Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

2016        12            02                                      109

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтөлж, 

            улсын яллагч Т.Жаргалсайхан,                    

            хохирогч У.Болортуяа,

            шүүгдэгч Б.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Их Монгол овогт Батболдын Амгаланбаатарт холбогдох эрүүгийн 201626031519 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, Улс төр судлаач мэргэжилтэй, Нийслэлийн иргэдийн хурал дахь Ардчилсан намын зөвлөх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хороолол 1025 дугаар байрны 37 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Их Монгол овогт Батболдын Амгаланбаатар /РД: ПЯ89031318/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Амгаланбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө иргэн У.Болортуяатай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

                                         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Амгаланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхнэрийгээ хардаггүй гэж бодож байсан. Гэтэл сүүлд эхнэрийгээ буруугаар ойлгож харддаг байсан юм байна. Би гэр бүлээсээ хэсэг хугацаанд тусдаа амьдарч өөртөө дүгнэлт хийх бодолтой байна. Би цаашид өөрийн ааш зангаа засах болно. Би багадаа эцэггүй өссөн болохоор эцэг хүний үүргийг сайн мэдэхгүй. Өмнө нь эхнэртэй нэг л удаа гар хүрч зодож байсан. Ямар шалтгаанаар зодсон бэ гэхээр манай эхнэр намайг байнга сэтгэл санаагаар дарамталж байсан, мөн над руу хутга барьж дайрч хэл амаар доромжилдог байсан. Хэрэг гарснаас хойш эхнэртэйгээ тусдаа амьдарч байгаа. У.Болортуяа бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Энэ хэрэг гарахад нөлөөлсөн хүчин зүйл бол миний 70 хувийн буруугаас болсон, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч У.Болортуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг орой манай ажлын газрын тэмцээн болсон юм. Би өмнө нь ажлын хамт олныхоо ямар нэгэн уулзалт, арга хэмжээнд явдаггүй байсан. Тухайн өдөр би нөхөр Б.Амгаланбаатарт ажлын газрын тэмцээнтэй талаар хэлээд гэрээсээ гарсан байхад над руу орой нь 175 удаа залгасан байсан. Би ажлынхантайгаа явж байсан болохоор зориуд утсаа аваагүй. Гэтэл Б.Амгаланбаатар манай ажлын рекдактор руу бас залгахаар нь би утсаа битгий ав гэж хэлээд авахуулаагүй юм. Б.Амгаланбаатар өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ надаас түр хугацаагаар салаад дахин нийлэх талаар ярьж байна. Харин би дахин Б.Амгаланбаатартай нийлэх бодолгүй байна. Өмнө нь  Б.Амгаланбаатар намайг зодож байсан удаатай. Тэр үед дараа нь надаас уучлалт гуйгаад дахин ийм алдаа гаргахгүй талаар хэлж байсан боловч тэр алдаагаа дахин давтсан. Би өмнө нь Б.Амгаланбаатартай 1 сар уулзахгүй тусдаа амьдарч байсан боловч охиноо бодоод Б.Амгаланбаатартай буцаад нийлсэн юм. Б.Амгаланбаатар бид хоёр 2013 оноос хойш хамт амьдарч ирсэн бөгөөд энэ хугацаанд намайг 10 гаруй удаа зодож байсан. Б.Амгаланбаатарт зодуулснаас болж авсан толгойны баруун хэсгийн хавдар одоог хүртэл эдгээгүй байгаа. Иймд би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Б.Амгаланбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай эхнэр сагсан бөмбөгийн тэмцээнтэй гэхээр нь эхнэр хүүхдээ аваад тэмцээн болох Отгонтэнгэр сургуулийн гадаа хүргэж өгөөд гадуур ажлаа хөөцөлдөж байгаад 17 цаг өнгөрч байхад гэртээ хариад хоол ундаа хийж байтал эхнэр У.Болортуяа залгаад манай баг тамирчид Салам ресторан руу орж байна шүү гэж хэлээд утсаа салгасан. Ингээд миний бие орой 19 цагийн үед Төв номын сангийн ойролцоо уулзалтанд оролцоод 23 цаг 40 минутын үед тараад гэртээ харьсан. Гэртээ орох үед шөнийн 00 цаг 40 минут болж байсан учраас манай хүүхдийг харж байсан дүү гэр рүүгээ явна гэхээр нь хүргэж өгөөд буцаад 01 цаг 30 минутын үед гэртээ иртэл манай эхнэр ирээгүй байсан учраас У.Болортуяа руу хаана байгаа, ирэх болж байгаа эсэх талаар лавлах санаатай залгахад гар утсаа авахгүй байсаар байгаад 30 гаран удаа дуудлага хийлгэсний эцэст утсаа аваад би Хулангийн гэрт байна, очих болоогүй гэж хэлээд утсаа салгачихсан. Тэгэхээр нь У.Болортуяа руу одоо хангалттай шүү дээ, та нар өдөржингөө хамт явсан биз дээ гэж мессэж бичихэд хариу өгөхгүй болохоор нь удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Ингэсээр байгаад шөнийн 03 цаг 40 минутын үед гар утас нь авагдаж хүний хөлийн чимээ яриа сонсогдож байсан бөгөөд манай эхнэр нэг хүнтэй манайх энд байдаг гэх яриа сонсогдоод төд удалгүй эхнэр хаалган дээр ирээд хаалга нүдсэн. Ингээд У.Болортуяаг орж ирэхээр нь тэсэлгүй хараал хэлчихсэн. Тэгтэл чи намайг дандаа ингэдэг, чам шиг юмаар эрх чөлөөгөө хязгаарлуулахгүй гэхээр нь би уурлаад У.Болортуяаг аваад шидчихсэн юм. Тэгтэл гоо сайханы ширээний буланг очиж мөргөсөн. Тэгээд босгож ирсний дараа нь уучлал гуйх санаатай мөс бариад очтол өөдөөс уурлаж чи эд мөрийн баримтаа устгах гэлээ гэх зэргээр үгээр идэж байгаад унтаж амарцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Хохирогч У.Болортуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ  ...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай ажлын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Отгонтэнгэр их сургуулийн зааланд болж  өнгөрсөн юм. Тухайн тэмцээнд манай баг 2 дугаар байр эзэлж мөнгөн медал аваад тэмцээний дараа 1,2,3 дугаар байр эзэлсэн баг тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн багийнхан нийлээд 40 орчим хүн Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах Салам ресторанд орж хоол захиалж идээд 22 цагийн үед Салам ресторанаас гарч хажуу талд байдаг караокед орж дуулцгаасан. Караокед хамт олноороо дуулж байгаад шөнийн 01 цагийн үед гараад ерөнхий рекдактор Хулан манай гэрт сууцгаая гэхээр нь түүний гэрт очиж хөзөр тоглож байгаад ирсэн. Тэгтэл нөхөр Амагаланбаатар чи хаагуур хэнтэй унтаж хэвтэж, янхандаж байгаад ирсэн бэ гэж уурлахаар нь чи юу яриад байгаа юм бэ, би чамд өнөөдөр тэмцээнтэй гэж хэлсэн биз дээ. Тэмцээн дууссаны дараа чам руу ажлынхантайгаа нэг газар орох гэж байна гэж хэлсэн шүү дээ, яагаад уурлаад байгаа юм бэ гэхэд учир зүггүй уурлаж миний үгийг сонсоогүй. Тэгээд намайг үсдэж аваад газар унагааж чирээд хүзүүн дээрээс базаж дараад хоёр тийш нь займчуулсан. Тэгтэл цаад өрөөнөөс хүүхэд уйлах үед Амгаланбаатар тавиад хүүхэд дээрээ очиход нь би араас нь очиж хүүхдээ аваад зогсож байтал надаас охиныг булааж аваад орон дээр тавьснаа намайг барьж аваад дээш нь өргөөд гоо сайханы ширээ рүү шидээд ам, хамарнаас цус гаргасан. Энэ үед манай охин уйлж над дээр ирэхэд нь би хүүхдээ аваад том өрөө рүү орсон. Араас Амгаланбаатар ирээд хүйтэн жин тавьж өгье гэхээр нь би уурлаад охиноо аваад унтаж амарсан. Тэгээд өглөө сэрээд толинд харах үед уруул хавдаж хөхөрсөн, хамарнаас цус гарсан, дээд эрүүний буйл хавдаж, нэг шүд эмтэрсэн, толгой хөндүүртэй, баруун чамархайны дээд хэсэгт хавдсан байсан учраас Цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Манай нөхөр Амгаланбаатарын энэ үйлдэл нь анхных биш бөгөөд урьд нь хардасны улмаас хоолой боож чамайг алчих уу гээд үснээс зулгааж чирч зодож, сэтгэл санаагаар байнга дарамталж янхан зэргээр хэлж, чамайг захирал даргад чинь хэлнэ, чамайг янхан гэдгийг чинь интернэтэд тавина гэх мэтээр маш ихээр дарамталдаг гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар хуудас/,  

Гэрч Т.Энхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ...Урьд нь хэрэлдэж, зодолдож байсан удаагүй гэж бодож байна. 2016 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай хоёр маргалдсан гэж Б.Амгаланбаатар өөрөө надад хэлсэн. Тухайн өдөр эхнэртэйгээ маргалдаад орноосоо аваад шидчихсэн чинь юм мөргөөд уначихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ ...Сүүлд сонсоход хоорондоо хэрэлдээд У.Болортуяа эгч манай ахыг Цагдаагийн байгууллагад өгсөн гэж ээж Нямжаваас сонссон. Мөн У.Болортуяа эгч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шинжээчийн дүгнэлтээр тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, дээд уруул, зүүн өвдөгний цус хуралт, нэг шүдний эмтрэл гэсэн хариу гарсан байсан. Ах чинь нэгээс гурван сар баривчлагдана гэж байна. Ээж, ах, дүү нартайгаа ярилцаад Заяа ах чинь яаж намайг зодсоныг тогтоосон байна шүү гэж мессэж ирсэн. Энэ үед ах Амгаланбаатар нь бэр У.Болортуяаг зодсон гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15385 дугаартай дүгнэлтэд:

1. Болортуяагийн биед тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, зүүн өвдөгний цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн  дүгнэлт. /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Амгаланбаатар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-43-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

           Шүүгдэгч Б.Амгаланбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 03-04 цагийн орчимд хамтран амьдрагч буюу хохирогч У.Болортуяаг оройтож ирлээ гэх шалтгаанаар зодож бие махбодид биед тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, зүүн өвдөгний цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

           Хохирогч У.Болортуяагийн ...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай  ажлын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Отгонтэнгэр их сургуулийн зааланд болж , тухайн тэмцээнд манай баг 2 дугаар байр эзэлж мөнгөн медал аваад тэмцээний дараа 1,2,3 дугаар байр эзэлсэн баг тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн багийнхан нийлээд 40 орчим хүн Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах Салам ресторанд орж хоол захиалж идээд 22 цагийн үед Салам ресторанаас гарч хажуу талд байдаг караокед орж дуулцгаасан. Караокед хамт олноороо дуулж байгаад шөнийн 01 цагийн үед гараад ерөнхий рекдактор Хулан манай гэрт сууцгаая гэхээр нь түүний гэрт нь очиж хөзөр тоглож байгаад ирсэн. Тэгтэл нөхөр Амгаланбаатар чи хаагуур хэнтэй унтаж хэвтэж, янхандаж байгаад ирсэн бэ гэж уурлахаар нь чи юу яриад байгаа юм бэ, би чамд өнөөдөр тэмцээнтэй гэж хэлсэн биз дээ. Тэмцээн дууссаны дараа чам руу ажлынхантайгаа нэг газар орох гэж байна гэж хэлсэн шүү дээ, яагаад уурлаад байгаа юм бэ гэхэд учир зүггүй уурлаж миний үгийг сонсоогүй. Тэгээд намайг үсдэж аваад газар унагааж чирээд хүзүүн дээрээс базаж дараад хоёр тийш нь займчуулсан. Тэгтэл цаад өрөөнөөс хүүхэд уйлах үед Амгаланбаатар тавиад хүүхэд дээрээ очиход нь би араас нь очиж хүүхдээ аваад зогсож байтал надаас охиныг булааж аваад орон дээр тавьснаа намайг барьж аваад дээш нь өргөөд гоо сайханы ширээ рүү шидээд ам, хамарнаас цус гаргасан гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дугаар хуудас/,  

 

Гэрч Т.Энхжаргалын  ...2016 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө манай хоёр маргалдсан гэж Б.Амгаланбаатар өөрөө надад хэлсэн. Тухайн өдөр эхнэртэйгээ маргалдаад орноосоо аваад шидчихсэн чинь юм мөргөөд уначихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15385 дугаартай дүгнэлтэд:

1. Болортуяагийн биед тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, зүүн өвдөгний цус хуралт, нэг шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн  дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Амгаланбаатар хохирогч У.Болортуяа нар нь гэрлэлтээ зохих байгууллагад бүртгүүлээгүй боловч 2013 оноос хамтран амьдарч байгаа ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т энэ хуулийн зохицуулалтад төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байгаа хүмүүс хамаарна гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т энэ хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хэлбэртэй байж болно гэж заажээ. Шүүгдэгч Б.Амгаланбаатарыг хохирогч У.Болортуяагийн бие махбодид гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Амгаланбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

          Хохирогч У.Болортуяа шүүхийн хэлэлцүүлэгт ...Б.Амгаланбаатарт шүүхээс торгуулийн ял оногдуулбал бидний хамт амьдрах хугацаанд худалдаж авсан автомашиныг зарж торгуулиа төлнө гэсэн. Би бага насны хүүхэдтэй тул Б.Амгаланбаатарт автомашинаа өгвөл надад хүндээр тусах гээд байна гэж мэдүүлж байгаа ба хохирогч У.Болортуяа нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас бие махбодийн хохирол хүлээсэн байхад бусад байдлаар эрхийг нь хөндөхгүй байх зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Амгаланбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба хохирогч У.Болортуяа нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тогтоолд дурдав.

 

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Их Монгол овогт Батболдын Амгаланбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар Б.Амгаланбаатарыг 1 /нэг/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар Б.Амгаланбаатарт оногдуулсан 1 /нэг/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч Б.Амгаланбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

    5. Шүүгдэгч Б.Амгаланбаатарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Амгаланбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОДБАЯР