Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

 

 

 

 

                                     

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

         Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 2219000000300 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Э

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Викториа клубт албан үүргээ гүйцэтгэж байсан хохирогч Д.Ттай маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд зүүн дээд 3 дугаар шүдний булгарал, баруун нүдний салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Өмнө нь Дорноговь аймагт ажиллаж байсан болохоор хуучны таньдаг хүн байна уу гэж хараад зогсож байгаад хамгаалагчтай маргалдсан. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна ...” гэсэн мэдүүлэг,

          Хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 22:30 цагийн үед Викториа бааранд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад үл таних 30 гаруй насны улаан өнгийн цамцтай, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсэн байдалтай эрэгтэй хүн бааранд орж ирсэн. Тэр хүн орж ирээд баарны үүдэнд зогсоод ийш тийшээ харсан байдалтай 5 минут орчим байгаад байхаар нь би тэр залуу руу очоод “чи хэнтэй явж байгаа юм бэ” гэж асуухад “ганцаараа явж байна” гэж хариулсан. Тэгэхээр нь би “чи энд ганцаараа яах юм, согтуу байгаа юм чинь, харьж амар” гэхэд хөдлөхгүй болохоор нь гараас нь татаад баарнаас гаргаж байтал дотор талын шатны ойролцоо явж байгаад эргэж хараад үгийн зөрүүгүй миний уруул руу гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Тэгтэл бааранд байсан залуус тэр залууг барьж аваад зодох гээд байхаар нь салгаад би баарны 00 өрөө рүү орж нүүрээ угаах гээд байж байтал миний араас нөгөө залуу орж ирээд, баруун талын нүд рүү 1 удаа цохисон ... Баруун нүдний салст улайсан, ойр орчимдоо хавдсан, дээд уруулын зүүн хэсэг язарсан, дээд үүдэн 1 шүд унасан. Надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 4, 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймагт эхнэр, хүүхдүүдийн хамт Анагаах ухааны сургуулийн ойд ирсэн. Тухайн өдрийн орой 20 цагийн үед Болд гэдэг таньдаг ахын гэрт 4 ширхэг пиво уугаад, Залуус хороолол явах замдаа Викториа бааранд ганцаараа 23:40 цагийн үед орсон байх гэж бодож байна. Бааранд суух гэтэл баарны хамгаалагч 60 орчим насны эрэгтэй хүн намайг суулгаагүй, намайг баарнаас гар гэсэн. Тэрнээс болоод хамгаалагчтай маргалдсан бөгөөд хамгаалагч нь миний баруун гараас түлхэхээр нь эргэж хараад нүүрэнд нь 2 удаа гараа зангидаж байгаад цохисон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 49 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/0455 дугаартай “Д.Тын биед зүүн дээд 3 дугаар шүдний булгарал, баруун нүдний салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан баруун нүдний салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан зүүн дээд 3 дугаар шүдний булгарал гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө. Учирсан гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 8, 49 дүгээр хуудас/,

          Хохирогч Д.Тын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

    Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Викториа клубт баарны хамгаалагч, хохирогч Д.Тын “бааранд оруулахгүй, ганцаараа явж байгаа бол гэртээ харьж амар” гэснээс болж маргалдан, улмаар түүний биед халдаж нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохьсноос хохирогчийн эрүүл мэндэд зүүн дээд 3 дугаар шүдний булгарал, баруун нүдний салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Б.Эын үйлдлийн улмаас хохирогч Д.Тын эрүүл мэндэд зүүн дээд 3 дугаар шүдний булгарал, баруун нүдний салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/0455 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Надад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Б.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан ба “ганцаараа явж байгаа бол харьж амар” гэж хэлээд гарнаас нь татаж хөөж гаргах гэсэн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарахад  нөлөөлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байал тогтоогдоогүй болно. Викториа баар нь ганцаараа явж байгаа хүнд үйлчлэхгүй гэсэн хязгаарлалт тогтоогоогүй ба үйлчлүүлэгчийг оруулалгүйгээр түүнд хүч хэрэглэсэн үйлдэл хийж хөөж гаргаж байгаа нь зүй бус шаардлага гэж үзсэн болно.

            Шүүгдэгч Б.Э нь өөрийгөө өмгөөлж ялаас чөлөөлөх дүгнэлт танилцуулсныг улсын яллагч эсэргүүцээгүй, шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Б.Эт үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА