Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00272

 

Д.Ргийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03117 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Р,

Хариуцагч “М” ХХК, тус компанийн гүйцэтгэх захирал М.З нарт холбогдох,

10 623 439 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Оршихын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Р нь “М” ХХК-иар Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ хотхоны 65а байранд 2 өрөө орон сууц захиалан бариулах болж 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5 дугаартай “Орон сууц захиалан бариулах” гэрээ, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны ОССК /тухайн үеийн нэршил/-тай 403646 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр ОССК, “М” ХХК-тай 403646 дугаартай Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ тус тус байгуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу “М” ХХК-ийн төлөх байсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхийг удаа дараа шаардаж байсан.

“М” ХХК болон түүний захиалагч нь нэхэмжлэгчийн орон сууцны ахуйн боломжгүй байдлыг далимдуулж, өөр бусдад худалдах боллоо гэх зэргээр Улсын комисст хүлээлгэж өгөөгүй, байрандаа оруулчхаад гэрээнд заагдаагүй нөхцөлөөр нэхэмжлэгчийн мөнгийг бараа бүтээгдэхүүн, барилгын материал, нефтийн үнийн огцом өсөлт, цаг агаарын өөрчлөлт болсон, болох гэж байгаа хэмээн нотлогдоогүй тодорхой бус, давагдашгүй хүчин зүйлийн бус үйл явдлыг далимдуулж өөрийн компанийн гарах ёстой байсан зардлаа хууль бусаар удаа дараа хувийн дансандаа төлүүлж байсан.

Иргэний хууль, Орон сууц захиалан бариулах гэрээ, Орон сууцны зээлийн гэрээ, Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээний холбогдох зүйл, заалтыг үндэслэн “М” ХХК-иас 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх зээлийн хүү 4 929 824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 985 965 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4 707 650 төгрөг, нийт 10 623 439 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК, М.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Р нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да хүрээ хотхоны 65Б байрны 16 тоот 2 өрөө 36,3 м.кв байрыг захиалж 1,16 тоот гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний урьдчилгаа 10 хувийг өөрөө төлж, 26 000 000 төгрөгийг ОССК-с зээл авч байрны төлбөрөө хийсэн боловч байрандаа Д.Р нь орж амьдраагүй бөгөөд тухайн гэрээ цуцлагдсан.

Д.Р байр хүлээн авч ашиглаж эхэлснээр ОССК-с авсан зээлийн болон хүүгийн төлбөр болон байр ашиглалтын зардал, бусад төлбөрийг төлсөн. Үүнээс гадна 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Р нь “М” ХХК-д дахин өргөдөл гаргаж үлдэгдэл төлбөр 2 227 648 төгрөгийг ҮХЭХУБ-ын гэрчилгээ гармагц төлөхөөр харилцан тохиролцож 65А байрны 4 тоот байрыг эзэмших гэрээ дахин байгуулсан.

Иргэн М.З нь хувь хүний хувьд нэхэмжлэгч Д.Ртэй эрх зүйн харилцаа үүсгээгүй, түүнээс хувьдаа зээлсэн, авсан мөнгө, хөрөнгө байхгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал байхгүй учраас Д.Ргийн “М” ХХК-д болон захирал М.Зод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд ТБ ХХКны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, Х.Мөнхзул нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК /ОССК/, Д.Р, Р.Төгссайхан нарын байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 дугаар Орон сууцны зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Р нь ОССК-ийн өмнө зээлийн гэрээний үүрэг хүлээж, холбогдох зээлийн төлбөрийг төлж байсан.

Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК болон ТБ ХХК ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 440 дүгээр шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ТБ ХХК ХХК нь тус гэрээний хавсралтад заасан зээлдэгчийн зээлийн болон барьцаа хөрөнгийн шаардах эрхийг шилжүүлэн авч, зээлдэгчээс төлбөр нэхэмжлэх эрх үүссэн. Гэрээний хавсралтад Д.Ргийн 403646 дугаартай Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Да хүрээ хотхоны 65А-4 тоот орон сууцны зээлийн гэрээ тусгагдсан. Шаардах эрхийг шилжүүлэн авсан Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК, Д.Р, Р.Төгссайхан нарын байгуулсан 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 403646 дугаар Орон сууцны зээлийн гэрээнд зээлдэгч Д.Р нь 26 000 000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай зээлж, зээлийн хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөх, үндсэн болон хүүгийн төлбөрийг графикт хугацаанд бүрэн болон хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үндсэн зээлийн хүүгийн 20 хувийн алдангийг Орон сууцны санхүүжилтийн корпорацид төлөх, ОССК нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг графикт хугацаа болмогц зээлдэгчээр төлүүлнэ гэж тус тус заасан байдаг.

Иймд ТБ ХХК ХХК-ийн хувьд ОССК-ийн хувьд ОССК-тай байгуулсан 440 дүгээр шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 403646 дугаар Орон сууцны зээлийн гэрээний зээлдүүлэгчийн бүх шаардах эрхийг шилжүүлэн авсан тул гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх шилжүүлэн авсан үеэс зээлдэгчээр төлүүлэх үндэслэлтэй. Учир нь Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК, Д.Р, Р.Төгссайхан нарын байгуулсан 2011 оны 9 дүгээр 13-ны өдрийн 403646 дугаар Орон сууцны зээлийн гэрээнд зээлдэгч Д.Р нь зээлийн хүүгийн төлбөрийг хариуцахгүй, барилгын компани хариуцах тухай заалт байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч “М” ХХК-иас 4 428 459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Рд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 194 980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 85 805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Рд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Р 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ОССК-тай “Орон сууцны зээлийн гэрээ”, мөн өдөр ОССК болон “М” ХХК-тай “Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ” байгуулсан. Хариуцагчийн зүгээс захиалгат орон сууцыг 2012 оны 01 дүгээр сард барьж дуусгасан боловч тухайн үед нийслэлд улсын комисс түр ажиллахгүй байсан тул 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д.Рд 65а байрны 4 тоотыг хэлцэл байгуулан, протокол үйлдэж хүлээлгэн өгсөн. Энэ өдрөөс эхлэн 65а байрыг Улсын комисс ашиглалтад хүлээж авах хүртэл 2 жилийн хугацаанд Д.Р байранд оршин сууж, үр шимийг нь хүртэж ирсэн.

Д.Р Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээний 3.6-д заасан “орон сууцны барилгыг ашиглалтад оруулах талаар барилгын компанийн үйл ажиллагаанд хяналт тавина” гэсэн үүргээ биелүүлэлгүй түлхүүр гардан авч орон сууцыг ашиглалтад авсан нь “М” ХХК-ийн буруугаас болоогүй гэж үзнэ. Иймээс Улсын комисст орон сууцыг хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр Д.Ргийн орон сууцны зээлийн хүүг “М” ХХК-иас гаргуулах үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх зээлийн хүү 4 428 459 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч Д.Р нь хариуцагч “Мануул трэйвэл” ХХК болон гүйцэтгэх захирал М.З нарт холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээ, орон сууцны зээлийн гэрээ, орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээний дагуу зээлийн хүү 4 929 824 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 985 965 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 4 707 650 төгрөг, нийт 10 623 439 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын хооронд 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний 4.2-т орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, улсын комиссын актыг зээлдүүлэгчид баримтаар хүлээлгэн өгөх хүртэл зээлдэгчийн нэрийн өмнөөс зээлийн хүүг /зээлийн гэрээний хавсралтын дагуу/ төлөх үүргийг гүйцэтгэгч барилгын компани хүлээхээр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүссэн гэж үзнэ.

            Хариуцагч “Мануул трэйвэл” ХХК зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 166 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 178 610 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 166 760 төгрөгийн зээлийн хүүг төлсөн боловч байрыг захиалагчид хүлээлгэн өгсөн шалтгаанаар 2012 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн хүүг төлөөгүй, харин зээлдэгч зээлийн хүүг төлсөн үйл баримт тогтоогджээ. Харин улсын комисс 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр орон сууцыг байнгын ашиглалтад хүлээн авч акт үйлдсэн нь хэрэгт авагдсан байна.

Иймд барилгын компани Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, гэрээний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгч буюу нэхэмжлэгч Д.Рд  хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.  

            Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээний 3.3-т зааснаар орон сууцыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авч акт үйлдсэнийг хүлээн авснаас хойш зээлийн хүү төлөх үүрэг зээлдэгчид үүсэхээс гадна барьж дуусаагүй болон дууссан боловч улсын комисс ашиглалтад аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хуулиар хориглодог тул 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрөө хүсэлт гаргасныг нь үндэслэн захиалсан орон сууцыг Д.Рд хүлээлгэн өгч акт үйлдсэн, тухайн өдрөөс эхлэн орон сууцаа ашиглаж ирсэн тул зээлийн хүүг өөрөө төлөх үүрэгтэй гэх хариуцагч талын татгалзлыг хүлээн авах боломжгүй.

            Харин нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар тооцвол 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш орон сууцыг ашиглалтад хүлээн авч акт гарах хүртэлх хугацааны зээлийн хүү буюу 2014 оны 02 дугаар сард төлөгдсөн 167 707 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, харин дурдсан хугацаанаас өмнөх хугацааны хохирол шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.  Мөн нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулна.

            Нэхэмжлэгч Д.Р нь “Мануул трэйвэл” ХХК-д 4 707 648 төгрөгийн ашиглалтын зардлыг төлөхөө зөвшөөрч 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр баталгаа гаргасан нь хэрэгт баримтаар авагдсан бөгөөд шүүх М.З болон Д.Р нарын хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэн түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцсэн бөгөөд шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй байна. Харин шүүх шийдвэрийн үндэслэлд ийнхүү дүгнэснээ тогтоох хэсгийн заалтаар шийдвэрлээгүй орхигдуулсныг нөхөж залруулан хариуцагч М.Зод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэмэлтийг шүүхийн шийдвэрт оруулах шаардлагатай.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03117 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мануул трэйвэл” ХХК-иас 167 707 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Рд олгон, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Мануул трэйвэл” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн үлдэх хэсгийг болон М.Зод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн  2 дахь заалтын “85 805 төгрөгийг” гэснийг “5 681 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                             Д.БАЙГАЛМАА

                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ