Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00271

 

МАГАДЛАЛ

2018.01.24                                               №271                                 Улаанбаатар хот

 

Н.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03079 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Э,

Хариуцагч Н.Ат холбогдох,

 

Орон сууц чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Э, өмгөөлөгч Х.Цогтсайхан

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяраа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэн Н.Аээс Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4-р хороолол, 51 дүгээр байрны 130 тоот 1 өрөө сууцыг худалдаж авсан. Цаашид орон сууцаа 18 сарын хугацаатай хөлслүүлэхээр тохирсон. Орон сууцны гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Н.А нь өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа учраас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Б.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Н.Эын өмчлөлд бичиг баримтыг шилжүүлсэн. Гэвч орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь бодит байдалд хууль бус гэрээ юм. Учир нь Н.А нь Н.Этай гэрээ хийгээд мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан боловч мөнгийг Д.Сарантуяа Ч.Тэрбиш нар авсан. Эрүүгийн журмаар шалгуулахад гэрч болон Н.Э нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байсан. Ч.Тэрбиш, Д.Сарантуяа нар нь мөнгө зээлэхдээ Н.Аийн байрыг барьцаалж, дараа нь буцаан шилжүүлж өгнө гэж тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Н.Аийн байрыг барьцаалж фидуци маягаар урьдчилан шилжүүлсэн. Н.Э болон Ч.Тэрбиш, Д.Сарантуяа нарын хооронд зээлийн харилцаа үргэлжилсэн, Н.Эад 33 000 000 төгрөгийг буцааж өгсөн, харин Н.Э нь 12 000 000 төгрөг авсан гэж хэлдэг. Худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

            Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Этай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Н.Ат орон сууцаа худалдах болон худалдсан орон сууцаа хөлслөх хүсэл зориг байхгүй, Ч.Тэрбиш, Д.Сарантуяа нар нь мөнгө зээлэхдээ барьцааны хөрөнгө шаардлагатай болсон учраас Н.Эын өмчлөлд шилжүүлээд хөлслөх гэрээний хугацаа дуусахаар тухайн үеийн ханшаар худалдаж авч өгөхөөр хоорондоо тохирсон. Н.А нь мөнгө аваагүй байж байраа алдах болоод байна. Н.Э, Н.А нарын хооронд байгуулсан 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч Н.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би Н.Аээс 1 өрөө байрыг 26 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Н.А нь уг байранд түрээсээр сууж байгаад 2011 оны 12 дугаар сарын 5-ны өдөр эргүүлэн худалдаж авахаар тохиролцож гэрээг байгуулсан. Гэтэл байраа худалдаж авахгүй болохоор нь байраа суллаж өгөхийг шаардахад Н.Аийн найз Ч.Тэрбиш нь “бид нар яг жилийн дараа буюу 2012 оны 5 дугаар сард 87 500 000 төгрөгөөр худалдаж авна, битгий зараач ээ” гэж гуйгаад урьдчилан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хугацаа болоход мөнгөө өгөөгүй бөгөөд намайг байраа зармаар байна гэхээр чи нэгэнт хүлээсэн юм чинь хүлээ гэдэг байсан. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ зэрэг нь Ч.Тэрбиш надад санал болгож байсан л зүйл. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би байраа аваад мөнгөө өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2205013488 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 51-р байрны 130 тоот 1 өрөө сууцыг Н.Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн Н.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2 дахь хэсэг, 56-р зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Н.А, Н.Э нарын хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн  “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,  Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол, 51-р байрны 130 тоот 1 өрөө сууцны өмчлөх эрхийг Н.Ат шилжүүлэхийг Н.Эад даалгаж, Н.Аээс 26 000 000 төгрөг гаргуулж Н.Эад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн  56.1, 56.2  дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.А сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжийн 287 950 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Н.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “гэрчийн мэдүүлэг болон Н.Э, Ч.Тэрбиш нарын хооронд зээлийн болон орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан, Ч.Тэрбиш, Д.Сарантуяа нар орон сууц хөлслөх гэрээний үүргийг гүйцэтгэж байсан, түүнчлэн дэнчинд 10 000 000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж 30 300 000 төгрөг төлсөн, Н.Э нь тус байраа зах зээлийн ханшаар нь буцааж авахыг шаардаж байсан зэрэг нотлох баримтуудаас дүгнэвэл Н.А нь орон сууцаа худалдах, худалдсан орон сууцаа хөлслөх хүсэл зориг байгаагүй гэж дүгнэлээ” гэжээ. Шүүхийн дээрх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна.

            Тус орон сууцны өмчлөгч нар Н.Этай 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Н.Эад 000106736 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож тус орон сууцны өмчлөгч болсон бөгөөд тус гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр юм. Түүнчлэн орон сууцны үнэ болох 26 000 000 төгрөгийг Н.Ат хүлээлгэн өгч баримт үйлдсэн.

            Талууд тодорхой хугацааны дараа байрыг тухайн үеийн зах зээлийн ханшаар буцааж худалдах боломжтой гэж тохиролцож байснаа үгүйсгээгүй. Харин энэ нь орон сууц худалдах гэрээг дүр үзүүлсэн хийсэн гэсэн үг биш юм. Мөн гэрч гэх Ч.Тэрбишийн хувьд байр худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед байгаагүй тул гэрч болж чадахгүй.

            Анхан шатны шүүх хариуцагч, гэрч нарын зөвхөн нэг талыг барьж өгсөн мэдүүлгийг үндэслэж орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг барьж, шударга шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

             Нэхэмжлэгч Н.Э хариуцагч Н.Ат холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Зохигчдын хооронд 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр Н.Э нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 130 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Н.А, А.Лхагвасүрэн нараас худалдан авч үнийг төлсөн үйл баримт тогтоогдсон  бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлсэн байна. 

Улмаар 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дээрх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөх эрх Н.Эад шилжин, 000106736 дугаар гэрчилгээгээр баталгаажсанаар /хх-4/ орон сууцны өмнөх өмчлөгч Н.А, А.Лхагвасүрэн нарын өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар дуусгавар болжээ.

Хариуцагч Н.А нь худалдах, худалдан авах гэрээний үнэ 26 000 000 төгрөгийг хүлээн авсан тухай  болон /хх-40/ Н.Этай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөө буюу 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг 18 сарын хугацаатайгаар байгуулж, түрээсийн төлбөр 4 500 000 төгрөгийг төлсөн тухай баримт /хх-5/ хэрэгт авагдсанаас үзвэл худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрх шилжсэнийг бүрэн ойлгож, бусдын өмчлөлийн орон сууцыг түрээсэлсэн гэж үзнэ.

Хариуцагч Н.А нь худалдах, худалдан авах гэрээг зөвшөөрч, мөн гэрээний үнийг хүлээн авч гарын үсэг зурсан гэрээний тал болох нь дээрх байдлаар нотлогдсон тул 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулсанд тооцно.

Түүнчлэн орон сууц хөлслөх гэрээний  18 сарын хугацаа 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссанаас хойш гэрээг сунгасан баримтгүй байх тул хариуцагч Н.Аийг уг хугацаанаас хойш орон сууцыг хууль  бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй, өмчлөгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар  орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

Ч.Тэрбиш нь гэрээгээр хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авсан орон сууцыг нь жил хагасын дараа Н.Эаас тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдан авахаар тохиролцож, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 27 500 000 төгрөгийн, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 75 000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан нь Н.Атэй 2010 онд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Хариуцагч Н.Аийн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Дүр үзүүлсэн хэлцэл гэдэгт талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, хууль зүйн ямар нэг үр дагавар үүсгэхгүй гэдгээ харилцан тохиролцсон байхыг ойлгодог бөгөөд Н.Э, Н.А нарын тухайд худалдагч тал нь орон сууцыг тодорхой үнэ тохиролцон худалдаж, төлбөрийг хүлээн авснаар өмчлөгч өөрчлөгдсөн бодит үр дагаварт хүрсэн, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрджээ.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн баримтаар тогтоогдсон маргааны үйл баримтад эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөх боломжтой байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03079 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийг хангаж, өмчлөх эрхийн Ү-2205013488 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 130 тоот 1 өрөө орон сууцыг Н.Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул Н.А, Н.Э нарын хооронд байгуулагдсан 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоох хариуцагч Н.Аийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “56.2 дахь хэсэг” гэснийг хасч, “нэхэмжлэгч Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 287 950 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай” гэснийг “хариуцагч Н.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                     А.ОТГОНЦЭЦЭГ