Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2021/0586

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: Н ХХК

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э

Гуравдагч этгээд: Э ХХК

Гомдлын шаардлага: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч Ч.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э L веб сайт нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Доха мастерс 2021 жудо бөхийн тэмцээнийг зөвшөөрөлгүйгээр онлайнаар шууд дамжуулан, бүтээлийг нийтэд түгээж, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн гэх гомдолд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж торгох шийтгэл оногдуулахдаа А.Т сэтгүүлчийн гаргасан зөрчлийг хуулийн этгээд гаргасан мэтээр дүгнэж Н ХХК-д шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хуульд заасан зөрчлийг хувь хүн үйлдсэн эсхүл хуулийн этгээд үйлдсэн эсэхийг нотлох баримтаар шалган тогтоож, шийтгэлийг зөв зүйтэй оногдуулах шаардлагатай гэдгийг хуулиар хуульчилсан байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийг төлөөлж, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар зохицуулсан байдаг. Манай компанийн сэтгүүлч А.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Доха мастерс 2021 жудо бөхийн тэмцээнийг дур мэдэн, онлайнаар дамжуулсан бөгөөд манай компанийн удирдлагын зүгээс сэтгүүлчид тус нэвтрүүлгийг шууд дамжуулахыг зөвшөөрсөн аливаа шийдвэр, зөвшөөрлийг өгөөгүй болно. Гэтэл Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-т заасан зөрчлийг хуулийн этгээд, хувь хүн аль нь зөрчсөн болохыг хангалттай нотлох баримтаар бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүйгээр хуулийн этгээдэд шийтгэлийн хуудас оногдуулсан нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэлгүйгээр шийдвэр гаргасан үйлдэл болсон бөгөөд энэхүү шийдвэр нь захиргааны хууль бус шийдвэр юм.

Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зөрчил үйлдсэн субъектээс хамаарч торгуулийн мөнгөн дүн өөр өөр хэмжээтэй байхаар хуульчилсан байна. Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад L веб сайтаар тус хуулийн этгээдийн сэтгүүлч А.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Доха мастерс 2021 жудо бөхийн тэмцээнийг тус сайтын удирдах албан тушаалтантай зөвшилцөлгүйгээр хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө бус өөрийн хувийн ашиг сонирхлын төлөө, өөрт олгогдсон эрх хэмжээнээс хэтрүүлэн уг үйл ажиллагааг явуулсан сэтгүүлч А.Т-д шийтгэл оногдуулах нь зүйтэй байсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А.Т-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ээр үүрэгт ажилдаа хайнга хандаж ажил хохироосон, хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн тохиолдолд компанийн дотоод журам, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлагыг өөрөө хүлээх үүрэгтэй.

Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж түүний улмаас компанид учруулсан хохирлыг сэтгүүлч А.Т хариуцаж хууль тогтоомжид заасан зөрчлийг арилгаж холбогдох шийтгэлийг хүлээх нь хууль ёсонд нийцэх учиртай. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж зөрчил үйлдсэн этгээдийг зөв тогтоох, зөрчил үйлдэгч А.Т-аас тайлбар мэдүүлэг авах ажиллагааг огт хийж гүйцэтгээгүй шийдвэрлэсэн байна.

Иймд Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар зөрчилд шийтгэл ногдуулах шийтгэх хуудас нь хууль зүйн үндэслэлгүй. Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн аль зүйл, заалтыг зөрчиж байгааг дэлгэрэнгүй байдлаар бичээгүй, ойлгомжгүй байдаг ба Зөрчлийн тухай хуулийн 8.3.1 дэх хэсгийг зөрчсөн гэдэг үндэслэлээр шийтгэлийн хуудас гарсан учраас дахин ажиллагаа хийлгэх шаардлагатай бөгөөд нотолбол зохих асуудал нотлогдоогүй гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор мэтгэлцэж байна.

Доха мастерс 2021 жудо бөхийн тэмцээнийг 11-13-ны өдрүүдэд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн гэж шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан. Тухайн шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Үйлчлүүлэгч Н ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 8.3.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байгаа учраас Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулийг үндэслэл бүхий тайлбарлаагүй, хуульд нийцээгүй үндэслэлгүй гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар мэтгэлцэж байна.

Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүдийг зааж өгсөн. Тодруулбал Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т Эфирт дамжуулсан бүтээлийг хуулбарлахыг тусгайлан хориглоогүй бол нийтэд мэдээлэх зорилгоор сонинд нийтлэх, эфирт дамжуулахыг зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлд оруулах гэж заасан учир шийтгэлийн хуудас хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй гэж заасан. Энэ заалт нь 9.6.1.дугуй хүрээ бүхий латин С үсэг гэсэн заалттай холбоотой. Тухайн үед S телевиз гомдол гаргаж, гэрээ хийгдсэн байдаг ч миний бие зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа гэрээ сунгагдаагүй талаар мэтгэлцэж байсан. Сүүлд нэмэлт нотлох баримт авагдсан ч төлбөрийг хэзээ, хаана төлсөн асуудал яригдана.

Хэдийгээр гэрээ сунгагдсан гэж байгаа ч төлбөрийн нөхцөлтэйгөөр гэрээ сунгагдсан, төлбөр хэзээ хийгдсэн талаар албан ёсны баримт хэргийн материалд ирээгүй байдаг. Нотолбол зохих асуудлыг бүрэн дүүрэн нотолж байж шийтгэлийг оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байх үндсэн зарчмыг хангах юм.

Хэрвээ тухайн дэлхийн жудо бөхийн холбоо ямар нэгэн байдлаар хориглосон тэмдэг тавьсан бол манай компани дамжуулахгүй буюу нэвтрүүлэхгүй байх бүрэн боломжтой байсан. Харин тийм тэмдэг тавигдаагүй байсан учраас нэвтрүүлсэн. Нэвтрүүлгийг нэвтрүүлсэн үндэслэл нь S телевизийн гэрээ тухайн цаг хугацаанд сунгагдаагүй бөгөөд төлбөр нь төлөгдөөгүй байсан.

Дэлхийн жудо бөхийн холбооноос нэвтрүүлгээ нэвтрүүлэхдээ ямар нэгэн байдлаар зохиогчийн эрхийг хамгаалах, хуваалцахыг хориглоно гэсэн тэмдэг байршуулаагүй бөгөөд жудо бөхийн холбоо нэвтрүүлгээ нэвтрүүлэхдээ дэлхий нийт даяар албан ёсоор нээлттэйгээр нэвтрүүлж байсан. Ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ тавигдаагүй байсан учраас үйлчлүүлэгч компани үүнийг дамжуулсан байдаг.

Үүгээр зохиогчийн эрх, түүнд хамаарах тухай хуулийн 9.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Урьд нь үйлчлүүлэгч компани нэвтрүүлж байсан. Мөн S телевизийн зүгээс Олон улсын жудо бөхийн холбоотой ямар нэг гэрээ, хэлцэлтэй гэдгээ мэдэгдээгүй тул нэвтрүүлэх эрх нь нээлттэй байсан гэжээ.

Хариуцагч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилчихсөн гэж ойлгож байна. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай биш А.Т сэтгүүлчийн гаргасан зөрчлийг аж ахуй нэгжид нь хүлээлгэсэн тул шийтгэлийн хуудас А.Т-ын нэр дээр гарах талаар нэхэмжлэлийн шаардлага байсан.

Гэтэл одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж зөрчил биш гэдэг талаас нь ярьж байна. Зөрчил биш байсан юм бол А.Т гэдэг хүнийг гэрчээр асуух гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлдээ гэрээний хугацаа дууссан талаар дурдсан. Үүнийг үгүйсгэж байна. Байгууллага хоорондоо мэйл солилцож авсан эрхийнхээ дагуу монгол орон даяар нэвтрүүлсэн. Гэрээнд илүү тодорхой заагдсан байгаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах байх гэж бодож байна.

Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9.6.1.дугуй хүрээ бүхий латин С үсэг байгаагүй тул манай үйлчлүүлэгч нэвтрүүлсэн талаар хэлсэн. Манай гэж хэлж байгааг иргэн А.Т биш, Н ХХК гэж ойлгож байна. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 9.6 дугуй хүрээ бүхий латин С үсэг үүнийг дараах байдлаар илэрхийлж болно гэж бичигдсэн байдаг бөгөөд заавал хэрэглэнэ гэсэн ямар ч заалт байхгүй, 9.3.Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй гэж заагдсан юм.

Дэлхий нийтэд цахим орчин хөгжиж байгаа энэ үед зохиогчийн эрхтэй холбоотой асуудлууд яригдах болсон. Youtube болон өөрийн эрх бүхий цахим хаягт тавигдаж байгаа зүйлийг хувь хүн өөрөө үзэж болохоор тавьж байгаа юм. Түүнийг татаж авч, нийтэд түгээж ашиг олох нь өөрөө хууль бус.

Иймд торгууль тавигдсан. Зөрчлийн хэргийн материалын 45 дугаар хуудас ерөнхий редактор н.А-ний мэдүүлэгт тэмцээнийг шууд дамжуулж нэвтрүүлснээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг байдаг. Дамжуулснаа хүлээн зөвшөөрч байгаа нь хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөнтэй ялгаагүй.

Нэхэмжлэгчээс мэдээгүй байж байгаад дамжуулчихсан гэдэг ч мэдээгүй байгаагүй. Учир нь S телевизээс 2, 3 удаа утсаар албан ёсны эрхтэй, гаргаж болохгүй талаар хэлсэн байдаг. Тэр болгонд өөр хариулт хэлж байсан. Энэ талаар зөрчлийн хэргийн материалын 33 дугаар хуудаст байдаг бөгөөд *******, ******* утсанд холбогдсон манай захирал танай удирдлагатай ярьж ойлголцсон, тоглолтыг гаргаж байгаа, эрхийг чинь зөрчсөн гэж бодохгүй байна, жүдо бөхийн холбоо дэлхий даяар дамжуулж байгаа гэсэн тайлбарууд байдаг.

Ингээд мэдсэн хэр нь хууль зөрчиж шууд дамжуулалт хийсэн. Гэрчээр дуудсан А.Т-ыг зөвшөөрөлгүйгээр сайт дээрээ шууд дамжуулалт хийсэн гэдэг ч энэ нь худал бөгөөд сайтын эрхлэгчийн утасны яриа өөр байдаг.

Ерөнхий редактор хийж байгаа хүн холбогдогчийн өмнөөс компаниа төлөөлж мэдүүлэг өгсөн байдаг. Тэр хүний хийх ёстой ажил бол тухайн вэб сайтад хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргуулахгүй байх, нийтийн бодлогыг барьж байх асуудлыг хянах ёстой байсан. Гэтэл хууль зөрчсөн үйлдэл байна гэдгийг мэдэгдсээр байхад хууль зөрчсөөр байсан.

Иймд хэн нэгэн сэтгүүлчийн ажилдаа хайнга хандсан зүйл биш бөгөөд тодорхой ашиг олохын тулд вэб сайтаараа дамжуулж зөвшөөрөлгүйгээр жудо бөхийн тэмцээнийг дамжуулсан үйлдэл юм гэжээ.

Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос Доха мастерс тэмцээнийг L веб сайтад тавьж нийтэд түгээсэн нь дараах баримтуудаар тогтоогдож байна. 

Доха мастерс тэмцээнийг Н ХХК-ийн эзэмшилд байдаг L сайтаар дамжуулан эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй нийтэд түгээсэн, Э ХХК-ийн нэхэмжлэлтэй зөрчлийн хэрэгт Н ХХК, L веб сайтыг төлөөлж 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/247 тоот итгэмжлэлээр ерөнхий редактор ажилтай Д.А оролцсон, Холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн өмгөөлөгч Д.О 2021 оны 01 дүгээр сарын 28, 02 дугаар сарын 09-ний өдрүүдэд хүсэлт гаргахдаа иргэн Д.А энэ зөрчлийг гаргасан гэх ямар нэг нотлох баримт, гаргаж өгөөгүй бөгөөд L сайтын эрх ашгийг хамгаалж байсан тодорхой байдаг гэжээ.

Гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бичгээр гаргасан нэхэмжлэлд S компанийн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн талаар маргаагүй мэтээр тайлбарласан байдаг. Харин одоо өмгөөлөгчийн тайлбараас маргаж байна гэж ойлгож байна.

2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тухайн гэрээний сунгалтын асуудлыг 5 жилийн хугацаатайгаар дамжуулж, 2017-2020 оны Жудо бөхтэй холбоотой дэлхийн уралдаан тэмцээнүүдийг шууд дамжуулахаар эрх авсан байсан.

Ингээд Ковид-19 цар тахлын улмаас тэмцээн уралдаан хойшилсонтой холбоотойгоор 2021 он дуустал гэрээ сунгах боломжтой гэсэн албан мэйл 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ирсэн бөгөөд гэрээний хугацааг сунгасан.

Доха мастерс тэмцээний хасагдах үе шатнаас эхлээд финалын шатыг дуустал албан ёсоор Монгол Улсад шууд дамжуулалт хийсэн. Хэрвээ төлбөр төлөгдөөгүй, ямар нэгэн эрхийн зөрчил байсан бол тухайн эрх эзэмшигчээс гомдол гаргаж өнөөдрийн байдлаар зүгээр байхгүй байсан. Энэ нь өөрөөр хэлбэл үйл баримтаар нотлогддог ба төлбөрөө төлсөн.

Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсгийг эфирт дамжуулсан мэдээллийг тусгайлан хориглоогүй бол дамжуулах эрхтэй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Эфирт дамжуулсан мэдээллийг ялгаж өгсөн байдаг бөгөөд үүнд эдийн засаг, шашин, улс төр, цаг үеийн асуудал багтдаг. Олон улсын Жудо бөхийн холбооноос зохион байгуулсан Доха мастерс 2021 тэмцээн дээрх ангиллуудын аль нэгэнд нь хамаарахгүй юм.

Иймд үүнийг тусгайлан хориглоогүй учраас дамжуулсан гэж хэлж байгаа нь Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэгт заасан хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч таних тэмдэг хэрэглэх, эсвэл эфирээр сануулга явуулах ёстой гэх асуудлын тухайд Доха мастерс 2021 тэмцээний албан ёсны лого дээр Олон улсын жудо бөхийн холбоо гэдэг лого байдаг. Эзэмшигч нь Олон улсын жудо бөхийн холбоо гэдэг нь тодорхой байдаг.

Энэ нь Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухайн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2 бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигчийн нэр гэж заасан бөгөөд Олон улсын жудо бөхийн холбоо нь өөрсдийн нэр логог тавьсан байгаа нь онцгой эрхтэй гэдгээ илэрхийлсэн гэж үзэж байна. Таних тэмдэг хэрэглэх эрхтэй гэсэн болохоос үүрэгтэй гэж хуульчлаагүй юм. Таних тэмдэг хэрэглээгүй учраас бид хуулбарлах боломжтой гэж тайлбарлаж байгааг үгүйсгэж байна.

Асуудал үүсэж эхлэхэд А.Т гэдэг хүнд бурууг хүлээлгэж 5,000,000 төгрөгийн торгуулийг 500,000 төгрөгийн торгууль болгуулах гээд байгаа юм шиг харагдаж байна. Доха мастерс тэмцээнийг зөвшөөрөлгүй дамжуулсан үйлдэлдээ манай ажилтан дамжуулчихсан байна гээд ажилтандаа арга хэмжээ авч байгааг дүр эсгэсэн үйлдэл гэж үзэж байна.

Зөрчлийг хэн үйлдсэн гэдгийг тогтоогоогүй байна гэж оюуны өмчийн байцаагчийг буруутгаж байсан. Хэн үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдчихсон. Н ХХК-ийг төлөөлж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А нь мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байдаг. Доха мастерс тэмцээнийг шууд дамжуулснаа хүлээн зөвшөөрч байна, зөрчил гаргасан гэх 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэлсэн мэдүүлэг байдаг.

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай 4 дүгээр тогтоол байдаг. Тус тогтоолд S компанийн гомдлоор танай компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээж тогтоолыг гаргаж, холбогдогч болон хохирогч нарт танилцуулсан. Тогтоолд гомдол гаргах 5 хоногийн хугацаа байдаг. Зөрчил үйлдээгүй, компанид хамааралгүй байсан бол тогтоолд яагаад гомдол гаргаагүй юм бэ? Гомдол гаргаагүй нь зөрчил үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалтай танилцахаар өмгөөлөгч дундаас нь орж ирж нөхцөл байдал өөрчлөгдөж, өмгөөлөгчийн тайлбар дээр мөн Н компани нь зөрчил гаргасан байна гэдгийг хэд хэдэн удаа дурдсан байдаг. Энэ баримтуудаас үзэхэд Н компани нь өөрөө Олон улсын жудо бөхийн холбооны онцгой эрхтэй тэмцээнийг шууд дамжуулсан гэдгээ мэдсээр байж 11-13-ны өдрүүдэд өөрийн эзэмшиж байгаа сайтаар олон улсын тэмцээн уралдаан дамжуулагдаж байхад ерөнхий редактор, захирал зэрэг хүмүүс мэдэхгүй байх ямар ч боломжгүй юм.

Энэ нь 30 минут болоод өнгөрсөн асуудал биш 3 өдрийн турш болсон үйл явдал бөгөөд мэдээгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн А.Т-ыг буруутгаад байгаа нь үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1.3 Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж хуульчилсан...

Иймд оюуны өмчийн улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Н ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э-т холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Э ХХК-иас гаргасан  ...Доха мастерс-2021 жудо бөхийн тэмцээнийг L сайт зөвшөөрөлгүй онлайнаар дамжуулж байгаа тул зохих арга хэмжээ авч өгнө үү. ... гэх гомдолд Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э зөрчлийн хэрэг нээн шалгаж 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Н ХХК нь Доха мастерс-2021 жудо бөхийн тэмцээнийг эрх эзэмшигчийн зөвшөөрөл авч гэрээ хийлгүй дамжуулсан гэж Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгосон байна.

Нэхэмжлэгч дамжуулсан талаар маргаагүй Доха мастерс-2021 жудо бөхийн тэмцээнийг дамжуулаагүй гэж маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар ...шийтгэл оногдуулахдаа А.Т сэтгүүлчийн гаргасан зөрчлийг хуулийн этгээд гаргасан мэтээр дүгнэж компанид шийтгэл оногдуулсан. Х корпораци, Э ХХК хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан, гэрээний төлбөрийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй учир гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй тул Э ХХК-ийн эрх ашиг зөрчигдөхгүй, гомдол гаргах эрхгүй, ...Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай (2006) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглээгүй, гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна. гэж зааснаар Доха мастерс-2021 жудо бөхийн тэмцээнийг L сайт зөвшөөрөлгүй дамжуулах үйлдлийг тус компаний ажилтан А.Т хийснийг хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй тул Н ХХК-д шийтгэл оногдуулсан нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

Э ХХК, Х корпораци хооронд байгуулсан ОУЖХ-ны Хэвлэл мэдээллийн эрхийн лицензийн гэрээ-нд лицензийн хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл гэж заасан байсан бөгөөд Лизенцийн гэрээний нэмэлт №1-ээр гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгажээ. 

Нэхэмжлэгч Н ХХК  l цахим хуудсаар Доха мастерс-2021 жудо бөхийн тэмцээнийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд дамжуулсан нь Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ., 12.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна: 12.2.1.бүтээлийг хуулбарлах; 12.2.2.бүтээлийг нийтлэх; 12.2.3.бүтээлийг нийтэд түгээх; 12.2.4.үүсмэл бүтээл болгон өөрчлөх; 12.2.5.түрээсээр ашиглуулах. гэж зааснаар лиценз эзэмшигч ******* ХХК-ийн бүтээлийг нийтэд түгээх онцгой эрхийг зөрчсөн гэж үзлээ.

Учир нь Э ХХК, Х корпораци хооронд байгуулсан ОУЖХ-ны Хэвлэл мэдээллийн эрхийн лицензийн гэрээ-ний Лизенцийн дагуу зөвшөөрөгдсөн үйл явдлууд хэсэгт ...Дэлхийн жудо бөхийн тэмцээн: ...Гран При, Их дуулга, Дэлхийн жудо бөхийн мастеруудаас бүрдсэн 12 тэмцээнийг зохион байгуулна. гэж, Дамжуулах техник хэсэгт ...өргөн хүрээний интернет гэж, Эрхийн үзүүлэлтүүд хэсэгт ...тусгай зөвшөөрөлтэй нэвтрүүлгийн шууд дамжуулах арга техникийг ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслийн сувгаар шууд дамжуулах гэж тус тус заасны дагуу гуравдагч этгээд нь жудогийн Гран При, Их дуулга, Дэлхийн жудо бөхийн мастеруудаас бүрдсэн тэмцээнийг өргөн хүрээний интернет ашиглан шууд дамжуулах эрхийг эзэмшигч байна.

Мөн тус гэрээнд лицензийн төлбөр ба төлбөрийн нөхцөл-ийг заасан бөгөөд энэ нь гэрээний хүчин төгөлдөр байдалтай хамааралгүй буюу төлбөр төлснөөр гэрээ хүчинтэй болох зохицуулалт гэрээнд тусгагдаагүйг дурдах нь зүйтэй.

Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай (2006) хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй., 24 дүгээр зүйлийн 24.1-д Нийтлэгдсэн бүтээлийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөөгүй, эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр ашигласан дараахь тохиолдлыг зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй: 24.1.4.эдийн засаг, улс төр, шашны холбогдолтой цаг үеийн асуудлаар сонин, сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэл, эфирт дамжуулсан бүтээлийг хуулбарлахыг тусгайлан хориглоогүй бол нийтэд мэдээлэх зорилгоор сонинд нийтлэх, эфирт дамжуулах, утсан болон утсан бус холбоогоор мэдээлэх;  гэж заажээ. 

Хуулийн дээр заалтуудаас үзвэл бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдгийг заавал байршуулах агуулгагүй байна. Мөн дээрх хуулийн заалтад зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй эфирт дамжуулсан бүтээл нь эдийн засаг, улс төр, шашны холбогдолтой байх талаар төрлийг тусгайлан заасан бөгөөд спортын тэмцээн уралдаан дамжуулах нь хуулийн дээрх заалтад хамаарахгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь лиценз эзэмшигчийн зөвшөөрөлгүй нийтэд түгээсэн нь Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д Энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ. гэж заасныг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар  олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж зааснаар шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймд  Н ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э-т холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12 дахь хэсгийн 12.2.3, 12.3, 24 дүгээр зүйлийн 24.1.4, Зөрчлийн тухай хуулийн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Н ХХК-иас Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э-т холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай гомдлын шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН