Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

    Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

    Хяналтын прокурор М.Отгонбаатар,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн /цахимаар/, С.Шинэбаяр,

    Шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Над холбогдох эрүүгийн 2219000180030 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Ш.Н

    Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч Ш.Н нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёл, спортын төвийн гадна байсан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын өмч болох цайран, 2 тонны багтаамжтай усны ёмкосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн Киа бонго-3 маркийн 51-76 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, нийт 200,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ш.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ж.Мандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр соёл спортын төвийн дарга Э.Оюунцэцэг над руу утсаар залгаад чамаас хүн ёмкос авъя гэж гуйсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй гэтэл соёлын төвийн хашааны урд байсан мод усалдаг ёмкос алга болсон байна гэсэн. Тэгээд усны цайран ёмкос алга болсон талаар мэдсэн. Бөөрөн хэлбэртэй, цайран, 2 тонн багтаамжтай хуучин ёмкос байсан. Уг ёмкос нь Дорноговь аймаг Хөвсгөл сумын засаг даргын тамгын газрын эзэмшлийнх. Ер нь тамгын газрын өмчийн бүртгэлтэй эд зүйлсийг би хариуцдаг. Надаас бол асууж авсан хүн байхгүй. Соёл спорт төвийн дарга, сумын засаг дарга Энхбаярт хэлсэн. Түр хэрэглэж мод услах гэж байгаа гээд 2021 оны 06 дугаар сард авсан. Яг хэзээ авсныг санахгүй байна. Манай Хөвсгөл сумын засаг даргын тамгын газрын данс тооцоогоор 200,000 төгрөгний үнэлгээтэй байдаг. 2008 онд 200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надаас хэрэглэх зөвшөөрөл авсан хүн байхгүй. Би ёмкосыг бусдад дамжуулаагүй, бас бусдад өгөөгүй, зараагүй .... Ёмкосыг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37, 87 дугаар хуудас/,

         Гэрч Э.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 09-ний  09 цагийн орчимд эрүүл мэндийн төвийн нярав Б.Баярмаа утсаар залгаад соёл спортын төвийн хашааны урд талд байсан усны ёмкос сав алга болсон байсан. Хашааны 2 төмрийг гагнаасаар нь хугалж унагасан байна гэсэн. Тэгээд өглөө ирэх үед усны ёмкос сав алга болсон байсан. Усны сав байсан газарт машины мөр болон хүний гутлын мөр байсан. ...Цагаан цайран, 2 тонн багтаамжтай байсан. Хөвсгөл сумын засаг даргын Тамгын газрын өмч байсан. Манай байгууллага мод услах зорилгоор гуйж авсан. ...Урьд өдөр нь Дундговь аймгаас адуу ачсан машин манай суман дээр явж байсан. Уг машинтай хүн авч явсан байж магадгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

         Гэрч Д.Чулуунхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний 08 цаг өнгөрч байхад эрүүл мэндийн төвийн нярав Б.Баярмаа хашааны урд байсан мод усалдаг усны ёмкос хулгайд алдсан байна гэж утсаар соёл спортын төвийн даргад мэдэгдсэн байсан. Тэгээд би соёл спортын төв дээр ирсэн. Ирэх үед соёл спортын төвийн хашааны гадна урд хэсэгт байсан 2 тонн багтаамжтай усны ёмкос алга болсон байсан. Намайг ирэх үед усны ёмкос байсан газарт давхар дугуйтай тээврийн хэрэгсэл наадмын талбайн баруун хойд талаас орж ирээд ухарч зогсоод усны ёмкосыг аваад буцаад баруун хойд зүгт гараад явсан мөр байсан. Уг тээврийн хэрэгслийн арын 4 дугуй нь 4 өөр хээтэй, урд 2 дугуй нь элэгдсэн бүдэг хээтэй байсан. Мөн хээгүй ултай монгол гутал юм уу эсгий гутал гэмээр ултай гутлын мөр байсан. ... Цагаан, цайран, 2 тонн багтаамжтай ёмкос байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

         Гэрч Б.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд би соёл спортын төв дээр тусгаарлан эмчлэх байрны хэвтэн эмчлүүлж байсан 3 иргэний хоол хүргэж ирсэн. Ирэх үед соёл спортын төвийн хашааны гадна урд хэсэгт байсан 2 тонн багтаамжтай усны ёмкос алга болсон байсан... Би хүмүүст оройн хоол өгөх үед ёмкос байсан. ...Соёл спортын төвийг сумын онцгой комиссын шийдвэр гаргаж ковид-19 халдвар авсан хүмүүсийг хэвтэн эмчлүүлэх байр болгон ашиглаж байгаа. ...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр соёл спортын төвийн даргатай барилга байгууламж дотор өрөө тасалгаа гадна талд барилга байгууламжийг хүлээж авсан. ...Манай хогийн сав уг ёмкосны хажууд байдаг байсан. Хогийн сав холдуулаад хашааны хоёр төмрийг гагнаасаар нь хугалж орхиод уг ёмкосыг аваад явсан машины мөр байсан. Тэр үед нь би соёл спортын төвийн дарга Э.Оюунцэцэгт утсаар залгаж мэдэгдсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

         Гэрч Б.Дэлгэртүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Анхбаяр ах Сайншанд сум яваад би гэрийг нь харж байтал 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шиг санаж байна Дундговь аймгийн Өндөр шил сумын Шура Нараа гэх хүн шөнө ирсэн. Тэр шөнө нь Анхбаяр ах бас Сайншанд сумаас ирсэн. Ш.Нараа ах Анхбаяр ахад зарсан хоёр гүү нэг даага хөх өнгийн киа бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж ирсэн. Тээврийн хэрэгсэл нь дээрээ өндөрлөгөөтэй, саарал өнгийн бардактай байсан. Тэгээд Н ах Анхбаяр ахын гэрт хоноод маргааш нь адуугаа буулгаад Ганхуяг ахын гэрт очиж адуу үзсэн. Тэгээд буцаж ирээд Анхбаяр ахын хашаан дотор газар булсан байсан ёмкосыг хараад энэ их аятайхан юм байна гэж байсан. Тэгээд Н ах Анхбаяр ахын гэрт хоносон. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би гадуур явж найзуудтайгаа утсаар тоглоом тоглож байгаад шөнө 2 цагийн орчимд Анхбаяр ахын гэрт ирсэн. Намайг ирэх үед Анхбаяр, Н ах нар унтаж байсан. Тэгээд намайг ирэх үед Нараа ах сэрээд босож хувцсаа өмсөөд ах нь машин дээрээ юм ачих гэсэн юм туслаад өгөөч гэсэн. Тэгээд би за гээд дагаад хамт явсан. Тэгтэл соёл спортын төвийн гадаа урд талд нь байсан усны цайран 2 тонн багтаамжтай ёмкос авахаар очсон. Би хүнд нь хэлээд авч байгаа юм байна гэж бодсон. Машинтайгаа очоод ёмкосны хажуугаар ухарч зогсоод ёмкосоо хажуу талаар нь босгож байгаад машин дээр ачсан. Тэгээд Н ах ёмкос машин дээрээ ачиж аваад явсан. Би Анхбаяр ахын гэрт очоод унтсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

         Гэрч Г.Ган-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11  дүгээр сарын 08-ны өдөр соёл спортын төвд ажилд орсон. Намайг ажилд орох үед ёмкос байсан... Намайг 2021 оны 12 дугаар сарын 08-09 өдөр ээлжтэй гарах үед ёмкос байсан. Би ёмкос алга болсон байсныг мэдээгүй, ээлж хүлээлцэж байтал эрүүл мэндийн төвийн нярав Баярмаа мэдээд хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

        Гэрч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.Н 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой ганцаараа киа бонго-3 маркийн хөх өнгийн саарал бардактай тээврийн хэрэгсэлтэй надад 3-н адуу хүргэж ирсэн. Би адуу худалдаж авсан юм. ...Манай гэрт 2 хоноод 2021 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 2-3 цагийн хооронд явсан байх. Ер нь бол шөнө явна, Зүүнбаянгаас адуу ачна гэж байсан. Би явах үед нь унтаж байсан мэдээгүй. ...Би хашаандаа усны ёмкос булсан байсан түүнийг Ш.Н хараад энэ их зүгээр юм байна. Ийм ёмкос байна уу гэж ярьж байсан. Ийм ёмкос байна ш дээ, эзэнтэй эзэнгүйг нь мэдэхгүй, айлуудын гадуур байж л байдаг гэж хэлсэн. Зарах үгүйг нь мэдэхгүй гэж хэлсэн. Ямар ч байсан би тэнд тийм ёмкос байдаг гэж хэлээгүй. Би орой 20 цагийн үед унтах үед Дэлгэртүвшин байсан. Гарч явж байгаад шөнө ирж унтсан байсан. Ер нь голдуу утсаар тоглоом тоглож байгаад шөнө 1 цагаас хойш ирдэг. Сүүлийн үед ирж хонохгүй байгаа. Ныг явдаг шөнө Дэлгэртүвшин гадуур тоглоом тоглож байгаад өглөө ирж унтсан байсан. Тухайн үедээ Ш.Ныг ёмкос авч явсан талаар мэдээгүй. Сүүлд нь Наас сонссон. Н би цагдаад баригдсан Түвшинээ бид хоёр ёмкос хамт ачсан гэж хэлсэн. Түвшинээг шөнө орж ирэх үед нь гуйж хамт ёмкос машин дээр ачсан гэж хэлсэн. Тэгээд одоо ёмкосоо хүргэж өгөх гэж байна гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Ш.Нын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2021 оны 12 дугаар сарын 08-наас 9-нд шилжих шөнө ойролцоогоор 3 цагийн орчим Дорноговь аймгийн Хөвсгөл суманд явж байхдаа тус сумын Спорт заалны хашааны гадаа байсан 2 тоннын цайран ёмкос байхаар нь эзэнгүй юм байна гэж бодоод өөрийнхөө 51-76 ДУЭ улсын дугаартай, киа бонго-3 маркийн автомашиндаа ачаад Дундговь аймгийн Өндөр шил сум руу явсан. Тэгтэл тухайн ёмкос нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын өмч байсан юм байна лээ. Би тэрийг нь тухайн үед мэдээгүй. Ёмкосыг буцаан хүлээлгэн өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40, 85, 170 дугаар хуудас/,

         Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын эд хөрөнгийн тооллогын бүртгэлд “ ... усны юмкость 200,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

         “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1001126 дугаартай “... Киа бонго маркийн автомашин нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 14.000.000 /арван таван сая/ төгрөг. ...” гэсэн автомашины техникийн үнэлгээ, гэрэл зурагавтаст хэргийн 183-186 дугаар хуудас/,

           Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас/,

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт   /хавтаст хэргийн 2-4, 26-30 дугаар хуудас/,

           Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

           Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

           Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

           Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 188-189 дүгээр хуудас/,

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: “... Шүүгдэгч Ш.Н нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёл, спортын төвийн гадна байсан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын өмч болох цайран, 2 тонны багтаамжтай усны ёмкосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн Киа бонго-3 маркийн 51-76 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, нийт 200,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, туршилт хийсэн тэмдэглэл, эд зүйлийг өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд ачиж Дундговь аймгийн Өндөршил сум руу тээвэрлэж явсан болох нь тогтоогдож байх тул гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэлт танилцуулсныг дараах нотлох баримт болон дүгнэлтээр няцааж байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд: “...Ш.Н нь хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилготой Дорноговь аймгийн Хөвсгөл суманд ирээгүй. Харин урьд адуу худалдсан байсан тул худалдан авагч Б.Анхбаярт адуу хүргэж өгөх зорилгоор ирсэн болох нь өөрийнх болон гэрч Б.Анхбаярын мэдүүлгээр тогтоогддог. Уг суманд ирснийхээ маргааш нь элс зөөж байхдаа тохиолдлоор Хөвсгөл сумын соёл спортын төвийн гадна талд байсан, ойрын хугацаанд хэрэглэсэн шинж тэмдэггүй, дотроо  хогтой усны савыг харснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн байна ... Иймд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй боловч энэ гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан тээврийн хэрэгсэл ашиглахаар бэлдээгүй, хулгайлах субьектив санаа зорилго байгаагүй, тохиолдлын нөхцөл байдлаас гэнэт уг усны савыг авах санаа төрсөн нөхцөл байдал, усны сав нь Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын өмч бөгөөд байгууллагын үндсэн хөрөнгөнд 200,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй төдийгүй хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Тодруулбал, хэргийн бодит байдалд хамаарах тээврийн хэрэгслийг урьдчилан бэлтгэж, учрах ямар саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгслийг ашигласан талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “... 2 тонны багтаамжтай, усны савыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн Киа бонго 3 маркийн 51-76 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж нийт 200,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдсон ...” гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан гэж үзлээ.

Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэдгийг тухайн этгээдээс өөрийн гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас бэлтгэж улмаар хэрэгжүүлснийг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Ш.Нын тухайд машин механизмыг урьдчилан бэлтгэж, ашигласан нь нотлогдож тогтоогдоогүй байх ба харин 2021 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Хөвсгөл сумын 4 дүгээр багийн малчин Б.Анхбаярын гэрт ирсэн зорилго нь түүнд худалдсан адуугаа хүргэж ирээд тэр өдрөө Б.Анхбаярынд хонож, маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Анхбаярын хашаанд булаастай байсан ёмкосыг хараад “... энэ их зүгээр юм байна. Ийм ёмкос байна уу гэж ярьж байсан. Ийм ёмкос байна ш дээ, эзэнтэй, эзэнгүйг нь мэдэхгүй, айлуудын гадуур байж байдаг гэж хэлсэн. Зарах үгүйг нь мэдэхгүй гэж хэлсэн...” гэсэн Анхбаярын мэдүүлгээс үзэхэд ёмкосыг хаа сайгүй байдаг гэсэн ойлголт авч, тухайн нутаг дэвсгэрт явж байхдаа бусдын эд хөрөнгийг авч, өөрийн гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болон шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр машин механизмыг урьдаас бэлтгэж, ашигласан гэж үзэхгүй.

Эндээс дүгнэхэд шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн байх бөгөөд шүүгдэгч Ш.Нын машин механизм ашигласнаар шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж эсхүл уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “Хулгайлах” гэмт хэргийг “машин механизм” ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ш.Н нь хулгайлах гэмт хэргийг урьдаас бэлтгэж төлөвлөөгүй ч тухайн үед машинтайгаа явж байгаад усны савыг хараад хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго гэнэт үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Ш.Н нь өдөр тутмын ажил болох адуу тэжээдэг, малын жүчээгээ цэвэрлэх зэргээр өглөө эртлэн босдог дадлаараа болон тухайн нөхцөл байдалд хол газар явах тул эртлэн хөдлөхөөр 03-04 цагийн үед нутаг буцахаар явахдаа өдөр нь Хөвсгөл сумын соёл спортын төвийн гадна талд байсан, ойрын хугацаанд хэрэглэсэн шинж тэмдэггүй, дотроо  хогтой усны савыг харснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар хулгайлсан эд зүйлээ автомашиныхаа тэвшин дээр тавьж зөөвөрлөснийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэх үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд усны ёмкосыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын эд хөрөнгийн бүртгэлд 200,000 төгрөгөөр бүртгэсэн ба 2020 оны тооллогоор үнэ өөрчлөгдөөгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 486 дугаартай үнэлгээгээр 800,000 төгрөгөөр үнэлснийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.

Тээврийн хэрэгслийг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, тээвэрлэх гэж байгаа эд зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байдал зэргийг тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх үндэслэлээр хураан авах асуудлыг шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т "бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ гэж заасан.

Шүүгдэгч Ш.Нын үйлдлийн улмаас хохирогч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газарт 200,000 төгрөгийн хохирол учирсан буюу бага хэмжээний хохирол учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Иймд шүүгдэгч Ш.Ныг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй, хулгайлах гэмт хэрэг нь бага хэмжээнээс дээш хохирол учраагүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  36.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Ш.Ныг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлээр, хулгайлах гэмт хэрэг нь бага хэмжээнээс дээш хохирол учраагүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

           2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

     3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай

           4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА