Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 03022

 

 

 

  

 

      2018 оны 12 сарын 07 өдөр

        Дугаар 184/ШШ2018/03022

                 Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               

                Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

                Нэхэмжлэгч: “Ч.Г” ХХК /РД: /. Хаяг: Баянгол дүүргийн  дүгээр хороо, Горькийн гудамж, тоот

                Хариуцагч: “Б.Г” ХХК /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Сүлжээ” ХХК-ийн байр, тоот

                4,263,500 /дөрвөн сая хоёр зуун жаран гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал  нар оролцов.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хүсэлтдээ: 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б.Г ХХК-ийн захирал У.Б, УНТ улсын дугаартай Ланд круйзер-80 маркийн автомашинд 4,263,500 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэн тооцоогоо маргааш хийнэ гэж хэлээд манай компанийн худалдааны зөвлөх М.Г-оос автомашинаа авч явсан. Маргааш нь холбогдож төлбөр өгөхийг шаардахад өнөөдөр, маргаашгүй өгнө гэж хугацаа хойшлуулсан. Үүнээс хойш 1 сарын дараа 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай компанид №А18/126 дугаар бүхий баталгаагаар төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр байсан ч өнөөдөр өгнө, маргааш өгнө гэсээр хугацаандаа төлөөгүй. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №А18/143 тоот хүсэлтээр төлбөр төлөх хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулахыг хүссэн бөгөөд компанийн зүгээс өнөөдрийг хүртэл харсан.

                Гэтэл бидний итгэлийг удаа дараа алдаж, танай компани юу ч авч чадахгүй, та нар хуулийн байгууллагад хандаад ч төлбөрөө  олж авахгүй гэх зэргээр үг хэлээр доромжлох, гутаах байдлаар харьцсан. Захирал У.Б утсаа авдаггүй, ярих бүрт ямар нэг шалтаг шалтгаан хэлж хугацаа авч байна. 

                Иймд хариуцагчаас үйлчилгээний төлбөр 4,263,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

                Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч Ч.Г ХХК нь хариуцагч “Б.Г” ХХК-д холбогдуулан үйлчилгээний төлбөр 4,263,500 /дөрвөн сая хоёр зуун жаран гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

                Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э-д  2018 оны 11 дүгээр сарын 13-ны  өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан ба хариуцагч танилцсан тухай баримтад гарын үсгээ зуржээ.

                Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

                Б.Г ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрийн өмчлөлийн 5092 УНТ улсын дугаартай, Ланд круйзер-80 маркийн автомашинд нэхэмжлэгч компанийн засварын газраар 4,263,500 төгрөгийн засвар, үйлчилгээ хийлгэсэн ч төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримт, хариуцагч компанийн нягтлан бодогч О.Э-ын гарын үсэгтэй 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А18/126 тоот, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А18/143 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 8-11/

                Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн байхад захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авсан боловч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байна. 

                Иймд хариуцагч Б.Г ХХК-иас  4,263,500 /дөрвөн сая хоёр зуун жаран гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г ХХК-д олгох зүйтэй гэж үзэв.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

                1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г ХХК-аас 4,263,500 /дөрвөн сая хоёр зуун жаран гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г ХХК-д олгосугай.   

                2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн        83,163 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 83,163 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ