| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/03265/И |
| Дугаар | 102/ШШ2018/03525 |
| Огноо | 2018-11-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2018/03525
| 2018 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2018/03525
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 51.428.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрмөрөн, гэрч Т.Хүрэлтулга, Д.Чулуунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага гэрээнээс татгалзаж учирсан хохирол 51.428.000 төгрөг гаргуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд ноолуур худалдаж авахаар 15 компани хүрэлцэн ирж, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд ноолуур худалдан борлуулах дуудлага худалдаа болсон. Дуудлага худалдаан дээр “Б” ХХК-ийн менежер н.Бямбацогзол гэх эмэгтэй манай компани сумын малчдаас 1 кг ноолуурыг 116.000 төгрөгөөр бодож авъя, өөр компанид ноолуураа битгий зараарай. Манай “Б” ХХК танай сумын малчдаас ноос ноолуур худалдан авч, хамтран ажиллая гэсэн. Эрдэнэ сумын малчид 1 кг ноолуурыг 116.000 төгрөгөөр зарахыг зөвшөөрч, өөр компанид 1 кг ноолуурыг 115.500 төгрөгөөр худалдаагүй. Дуудлага худалдаа дууссаны дараа нэхэмжлэгчийг “Б” ХХК-ийн менежер н.Бямбацогзол дуудаж уулзаад “чи 1 кг ноолуурыг 116.000 төгрөгөөр бодож 14 хоногийн дотор сумынхаа малчдаас ноолуур цуглуулаарай, манай компани чамаас 1 кг ноолуурыг 117.000 төгрөгөөр бодож авна. Засгийн газраас 14 хоногийн дараа “Б” ХХК-д мөнгө орж ирэхээр ноолуурын мөнгийг шилжүүлье, чи тэр болтол сумынхаа малчдаас цуглуулсан ноолуурыг өөр компанид худалдахгүйгээр бүгдийг нь цуглуулаад байж байгаарай гэж хэлсэн. “Б” ХХК-тай тохирсон ёсоор 1 кг ноолуурыг 116.000 төгрөгөөр тооцож, нийт 4 тонн 472 кг ноолуур 14 хоногийн дотор цуглуулж, “Б” ХХК-ийн менежер н.Бямбацогзолтой утсаар холбогдож сумынхаа малчдаас ноолуур цуглуулж авсан талаараа хэлсэн. Цуглуулсан ноолуурыг “Б” ХХК-иас хэзээ худалдаж авахыг тодруулахад компанийн ажилтан Д.Аийг ноолуураа хот оруулж, “Б” ХХК-д өгөөрэй гэсэн. Хэзээ хот оруулж өгөхийг лавлахад 7 хоногийн дараа 7 хоногийн дараа гэсээр 2 удаа хойшлуулсан. Сүүлдээ “Б” ХХК-ийн менежер н.Бямбасүрэн Д.Аийн утсыг авахаа больж, блоколсон. Д.Асумынхаа малчдаас цуглуулсан ноолуураа хотод авчирсан. “Б” ХХК дээр ирж, тохирсон ёсоор 1 кг ноолуурыг 117.000 төгрөгөөр заръя гэхэд “Б” ХХК-иас ноолуур худалдаж авахгүй гэж татгалзсан. Д.Ань Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас ноолуур ачиж ирсэн учраас зарахаас өөр аргагүйд хүрч, баруун бүсийн ноолуур авдаг н.Пүрэвсүрэн гэх хүнд учраа хэлж, 1 кг ноолуурыг 104.500 төгрөгөөр 4 тонн 472 кг ноолуурыг 467.324.000 төгрөгөөр зарсан. “Б” ХХК-тай хийсэн тохиролцоогоор 1 кг ноолуурыг 117.000 төгрөгөөр тооцож, 4 тонн 472 кг ноолуур 523.224.000 төгрөг болох байсан. Сумынхаа малчдаас 1 кг ноолуурыг 116.000 төгрөгөөр бодож нийт 518.752.000 төгрөгөөр худалдаж авсан. “Б” ХХК нь 1 кг ноолуур 117.000 төгрөгөөр худалдаж авна гэсэн боловч аваагүй, гэрээнээсээ татгалзсан тул зөрүү 51.248.000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулж, Д.Анамайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ”Б” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанид н.Бямбацогзол гэх ажилтан байдаггүй. “Б” ХХК-иас Говь-Алтай аймаг руу ноолуур түүхий эдийн үнэ, чанарын талаар судалгаа хийлгэхээр менежер Ц.Бямбасүрэнг томилолтоор явуулсан. Менежер Ц.Бямбасүрэн нь “Б” ХХК-ийг шууд төлөөлж, гэрээ хэлцэл байгуулах эрх бүхий этгээд биш бөгөөд томилолтын хугацаанд түүнд компанийн нэрийн өмнөөс ноолуур худалдаж авах, гэрээ хэлцэл байгуулах үүрэг даалгавар өгөөгүй. Нэхэмжлэгч Д.Атэй “Б” ХХК-иас итгэмжлэл авсан, эсвэл компанийн удирдах албан тушаалтнууд ноос, ноолуур худалдаж авах талаар гэрээ хэлцэл байгуулаагүй. “Б” ХХК-ийн менежер Ц.Бямбасүрэн нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажлаа шалтгаангүйгээр орхиж, хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. “Б” ХХК нь Ц.Бямбасүрэнгийн өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй бөгөөд Ц.Бямбасүрэн, Д.Анарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй. “Б” ХХК нь хариуцлага хүлээх үндэслэлгүй юм гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ань хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 51.428.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь “манайх түүхий ноолуур авдаггүй, нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцахгүй” гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь “Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 2018 оны 5 дугаар сарын сүүлээр ноолуур авахаар арав гаруй компани очиж, ноолуурын үнэ тогтоох хурлыг сумын иргэдийн дунд явуулж, 1 кг ноолуурын доод үнийг 115.500 төгрөг байхаар тохирсон ба “Б” ХХК-ийн менежер манай компани 116.000 төгрөгөөр авъя, өөр компанид битгий зараарай, чи бүгдийг нь цуглуулаад байж бай гэж хэлснээр би сумынхаа иргэдээс ноолуур зээлээр худалдан авч бэлтгэсэн. Би ноолуураа Улаанбаатар хотод авчирсан ба хариуцагч авахгүй байсан тул тэднийд зарахаас татгалзаж, Эмээлтийн ноолуурын ченжид 1 кг ноолуурыг 104.500 төгрөгөөр худалдаж, 4 тн 472 кг ноолуураас 51.428.000 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагчийн буруугаас болж гэрээнээс татгалзсан тул хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар шаардаж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлов.
Хариуцагч нь “манайх самнасан ноолуур худалдаж авдаг, түүхий ноолуур хавар 3 сард гардаг байхад 6 дугаар сард түүхий ноолуур авч, түүнийгээ угааж, самнаж, утас бэлтгээд үйлдвэрлэл явуулна гэж байхгүй. Бид гэрээгээр компаниас угааж, самнасан ноолуур авдаг. Ц.Бямбасүрэн нь компанийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээд. Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Ань 2018 оны 6 дугаар сарын эхээр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 20 иргэнээс 1 кг ноолуурыг 116.000 төгрөгөөр, нийт 4 тн 611 кг ноолуурын төлбөрийг “Б” ХХК-иас мөнгө орж ирэхээр өгөх нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Хэдийгээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаггүй боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлийг заасан байдаг.
Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол” гэрээ байгуулагдсанд тооцно гэж үзэж байгаа боловч хариуцагч компанийн ажилтан нь гэрээ байгуулах эрхтэй этгээд биш, хариуцагч талаас санал гаргасан гэдгийг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй, 6 сард түүхий ноолуур биш, угааж самнасан ноолуур авч, утсаа ээрч, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат эхэлсэн байдаг гэх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй, малчдаас зээлээр ноолуур авах гэрээ нь нэхэмжлэгч Д.Аийг хариуцагч “Б” ХХК-тай гэрээ байгуулсан гэдгийг шууд нотлохгүй болно.
Нэгэнт талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байх тул гэрээнээс татгалзснаас учирсан хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас 51.428.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ