Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Д.Дэлгэрбаяр      

                                 Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000342 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Галшар суманд 1991 оны 08 дугаар сарын 01-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувийн мал малладаг, ам бүл ганцаараа, Хэнтий аймгийн Галшар сум 2 дугаар баг Өлийн бууц гэдэг газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дайчин овогт Жамцын Хүрэл-Эрдэнэ /РД: СИ91080117/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнэ нь Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Н.Урантуяагийн гэрт хохирогч Ө.Дарханжаргалыг эхнэр Н.Урантуяатай хардсаны улмаас толгойн тус газар нь тогооны хусуураар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 18 цагийн орчим хөдөөнөөс ирсэн. Эрдэнэжаргалын гэрт очиж Дарханжаргалтай хамт архи уугаад эхнэртэйгээ хардсан. Эхнэртэйгээ хардангуут Дарханжаргал манай эхнэр хоёр яваад өгсөн. Тэгээд гэртээ очсон чинь Дарханжаргал байсан. Би уурлаад Дарханжаргалын толгойд нэг удаа хусуураар цохьсон гэв.

Шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2016 оны 11 сарын 03-ны орой ... Урантуяа бид хоёр сумын төвийн баарнаас 1 шил 0,75 литрийн Хараа архи авч Эрдэнэжаргал ахын гэрт очиж ... Эрдэнэжаргал ах бид хоёр уг архийг хуваагаад уусан.  ... Архиа ууж дуусч байтал гаднаас Дарханжаргал орж ирээд уг архинаас 2 удаа татсан юм. Дарханжаргал манай эхнэрийн хажууд суухаар нь би уурлаж, чи өөр газар суу гэж уурласан юм. ... Би гэртээ явган яваад очиход манай гэрт Дарханжаргал согтуу эхнэрийн хажууд сууж байсан. Тухайн үед би эхнэрээ Дарханжаргалтай хардаж гэрт маргалдсан юм. Тэгээд би уурлаж гарт тавиур дээр байсан тогооны хусуурыг аван толгой тус газар нь цохисон юм. Дарханжаргалын толгойноос цус гараад би эхнэр Урантуяаг эмнэлэг дуудаарай гээд эмнэлэгт үзүүлсэн юм. Би тухайн үед Дарханжаргалын толгойг зүснэ гэж бодоогүй, би Дарханжаргалд эмчилгээний зардал гэж 220000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /хх 28/,

 

Хохирогч Ө.Дарханжаргалын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэжаргалын гэрт 22 цаг болж байх үед ороход Хүрэл-Эрдэнэ, Урантуяа, Эрдэнэжаргал, Анхцэцэг, Отгонжаргал нар 1 шил 0,75 литрийн Хараа архи задлаад ууж байсан. Би уг архинаас 2 удаа татсан ... тэгээд сууж байтал Хүрэл-Эрдэнэ намайг чи миний эхнэрийн хажууд суулаа гээд уурлаад байхаар нь Урантуяагийн хажууд сууж байгаад босоод өөр газар суусан. Хүрэл-Эрдэнэ бид хоёр маргалдаад сууж байхад Урантуяагийн охин орж ирээд ээж дүү уйлаад байна гээд гэрээс Урантуяа, Хүрэл-Эрдэнэ нарыг дагуулаад гарсан би араас нь гарсан. ... би мотоциклио авах гээд Урантуяагий хашаа руу орж гэрт нь орж явлаа гэдгээ хэлэх гээд ороход Урантуяа гэртээ хүүхдээ хөхүүлээд сууж байсан. Би гэрт нь сууж байтал гаднаас Хүрэл-Эрдэнэ нь орж ирээд чи намайг эзгүйд яах гэж манайд орж ирсэн юм бэ гээд бид хоёр маргалдсан. Гэтэл Хүрэл-Эрдэнэ миний толгой руу тавиур дээр байсан төмөр хоолны хусуурыг авч цохисон. Урантуяа бид хоёрыг салгаж, би эмнэлэгт очиж толгойдоо 8 оёдол тавиулсан. Хүрэл-Эрдэнэ надад эмчилгээний зардал гэж 220000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй миний хохирлыг бүрэн барагдуулсан гэсэн мэдүүлэг /хх 17/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.11.09-ний өдрийн 378 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Ө.Дарханжаргалын биед толгойн шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 21/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнэ нь Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Н.Урантуяагийн гэрт хохирогч Ө.Дарханжаргалыг эхнэр Н.Урантуяатай хардсаны улмаас толгойн тус газар нь тогооны хусуураар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 18 цагийн орчим хөдөөнөөс ирсэн. Эрдэнэжаргалын гэрт очиж Дарханжаргалтай хамт архи уугаад эхнэртэйгээ хардсан. Эхнэртэйгээ хардангуут Дарханжаргал манай эхнэр хоёр яваад өгсөн. Тэгээд гэртээ очсон чинь Дарханжаргал байсан. Би уурлаад Дарханжаргалын толгойд нэг удаа хусуураар цохьсон гэв, шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнийн хэрэг бүртгэлтэнд өгсөн ... Дарханжаргал манай эхнэрийн хажууд суухаар нь би уурлаж, чи өөр газар суу гэж уурласан юм. ... Би гэртэй явган яваад очиход манай гэрт Дарханжаргал согтуу эхнэрийн хажууд сууж байсан. Тухайн үед би эхнэрээ Дарханжаргалтай хардаж гэрт маргалдсан юм. Тэгээд би уурлаж гарт тавиур дээр байсан тогооны хусуурыг аван толгой тус газар нь цохисон юм. ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ө.Дарханжаргалын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэжаргалын гэрт 22 цаг болж байх үед ороход Хүрэл-Эрдэнэ, Урантуяа, Эрдэнэжаргал, Анхцэцэг, Отгонжаргал нар 1 шил 0,75 литрийн Хараа архи задлаад ууж байсан. Би уг архинаас 2 удаа татсан ... тэгээд сууж байтал Хүрэл-Эрдэнэ намайг чи миний эхнэрийн хажууд суулаа гээд уурлаад байхаар нь Урантуяагийн хажууд сууж байгаад босоод өөр газар суусан. ... явлаа гэдгээ хэлэх гээд ороход Урантуяа гэртээ хүүхдээ хөхүүлээд сууж байсан. Би гэрт нь сууж байтал гаднаас Хүрэл-Эрдэнэ нь орж ирээд чи намайг эзгүйд яах гэж манайд орж ирсэн юм бэ гээд бид хоёр маргалдсан. Гэтэл Хүрэл-Эрдэнэ миний толгой руу тавиур дээр байсан төмөр хоолны хусуурыг авч цохисон. ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Дайчин овогт Жамцын Хүрэл-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнэ нь 960 000 төгрөгийн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  

                                   ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД