Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0562

 

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0563

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

128/ШШ2021/0563

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭХХТ ТӨААТҮГ

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.О

Хариуцагч: НТГ

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Н.О, П.С, хариуцагч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Н Т газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч О.Б , Д.Онар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *** шийтгэлийн хуудсаар 1,820,913,635,80 төгрөгийн төлбөр төлүүлэхээр үйлдсэн акт болон 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн ** дугаар тогтоолоор нийт 1,550,806, 720, 12 төлбөр төлүүлэхээр өөрчилсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хан-Уул дүүргийн татварын хэлтсийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан Д.Б нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны **тоот албан бичгээр Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэж мэдэгдсэн байдаг, тухайн албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт болох тул татвар төлөгч дагаж мөрдөж биелүүлэх үүрэгтэй.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс захиргааны акт гаргаж татвар төлөгч ЭХХТ  ТӨҮГ-ыг удирдлага чиг үүргээр хангасны дагуу бүрэн биелүүлэн ажилласан.

2017 оны 12 дугаар сарын 28-ны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн акт болох №*** дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан.

Уг шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөөгүй , гарын үсэг зураагүй бөгөөд тус төвөөс 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр ** албан бичиг явуулсны дагуу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан Д.Б нь ***тоот албан бичгээр НӨАТ төлөгч мөн гэж албан тоот ирүүлсэн нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны **тоот албан бичигтэй зөрчилдсөн, захиргааны актыг хүчингүйд тооцож тус төвд мэдэгдээгүй нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол хүчингүй болох үндэслэлтэй байна.

Манай байгууллага нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны 51 дүгээр тогтоолоор төрийн өмчийн талаарх Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан бөгөөд үйлдвэрийн газрын үүсгэн байгуулагч нь Засгийн газар , өмчлөгч нь төр байна гэж зааж өгсөн байдаг.

ЭХХТ-ийн  дүрэмд заасны дагуу Эрчим хүчний салбарт Улсын төсвийн болон гадаадын дотоод хөрөнгө оруулалт зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөр арга хэмжээнд захиалагчийн буюу Эрчим хүчний яамны хяналтыг тавих, Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, дүгнэлт гаргах эрчим хүчний хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж төрийн үйлчилгээ үзүүлдэг болно.

2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13-р зүйлийн 13.6.12-т Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ : Үүнд Засгийн газар , түүний агентлагууд төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамааран гэж заасны дагуу манай байгууллага нь НӨАТ-с чөлөөлөгдөх хүсэлтийг 2013.09.16-ны өдөр **7 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Үүний дагуу НӨАТ-ын тухай хуулийн 13-дугаар зүйлийн 13.6.12-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэж үзээд Танай төв нь нэмэгдсэн өргийн албан татвараас чөлөөлөгдөх бөгөөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөхгүй болохгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн албан тоот ирүүлсэн байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл уг гомдлыг хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Эрчим хүчний хөгжлийн төв нь анх байгуулагдахдаа Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар-ийн хариуцлагын хэлбэр /статус/-тайгаар байгуулагдсан нь НӨАТ-ийн тухай хуулийн 13.6.12-т заасан НӨАТ-ийн албан татвараас чөлөөлөх үйлчилгээ буюу төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ/ Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагаас үзүүлж төрийн үйлчилгээ хамаарна/ гэх хариуцлагын хэлбэрт үл хамаарч байгаа тул гэдэг үндэслэлээр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нарын шийтгэлийн хуудас дахь НӨАТ-ын татвар, хүү, торгууль, нийт 1550806720.15 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь албан татвар төлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага мөн тул хэлтсийн даргын гарын үсэгтэй нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн албан тоотыг бид биелүүлэх үүрэгтэй гэж ойлгож дагаж мөрдөж ажилласан.

Түүнчлэн манай байгууллага нь өмчийн хэлбэрийн хувьд ТӨААТҮГ гэсэн статустай, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл улсын төсвийн хөрөнгийг бүрдүүлсэн татвар ноогдсон орлогоос дахин татвар тооцох боломжгүй тул Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байгаа .

Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаар тогтоолыг хүргүүлсэн, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот албан бичгийг бид 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр шуудангаар хүлээн авсан.

Иймд НӨАТ-ын хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, эрх зүйн маргаантай байдлыг шийдвэрлүүлэхийн тулд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Асуудлыг шийдвэрлэж өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б ,Д.О нар тус татварын хэлтэст бүртгэлтэй , ** тоот регистрийн дугаартай , Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын 20126.01.1-ээс 2016.12.31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар , ногдуулалт төлөлтийн байдал иж бүрэн хяналт шалгалт хийх 2017.04.4-ний өдрийн ***** тоот томилолтоор тухайн байгууллагын санхүү ,татварын тайлан , анхан шатны баримт компанийн харилцах дансны хуулга , хөндлөнгийн мэдээлэл, холбогдогчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн Татварын хууль тогтоомжийн хүрээнд татварын хяналт шалгалтыг хийсэн.

2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ хуулийн 5дугаар зүйлийн 5.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн болон борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна., 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, 7.1.4-д Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ үзүүлсэн гэж тус тус заасан тул Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх нөхцөлийг бүрэн хангасан байна.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Дараах үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө., 13.6.12-т төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ: Үүнд Засгийн газар түүний агентлагууд , төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12-т Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна. 13.12-т Засгийн газрын бус байгууллагууд Засгийн газрын шийдвэр гэрээний үндсэн дээр санхүүжилт авч төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж байгаа үйлчилгээ 13.5.12-т хамаарахгүй.

Зөвхөн Засгийн газар, түүний агентлагууд төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ чөлөөлөгдөнө гэж хууль тодорхой заасан тул НӨАТ-аас чөлөөлөгдөх үндэсгүй байна.

Иймд Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ дээрх хуулийг хангахын сацуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.2-т заасан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэх хуулийн этгээд тул Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч байх үндэслэлтэй байна .

Хяналт шалгалтаар аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй албан татвар ногдуулж төлөөгүй үндэс нь үйл ажиллагааны борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд нь 1,350,564,904,70 төгрөгийн нөхөн татвар хохирол, 65,179,259,60 төгрөгийн алданги, хүү (нөхөн төлбөр) 405,169,471.50 төгрөгийн торгууль (шийтгэл) нийт 1,820,913,635.80 төгрөгийн төлбөр тавигдсан.

1. 2013 онд 69,486,428.00 төгрөгийн, 2014 онд 28,101,932,00 төгрөгийн 2015 онд 34,918,520,00 төгрөгийн, 2016 онд 36,346,580,00 төгрөгийн хандив тусламж зэрэг зардлуудыг татвар ноогдох орлогоос хасаж татвар ноогдуулах орлого бууруулсан нь аж нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т дараах зардлыг албан татвар ноогдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ноогдуулах орлогыг тодорхойлон 12.1.1 түүхий эд үндсэн болон туслах материал..., 12.1.36.... гэж заасныг,

2. 2013 онд 2,969,714,746.09 төгрөгийн 2014 онд 4,792,496, 836.48 төгрөгийн 2015 онд 2,462,780,075.19 төгрөгийн, 2016 онд 3,183,069,029.79 төгрөгийн нийт 13,408,060,687.40 төгрөгийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлбэл зохих хуульд заасан хугацаанаас хойших борлуулалтын орлогыг НӨАТ тайланд тусгаж татвар ногдуулан төлөөгүй нь 2007 оны шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3-р дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг 7 дугаар зүйлийн 7.1-д хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа;... .... 7.1.4 Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ: ... 8 дугаар зүйлийн 8.1-д Нэмэгдэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна: 8.1.1 бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан тухай бүрд: гэж заасныг зөрчсөн зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйл, Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасныг үндэслэн 1,350,564,904.70 төгрөгийн нөхөн татвар (хохирол), 62,111,762.10 төгрөгийн алданги, 3,067,497.50 төгрөгийн хүү ( нөхөн төлбөр ) ногдуулах үндэслэлтэй болох нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, татварын тооцооллын программ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Тус Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Ч.С-ын гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3,4, 1.5 дүгээр зүйлийн 8 дэх хэсгийг баримтлан 2008 оны шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан татварын торгууль алданги тооцох үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Иймээс Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж , тогтоогдсон хугацаанд төлөх .............., 18.1.14 хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэсэн заалтыг үндэслэн акт тавьсан. гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч ЭХХТ  төрийн өмчит аж ахуй тооцоотой үйлдвэрийн газар /цаашид ТӨААТҮГ гэх/ нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар албан ёсоор тодруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас буюу хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О-н, Нийслэлийн татварын газраас дахин шинэ акт гарах хүртэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Д. нарын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №*** тоот шийтгэлийн хуудсыг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Үндэслэлийг тайлбарлавал:

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б,  Д.О нарын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №*** тоот шийтгэлийн хуудсаар нийт 1,820,913,635.8 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д Дараахь үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:, 13.6.12-т төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ; Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна гэж заасан байна.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө:, 13.5.12-т төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна;, 13.12-т Засгийн газрын бус байгууллагууд Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр санхүүжилт авч төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж байгаа үйлчилгээ 13.5.12-т хамаарахгүй гэж тус тус хуульчилсан байна.

Дээрхээс хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа Засгийн газрын бус байгууллагын үйлчилгээ нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй байхаар хуульчилсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Эрчим хүчний яамны харьяанд Эрчим хүчний хөгжлийн төв аж ахуй тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд энэ талаар дараахь бүрэн эрхтэй:, 9 дүгээр зүйлийн 5-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах;, 15 дугаар зүйлийн 2-т Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ. гэж тус тус заасан байна.

Эрчим хүчний хөгжлийн төвийн дүрмийн 1.2-т Эрчим хүчний хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газар нь (цаашид Үйлдвэрийн газар гэх ) нь эрчим хүчний салбарт улсын төсвийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт , зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөр арга хэмжээнд захиалагчийн хяналт тавих, эрчим хүчний барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, дүгнэлт гаргах, эрчим хүчний хуулийн дагуу тусгай тусгай зөвшөөрөл олгох, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх аж ахуй тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар мөн гэж, мөн дүрмийн 1.3-д Үйлдвэрийн газрын үүсгэн байгуулагч нь Засгийн газар, өмчлөгч нь төр байна гэж тус тус заасан.

Дээрх Засгийн газрын тогтоол, Эрчим хүчний хөгжлийн төвийн дүрмээс үзэхэд Эрчим хүчний хөгжлийн төвийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, тус үйлдвэрийн газрын өмчийн эх үүсвэр нь төр байх ба тус төв нь эрчим хүчний салбарт улсын төсвийн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөр арга хэмжээнд захиалагчийн хяналт тавих, эрчим хүчний барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, дүгнэлт гаргах, эрчим хүчний хуулийн дагуу тусгай тусгай зөвшөөрөл олгох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдгээс үзэхэд Эрчим хүчний хөгжлийн төв нь Засгийн газрын буюу төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ нь аж ахуй тооцоотой үйлдвэрийн газрын статустай боловч тус үйлдвэрийн газрын өмчийн эх үүсвэр нь төр, түүнийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, тус төв нь төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж байх тул Эрчим хүчний хөгжлийн төвийг Засгийн газрын бус байгууллага гэж үзэхээргүй байна.

Иймд Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ыг Засгийн газрын бус байгууллага гэж шууд тодорхойлох боломжгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.12 дахь хэсгийг нэхэмжлэгчид шууд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын 2012 оноос 2016 оныг дуусталх хугацаанд хамаарах татвар төлөлтийн байдлыг шалгасан байх ба Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.12 дахь хэсэг 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд байгаагүй, харин 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгагдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын хэрэгжүүлж байсан тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой чиг үүрэг 2017 онд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-д шилжсэн болох нь Эрчим хүчний Сайдын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаар тушаалаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газар татан буугдсаны улмаас тус агентлагийн чиг үүргийг Эрчим хүчний хөгжлийн төв хүлээн авч хэрэгжүүлж байгаа, манай төв нь тус агентлагийн хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрт захиалагчийн хяналт тавих, зураг төсөлд магадлал хийх, эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл олгох, эрчим хүчний салбарын норм, нормативыг боловсруулан батлуулж мөрдүүлэх зэрэг төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тул Засгийн газрын бус байгууллага биш гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч талын дээрх тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Эрчим хүчний хөгжлийн төвийн хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрт захиалагчийн хяналт тавих, зураг төсөлд магадлал хийх, эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл олгох, Эрчим хүчний салбарын норм, нормативыг боловсруулан батлуулж мөрдүүлэх зэрэг чиг үүрэг нь Засгийн газрын агентлагийн буюу төрийн нийтийн эрх зүйн чиг үүрэг байх тул эдгээр нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлсний улмаас олсон орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна гэж шүүх үзлээ.

Харин Эрчим хүчний хөгжлийн төвийн хэрэгжүүлж байгаа бусад чиг үүрэг болох сургалт зохион байгуулах, хөрөнгө түрээслүүлснээс олсон орлого гэх мэт хувийн өмчийн аж ахуй нэгж ч хэрэгжүүлж болох чиг үүргийг төрийн чиг үүрэг буюу төрийн үйлчилгээ гэж үзэхээргүй байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын 2012-2016 оны үйл ажиллагааг нарийвчлан шалгаж, аль орлогыг нь төрийн үйлчилгээ буюу төрийн нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлснээс олсон орлого гэж үзэх, аль орлогыг нь төрийн чиг үүрэгт хамаарахгүй орлого гэж үзэхийг шалгаж, нарийвчилсан тоо баримт, тооцоолол гаргах нь хариуцагч татварын байгууллага, татварын улсын байцаагчийн хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг байх ба дээрх чиг үүргүүд нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах бүрэн эрх татварын улсын байцаагчид хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 40 дүгээр зүйлийн 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус заасан байна.

Иймд Татварын байгууллага нь Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын 2012-2016 оны дараах үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж:

         улсын төсөвт тусгагдсан болон гадаадын дотоод хөрөнгө оруулалт зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөр арга хэмжээнд захиалагчийн хяналт тавих

         Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, дүгнэлт гаргах

         эрчим хүчний хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох, мэдээллийн сан бүрдүүлэх

         Эрчим хүчний салбарт хэрэгжих норм нормативыг боловсруулан батлуулж, мөрдүүлэх

         Эрчим хүчний салбарт мэргэжилтэн, ажилтан бэлтгэх, мэргэжил олгох, мэргэшүүлэх сургалт явуулах зэрэг,

Дээрх чиг үүргүүдээ хэрэгжүүлснээс олсон аль орлогыг нь төрийн үйлчилгээ буюу төрийн нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлснээс олсон орлого гэж үзэх, аль орлогыг нь төрийн нийтийн эрх зүйн чиг үүрэгт хамаарахгүй орлого гэж үзэхийг татварын байгууллага нэг бүрчлэн шалгаж, нарийвчилсан тоо баримт, тооцоолол гаргасны дараа нэхэмжлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах нь зүйтэй байх ба энэ арга замаар тус шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь шүүхээс тогтоосон 3 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг хянан шалгаж, нэхэмжлэгчид татвар ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргаагүй бол 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №*** дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болно.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээр татварын улсын байцаагчдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №*** тоот шийтгэлийн хуудсыг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12, 13.12, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч О.Б , Д.О нарын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №*** тоот шийтгэлийн хуудсыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Нийслэлийн Татварын газар нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг нарийвчлан шалгасан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.О, Нийслэлийн Татварын газар нь ЭХХТ ТӨҮГ-т нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 3 хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч О.Б, Д.О нарын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №*** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ