Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Адъяа |
Хэргийн индекс | 167/2022/0189/Э |
Дугаар | 2022/ШЦТ/195 |
Огноо | 2022-10-26 |
Зүйл хэсэг | 27.10.4.1., |
Улсын яллагч | М.Отгонбаатар |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа,
Иргэний нэхэмжлэгч Н.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Гт холбогдох эрүүгийн 2219001610254 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Г нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хамарын хийд явах замд 16-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.О амь хохирч, хохирогч Б.Б, Ж.Н нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Миний хүүхэд Дорнод аймгийн 2 дугаар сургуулийн дунд сургуульд суралцаж байгаад сургуулиа төгсөөд Ангаахын сургууль аваад Дорноговь аймагт ирсэн. Айлын бага охин, архи ууснаас болж ийм айхтар зүйл болсонд харамсалтай, гомдолтой байна. Шороонд булуулсанд харамсалтай байна. Нэхэхгүй байхын аргагүй байна, хэнтэй уулзвал, ямар хүнтэй уулзсан болох вэ гэсэн үүднээс хандсан. Би аргаа ядаад аймгаасаа өмгөөлөгч авсан, яаж бичиг баримт бүрдүүлэх вэ гэж асуугаад өмгөөлөгч маань ийм бичиг баримт бүрдүүл гэж хэлсэн. Бичиг баримтаа хаана хийснээ ч болохгүй байсан. Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй, хань ижил маань өнгөрсөн ...“ гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2011 онд үйлдвэрлэсэн, 2021 онд орж ирсэн 1668 улсын дугаартай машиныг 2021 оны 03 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос ажлынхаа үйл ажиллагаанд зориулж худалдаж авсан. Г жолооны үнэмлэхтэй, өмнө нь Хамрын хийд рүү яваад ирье гэж гуйж байсан, болгоомжтой яваарай гэж байнга захидаг байсан. Би өөрөө архи, дарс хэрэглэдэггүй болохоор архи хүний амьдралыг баллана шүү гэж байна хэлдэг. Би 03 сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу ажлаар явсан байсан. 03 сарын 29-ний өдөр Г над руу яриад О бид хоёр Хамрын хийд рүү найзуудтайгаа яваад ирье гэхээр нь тэгээ, болгоомжтой яваарай гэсэн за гэж хэлсэн. Тухайн өдөр машины түлхүүр, сейфийн түлхүүр Гт байсан учраас зөвшөөрсөн. 03 сарын 30-ны өглөө 01 цагийн үед над руу зам тээврийн осол болчихлоо гээд ярьсан. Яасан юу болов гээд эргээд залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Би Улаанбаатар хотоос наашаа гараад ирэхэд Гыг эрүүлжүүлэхэд хийсэн байсан. Урьд нь машин авч явж байсан болохоор өөрт нь итгээд битгий архи, дарс уугаарай гэж хэлсэн. Шөнө ярихдаа зам тээврийн осол болчихлоо гээд уйлаад байсан, уйлаад байхаар нь хажууд чинь хүн байна уу гэсэн байна гээд тэр хүнтэй нь ярихад зам тээврийн осол болсон байхаар нь зогссон, даарсан байхаар нь машиндаа суулгасан, газар дээрээ нэг хүн нас барсан байна гэж хэлээд утсаа салгасан. Г 2021 оны 10 дугаар сард найз охин маань Анагаахын Шинжлэн Ухааны Их сургуульд суралцдаг, ажил байна уу гэж ирсэн, манайд ажил, үнэгүй байраар хангаж өгье гээд байр гаргаж өгсөн. Найз охинтойгоо манай хөлсний байранд байдаг байсан. Ажилдаа гайгүй болохоор нь итгэл өгсөн ...“ гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр болсон зүйлийн талаар Дорнод аймагт гэртээ унтаж байхад үүрийн 5 цагийн үед Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийн багш над руу утсаар залган, зам тээврийн осол болсон талаар мэдэгдсэн... О нь Доржжүгдэрийн 4 дэх хүүхэд байгаа юм. Дорнод аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 2006-2020 он хүртэл суралцан 12 дугаар анги төгссөн. Дорноговь аймгийн АШУҮИС-ын Дорноговь аймаг дахь салбар болох сургуулийн сувилагчийн ангид ирж суралцаж байсан ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 35 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Анагаах ухааны их сургуулийн дотуур байрандаа унтаж байхад талийгаач болох О нь над руу утсаар 15 цаг өнгөрч байх үед залгахаар нь би гар утсаа авч ярихад найз залуу болох Гын хамт хэдүүлээ нийлж шалгалт эхлэхээс өмнө салхинд гарч ирье, танай ангиас цуг явахаар өөр хүүхэд байвал хамт явъя гэж хэлэхээр нь би Бийг өрөөндөө унтаж байхад сэрээн хамт гарч 3 давхраас буух үедээ Батжаргалыг өрөөнөөс нь авч дотуур байрнаас гараад явж байх үед, Найманзултай байрны баруун талд байх, засмал замын явган хүний зам дээр тааран хамт Оийн байгаа газар болох Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас ертөнцийн зүгээр зүүн талд нь байх “Саруул цонх”-ны үйлдвэрт хамт 16 цаг өнгөрч байхад очсон. Бид нарыг очиход О нь найз болох Гын хамт байж байсан. Тэр хоёр цонх угааж байхаар нь тэр цонхыг угаахад нь Б, Батжаргал бид 3 тусалсан. Тухайн үед Найманзул нь анагаахын дотуур байранд очиж, угаасан хувцсаа хатаана гэж хэлээд явсан. Бид нар цонхоо угааж дуусаад “Саруул цонх”-ны 2 давхарт гарч Г, О 2 хувцсаа сольж Г нь ажлынхаа даргын машиныг унан бид нартай цуг анагаахын дотуур байр руу очиж, Батжаргал дотуур байр руу орж Найманзулын хамт гарч ирсэн. Бид нар “Сидней” дэлгүүр орж хараа гэсэн нэршилтэй 0.5, 0.75 граммын архинаас 6 ширхэг, ундаа, cola 2.5 литртэйгээс нь 3 ширхэг, Panda ундаа авсан. Мөн дэлгэрэх дэлгүүр орж чипс нойлын цаас зайрмаг авсан. Шанд плазагийн эсрэг талд байдаг ширхгийн цайны газраас нэг хоол авсан. Дэнжийн МТ колонкоос бензин авч Дорноговь аймгаас хамрын хийд явах зам руу гарсан. Тухайн уед бид нарт юм авах мөнгө байхгүй байсан. Тухайн үед Г нь нэг эгчээсээ 200.000 төгрөг зээлж бид нар дараа нь нэг хуний 33.000 төгрөг өгөхөөр болсон. Дорноговь аймгаас гараад хамрын хийд явах замдаа хилэнцтэй хөшөөн дээр очиж зогссон. Бид нар автомашинаас буун хилэнцтэй хөшөөн дээр хараа гэсэн нэршилтэй 0.5 граммын архинаас 1 шилийг гарган тал хүртэл уугаад, өөр газарт очиж зогсъё гээд машиндаа суун хөдөлсөн. Хилэнцтэй хөшөөнөөс ертөнцийн зүгээр урагш явах шороон замаар бид нар явсан. Бид нар замдаа зогсон өмнө задалсан байсан архиа дуусгаад, дахин нэг шил архи задлан уусан. Бид нарын байсан газраас урагш зүгт гэрэл харагдаад байхаар нь тийш ээ очъё гээд гэрэл гарч байсан газарт очиход тавтай морилно уу гэсэн хаалга байсан. Тэгээд тухайн суманд байсан танктай хөшөөний дэргэд бид нар зургаа даруулсан /цаг санахгүй байна, бүгд л архиндаа согтож эхэлсэн байх шиг байсан/. Найманзул суманд явж байх үед бөөлжин би унтлаа гээд машинд унтсан. Бид нар орой болчихлоо гэж ярилцаад тухайн сумаас гарч Сайншандын чиглэлд хөдөлсөн. Замд явж байхад, Батжаргал, Б, Найманзул нар унтсан. Жолооч Г, О бид 3 нэмж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн явж байсан. Замдаа зогсон автомашины ард талын суудлыг хэвтүүлэн Батжаргал, Найманзул, Б нарыг хэвтүүлэн унтуулж хөдөлсөн. О нь Гт хандан эндээ унтъя гэхээр нь би мөн та юун сонин юм бэ? ардаа 4 охин хажуудаа хайртай хүнээ суулгачихаад яасан хурдан явдаг юм бэ? гэхэд Г нь би та хэдийг зүгээр аймагт хүргээд өгнө гэж хариулахад, О нь аймаг орвол цагдаа байгаа, цагдаа таарвал яах болж байна гэхэд юм хэлээгүй, би арагш хэвтэх гэсэн чинь зайгүй байхаар нь би жолоочийн хажуу талын суудлыг тэврэн толгойгоо налуулан унтах гээд байж байх үед, машин онхолдсон. Машин хурдтай явж байсан уу, яасан гэнэт тоормослон засмал замын хажуу руу онхолдох шиг болсон /яг яаж онхолдсон талаар мэдэхгүй байна/. Автомашины 4 дугуй дээшээ харсан байрлалтай байсан. Автомашинаас би жолоочийн эсрэг талын ард талын цонхоор гарсан. Автомашинаас хэн түрүүлж гарсан талаар мэдэхгүй байна. Машинаас гараад газарт доош хараад хэвтэж байхад, нэг хүн ирж машинд суулгасан /автомашинаас хэн түрүүлж гарсан болон Оийг машины хаана байсан талаар мэдээгүй/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 38-39 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр... авсан архиныхаа 2 шил архийг хувааж уусан. Ингээд архиа ууж байх үед Найманзул гэх найз маань эхний нэг шил архи дуусах үед машиндаа ороод унтсан, Батжаргал бид хоёр 2 дахь шил архины тал хүртэл нь уугаад мөн машиндаа орох үед тэд нар ч гэсэн бөөндөө машиндаа сууж цааш хөдөлсөн... Г, О, Н нар үлдсэн шилтэй архиа хувааж уусан талаар би бол мэдэхгүй... би тээврийн хэрэгслийн зүүн талын арын суудлын бариулаас нь барьж хурдан яваад байгаа юм уу, юу болоод байна удаан яв” гэж хэлээд л удалгүй замд догол таарах шиг болж бид нарын сууж явсан тээврийн хэрэгсэл онхолдсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 43 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шөнө 01 цаг 10 минутын үед над руу Г залган зам тээврийн осол гаргачихлаа гэж хэлэн утас нь тасарсан... 16-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... Би 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 18,000,000 төгрөгөөр орж ирсэн машин худалдаж авч байсан. Тоёота кролло филтэр маркийн 16-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг компанийн шил, цонх зөөхөд ашигладаг байсан. Би Тоёота кролло пиелдер маркийн тээврийн хэрэгсэл эсвэл мөнгөө авмаар байна ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 46 дугаар хуудас/,
Гэрч А.Найманзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... архийг Г гаргаж ирэн бид нар тухайн архинаас 3-4 удаа нэг удаагийн аягаар 20-30 граммаар уусан. Тэгээд бид нар машиндаа эргэж суухад Г гэх жолооны хүрдний ард суусан, жолоочийн хажуу талын урд талын суудал дээр О суусан... намайг унтаж байгаад тас няс хийсэн чимээ, хүмүүс орилох чимээгээр би сэрэхэд машин эргэх шиг болсон, машин дээрээс юм унжих шиг болсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 48-49 дүгээр хуудас/,
Гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архинаас бүгд нэг нэг удаа цаасан нэг удаагийн аягаар уугаад цаашаа хамрын хийд рүү хөдөлсөн. Хөдлөөд замдаа явж байгаад замаас гарч зогсоод 1 шил архиа ууж дуусгаад дахин хөдөлсөн... хамрын хийд ороогүй зогсож нэг шил архиа задлаад нэг хүний 2 аягыг уугаад хамт явсан Найманзул, Б бид гурав бөөлжөөд байсан болохоор архи уухаа больж автомашины сандлыг нь хойшлуулж, хэвтсэн... унтаж байгаад сэрэхэд Оийн дуу гарч автомашиныхаа хурдыг хас гэж хэлж байсан... тэгээд явж байгаад замын хажуу руу автомашин осолдсон ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 51-52 дугаар хуудас/,
Гэрч Э.Булгантамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэргийн газрын үзлэгийн хэмжилтийн бүдүүвч зургаар автомашины хурдыг тогтоох боломжтой. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн хэмжилтийн бүдүүвч зурагт автомашины тоормосны мөр байхгүй тул автомашины хурдыг тооцох боломжгүй байна. Гэхдээ тухайн автомашин нь хурдтай явж байсны улмаас зам тээврийн осол гарч автомашин нь замаас гарч онхолдсон байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 139 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчимд ажил дээрээ найз охин болох Оийн хамт байж байхад Б, Н, Найманзул, Батжаргал нар нь ажил дээр ирээд салхинд бөөндөө гаръя гэхээр нь Дорноговь аймгийн Зүүнбаян руу явахаар ярилцсан. Бид хэд удалгүй 20-30 минутын дараа анагаах ухааны дотуур байр руу Найманзул ганцаараа “Анагаах ухаан”-ы дотуур байр руу хувцсаа тавина гэж хэлээд очиж Найманзулыг авч, “Сидней” дэлгүүр орж О, Н бид 3 хамт орж хараа 0.75 граммын архинаас 6 ширхгийг авч, “Fanda” том ундаанаас 3 ширхэг, “Puce tea” удаанаас томыг 3 ширхгийг авсан. Сайншанд сумын төвд байх “Шанд плаза”-ийн эсрэг талд байх түргэн хоолны газраас захиалганы хоол авсан. Сайншанд сумын Дэнжийн дэлгүүрээс нэг удаагийн цаасан аяга 9 ширхэгийг авч, Дэнжийн МТ колонк орж машиндаа бензин хийн, Сайншандаас Зүүнбаян руу 18 цаг өнгөрч байх үед хөдөлсөн. Бид нар явах замдаа “Хилэнц”-тэй хөшөөн дээр зогсон Хараа 0.75 граммын архинаас Батжаргал, Найманзул, Б, Н, О нарын хамт хувааж уун, Зүүнбаян руу машиндаа суун хөдөлсөн. Зүүнбаянд 20 цаг өнгөрч байх үед бид нар очсон. Зүүнбаянгийн “тавтай морил” гэсэн хаалга өнгөрөөд 4-5 км зайд зогсоод, хараа 0.75 граммын архийг Батжаргал, Найманзул, Б, Н, О нарын хамт хувааж уусан. Зүүнбаянгийн танктай хөшөөн дээр очин бид нар зураг авхуулж, ойролцоогоор бид нар 10 минут орчим болоод эргээд Сайншанд сум руу дөнгөж хөдлөөд Хараа 0.75 граммын архийг Батжаргал, Б, Н, О нарын хамт хувааж уусан. Харин Найманзул дотор муухайраад байна гэж хэлээд дахин архи уугаагүй. Бид нар хилэнцтэй хөшөөг Сайншанд сумын зүгт явах замд өнгөрөөд, ойролцоогоор 5-6 км явж байх үедээ би засмал замын хажуу руу баруун гар тийш гарч зогссон, бие засах нь бие засаж, бөөлжих хүн нь бөөлжиж байсан. Бид нар машиндаа суугаад Зүүнбаянгаас гарахдаа задалсан хараа архины үлдэгдлийг уусан. Би автомашины жолооны хүрдний ард сууж, миний хажуу талд О сууж байсан. Миний ард талын суудалд Найманзул, Найманзулын зүүн гар талд Н сууж байсан. Харин Нын зүүн гар талд Батжаргал, Б хоёр сууж байсан. Хэн нь жолоочийн эсрэг талын хаалганы ард талын суудалд сууж байсныг санахгүй байна. Би замын хажууд зогсоод эргэж яаж явсан талаар санахгүй байгаа, ямар ч байсан машин онхолдох шиг болоод доошоо харчихсан байсан, би машинаас гарах гарц хайж байсан. Машинаас яаж гарснаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би машинаас гарчихсан Оийг хайж байх үед засмал зам дээр машин ирчихсэн О бид хоёроос бусад нь тухайн машинд суусан байсан. Миний жолоодон явсан автомашины хажууд О хэвтэж байхыг нь би хараад энийг ав л даа гэж хэлэхэд тухайн газарт байсан хүмүүс миний үгийг тоохгүй байсан. Би олон удаа хэлсэн чинь нэг эмэгтэй хүн одоо цагдаа ирж байгаа гэж хэлж байсан. Миний унаж жолоодон явсан автомашин бол “Toyota Fielder” маркийн цагаан өнгийн 16-68 ДГО улсын дугаартай “Саруул цонх”-ны ажлын автомашин байсан. Намайг Оийг хайж байх үед автомашины 4 дугуй дээшээ харсан байрлалтай засмал замаас ертөнцийн зүгээр зүүн талд автомашин байсан гэж бодож байна. Би Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт ямар машинтай ирсэн талаараа мэдээгүй, харин эмнэлэг дээр ирсний дараа миний хажууд Б, Н, Найманзул, Батжаргал нар нь эмчийн анхан шатны тусламж авах гээд байж байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 150-151 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02/0185 дугаартай “Ж.Нын биед бүсэлхий нэг, хоёр, гуравдугаар нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, уруулын шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтасны 60-61 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 02/0186 дугаартай Б.Бийн биед хүзүүний 5 дугаар нугалмын хугарал, баруун шуу ясны хугарал” бүхийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 106-107 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 123-124 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/019 дугаартай “амь хохирогч Д.Оийн цогцост гавлын ясны хэлбэр дүрс алдагдсан олон тооны хугарал, тархины хатуу бүрхүүлийн урагдал, их, бага тархины бүрэн няцрал, суурь ясны баруун, зүүн чамархай, баруун, зүүн чулуулаг яс, турк эмээл, дагзны хонхор, баруун, зүүн нүдний ухархайн дээд, дотор, гадна ханыг хамарсан олон тооны хугарал, нурууны 2 дугаар нугаламын хугарал, зүүн 1, 2 дугаар хавирганы хугарал, хамар ясны хугарал, зүүн бугалга ясны хугарал, хуйхны шарх, духны шарх, баруун нүдний дээд, доод зовхийг хамарсан зулгарал, баруун мөрний зулгаралт, зүүн бугуй, баруун гуя, баруун өвдөг, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтлийн улмаас нас барсан” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 121-122 дугаар хуудас/,
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Н.Бын эзэмшлийн 16-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь 9.945.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 90-94 дүгээр хуудас/,
Техникийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №21 дугаартай “... 16-68 ДГА улсын дугаартай Тоёота кролла пиелдер маркийн тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд авто ослоос үүдэлтэй их хэмжээний эвдрэлтэй техникийн хяналтын үзлэгээр 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орж, стандарт хангаж тэнцсэн байна. Осол өмнөх явсан замналаас үзэхэд бүрэн бүтэн байсныг илтгэж байна. 16-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ямар нэгэн гэмтэлтэй байсан эсэхийг тодорхойлох боломжгүй, осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. 16-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь үйлдвэрийн бус тоног төхөөрөмжөөр тоноглоогүй. Тээврийн хэрэгслийн явсан замналаас үзэхэд бүрэн бүтэн эвдрэлгүй байсныг нотлох тул осол гарахад техникээс нөлөөлөөгүй. Уг тээврийн хэрэгсэлд ослын дараа урд салхины шил хагарч бутарсан, зүүн гар талын крыло үрчийж хэв гажилтад орсон, моторын таг капот нугаларч хэв гажилтад орсон, кузовын оройн хэсэг дээвэр овойж үрчийсэн нэлэнхүйдээ арьс сэвтсэн, зүүн гар талын урд хаалга, хойд хаалга хэв гажилтад орж битүүмж алдагдсан, зүүн гар талын урд хаалганы шил хагарсан, зүүн гар талын хойд шил хагарсан, баруун, зүүн гар талын толь сууриараа тасарч хагарсан, баруун, зүүн гар талын хойд гэрлийн бүрхүүл шил хагарсан, дээвэр салон үрчийсэн, баруун гар талын урд, хойд обудны хүрээ нугаларч, зүүн гар талын хойд обуд сэнсэрсэн, 3 ширхэг обудны эрмэг нугаларч хэв гажилтад орсон. Тормозны шингэний дүүргэлт хэвийн тормозны аппарат хэвийн ажиллагаатай эд ангийн эвдрэлгүй байна. Осол үйлдэгдэх үед тормозны эд анги бүрэн ажиллагаатай байсан. 16-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрэлгүй тул техникийн байдлаас осол гарахад нөлөөлөөгүй. Ослын өмнө замын хөдөлгөөнд оролцож байсан замналаас үзэхэд техникийн хувьд бүрэн бүтэн байсныг гэрчилж байгаа тул техникээс болж осол гарах шалтгаан нөхцөл үүсээгүй. 16-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Хүчинтэй хугацаа 1 жил. Техникийн хяналтын үзлэгт тогтоосон хугацаанд ороогүй бол Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. 16-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйн хээний гүнг штанген циркүлээр шалгаж үзэхэд, урд 2 дугуйн хээ элэгдсэн, хээний гүний стандарт шаардлага хангаагүй байна. 3 ширхэг дугуйн обуднууд ослын үед гадны биет хүчтэй цохилтын улмаас обудны хүрээ төмөр нугаларч дугуйн хий гарсан, дугуйнуудыг шалгаж үзэхэд цоорсон, буудаж урагдсан, хэрчигдсэн ул мөр гараагүй байна ...” дүгнэлт /1 дүгээр хавтасны 98-99 дүгээр хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “... О.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.4.Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн ...” гэсэн магадлагаа /1 дүгээр хавтасны 131-132 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-25 дугаар хуудас/,
Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 12-15 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 27-29 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 30-31 дүгээр хуудас/,
Хувцсанд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 32 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтасны 82 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч О.Г нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хамарын хийд явах замд 16-68 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.О амь хохирч, хохирогч Б.Б, Ж.Н нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар "зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг хэлнэ... гэжээ.
Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй. Дээрх гэмт хэрэг гарахад жолооч О.Г нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний амь нас хохироосон, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Шүүгдэгч О.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардал 5,344,850 төгрөг төлсөн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б, Ж.Н нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, санал гомдолгүй гэсэн ба шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц нь сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг, оршуулгын зардал 7,797,034 төгрөг, шатахууны зардал 429,918 төгрөг, шүүх хуралдаанд замын зардлын нотлох баримт 514,392 төгрөг нэхэмжилсэн болно.
Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хохиролтой холбоотой баримтуудыг нэг бүрчлэн хянаж үзээд хохирлоос оршуулгын зардал 7,797,034 төгрөг, шатахууны төлбөр 429,918 төгрөг, хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдаанд ирсэн болон буцах зардал 514,392 төгрөг, бүгд 8,741,344 төгрөгийг хангаж, шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжилсний тухайд: хүний сэтгэл санааг тухайлбал эх хүний сэтгэл санааг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй хэдий ч сэтгэл санааны хохирлыг мөнгөөр илэрхийлэхээр хуульд заагаагүй ч хохирогч өөрийн сэтгэл санааны хохирлыг мөнгөөр илэрхийлснийг хангахыг хуулиар хориглоогүй бөгөөд дөнгөж 20 нас хүрч байгаа бага охиноо зуурдаар алдсан эх хүний сэтгэл шаналал зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзсэн 18,741,344 төгрөгөөс шүүгдэгч О.Гын 5,344,850 төгрөг төлснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн авснаа зөвшөөрч маргаагүй тул нийт төлбөрөөс хасаж тооцон, 13,396,494 төгрөгийг шүүгдэгч О.Гаас гаргуулах хууль зүйн үндэстэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэцэгээ “...дүүгээ нас барсныг дуулаад түүний төрсөн эгч Д.Отгонзулын сэтгэцэд гэнэт өөрчлөлт орж, сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул түүнд зарцуулсан эм тарианы мөнгийг гаргуулах ба цаашид эмчлүүлэх зардлыг гаргуулна” гэснийг хүлээн авах үндэсгүй гэж үзлээ. Учир нь:
Хавтаст хэрэгт авагдсан Д.Отгонзулын хяналтын картаас үзвэл: 2013 оны 03 сарын 11-ны өдрөөс 17 өдөр хүртэл FO6.2 оноштой, 2014 оны 04 сарын 02-ны өдрөөс 09-ны өдөр хүртэл сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2 дугаар тасагт F3О.2 оноштой хэвтэн эмчлэгдэж невролептик эмчилгээ хийгдэж цаашид сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтанд гаргажээ.
Иймд хохиролтой холбоотой нотлох баримтаас Д.Отгонзулын эмчилгээ, эм тарианы зардал 78,800 төгрөг, гэмт хэрэг гарахаас өмнө зарцуулсан шатахуун болон бусад зүйлийн 194,034 төгрөг, сэтгэл санааны хохирлын 10,000,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн 1,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан хуулийн агуулгаас үзэхэд хохирогчид улсын өмгөөлөгч томилон оролцуулж зардлыг төрөөс төлсөн тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журамд зааснаар олгох ба энэ журамд хамаарахгүй байна.
Иргэний нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд: “...би машинаа 18,000,000 төгрөгөөр худалдан авсан ба одоо үнэ нь өсөөд 26,000,000 төгрөг болсон байгаа. Машинаа авахгүй, зах зээлийн үнээр тооцож мөнгийг гаргуулах хүсэлтэй байна...” гэснийг хүлээн авах үндэсгүй гэж үзлээ. Учир нь:
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ. Хуулийн энэ заалтаар уг эд хөрөнгө сэргээгдэх боломжгүйгээр устсан тохиолдолд адил нэр, төрлийн эд хөрөнгийг өгөх эсхүл үнийг төлөхөөр заасан ба сэргээх тохиолдолд үнийг төлөхөөр хуульчилсан байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Н.Б тээврийн хэрэгслийг өөрөө О.Гт шилжүүлэн өгснөө мэдүүлдэг ба мөрдөн шалгах ажиллагаанд түүнийг иргэний хариуцагчаар тогтоогоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалтыг баримталсан болно.
Иргэний нэхэмжлэлийн хувьд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байдаг тул тээврийн хэрэгслийг засаж сэргээхэд гарах зардал, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 9,945,000 төгрөгийг шүүгдэгч О.Г хариуцах үүрэгтэй болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гаас 13,396,494 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цд, 9,945,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Бад тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,194,034 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 78,800 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц нь гэмт хэргийн улмаас хохирогчийн төрсөн эгч Д.Отгонзулын сэтгэцэд хүчтэй өөрчлөлт орсон талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан шүүгдэгч нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Б.Б, Ж.Н нарт туслалцаа үзүүлсэн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид материаллаг хохирлыг боломжоороо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч О.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, 0.75 литрийн хараа нэртэй архи, Fanda гэсэн бичигтэй ундаа 1 ширхгийг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний амь нас хохироосон, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч О.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гаас 13,396,494 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цд, 9,945,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Бад тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 11,194,034 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 78,800 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц нь гэмт хэргийн улмаас хохирогчийн төрсөн эгч Д.Отгонзул сэтгэцийн өвчтэй болсон талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, 0.75 литрийн хараа архи, Fanda гэсэн бичигтэй ундаа 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АДЪЯА