Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2207002690193 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* ******* тоотод оршин суух,

Урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан,

******* овогт *******гийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ны хашаанд өөрийн хамтран амьдрагч, хохирогч М.*******г “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийг хэрүүл маргаанаас зугтаж, хашаанаас гарч явахад нь үснээс татаж газарт унаган гар, хөлөөр цохих, өшиглөх зэргээр биед нь халдсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эрүүл мэндэд нь “тархи доргилт, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт, нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

          1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэвэл   шүүгдэгч Д.******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ны хашаанд өөрийн хамтран амьдрагч, хохирогч М.*******г “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийг хэрүүл маргаанаас зугтаж, хашаанаас гарч явахад нь үснээс татаж газарт унаган гар, хөлөөр цохих, өшиглөх зэргээр биед нь халдсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эрүүл мэндэд нь “тархи доргилт, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт, нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ы өгсөн: “....Манайх байшин барьж байгаа. Би 29-ний орой найзыгаа авчирч өрлөг хийлгэсэн. Орой нь жаахан уугаад унтсан. Манай хөрш нэг шил архи авчирч өгсөн байсан. Тэр архиа маргааш нь эхнэрээсээ нэхээд ийм асуудал болсон. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид архи уухгүй.” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.*******гийн өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ажил дээрээ шөнийн ээлжтэй байж байгаад 08 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай нөхөр Д.******* нь надаас “архи байна уу” гэж асуугаад, нэхээд байсан. Тэгэхэд шөнөжин уусан байдалтай байсан ба би “байхгүй” гэж хэлэхэд янз бүрийн юм яриад, хардаад хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудах гээд гэрээсээ гарсан чинь Д.******* намайг хашаан дотор араас татаж унагаад нуруу луу цохисон. Хэдэн удаа хаана цохисон талаар санахгүй байна. Тэр үед юу болсон талаар зарим зүйлээ санахгүй байна. Тухайн үед миний толгой, нуруу, нүүр хэсэгт хөхөрсөн байсан. Одоо зүгээр болсон тул санал гомдол байхгүй. Манай нөхөр 2017 оноос хойш гар хүрч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/,  

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл “дунд” гэж үнэлэгдсэн /хх-ийн 15-16 дахь тал/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт-эхнэр нөхөр хоёрын зөрчилтэй харилцаа даамжирсаар 2022 оны 08 дугаар сарын 30-нд бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэгдсэн байна. /хх-ийн 17-24 дахь тал/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.гийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 381 дугаартайМ.*******гийн биед тархи доргилт, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх   нотлох   баримтууд   нь   энэ   хэрэгт   хамааралтай,   хуульд   заасан   үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос   шүүхэд   шилжүүлсэн   хэргийн   хүрээнд   шүүгдэгчийн   гэм  буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн  үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.******* нь хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол уруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.гийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 381 дугаартайМ.*******гийн биед тархи доргилт, нуруу, баруун шилбэнд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Д.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг хуульчилсан ба тэрхүү үйлчлэлд “...  хамтран амьдрагч, хамаарна”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”  гэж,  мөн   хуулийн   6  дугаар   зүйлийн 6.2-т “Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ”, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тус тус тайлбарлаж хуульчилжээ.

Холбогдогч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хамтран амьдрагч нар болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Д.******* нь хамтран амьдрагч С.*******тай маргалдаж үснээс нь татаж газарт унаган гар, хөлөөрөө цохих, өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, шүүхийн шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн зүгээс прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбар, саналыг тус тус гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч Д.******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд Д.******* нь хувиараа барилгын ажил хийдэг, тодорхой орлоготой /хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хх-ийн 64-68 дахь тал/ тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдалд нь торгуулийн хэмжээ тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.*******д улсын яллагчийн санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгчид 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан нь Эрүүгийн хариуцлагын зорилго болон хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэхгүй, хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн шинж /урьд тухайн төрлийн хэрэгт 3 удаа ял шийтгүүлж байсан/-д тохирохгүй байгааг анхаарвал зохино.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд ,36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

      1. ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БАЯСГАЛАН