Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагч, хяналтын прокурор Х.Насанжаргал /томилолтоор/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох 2230000000088  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар   сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр цэцэрлэгт жижүүр ажилтай,          ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******ийн 307 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Г.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч ******* 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн үүдэнд *******гийн гээгдүүлсэн хүрэн эрээн өнгийн түрүүвчийг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшиж, бэлэн 50,000 төгрөг, Төрийн банкны картаас 289,781 төгрөг, нийт 339,781 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Эрүүгийн 2230000000088 дугаартай хэргээс:

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:  “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн үед гадаа харуй бүрий болж байхад ач охин *******ыг эмнэлэгт үзүүлэх гээд Аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 буюу хүлээн авахын үүдэнд нь машинаа зогсоогоод машин дотроо сууж байхад миний талын хаалганы доор засмал дээр хүрэн эрээн өнгийн урт түрүүвч байхаар нь би машинаас буугаад уг түрүүвчийг аваад буцаад машиндаа суусан. Дотрыг нь нээж үзэхэд ******* гэсэн эрэгтэй хүний паспорт, 2 ширхэг ХААН банкны карт, 2 ширхэг Төрийн банкны карт, “Сод Монгол” шатахуун түгээх станцын хөнгөлөлтийн карт мөн бэлэн 50,000 төгрөг зэрэг зүйлс байсан. Түрүүвчинд байсан дугаар руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. 14 хоног орчмын дараа миний бие өвдөөд байхаар нь эм авах гээд мөнгөгүй байсан болохоор олсон хүрэн түрүүвчинд байсан 50,000 төгрөгийн хагасаар нь эм аваад хагасаар хүнсний зүйл худалдаж авсан. Төрийн банкны картынх нь нууц дугаартай дугтуй түрүүвчинд нь байсан болохоор АТМ-ээс цагаан сарын юм бэлдэх гээд тэр картаас 289,781 төгрөг уншуулж авсан...” гэх /хх 32-33 дугаар хуудас/

Хохирогч *******гийн: “...Би ******* сумын 8 дугаар баг “Зүүн Тариа” гэх газар нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт жирэмсний хяналтдаа орохоор нөхөр Ганбатын хамт явж байхдаа төрөх тасгийн үүдэнд өөрийн эзэмшлийн хүрэн эрээн өнгөтэй түрүүвчээ гээгдүүлсэн. Удалгүй манай нөхөр Ганбат нь төрөх тасгийн үүдээр гээгдүүлсэн түрүүвчийг хайгаад олоогүй ирсэн. Тэгээд нөхөр бид хэд хоног хөдөө байж байгаад 02 дугаар сарын 21-ний өдөр ******* суманд ирээд гээгдүүлсэн түрүүвчинд байх Төрийн банкны ******* тоот данстай виза картаа хаалгах гээд дансны хуулгаа шалгаж үзэхэд нөхөр бид хоёрын мэдэхгүй зарлагын гүйлгээнүүд хийгдсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би хамгийн сүүлд өөрийн эзэмшлийн Төрийн банкны ******* тоот данстай виза картаараа 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 14,000 төгрөгөөр “Дээж” худалдааны төвөөс гүйлгээ хийж пос машинд уншуулсан. Тэрнээс хойших уг данснаас 02 дугаар сарын 01-ний өдөр 49,781 төгрөг, уг өдрийн 50,000 төгрөг, 02 дугаар сарын 16-ны өдрийн 20,000 төгрөг, 02 дугаар сарын 18-ны өдрийн 70,000 төгрөг, 02 дугаар сарын 20-ны өдрийн 100,000 төгрөгийн нийт 289,781 төгрөгийн зарлагын талаар огт мэдэхгүй байна. Миний гээгдүүлсэн түрүүвч нь хүрэн эрээн өнгийн том түрүүвч байсан. Дотор нь ....., манай нөхөр .... бид хоёрын 2 ширхэг ХААН банкны виза карт, Төрийн банкны 2 ширхэг виза карт, манай нөхөр Н.Г-ын иргэний үнэмлэх, "Сод монгол” шатахуун түгээгүүрийн хөнгөлөлтийн карт 1 ширхэг, нэг ширхэг нэрийн хуудас, төрийн банкны зарлагын баримт, дээрх 2 ширхэг Төрийн банкны виза картыг захиалахад ирсэн дугтуй, 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг нийт бэлэн 50,000 төгрөг байсан. Манай нөхөр бид хоёр хөдөө сүлжээгүй байж байгаад өнөөдөр аймгийн төвд ирээд Төрийн банкны ******* тоот данстай виза картаас зарлага гарсныг мэдсэн...” /хх 24-25 дугаар хуудас/

-Хохирогч *******гийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, Төрийн банкны ******* тоот дансыг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх 11-12 дугаар хуудас/

  • Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 15-18 дугаар хуудас/
  • Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******гийн иргэний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шийтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 36-40 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******гийн Голомт банкны дансны хуулга /хх 41 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч *******гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 43 дугаар хуудас/
  • Хохирогч *******гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 44 дүгээр хуудас/
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол, прокурорын санал /хх 49-53 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/122 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж /хх 71-73 дугаар хуудас/
  • Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 09-ний 07 дугаартай эсэргүүцэл /хх 76-77 дугаар хуудас/
  • Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/12 дугаартай магадлал /хх 84-89 дүгээр хуудас/

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн үүдэнд *******гийн гээгдүүлсэн хүрэн эрээн өнгийн түрүүвчийг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшиж, бэлэн 50,000 төгрөг, төрийн банкны картаас 289,781 төгрөг, нийт 339,781 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч *******гийн мэдүүлэг, түүний Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, Төрийн банкны ******* тоот дансыг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гээгдэл эд хөрөнгө завших гэдэгт: эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсныг, 

Бага хэмжээний хохирол гэдэгт: гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг тус тус ойлгоно.

Тодруулбал, шүүгдэгч *******гийн хохирогч *******гийн гээгдүүлсэн хүрэн эрээн өнгийн түрүүвчийг олж дотор нь бэлэн байсан 50,000 төгрөг, Төрийн банкны картаас 289,781 төгрөг, нийт 339,781 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын гээгдүүлсэн эд зүйлийг амар хялбар аргаар ашиг олох зорилгоор хувьдаа ашигласан нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

  Прокуророос шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулахаар хуульчилсан  бөгөөд прокуророос *******гийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гарган тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хохирол, хор уршгийн талаар: 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн гээгдүүлсэн эд хөрөнгийг завшиж, бусдад 339,781 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Бусад асуудлаар: 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.6 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ын Э-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.   

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АЛТАННАВЧ