Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/196

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Б /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Шт холбогдох эрүүгийн 2119000420236 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Ш

Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч С.Ш нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргатай байгуулсан Өнгөт, Бичигт багт ухагдаж орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлын гэрээг зөрчиж, тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн нутаг дэвсгэрт орших Хөх хад гэх газарт хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулан газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 797,300 төгрөгийн хохирол учруулан, 4,370,040 төгрөгийн үнэ бүхий жонш олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 10 сарын 14-ний өдөр нөхөн сэргээлт хийх ажил авсан. Манайх 12 сарын 14-ний өдөр хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Манай хамгийн сүүлийн газар буюу Хөх сад нэртэй газар нүүж ирсэн байсан. Нүүж ирээд цар тахал гараад ажил болон санхүүжилт зогссон. Хөх хад нэртэй газар байхдаа бензин, цалин мөнгөний хэрэг гараад жонш борлуулъя гэж бодоод ачсан нь үнэ. Жонхоо Алтансүхийн хашаанд буулгасан байсан. 05 сарын 06-ны өдөр ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэж өгсөн гэв ...” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...  Шинэбаян-Улаан ХХК-ийн нөхөн сэргээлтийн ажлыг сум орон нутгийн комисс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан. Гэтэл аймгийн Аудитын газраас 2022 оны 06 сарын 09-ний өдрөөс аудитын дүгнэлт хийж байх явцад Улаантолгойт, Шувуун булшит, Цагаан-Овоо гэх мэт 4 газарт бүрэн нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй газрыг хүлээн авсан гэсэн дүгнэлт гарсан. Иймд эдгээр газарт дахин нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэсэн тайлан гаргасан ...” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сард хагас жилийн тайлан авахаар С.Дандарбаатартай холбогдоход Хөх хад гэх нөхөн сэргээлтийн ажил бүрэг хийгдээгүй байгаа талаар мэдээлэл өгсөн ...Хөх хад гэх газарт хийгдсэн техникийн нөхөн сэргээлтийг Даланжаргалан сумаас томилогдсон ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч актыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн...гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас/,

            Гэрч С.Дандарбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 01 дүгээр сард манай сумын иргэн Болдбаатар гэдэг хүнээс Даланжаргалан сумын 2 дугаар баг, Хөх хад гэдэг нэртэй газарт нөхөн сэргээлт хийж байгаа Шинэбаянулаан ХХК-ийн захирал С.Ш нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр жонш ухаад байна гэсэн мэдээлэл ирүүлсэн... үүний дагуу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хяналт шалгалтаар очиход Хөх хад гэх газарт нэмж ухсан байдалтай, ухсан нүхний дотор талд экскаватор нь байж байсан ба тухайн үед тэр газарт гэр барьж техник хэрэгсэл болох Хово маркийн ачааны машин зогсоосон байдалтай Бямбасүрэн гэдэг хүн ганцаараа байж байсан... Шинэ баян улаан ХХК нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр нэмж ухаж 300 орчим жонш олборлож сумын төвийн Алтансүх гэдэг хүний хашаанд буулгасан байсан. С.Ш нь нөхөн сэргээлт хийх нүхний 2 хажуу ханыг экскаватораар ухаж өргөн, тэгээд гүнзгий болгосон байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64, 66, 73-74 дүгээр хуудас/,

            Гэрч Ц.Бат-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Талст Орд ХХК-ийн бутлуурын талбайд ажилдаг хүн байгаа юм... 2021 оны 01 сарын 24-нөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд манай бутлуурын талбайд 30-83 ДГС улсын дугаартай Норд бенз маркийн ачааны автомашинаар Сүхбаатар гэх залуу 10 удаа жонш зөөж буулгасан. Уг жонш нь Шын буулгасан жонш гэж хэлсэн бөгөөд манай бутлуур дээр бутлуулна гэж авчирсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,

          Гэрч С.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн үед ах С.Шыг хэрэгт орчих юм болов уу гэж бодоод өөрийн санаачилгаар ачуулсан гээд хэлчихсэн юм. Тухайн үед манай ах С.Ш нөхөн сэргээлт хийх газар дээрээс овоолсон шороог Даланжаргалан руу ачуулаарай гэж хэлсэн. Тэр дагуу л би ачуулсан юм. Тухайн үед би нөхөн сэргээлт хийж байсан газар дээр техникүүдийг харж манадаг ажилтай байсан. Надад тэр жоншны шороог ачуулах эрх мэдэл байгаагүй. Мөн миний үгэнд ороод ачаад өгөх ч хүн байхгүй... намайг нөхөн сэргээлтийн газар дээр манаач хийж байхад л сум руу ачуулсан жоншны шорооноос 4 машиныг буцааж авчраад нүхэнд хийж булсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86, 88-89 дүгээр хуудас/,

         Гэрч С.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар баг Хөх хад гэх газарт Шинэ баян улаан ХХК-ийн нөхөн сэргээлт хийж байгаа газар дээрээс тус компанийн 30-83 ДГО улсын дугаартай Хово маркийн ачааны автомашиныг барьж тэндээс уг ачааны автомашинаар 2 удаа жонш тээвэрлэх ажил хийсэн... би уг жоншны хүдэр чулуу хагалах шигших ажилд нь оролцоогүй, харин ачих, тээвэрлэх үйл ажиллагааг нь хийсэн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

         Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрээс урагш 1 км хүрэхгүй зайтай Хөх хад гэх газарт 10 гаруй жилийн өмнөөс оросуудын гараар ухаж жонш гаргаж авсан нүх байдаг байсан. Уг нүхийг 2021 оны 1 сараас эхлэн булах нөхөн сэргээх ажлаар хүмүүс ирж 5 сарын эхээр булж дууссан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,

         Гэрч Н.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай багийн нутаг дэвсгэр Хөх хад гэх газарт экскаватор, ковш ирчихсэн газар шороо ухаад байхаар нь би сумын байгаль орчны бодлогын мэргэжилтэн Дандарбаатар луу утсаар мэдэгдэхэд... Наана чинь уул нь нөхөн сэргээлтийн ажил хийгдэж булах ёстой газар байгаа юм гэж хэлсэн. Уг газарт хуучин ухсан байсан нүхийг бол булчихсан, харин шинэ газарт ухаж дотор нь экскаватор оруулчихсан байдалтай байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/,

         Гэрч Ч.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ш гэдэг хүнд 2020 оноос 2022 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд 150,000,000 төгрөг зээлдүүлсэн, өгсөн мөнгөнийхөө үнийн дүнд нь тааруулж Шаас Хюндэй элси 300 гэх загварын экскаватор, 30 ковш, автосонсмол, норд бенз ийм 3 тээврийн хэрэгслийг шилжүүлж өөрийн эзэмшилдээ авсан ...одоо Ш бид хоёрын дунд өглөг авлага байхгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Шын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны хавар Шинэбаян-Улаан ХХК-ийн байгуулж 2020 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт, Бичигт бригадын нөхөн сэргээлтийн тендер зарлагдаад манай компани нөхөн сэргээлтийн ажлыг авахаар болсон. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 16-нд Даланжаргалан сумын засаг даргатай гэрээ байгуулж ажилдаа гарсан. Манай компани хариуцаж авсан ажлын 60-70 хувийг хийж гүйцэтгээд байхад 2020 оны 11 сарын 18-ны өдөр ковид 19 цар тахал дэгдээд Хөх хад гэх газар ковидын улмаас болоод санхүүжилтгүй болоод ажил зогссон... шороотой холилдсон жонш элбэг байна гэхээр нь би тэгвэл наадахаа аччих гэж хэлсэн. Тэгээд манай 2 ажилтан Бямбасүрэн, Болдбаатар нар 7-8 удаа зөөж Даланжаргалан сумын ойролцоо буулгасан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77, 79-80, 82, 177 дугаар хуудас/,

 “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрий 02/03 дугаартай “... эдэлбэр газарт 198,450 төгрөг, газрын хэвлийд 193,500 төгрөг, нийт 391,950 төгрөг, техникийн нөхөн сэргээлтийн зардал 797,300 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 375,000 төгрөг, хяналтын мониторингийн зардал 63,784 төгрөг ...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 101-111 дүгээр хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №1000699 дугаартай “... 30-89 УР улсын дугаартай, Robex 300LC маркийн автомашин 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнэ 170,000,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №1000700 дугаартай “... 30-83 ДГС улсын дугаартай, Beiben маркийн автомашин 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнэ 40,000,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №036 дугаартай “...Beiben маркийн автомашин 2021 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ 30,000,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 122-124 дүгээр хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №037 дугаартай “... Huindai Robex 300LC маркийн автомашин 2021 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ 80,000,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 125-127 дугаар хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №038 дугаартай “... LG-833G маркийн ковш 2021 оны 01 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ 30,000,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ, гэрэл зураг /хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудас/,

Геологийн төв лабораторийн ХФ2022/0333 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №924 дугаартай “... хайлуур жонш 242,780 кг, 4,370,040 төгрөг ...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

         Хэргийн газарт үзлэг хийсэн: “... Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар баг, Хөх хад гэх газарт хойноос урагш чиглэлтэй урт ухагдсан нүх байх ба уг ухсан шуудуй нүхний баруун талд монгол гэр барьсан байдалтай гэрийн зүүн талд улсын дугааргүй ковш механизм 1 ширхэг, 30-83 ДГС улсын дугаартай Норд бенз маркийн ачааын машин зогсож байв... гэрийн урд талд 30-89 УР улсын дугаартай шар өнгийн Хьюндай 3000 LC маркийн эксковатор 1 ширхэг зогсож байв...” гэснийг бэхжүүлсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 26-34 дүгээр хуудас/,

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр иргэн Алтансүхийн эзэмшлийн газарт буулгасан жоншны агуулга бүхий шороог хэмжиж нийт 242780 кг жоншны агуулгатай хүдэр, шороо байсныг бэхжүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-42 дугаар хуудас/,

Өнгөт, бичигт багт ухагдаж орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлын гэрээ  /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,

           Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 35-42 дугаар хуудас/,

          Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 43-44, 120 дугаар хуудас/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 186-188 дугаар хуудас/,

          Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/12 дугаар тогтоол /хавтаст хэргийн 182-183 дугаар хуудас/,

          Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 197-200 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 195 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Ш нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргатай байгуулсан Өнгөт, Бичигт багт ухагдаж орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлын гэрээг зөрчиж, тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн нутаг дэвсгэрт орших Хөх хад гэх газарт хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулан эдэлбэр газарт 198,450 төгрөг, газрын хэвлийд 193,500 төгрөг, нийт 391,950 төгрөг, техникийн нөхөн сэргээлтийн зардал 797,300 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 375,000 төгрөг, хяналтын мониторингийн зардал 63,784 төгрөг, 4,370,040 төгрөгийн үнэ бүхий жонш олборлох үйл ажиллагаа явуулсан үйл явдал болсон нь тогтоогдож байна гэж үзлээ.

          Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.

  Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.6-д ”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” гэж, 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...” гэж тус тус хуульчилсан байна.

         Ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч С.Ш нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй юм.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

            Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ.

            Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт: Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн гэж, энэ хуулийн 5.2 дахь хэсэгт: Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж хуульчилсан.

Шүүгдэгч С.Ш эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр нөхөн сэргээлт нэрээр халхавчлан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн нутаг дэвсгэрт орших Хөх хад гэх газарт хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулан эдэлбэр газарт 198,450 төгрөг, газрын хэвлийд 193,500 төгрөг, нийт 391,950 төгрөг, техникийн нөхөн сэргээлтийн зардал 797,300 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 375,000 төгрөг, хяналтын мониторингийн зардал 63,784 төгрөг,  4,370,040 төгрөгийн үнэ бүхий жонш олборлосон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.Ш нь нөхөн сэргээлт хийх газрынхаа хадтай хэсгийн хоёр ханыг нурааж жонш олборлосон боловч түүнийгээ борлуулаагүй, агуулга багатай тул Алтансүхийн хашаанд буулгасан байснаа авчирч нөхөн сэргээх газарт булсан хэмээн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдсан гэм буруугийн талаар маргаагүй болно.

           Иймд шүүгдэгч С.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, хууль бусаар газрын хэвлийд халдсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч С.Ш нь нөхөн сэргээлтийг бүрэн хийж хохирол төлөгдсөн гэх талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бгийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хөх хад гэх газарт хийгдсэн техникийн нөхөн сэргээлтийг Даланжаргалан сумаас томилогдсон ажлын хэсэг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч актыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн...гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бол ял, албадлагын арга хэмжээний нэгдэл болох эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой болно.  

Шүүгдэгч С.Шын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн зорилго, зорилтын хүрээнд хууль тогтоогч хөрөнгө, орлогыг албадан хураах тусгайлсан журмыг хуульчлан тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогоос гадна гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулах замаар хохирлыг нөхөн төлүүлж, илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлэхээр хуульчлан заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч С.Ш нь 30-83 ДГС улсын дугаартай Норд бенз маркийн ачааны машин, 30-89 УР улсын дугаартай шар өнгийн Хьюндай 3000 LC маркийн эксковатор 1 ширхэг, 81-46 УБ улсын дугаартай ковш машинтай бөгөөд шүүх хуралдаанд  тэрээр 30-89 УР улсын дугаартай шар өнгийн Хьюндай 3000 LC маркийн эксковатороор нөхөн сэргээх газрын хоёр ханыг нураасан гэж мэдүүлдэг ба мөрдөн шалгах ажиллагаанд аль тээврийн хэрэгслээр хууль бус ямар ажиллагаа хийсэн талаар шалгаж тогтоогоогүй, дээрх 3 тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрч Ч.Төгөлдөрт 150,000,000 төгрөгийн өрөнд тооцож хэлцлээр шилжүүлсэн нотлох баримт хэрэгт авагдсан байна. Гэтэл прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/12 дугаар тогтоолоор эдгээр 3 тээврийн хэрэгслийг битүүмжилж, яллагдагч С.Шт харицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг эд хөрөнгө хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол тухайн эд зүйлийн үнийг шүүх гаргуулах ба харин гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх хэлцлийг хүчингүй болгож уг эд хөрөнгийг хураан авахаар хуульчилсан байна. Хуулийн энэ заалтаар Төгөлдөр, О.Ш нарын хооронд хийсэн хэлцэл хуулийн дагуу хийгдсэн эсэхийг тогтоогоогүй атлаа хэлцэл хийсэн нотлох баримт хэрэгт авагдсан байхад хэлцлээс хойш 5 сарын дараа прокурорын тогтоолоор битүүмжилсэн нь хууль бус ба түүний хууль ёсны эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, гэмт хэрэг үйлдэхдээ аль тээврийн хэрэгслийг ашигласан болохыг нотлох ажиллагаа хийгдээгүй, хэний өмчийг битүүмжилсэн нь нотлогдохгүй байх тул прокурорын 5/12 дугаар тогтоолыг хүчингүй болгох саналыг улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 27,000,000 төгрөгөөр торгох дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлт танилцуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

          Иймд шүүгдэгч С.Ш нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шт 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэсэн болно.

        Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шт 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч С.Ш нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5.Гэрч Ч.Төгөлдөрийн эзэмшлийн 30-83 ДГС улсын дугаартай, 81-56 УБ улсын дугаартай, 30-89 УР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Н.АДЪЯА