| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/03261/И |
| Дугаар | 102/ШШ2018/03269 |
| Огноо | 2018-10-01 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2018/03269
| 2018 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2018/03269
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Д-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатар гудамж, 43 дугаар байр, 62 тоот хаягт байрлах, Ү-2205052166 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр М.Бгэх хүнтэй орон сууц түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр, түрээсийн төлбөр авч байтал 7 дугаар сарын 19-ний өдөр дараа сарын түрээсийн төлбөр өгөөгүй. Би М.Бтэй холбогдож чадаагүй, 7 хоногийн дараа байрандаа очиход М.Ббайхгүй, харин Д.Д гэх хүн өөр үл таних хүмүүсийн хамт байранд байхыг олж мэдсэн. Би М.Бийг сураглаж, та нар ямар хүмүүс вэ гэж асуухад бид нар М.Бтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүүгийн төлбөрт байранд сууж байгаа гэж хэлсэн. Би Д.Дыг огт мэдэхгүй, байранд суух талаар надаас ямар ч зөвшөөрөл аваагүй. Би тэдгээр хүмүүсийг хууль бусаар миний байранд сууж байна гээд өөрийн биеийн байцаалт, оршин суугаа газрынхаа лавлагааг үзүүлж, байрнаас гар гэхэд орон сууцнаас гарахаас татгалзсан. Д.Дт цаашид байр түрээслэх санал тавихад татгалзсан. Д.Дтай энэ асуудлаар ойлголцолд хүрч чадаагүй учраас би шүүхэд хандсан. Эдгээр хүмүүс өнөөдрийг хүртэл надад ямар ч төлбөр төлөхгүй, хохироож байна. Миний өмчлөлийн орон сууцанд хууль бусаар хүч түрэн амьдарч байгаа эдгээр хүмүүсийг үтэр түргэн гаргаж, байрыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө хохирсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Эм портерти” ХХК, М.Бнартай гурван талт гэрээ байгуулж, М.Бд 10.000.000 төгрөг зээлүүлж, зээлийн хүүгийн төлбөрт байранд амьдрахаар болсон. М.Бнадад өөрийгөө байрны эзэн гэж танилцуулсан. Миний үйлчлүүлсэн зуучлалын компани надад манай байрны бүх бичиг баримтыг шалгаж үзсэн, ямар ч асуудал гарахгүй. Хэрэв асуудал гарвал манай компани хариуцна гэж хэлсэн. Би М.Бээс байрны үл хөдлөхийн гэрчилгээг харахыг шаардахад манай байр банкны барьцаанд байдаг, танд үзүүлэх боломжгүй гэж хэлсэн. Би мөнгөө М.Бд зээлж, зээлийн хүүгийн төлбөрт байранд суухаар гэрээ байгуулсан. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байрны жинхэнэ эзэн болох Г.Б ирсэн. Би зуучилсан компани руугаа ярьсан. Компанийнхан мэдэхгүй, манайх хамаг юмыг нь шалгаж оруулсан гэж хэлсэн. М.Бтэй холбогдож чадахгүй, зуучилсан компанийн оффис дээр очиход тэндээ байхгүй, алга болсон байсан. Би энэ асуудлаар Баянгол дүүргийн цагдаад хандаж, эрүүгийн хэрэг үүсгэж, прокуророос хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Манай өмгөөлөгч байрнаас гарах юм бол мөнгөө авч чадахгүй туд битгий гар гэж зөвлөсөн. Би М.Бтэй байгуулсан гэрээнийхээ хугацаанд байранд суух саналтай байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.Дт холбогдуулан Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатар гудамж, 43 дугаар байр, 62 тоот хаягт байрлах, Ү-2205052166 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Д нь тус орон сууцыг гэрээний дагуу эзэмшиж байгаа бөгөөд М.Бээс мөнгөө авахын тулд орон сууцыг чөлөөлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Б нь Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатар гудамж, 43 дугаар байр, 62 тоот хаягт байрлах, Ү-2205052166 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Маргаан бүхий дээрх орон сууцыг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх 18/00007 тоот гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай, нэг сарын 500.000 төгрөгөөр М.Бд хөлслүүлжээ. Хариуцагч Д.Д нь иргэн М.Бд 10.000.000 төгрөг зээлдүүлэн хүүнд нь нэг жилийн хугацаатай орон сууцанд нь амьдрахаар тохиролцож, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дээрх орон сууцанд амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 920 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, М.Бийг яллагдагчаар татах тухай тогтоолоор тогтоогдлоо.
Г.Б, М.Бнарын хооронд байгуулсан 18/00007 тоот орон сууц хөлслөх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2-т “Хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцыг бүхэлд нь эсвэл түүний аливаа хэсгийг бусдад дамжуулан хөлслүүлэх, хамтран хөлслөх”-ийг хөлслөгчид хориглохоор тохиролцжээ.
Хөлслөгч М.Бнь Д.Дт дамжуулан хөлслөхдөө хөлслүүлэгч Н.Батдорж, дамжуулан хөлслөгч Д.Д нарт мэдэгдээгүй, хөлслүүлэгчийн зөвшөөрөл аваагүй, орон сууц хөлслөх гэрээний хугацаат төлбөрөө төлөөгүй зөрчил гаргаж, улмаар нэхэмжлэгч нь хөлсөө шаардахаар очоод дамжуулан хөлсөлж, Д.Д тус орон сууцанд амьдарч байгаа болохыг мэдсэн байна.
Нэхэмжлэгчээс хариуцагч Д.Дт М.Бтэй тохиролцсон нөхцөлөөр орон сууц хөлслөх талаар санал гаргасныг болон орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад хариуцагч аль алиныг нь зөвшөөрөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Д нь гэрээний үндсэн дээр тус орон сууцыг хөлсөлж байгаа, орон сууцнаас гарвал мөнгөө авч чадахгүй гэх өмгөөлөгчийн зөвлөгөөнөөс болж орон сууц чөлөөлж өгөхгүй гэж татгалзаж байгаа боловч М.Бд залилан мэхлүүлсэн асуудлаар эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа, нэхэмжлэгчтэй ямар нэгэн төлбөр тооцоо, гэрээ байхгүй гэх тайлбар зэргээс Иргэний хуульд заасан өөртөө туслах хамгаалалтын арга хэрэглэж байгаа гэж үзэх боломжгүй байх тул түүнийг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Д.Дын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байх тул Д.Дын эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан Г.Бийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатар гудамж, 43 дугаар байр, 62 тоот хаягт байрлах, Ү-2205052166 улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг хариуцагч Д.Дын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Даас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ