Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дамдины Ганзориг |
Хэргийн индекс | 188/2017/0001/Э |
Дугаар | 299 |
Огноо | 2017-12-06 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Ш.Эрдэнэбилэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 299
М.Э-д оногдуулсан хорих ялыг
шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд
дүйцүүлэн хасах тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
шүүгч Б.Батцэрэн даргалж,
шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ш.Эрдэнэбилэг,
ялтны өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 131 дүгээр шүүгчийн захирамж,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаар магадлалтай, М.Э-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан М.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, М.Э нь 2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 13 жил хорих ялаар шийтгүүлж, одоо уг ялаа эдэлж байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 131 дүгээр шүүгчийн захирамжаар: Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Э-ын нийт биечлэн эдлэх хорих ялыг 09 жил 07 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаар магадлалаар: Шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсэгт “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-д оногдуулсан хорих ялыг 12 жил 2 сар 13 хоногоор тогтоосугай”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Э-ын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, ялтан М.Э-ын ялын тооцоог хийж, шинэчлэн тогтоосон ялаас хасаж тооцохыг тухайн хорих байгууллагад мэдэгдэж, түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Ялтан М.Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 131 дүгээр шүүгчийн захирамжид “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг дүйцүүлэн тооцоход биечлэн эдлэх ял 12 жил 02 сар 04 хоног байх тул” гэж тодорхойлжээ. Гэтэл хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял авсан ялтанд ял дүйцүүлэх асуудлыг тооцоход шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 12 жил болж байна. Эндээс дүгнэхэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан гэмт хэрэгт 15 жилийн хорих ял авсан ялтнаас шинэ Эрүүгийн хуулиар дүйцүүлсэн миний ялын хэмжээ их байгаа юм. Иймд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Мөн Үндсэн хуульд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Тухайлбал, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хурлаас шүүгч миний ялын хугацааг 5 жил хассан боловч захирамж хүлээн авахад ялын хэмжээ нэмэгдэж 9 сар 26 хоногийг дүйцүүлэн хассан гэж шүүгчийн анхны шийдвэр өөрчлөгдсөн. Түүнчлэн ялтан Э.Э нь миний адил Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялтай байсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр С.Пүрэвсүрэн шүүгчийн даргалсан “Ял дүйцүүлэн хасах тухай” шүүх хурлаар хамт орж 5 жилийн ял дүйцүүлэн хасуулж, улмаар шоронгоос суллагдаад байна. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, элдэв зөрчил гаргалгүй ажиллаж, шагналын хоног авч биеэр эдлэх ялаа эдэлж байна. Иймд хэргийн нөхцөл байдалд тулгуурлан хувийн байдлыг харгалзан үзэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээнд ялыг дүйцүүлэн хасаж өгнө үү” гэжээ.
Ялтан М.Э-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд: “...М.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо хууль зүйн үндэслэлээ дурдсан байгаа. Шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2015 оны 07 дугаар сарын 01-нээс өмнө ял шийтгүүлсэн этгээдийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар зохих зүйл, заалт, хэсгийг шүүхээс дүйцүүлэн хассан. Дүйцүүлэн хасахдаа статистик, математикийн аргыг аргачлал болгосон байдаг. Тус аргачлалыг нэг бүрчлэн бодож үзэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт 13 жилийн ял авсан ялтан М.Э нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан хэргээр зүйлчлэгдэн 15 жилийн ял авсан ялтнаас шинэ Эрүүгийн хуулиар дүйцүүлсэн ялын хэмжээ их байгаа юм. Ялтан М.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэн гомдол гаргасан. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хорих ялын дээд хэмжээ хэвээр, доод хэмжээ багассан. Харин мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд болон доод хэмжээ багассан байгаа. Математик, статистикийн аргачлал нь ялын доод, дээд хэмжээ багассан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний санаатай алсан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн ял, хөнгөрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан гэмт хэргийн ялтай давхцал бий болж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна гэснийг журамлан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй, мөн хувийн байдлыг харгалзан үзэж ялтан М.Э-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Хэргийн материалд ялтан М.Э нь ээж болон бага насны хүүхэдтэйгээ амьдардаг, хоригдох хугацаандаа ажил хийж, ялаа зөв эдэлж байгаа зэрэг хувийн байдлын талаар тусгагдсан. Ялтан М.Э-ын холбогдсон хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ялаар түүнд оногдуулсан ялын хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.
Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүхээс ялтан М.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 13 жилийн хугацаагаар тогтоосон. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 10-аас 15 жилийн хорих ял оногдуулахаар заасан байдаг. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт 8-аас 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Уг хуульд нийцүүлэн ялтан М.Э-д оногдуулсан хорих ялыг 12 жил 2 сар 4 хоногоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгчийн захирамж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна”, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж тус тус заажээ.
Уг зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа этгээдийн хувьд хууль буцаан хэрэглэх явдал нь шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод, дээд, эсхүл аль алиныг нь багасган тогтоосон тохиолдолд зөвхөн уг багасгасан хэмжээнд нийцүүлэн хасах байдлаар хэрэгжинэ.
Шүүхээс биечлэн эдлүүлэхээр өмнө нь тогтоосон ялын хэмжээг шинэ хуулиар багасгасан хэмжээтэй харьцуулж, уг багассан хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэхээс бус хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлт зэргийг өөрчлөх, эсхүл ийнхүү өөрчилснөө үндэслэн шинээр ял оногдуулах ажиллагааг ялыг дүйцүүлэн хасаж буй шүүх гүйцэтгэх эрхгүй болно.
Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох ажиллагааны үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой ба энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт уг заалтыг журамлан ялд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй юм.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын хэмжээ арваас дээш арван таван жил байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялын доод хэмжээ найман жил, дээд хэмжээ арван таван жил болж, ялын доод хэмжээ багассан тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх ялтан М.Э-д шүүхээс анх оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах хэмжээний талаар шүүгчийн захирамжид дурдсан мөртлөө уг тогтоосон хэмжээнээсээ түүний биеэр эдэлсэн хорих ялын хугацааг хасаж түүний эдлээгүй үлдсэн ялын хугацаагаар тогтоосныг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд ялтан М.Э-ын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 131 дүгээр шүүгчийн захирамж, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ялтан М.Э-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Д.ГАНЗОРИГ
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН