзворын агнуурын чиглэлээр амьтан агнах, барих гэрээ-нүүдээс үзэхэд гэрээний талууд нь ГС ТББ, Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо ТББ болон Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын Засаг дарга, гадаадын анчдад зуучлагч компаниудын хооронд байгуулагдсан, мөн тухайн гэрээний дагуу төрийн бус байгууллагууд нь зуучлагч компаниас агнуулсан угалз тутмаас 5.000 ам доллар буюу зарим тохиолдолд 10.000.000 төгрөгийн дэмжлэг авч, уг мөнгийг Гулзат агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, байгаль хамгаалах, иргэдийн нөхөрлөлийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээний зардалд тухайн дэмжлэгийг зарцуулахаар тохиролцдог ажээ.

        Гэтэл Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллага ... бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ гэж заасан байх бөгөөд ГС ТББ-ын дүрмийн 2.1-т ГС ТББ нь Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумдын нутаг дэвсгэрийг дамнан орших Гулзат орон нутгийн хамгаалалттай газарт нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, судалгаа мониторинг, аялал жуулчлал, ан агнуур, байгалийн нөөцийн менежментийг удирдан явуулж, энэхүү үзэл баримтлалын санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх зорилго бүхий гишүүнчлэлтэй, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага мөн хэмээн зорилгоо тодорхойлжээ.

     Үүнээс үзэхэд нэхэмжлэгч байгууллага нь агнуулсан ан тутмаас гэрээний дагуу зуучлагч компаниудаас дэмжлэг авдаг байх боловч нэхэмжлэл дээрээ олох ёстой байсан орлого хэмээн тодорхойлсон нь дээрх хууль болон өөрийн байгууллагын зорилготойгоо нийцээгүй, нөгөө талаар төрийн бус байгууллагын хувьд 2017 оноос өмнө олдог байсан орлогоо юунд зарцуулдаг байсан талаарх санхүүгийн тайланг нотлох баримтаар ирүүлээгүй бөгөөд хэргийн 4-9 дүгээр хуудаст авагдсан 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны Голомт банк дахь харилцах дансны хуулгаас үзэхэд ан агнуур, байгалийн нөөцийн менежментийг удирдан явуулах, судалгаа мониторинг хийх зэрэг үйл ажиллагааны зардал гараагүй байгааг дурдах нь зүйтэй.

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

      Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа нь бусдын хууль бус үйлдлийн улмаас бий болдог бөгөөд эд хөрөнгөд хохирол учирсан байх, мөн тухайн гэм хор учруулсан этгээд гэм буруутай байхыг шаарддаг.

     Гэтэл хариуцагч УАЗД хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан байх ба тухайн тушаалыг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгосон, мөн нэхэмжлэгч нь тухайн шийдвэрийн улмаас яг ямар бодит хохирол учирсныг нотлоогүй.

      Түүнчлэн Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо ТББ нь 2017 онд ан, амьтан хамгаалах, ус хужир, өвс тавих, тухайн бүсэд амьдардаг нөхөрлөлийн гишүүдийн амьжиргааг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан болох нь тус ТББ-ын гүйцэтгэх захирал З.Б-ийн Манай төрийн бус байгууллага нь 2017 онд 6 компанитай, 9 толгой угалзын агнуурын гэрээ байгуулсан. Улмаар 9 толгой аргалын хандив нийт 104.000.000 төгрөг тус төрийн бус байгууллагын дансанд орж ирснийг Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумдын нутгийг дамнан орших Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын ан, агнуурын менежментийн төлөвлөгөө болон Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын стратеги төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулсан гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул уг үйл ажиллагааг ГС ТББ-аас дахин хэрэгжүүлэх шаардлагагүй байна.

      Нэхэмжлэгч нь хариуцагчаас Давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралд оролцохоор Улаанбаатар хот явсан зардал 880.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг гаргуулна хэмээн шаардаж байгаа боловч иргэн шүүхэд мэдүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд уг эрхээ эдэлснийхээ төлөө гарсан зардлыг өөрөө хариуцна.

       Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч УАЗД-д холбогдох, гэм хорын хохиролд 109.191.150 төгрөг, замын зардал 880.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, нийт 115.071.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ГС ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч ГС ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 733.307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтланхариуцагч УАЗД-д холбогдох, гэм хорын хохиролд 109.191.150 төгрөг, замын зардал 880.200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг, нийт 115.071.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ГС ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ГС ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 733.307 /долоон зуун гучин гурван мянга гурван зуун долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                         Н.ГЭРЭЛТУЯА

                                 П.БОЛОР