| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 153/2018/00602/И |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-12-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 04
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч П.Болор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш овогт Г-ын Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЗХНЗХГА-д холбогдох,
Гэм хорын хохирол буюу оршуулгын зардал 15.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, иргэдийн төлөөлөгч С.Балжинням, гэрч Н.М, Т.Ч, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүү Т.Санжаа нь ЗХНЗХГА-д хугацаат цэргийн алба хааж байгаад эрдэнэт амь насаа алдаж, бидэнд хүнд гарз хохирол учирсан. Улмаар миний бие цагдаагийн байгууллагад хохирогчоор тогтоогдоод хүүгийн хэргийг шалгасан боловч хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоол нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гарч, хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүгийн буяны болон оршуулгын ажилд 15.000.000 төгрөг зарцуулсан. Мөн сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Буяны ажилд 1 эмээлтэй, хазаартай морь, 23 толгой хонь, 1 ширхэг шинэ мотоцикль зэрэг зардал гарсан. Би цэргийн ангид гомдолтой байгаа. Сайхан хүүгээ цэрэгт явуулаад эцэст нь цогцос хүлээж авсандаа маш их гомдож байна. Гэтэл Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн анги бид буруугүй гэж хэлээд зогсож байна. Би зөвхөн өөрийнхөө хүүгээр зогсохгүй, амиа алдсан 2 хүүхэд болон тэдний гэр бүлийнхнийг маш их өрөвдөж байна. Иймд хариуцагч ЗХНЗХГ-Аас буяны болон оршуулгын зардал 15.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр болсон ослын улмаас амиа алдсан цэргийн албан хаагч М.Батмөнх, Т.Санжаа, Б.Есөн-Эрдэнэ амь насаа алдсан. Уг хэргийг эрүүгийн журмаар шалгасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд 3 цэргийн албан хаагчийн гэр бүлд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу хохиролд тус бүр 24.500.000 төгрөг өгсөн. Мөн цэргийн албан хаагч нарыг эрэн хайх үйл ажиллагаанд цэргийн ангиас 17.150.000 төгрөгийн зардал гарсан, талийгаачийн буяны ажилд 3.000.000 төгрөг зарцуулсан. Улмаар цэргийн албан хаагч Т.Санжаагийн нэрийг ангийн хүндэт дэвтэрт бичиж алдаршуулсан. Иргэний хуульд гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд тухайн байгууллага хариуцлага хүлээхээр заасан. Хэргийг Ховд аймаг дахь Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5/26 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 45.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч ЗХНЗХГА-д холбогдуулан гэм хорын хохирол буюу оршуулгын зардал 15.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ЗХНЗХГА-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.
ЗХНЗХГА-д хугацаат цэргийн алба хааж байсан Т.Санжаа нь тус ангийн захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/289 дугаартай “Ангийн 2017-2018 оны хэрэгцээт хадлан бэлтгэх ажилд томилох тухай” тушаалын дагуу Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн Оросын тохой гэх газарт ажиллаж байхдаа буюу 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ховд голын усанд живж, нас барсан байх ба түүний нас барсан шалтгаан нь гадны нөлөөтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгажээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Санжаагийн биед гэмтэл тогтоогдоогүй, мөн усанд живэлтийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсныг тогтоож, улмаар уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болох нь Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5/26 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолоор тогтоогдож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 153 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан “Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам”-ын Дөрөвийн 17-д “Аж ахуйн ажилд оролцож байгаа цэргийн анги, байгууллагын үйл ажиллагааг тухайн анги, байгууллагын захирагч /дарга/ болон тушаалаар үүрэг хүлээсэн албан тушаалтан удирдана” /үйл явдал болох үед журам хүчин төгөлдөр үйлчилж байсан/ гэж, ЗХНЗХГАйн захирагчийн 2017 оны А/289 дугаартай “Ангийн 2017-2018 оны хэрэгцээт хадлан бэлтгэх ажилд томилох тухай” тушаалын хоёрдугаар хавсралтад “Ногоо тарих, хураах, хадлан тэжээл бэлтгэх үеийн аюулгүйн ажиллагаа”-нд “Гол мөрөн, нуур цөөрмөөс ундны ус авахдаа усанд унахаас болгоомжлох, ахлах даргын зөвшөөрөлгүй голын усанд сэлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.
Гэтэл тухайн осол гарсан өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ЗХНЗХГА-н захирагчийн тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх ёстой байсан офицер хэрэг учралын газарт байгаагүй, ахлагч Н.М хугацаат цэргийн албан хаагч нарт усанд орохыг зөвшөөрсөн атлаа хяналт тавих үүрэг болон ангийн захирагчийн тушаалыг хэрэгжүүлж ажиллаагүй, ажилдаа хайнга хандсанаас уг осол гарахад нөлөөлсөн байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ЗХНЗХГА-н офицер, ахлагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас эрсдэж, хохирол учирсан байх тул хариуцагч байгууллага тухайн гэм хорын хохирол буюу талийгаач Т.Санжааг оршуулах болон буяны ажилд түүний ар гэрийнхнээс зайлшгүй гаргасан зарим зардлыг гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан буюу хэргийн 57 дугаар хуудаст авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн нийт үнийн дүн 463.500 төгрөгийн нэхэмжлэх, 58 дугаар хуудаст авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн нийт үнийн дүн 400.900 төгрөгийн нэхэмжлэх, 164 дүгээр хуудаст авагдсан 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн нийт үнийн дүн 4.121.100 төгрөгийн нэхэмжлэх зэргийг үндэслэн хариуцагч ЗХНЗХГА-аас нийт 4.985.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-д олгож, харин нотлох баримтын шаардлага хангаагүй баримтын дагуу нэхэмжилсэн 10.014.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тухайлбал, нотлох баримтын шаардлага хангагдаагүй баримтууд буюу хэргийн 56 дугаар хуудаст авагдсан “Нэхэмжлэх”-ийн огноо засвартай, 149-155 дугаар хуудаст авагдсан “Зочид буудлын хөлс төлсөн” гэх баримтууд нь талийгаачийн оршуулгын зардалтай холбоогүй, 158-163 дугаар хуудаст авагдсан болон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Хаан, Голомт болон Төрийн банкин дахь Г.Н, М.Т нарын данснаас орлого, зарлага гаргаж, шилжүүлэг хийсэн гэх баримтууд нь буяны ажилд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй, 170-172 дугаар хуудаст авагдсан “Бензин, шатах тослох материал авсан” гэх баримтууд нь хуулбар хувь буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул эдгээр баримтуудыг үнэлээгүй болно.
Түүнчлэн Увс аймгийн Өлгий сумын багийн Засаг даргын тодорхойлолт болон тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга, Өлгийнуур багийн эмчийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчид учирсан “сэтгэл санааны хохирол”-ыг мөнгөн хэлбэрээр тооцож олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын “сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ЗХНЗХГА-аас гэм хорын хохирол 4.985.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40.015.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 4.985.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94.718 төгрөгийг хариуцагч ЗХНЗХГА-аас гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгох нь зүйтэй.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Н.М, Т.Ч нарын мэдүүлэг нь Ховд аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолд дурдсан гэрч Ж.Б, А.Б нарын мэдүүлгээс зөрүүтэй байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч ЗХНЗХГА-аас 4.985.500 /дөрвөн сая есөн зуун наян таван мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40.015.000 /дөчин сая арван таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383.000 /гурван зуун наян гурван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗХНЗХГА-аас 94.718 /ерэн дөрвөн мянга долоон зуун арван найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД П.БОЛОР
Н.ГЭРЭЛТУЯА