Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184

 

Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Загарсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0264 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Д.Энхцэцэгийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0264 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянах хэсэгт “Учир нь Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байр шинэ бүтцээр хасагдаж, түүний хийж байсан албан үүргийг газрын дэд дарга хавсран ажиллах болсон байгаа тул тухайн ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй” хэмээн дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын Халамжийн үйлчилгээний хэлтэс хэвээр байгаа бөгөөд тус хэлтсийн даргын ажил байхгүй болоогүй, дэд даргад энэхүү ажил нь хавсарч байгаа нь Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасан “орон тоо хасагдсан” гэдэгт “тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон гэх ойлголт” хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл тухайн хуулийн этгээд, байгууллага, ажил олгогчид бусдаар гүйцэтгүүлэх "ажил үүрэг" байснаар ажлын байр бий болж, түүнийг нэрлэсэн албан тушаалын нэр үүсдэг. Анхдагч ойлголт нь "ажил" байснаар албан тушаал бий болдог. Үүнийг Улсын Дээд шүүх “орон тоо хасагдсан” гэх үндэслэлийг “ажил, албан тушаал” хэмээн тодорхой тайлбарласан байдаг. Ажил олгогчийн ажилтан, албан хаагчийн эрхийг зөрчихгүй байх, ажил олгогчид баримт бичгийн давуу байдал хадгалагддаг тул “ажил үгүй” болсноор тухай нэршлийн ажлын байр, албан тушаал мөн адил үгүй болох үндэслэлтэй. “Ажил” хасагдаагүй гэдгийг “ажлын байр, албан тушаал” хасагдаагүй хэмээн тайлбарласан мэтээр шүүхийн шийдвэрт бичсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын гүйцэтгэх ажил, үүрэг байхгүй болоогүй, зөвхөн хэлбэрийн төдий буюу албан тушаалын нэрийг хассанаар тухайн ажил үгүй болсон гэж үзэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр болон магадлал нь хууль зүйн үндэслэлгүй гаргасан байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Д.Энхцэцэгийн хууль ёсны эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Энхцэцэг нь Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргад холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан байна.

Маргаан бүхий тушаалаар “бүтэц өөрчлөгдсөн, хэлтсийн даргын орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын Халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгчээс “албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн, халж, сэлгэхийн тулд үндэслэлгүй тушаал гаргасан” гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд ... эсхүл 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгохоор зохицуулжээ.

Энэ тохиолдолд маргаан бүхий Халамж, үйлчилгээний хэлтсийн даргын орон тоо хасагдсан болох нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн б/21 дүгээр тушаалаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зөв байна.

Учир нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох эрхтэй буюу тухайн байгууллагын чиг үүрэг, зорилгод нийцүүлэн ямар албан тушаал бий болгох, ямар зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, эдгээр чиг үүргүүд хоорондоо  давхцахгүй байхаар хуваарилан тогтоох эрх нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд байна.

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн а/53 дугаар тушаалаар аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоог баталсан бөгөөд Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газарт дэд дарга болон Халамж үйлчилгээний хэлтсийн дарга гэсэн орон тоо тус тус багтаж байсан бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн б/21 дүгээр тушаалаар Нийслэлийн Нийгмийн халамжийн газарт нийгмийн халамжийн хэлтсийг тус бүрийн асуудал хариуцсан мэргэжилтний 8 орон тоотой болгож, дэд даргад хэлтсийн даргын үйл ажиллагааг хариуцуулж, өөрчилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байгаа албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн туршлага, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан шалгаруулж авахаар заасан байна.

Тухайн тохиолдолд Халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг тухайн байгууллагад хэвээр байгаа боловч энэхүү чиг үүргийг захиргааны байгууллагын зүгээс “дэд даргын албан тушаалын чиг үүрэгтэй давхардсан” гэж үзэж, дэд даргын албан тушаалын чиг үүрэгт нэгтгэсэн байх тул захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн “бусдад чиг үүрэг шилжсэн нь орон тоо хасагдах үндэслэл биш” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд нэгэнт “халамж, үйлчилгээний хэлтсийн дарга” гэсэн тусдаа орон тоо тухайн байгууллагын бүтцээс хасагдсан тул нэхэмжлэгчийг хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, цалин олгох боломжгүй, уг албан тушаалд томилохыг даалгах эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Шүүхээс зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчээс мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалаар хангах боломж захиргааны байгууллагад байсан эсэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “б/31 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудыг тусгайлан нэрлэн заасан, эдгээр тохиолдлын алинд ч маргаан бүхий б/31 дүгээр тушаал хамрагдахааргүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 80 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0264 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ