Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/03416

 

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2018/03416

 

 

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Т.Д-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.М-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан хохиролд 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Б.М, иргэдийн төлөөлөгч М.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 21-ний өглөө би Хан-Уул дүүргийн цамхагийн зүүн талын уулзвараар ногоон гэрэл асаж, гарцаар зам хөндлөн гарсан. Ногоон гэрэл асаж дуусаагүй байхад гэнэт 0912 улсын дугаартай прусс маркийн машин ирж мөргөсөн. Зам гарч явсан настай эрэгтэй хүн дайрчихлаа гэж хэлсэн. Машины жолооч сандарсан байдалтай гарч ирсэн. Цагдаа дуудаж осол гарсан хэмжилт хийсэн. Би гэмтлийн эмнэлэг орж, рентгений зураг авахуулсан. Би өмнө гэмтэж байсан ч ажлаа хийж байсан. Ослын улмаас миний тархи доргиж, ташаандаа гэмтэл авсан. Тухайн үед намайг эмч хэвтрийн дэглэм сахихыг зөвлөсөн. Маргааш нь гуя хавдаж, өвдөг хөхөрсөн байсан. Тархины доргилтоос болоод байнга толгой өвдөж, дотор муухайрах болсон. Би “Мөнгөн гүүр” эмнэлэгт 350.000 төгрөгөөр тархины зургаа авахуулж, төлбөрийг нь Б.М төлсөн. Эмч намайг нуруу, хөлний зургаа авахуулах ёстой гэсэн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэх гэсэн боловч оргүй гээд дүүргийнхээ эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийлээд 700.000 төгрөг, унаа төлбөр 300.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа шүүх хуралддаанд гаргасан тайлбартаа: Зам тээврийн осол болсон. Ослын улмаас нэхэмжлэгчийн биед гэмтэл учирсан. Хариуцагч өөрийн гэм буруугаа хүлээхгүй байна. Ослын улмаас нэхэмжлэгч өмнөх шигээ явж чадахаа больж, алхаж гишгэхэд хүндрэлтэй болсон. Цаашид нэхэмжлэгч эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Иймд нэхэмжлэгчийн баримтаар нэхэмжилсэн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болно шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ХанУул дүүргийн уулзвараар баруун гар тийш эргэхдээ явган зорчигчийг зам хөндлөн гаргасан. Замаар явган зорчигчид гарч дууссаны дараа хамгийн сүүлд Т.Д гуай машин хөдлөх гэж байхад урд сөхрөөд унасан. Тухайн үед би машиныхаа хурдыг аваагүй, Т.Д гуайг сүртэй мөргөөгүй. Тэр үед би Т.Д гуайг гэмтлийн эмнэлэгт хүргэж, рентген зураг авахуулсан. Эмч Т.Д гуайг өмнө гэмтэлтэй байж, шинэ гэмтэл үүсээгүй байна гэж надад хэлсэн. 6 дугаар сарын 21-ний орой би эгчийн хамт Т.Д гуайнд очсон. Т.Д гуай надаас 2.000.000 төгрөг нэхсэн. Т.Д гуай Хан-Уул дүүргийн эмнэлгийн дотрын тасагт бөөрний архаг үрэвсэлтэй гэсэн оношоор нийгмийн даатгалаараа үнэгүй эмчилгээ хийлгэж, хэвтсэн байсан. Замын цагдаагийн н.Эрдэнэтуул байцаагч бид 2-ыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү явуулсан. Шүүхийн шинжилгээний эмч Т.Д гуайг үзээд хөнгөн зэргийн гэмтэл авсан байна. Хуучин түнхний гэмтэлтэй юм байна. Хөнгөн зэргийн гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. Замын цагдаа зам тээврийн осол гаргасан гэж надад торгуулийн арга хэмжээ авч, хэргийг хаасан. Нэхэмжлэгчийн 204.900 төгрөгийн эм тариа авч, эмчилгээ хийлгэсэн нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн хэрэглэсэн гэх эмийн жагсаалтууд гэмтэлд биш, тархины цусан хангамж сайжруулахад зориулсан эмнүүд байсан. Нэхэмжлэгчийн төлбөр нэхсэн баримтууд гарын үсэг, тамга тэмдэггүй, засвартай байна. Нэхэмжлэгч унааны төлбөрт 30.000, 40.000 төгрөг гэж хамаагүй мөнгө нэхсэн байна. 200.000 төгрөг төлөх саналтай байна гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 0912 улсын дугаартай приус маркийн машин ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан Т.Дг мөргөж гэмтэл учруулсан байна. Т.Д нь 1.529.827 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэнд хохирсон. Нэхэмжлэгч өөр учирсан гэмтлийг эмчлүүлж зардал гарсан учраас холбогдох зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Б.Мт холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохиролд 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тул 200.000 төгрөгийн хохирлыг төлнө, нотлох баримт нь шаардлага хангахгүй тул үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Б.М нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг 12 минутын үед 09-12 УНМ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, дүүргийн арын замд жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, иргэн Т.Дг мөргөж, эрүүл мэндэд хохирол учруулжээ. Хариуцагчийн гэм буруутай үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь Замын Цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 310000618543944 дугаартай Шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 8160 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,  505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу  шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлохдоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоног, эм тариа, дутуу авсан цалинд 700.000 төгрөг, унаа хөлсөлсөн зардал 300.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг гэж тооцон нэхэмжилж байна.

Анхан шатны тусламж үзүүлсэн гэмтлийн эмчийн үзлэгээр бүх биед доргилт үүссэн тул хэвтрийн дэглэм сахих зааварчилгааг дагаж, нэхэмжлэгч нь гэртээ хэвтрийн дэглэм сахьсан болох нь зохигчдын тайлбар, ажил олгогчийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Гэрээр эмчилгээ хийсэнтэй холбоотойгоор эмнэлгийн хуудас олгогдоогүй, нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 21-ны өдрөөс 29-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлс болон түүнтэй тэнцэх олговор авч чадаагүй байх тул энэ хугацааны цалин болох 173.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, 8.160 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ гаднаас 14.967 төгрөгийн эм тариа хэрэглэсэн, ор хоногийн төлбөрт 28.700 төгрөг төлсөн, эм тариа худалдан авсан Биндэръяа Алтан ерөө эмийн сангийн 14.500 төгрөг, 174.500 төгрөг, 128.000 төгрөгийн Дуламрагчаа гэсэн нэр бүхий 3 баримт, Монфа эмийн сангийн 8.400 төгрөгийн баримтаар 325.400 төгрөгийн эм тариа хэрэглэсэн байх ба эдгээр баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан, эмчлүүлэгчийн картад бичигдсэн эм тариа болох нь тогтоогдож байна.

Харин эм тарианы гэх 148.823 төгрөгийн 9 ширхэг баримт нь нэхэмжлэгчийнх мөн болох нь тодорхойгүй, санхүүгийн тэмдэг байхгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зам тээврийн ослоос үүдэн унаа хөлсөлсөн гэж 300.000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэж 500.000 төгрөг шаардсан боловч нэхэмжлэгч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан байдлаар нотлох баримтаар нотолж чадаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Дээрх үндэслэлээр хариуцагчаас 551.177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 948.823 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1.  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Маас 551.177 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 948.823 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17.185 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ

                       

                        ШҮҮГЧИД                                                Т.ГАНДИЙМАА

 

                                                                                                Н.ХАНГАЛ