Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/755

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203003670415 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд бараа олгогч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух /РД:.../ урьд ял шийтгэлгүй, *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 44 минутын орчимд Баянгол дүүргийн ... дугаар хороо, “...” засварын төвийн зүүн замд “*******” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж чиг өөрчлөхдөө зэрэгцээ эгнээнд яваа “*******” маркийн унадаг дугуйтай зорчигч *******-т зам тавьж өгөөгүйгээс мөргөлдөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад ажилдаа явахаар унадаг дугуйгаа унаад гарсан. Гандангаас Тасганы овоо руу уруудаад явж байтал цагаан өнгийн “aqua” машин байсан. Цагаан машиныг баруун тийшээ шахахад нь зогсох гэж байна гэж бодоод зүүн гар талаар нь гүйцэж түрүүлсэн. Эргэх гэж байсныг нь мэдэхгүй дараад эргэсэн. Хөөе гээд орилоод тоормос дарсан боловч тулсан байсан. Тоормос сайн барихгүй чигээрээ явсаар байгаад машинтай мөргөлдөөд даваад унасан. Унасны дараа миний оюун ухаан орон гаран болсон байсан. ...Цаашид эмчилгээ хийгдэнэ. Одоо эмнэлэгт ор гарахаар нэг хагалгаанд орно. Эгэмний ялтас нь дотроо хугарсан байгаа. Ялтас солих хагалгаанд орно. 1 жилийн дараа ялтас төмөр авхуулах хагалгаанд орно...” гэв.

Эрүүгийн 2203003670415 дугаартай хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 6-7, 8, 9, 10, 11, 12-16 дахь тал),

3. Хохирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн унадаг дугуй унаад хорооллын Тасганы овооны уулзвараар доошоо Бөмбөгөр зах орох гээд 1 дүгээр эгнээгээр явж байтал замын гол хэсэгт миний өмнө 1 эгнээнд цагаан өнгийн Акуа машин удаашраад баруун гар талын хашлаг руу шахсан, би тэр машиныг зогсох гэж байна гэж бодоод зүүн талаар нь гүйцэт түрүүлэх үед нөгөө Акуа машин зүүн гар тийш огцом миний урдуур дараад буцаж эргэх үед би тоормос атгаад тулаад Акуа машины зүүн талын толь хэсгийг мөргөөд дээгүүр нь даваад цаад талд нь унасан. Би энэ машинтай 10-20 метр зайтай явсан уг нь аюулгүй байдлаа хангаад эргэх боломж байсан тэр зам нь үргэлжилсэн цагаан шугамтай газар байсан. Тухайн үед би ойролцоогоор 20 км цагийн хурдтай явсан байх машинтай хүнээс удаан явсан надад зогсох боломж байгаагүй, зүүн талаар нь тойрон гарах үед тулаад ороод ирсэн учраас шууд зогсох боломж байгаагүй. Би унаж явсан унадаг дугуйг 1 сарын өмнө 250,000 төгрөгөөр худалдан авч байсан, эвдрэл гэмтлийг нь сайн мэдэхгүй байна. Унадаг дугуйны тоормос бүрэн ажиллаж байсан хамгаалах малгай өмсөөгүй явсан. Ослын улмаас миний биед зүүн эгэмний яс хугарсан, зүүн нүдний дээд доод хэсэгт цөмрөлт цууралттай гэсэн, бусад газар шалбархайтай өөр гэмтэл байхгүй. Ослоос үүдэн унадаг дугуйнд бол ямар нэгэн эвдрэл хохирол учраагүй. Тийм учраас жолоочоос унадаг дугуйны хохирол нэхэмжлэхгүй. Намайг хагалгаанд ороход 439,000 төгрөг гаргасан. Тэр мөнгийг өгсөн. Мөн анх осол болоод гэмтлийн эмнэлэгт очиж компьютерын зураг авхуулахад 105,000 төгрөг төлсөн. Эмнэлгээс гарахад эмчийн бичиж өгсөн уух эмүүд авч өгсөн. Энэ эмүүд нь хэдэн төгрөг болсныг хэлж мэдэхгүй байна. Дээрх төлөгдсөн хохирлуудаас гадна миний эрүүл мэндэд учирсан хохиролд 257,000 төгрөг гарсан. Тэр баримтуудаа алга болгочхоод байгаа учраас одоо гаргаж өгөх боломжгүй байна. Одоогийн байдлаар гарсан зардал болох 257,000 төгрөгийг нэхэмжилнэ. Миний хувьд эмнэлэгт үзүүлэхэд эгэмний яс наашаа төвийгөөд гараад ирчихсэн учраас дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Дахиад зардал мөнгө гарах байх. Энэ мөнгөн дүнг мөн нэхэмжилнэ. Энэ хагалгаанд яг хэдэн төгрөг гарахыг хэлж мэдэхгүй. Эмчийн хэлж байгаагаар одоо нэг хагалгаанд ороод жилийн дараа дахин давтан ордог гэсэн. Тиймээс өөрийн эрүүл мэндийг зүгээр болох хүртэлх гарах зардлыг нэхэмжилнэ. Би мөн осол болохын 2 хоногийн өмнө ... хүнс пицца хат ХХК-нд агуулахын жолоочоор өдрийн 50,000 төгрөгийн цалинтай ажилд орсон байсан. Тухайн өдөр ажилдаа явж байгаад осолд орсон. Тэрнээс хойш ажилдаа явж чадахгүй болсон учраас ажлаасаа гарсан байгаа. Хэрвээ би осолд өртөөгүй байсан бол ажлаа хийгээд цалингаа аваад явах ёстой байсан. Тиймээс би осолд орсон өдрөөс хойших ядаж 40 хоногийн мөнгө болох 2,000,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Үүний дээр би хагас бүтэн сайнаар 103 жолоочийн түргэн тусламж ХХК-нд дуудлагын жолоочоор ажиллаж 1 хоногтоо дунджаар 40,000 төгрөг, хагас бүтэн сайндаа 80,000 төгрөг олдог байсан. Ослоос хойших хагас бүтэн сайныг тооцвол 8 долоо хоногийн хагас бүтэн сайныг тооцож 16 хоногоор бодвол 640,000 төгрөг болж байна. Энэ мөнгийг мөн гаргуулах хүсэлтэй байна. Би ... хүнс пицца хат ХХК-наас бол 1 өдрийн цалинг л дансаар авсан. Энэ дансны хуулгаа, компанийн тодорхойлолт гаргаж өгнө. 103 жолоочийн түргэн тусламж ХХК-наас бол ажилласан өдөр өдөртөө бэлнээр цалингаа авдаг байсан. Тиймээс компанийн тодорхойлолт л олж авч ирж өгч болох байх. Тэгэхээр нийтдээ эмчилгээ хийлгэсэн 257,000, Таван богд хүнс пицца хат-д ажиллаж байсан цалин болох 2,000,000 төгрөг, 103 жолоочийн түргэн тусламжид ажиллаж олох ёстой байсан 640,000 төгрөг, нийт 2,897,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 21 дэх тал),

4. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Миний зүгээс намайг иргэний хариуцагчаар тогтоож байгааг хүлээн зөвшөөрч байна. Надад энэ асуудалтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...Тус автомашиныг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ... ББСБ-ын нэр дээр зээлийн гэрээ хийж 14,000,000 сая төгрөгөөр үндсэн зээлдэгчээр худалдаж авсан. 2023 онд зээл дуусах байх одоогийн байдлаар 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Эгч ******* ажилд орно гээд миний машиныг энэ оны 6 дугаар сарын 10-ны өдөр авч явсан. Харин өнөөдөр ийм осол гаргасан гэж надад мэдэгдсэн. Миний машины зүүн талын урд хойд хаалган дээр хонхойсон будаг нь халцарсан сэвтэй байсан. Бодь даатгалтай *******гийн нэр байхгүй. Миний эгч *******гийн буруу болбол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24, 27 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 9119 дугаартай: “...*******-ийн биед зүүн эгэм ясны далд зөрүүтэй далд хугарал, зүүн талд духны хөндийн гадна ялтас, ухархайн дээд хана, этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, 2 шүдний эмтрэл, дух, зовхи, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн мөрний зулгаралт, зүүн зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

6. Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын сарын 14-ний өдрийн 825 дугаартай “...Т.Акуа маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Унадаг дугуйтай зорчигч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх осол нь Т.Акуа маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэх заалтуудыг зөрчсөнөөс гарсан гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал),

7. Хохирогч *******-ийн “Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 104-113 дахь тал),

8. “*******” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа (хавтаст хэргийн 102 дахь тал),

9. ... ББСБ ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 20/173 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 100 дахь тал),

10. Кости-Эстимэйт ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний: “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 730,000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

11. *******гийн жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), 

12. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

13. Тус шүүхэд гаргасан шүүгдэгч *******-гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогчид 2,500,000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 133-134 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 82 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 84 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 85 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 86 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 87 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                           

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дуудлага мэдээлэл лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн унадаг дугуй унаад хорооллын Тасганы овооны уулзвараар доошоо Бөмбөгөр зах орох гээд 1 дүгээр эгнээгээр явж байтал замын гол хэсэгт миний өмнө 1 эгнээнд цагаан өнгийн Т.Акуа машин удаашраад баруун гар талын хашлаг руу шахсан, би тэр машиныг зогсох гэж байна гэж бодоод зүүн талаар нь гүйцэт түрүүлэх үед нөгөө Т.Акуа машин зүүн гар тийш огцом миний урдуур дараад буцаж эргэх үед би тоормос атгаад тулаад Т.Акуа машины зүүн талын толь хэсгийг мөргөөд дээгүүр нь даваад цаад талд нь унасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 9119 дугаартай дүгнэлт, Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын сарын 14-ний өдрийн 825 дугаартай магадлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 44 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Том амортизатор” засварын төвийн зүүн замд “*******” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч *******г дээрх хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Мөн уг зам тээврийн осолд өртсөний улмаас хохирогч *******ийн биед зүүн эгэм ясны далд зөрүүтэй далд хугарал, зүүн талд духны хөндийн гадна ялтас, ухархайн дээд хана, этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, 2 шүдний эмтрэл, дух, зовхи, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн мөрний зулгаралт, зүүн зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 9119 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. 

Иймд, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2203003670415 дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй, хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож бусдад хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан гэж үзлээ. 

Шүүгдэгч *******-гийн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 44 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Том амортизатор” засварын төвийн зүүн замд “*******” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрч, ялын төрөл хэмжээний саналаа үйлдэж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг *******-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******-гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймээс шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусд асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан. 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтгүйгээр эмчилгээний зардалд 257,000 төгрөг, ажилгүй байсан хугацаанд авах байсан цалин гэж 2,640,000 төгрөг, нийт 2,897,000 төгрөгийг энэ гэмт хэргийн хор уршигт тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч ******* нь хохирогчид гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож нийт 3,430,000 төгрөг /хагалгааны зардалд 440.000, гар утас 250.000, эм тариад 120.000, бэлнээр 2.500.000 төгрөг/-ийг нөхөн, цаашид 1.500.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн ба энэ талаар хохирогч нь маргаагүй хүлээн зөвшөөрч хоорондоо тохиролцсон байх тул шүүгдэгч *******-г хохирогч *******-т төлөх төлбөргүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх прокурорын шүүгдэгч *******гаас 2,386,800 /хоёр сая гурван зуун наян зургаан мянга найман зуу/-н төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 (гурав) сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д сануулсугай.

5. Шүүгдэгч ******* нь хохирогч *******-т гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцож 3,430,000 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид 1,500,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-гаас 2,386,800 /хоёр сая гурван зуун наян зургаан мянга найман зуу/-н төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ш нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА