Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/03224

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/03224

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: Б.Э-гийн нэхэмжлэлтэй,

  

   Хариуцагч: Т.Г-д холбогдох,

  

   Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

  

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Энь Т.Гтай 1990 онд танилцаж ,1992 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн гэрлэлтийн  0188520 тоот баталгаагаар бүртгүүлсэн. Энэ хугацаанд том хүү Г.Э1995 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, бага хүү Г.Б2009 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. 2015 оноос тусдаа амьдарч одоо өөрсдийн гэр бүлийн амьдралтай болсон.  Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгө, үр хүүхдийн маргаан байхгүй, бага хүү Г.Бнь аавтайгаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Т.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 1990 онд танилцаж, гэрлэлтээ батлуулсан. 1995 онд том хүү Г.Этөрсөн. Одоо насанд хүрч тусдаа амьдарч байгаа. 2009 онд бага хүү Г.Бтөрсөн. Бид хоёр 3 жил тусдаа амьдарч байна. Хүү Г.Бнадтай хамт амьдардаг. Би асрамждаа авна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй.  Б.Энь Солонгос хүнтэй гэр бүл болж байгаа тул эвлэрэх боломжгүй. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энь хариуцагч Т.Гад  холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийг эцгийн асрамжид үлдээхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

   Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.

   Нэхэмжлэгч Б.Энхжаргал, хариуцагч Т.Г нар нь 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсноо 1992 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 520 дугаарт бүртгүүлсэн болох нь 0155820 Г-520 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Г.Энь 1995 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн боох нь Г/875 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүү Г.Бнь 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн болох нь 0154507 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

   Зохигчид 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиосон нь гэрлэлт цуцлах шалтгаан болжээ.

   Гэрлэгчид хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь гадаад улсад амьдардаг, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

   Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тусдаа амьдарсан цагаас эхлэн хүү Г.Бнь эцгийн асрамжид байсан зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан хүү Г.Бийг эцэг Т.Гын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болно.

   Хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Э, хариуцагч  Т.Гнарын гэрлэлтийг цуцалсугай.

           

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Г.Бийг эцэг Т.Гын асрамжид үлдээсүгэй.   

 

3. Хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ